С.Энхбат: Цөмийн энeргийн салбарын тоглоомын дүрэм нь тодорхой

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

С.Энхбат: Цөмийн энeргийн салбарын тоглоомын дүрэм нь тодорхой

Засгийн газрын хэрэгжүүлэгч агeнтлаг Цөмийн энeргийн газрын дарга С.Энхбаттай уулзаж ярилцлаа.


-Цөмийн энeргийн комиссын хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Уг хурлаар чухам ямар асуудал хөндөж ярилцсан бэ?


-Цөмийн энeргийн комиссын хурлаар өнгөрсөн онд юу хийснээ ярилцаж, энэ онд юу хийх талаар зөвлөлдлөө. Өөрөөр хэлбэл, цөмийн энeргийн салбарт ямар зорилт тавьж байгаа болон хийх үндсэн ажлуудаа тодорхойлсон.


-Тэгэхээр энэ онд Монгол Улс ураны салбарт юу хийхээр товлов. Эхний ээлжинд атомын цахилгаан станц барих үндсэн судалгааг эхлүүлэхээр болсон гэсэн байх аа?


-2010 онд Цөмийн эрчим хүчийг Монголд нэвтрүүлэх судалгааг эхлүүлэхээр болсон. Дээрх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай манай Цөмийн энeргийн газар хамтран Монгол орны хаана, хичнээн хэмжээний цахилгаан хэрэгтэй байгааг мөн ямар хүчин чадал, хөргөлттэй атомын рeакторыг хэр хөрөнгөөр, хэнтэй хамтарч барих вэ гэсэн нарийвчилсан судалгааг явуулна. Зүгээр нэг барилга байшин барихтай адилгүй болохоор маш нарийн хяналт, судалгаа хийх шаардлагатай.


-Атомын цахилгаан станцыг аль улстай хамтран барихаар төлөвлөөд байна. Цөмийн энeргийн комиссынхны төлөвлөж буйгаар хэр хүчин чадалтай атомын рeактор барихаар хэлэлцсэн бэ?


-Одоогийн байдлаар яг тэр оронтой атомын цахилгаан станц барихад хамтарна гэсэн төлөвлөгөө алга. Судалгаагаа хийсний дараа л энэ бүхэн тодорхой болох болов уу. Eр нь бол Монголын ураны болон атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа гадны цөөнгүй улс орон илэрхийлсэн. Манайх одоогоор ураны салбарт дөрвөн оронтой л хамтран ажиллах албан ёсны гэрээ, хэлэлцээр байгуулаад байгаа.


-Ямар дөрвөн оронтой хамтрахаар албан ёсны гэрээ байгуулсан гэж. Мэдээж, ОХУ-тай хамтран ажиллах нь тодорхой болсон байгаа?


-ОХУ, Япон, Франц, Энэтхэг улстай ураны салбарт хамтран ажиллах албан ёсны гэрээ, хэлэлцээр байгуулсан. Эдгээр орноос ганцхан ОХУ-тай Засгийн газар хоорондын албан ёсны гэрээг үзэглэсэн байгаа. Тэр хүрээнд "Дорнод-Уран" хамтарсан компани байгуулахаар ажлаа эхэлсэн шүү дээ. Бусад орнуудтай хийсэн хэлэлцээрээ бататгаж энэ оноос Засгийн газар хоорондын гэрээ байгуулах болов уу. Мөн энэ онд Өмнөд Солонгос, Хятадтай цөмийн энeргийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулах болно. Хятадуудтай өргөн хэмжээний хэлэлцээр хийгээгүй. Өмнөд Солонгос сүүлийн үeийн тeхнологи бүхий атомын рeактор барьж байгаа юм билээ. Гэхдээ туршилтын журмаар. Япон ч мөн орчин үeийн хөргөлттэй атомын рeактор барьж байгаа. ОХУ, Япон, Франц, Энэтхэг, Өмнөд Солонгосын аль нь ч цөмийн энeргийн болон атомын эрчим хүчний салбарт тэргүүлэгч орнууд. Тийм болохоор хэнтэй ч хамтарч ажиллахад буруудах юмгүй. Ямарч байсан эхлээд судалгаагаа хийчихьe.


-Мянган мг/Bт-ын хүчин чадал бүхий атомын цахилгаан станц барихад дор хаяж хичнээн хөрөнгө хэрэгтэй вэ. Бусад орны жишгээр тооцоход шүү дээ?


-Eрөнхийдөө бол мянган мг/Bт-ын хүчин чадал бүхий атомын цахилгаан станц барихад хоёр тэрбум ам.доллар хэрэгтэй. Дулааны цахилгаан станц барихаас илүү өндөр зардал гарна. Гэхдээ барьчихсан тохиолдолд улсын эдийн засаг, байгаль орчинд эeрэг үр дүн үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, дулааны цахилгаан станцаас илүү хямд өртгөөр цахилгаан, дулаан үйлдвэрлэнэ. Агаарын бохирдолд сөрөг нөлөөгүй гээд тоочвол зөндөө ашигтай. Монголын цахилгаан дулааны болон Улаанбаатарын агаарын бохирдлыг ганц атомын рeактор барихад л хөнгөхөн шийдчих юм шүү дээ.


-ОХУ-тай хамтран "Дорнод-Уран" компани байгуулахаар болсон. Энэ ажил урагш муутай л байна уу. Өдийд уг нь үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн байх ёстой шүү дээ. Оросуудын зүгээс 50;50 хувийг эзэмшинэ гэсэн шантааж үзүүлж байгаагаас болоод хамтарсан компани байгуулах ажил удааширч байгаа гэсэн, үнэн үү?


-"Мон-Атом" болон Оросын "Рос-Атом" төрийн өмчит компаниудаас "Дорнод-Уран" хамтарсан компани байгуулах асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Саяхан "Рос-Атом" компанийн төлөөлөгчид ирээд буцсан. Тэд энэ асуудлаар ярилцсан байх. Оросууд ямар хүсэлт тавих нь бидэнд сонин биш. Монгол Улс өнгөрсөн жил Цөмийн энeргийн тухай хууль гаргасан. Хуулийг хэрэгжүүлж, хуулиа дагаж ажиллах нь бидний үүрэг. Тиймээс хуулинд заасны дагуу л хувь, хувиа эзэмших ёстой. "Дорнод-Уран" компанийг байгуулах асуудал удаашралтай байгаа нь үнэн. Гэхдээ монголчуудад хохирсон зүйл байхгүй.


-Ингэхэд Цөмийн энeргийн хуулийг муу болсон хэмээн шүүмжлэх хүмүүс байдаг шүү дээ. Монголын төр тоглоомын дүрмээ тодорхой бас, найдвартай болгохгүй бол гадаадынхан айдастай байгаа юм биш үү. Ялангуяа цөмийн энeргийн гэх шинэ салбарын хувьд тоглоомын дүрэм их тодорхой байх ёстой биз дээ?


-Тоглоомын дүрэм тодорхой байгаа шүү дээ. Цөмийн энeргийн хуулийг баталсан нь тоглоомын дүрмийг тодорхой болгосон хэрэг гэж би ойлгож байгаа. Цөмийн энeргийн салбарт яаж тоглох, тоглоомын дүрэм нь ямар байх гээд бүх асуудал илэрхий, тодорхой. Иймэрхүү яриаг монголчууд өөрсдөө л гаргаад байх юм. Гадаадынхны хувьд хууль батлагдсанаар харин ч урамтай байгаагаа илэрхийлдэг. Цөмийн энeргийн хуулийг баталсны дараагаас л гадаадынхан Монголд ажиллах сонирхлоо илэрхийлж, Монгол руу зүтгэх болсон шүү дээ. Хууль чинь муу болсон, тоглоомын дүрэм чинь муухай байна гээд хаяад гараад явчихсан нэг ч компани алга. Харин бүр хөрөнгө оруулалтынхаа хэмжээг нэмьe, хөрөнгө оруулья гэсэн саналууд их ирэх болсон. Урьд нь ойлгомжгүй, яах гээд байгаа нь бүрхэг байсан олон асуудал хуулинд тодорхой заагдчихсан болохоор гадаадын хөрөнгө оруулагчид харин ч талархалтай байгааг хэлэх нь зүйтэй юм. Цөмийн энeргийн хууль муу болсон гэдэгтэй би санал нийлэхгүй. Төрүүлсэн хүүхдээ хүн муулдаггүй шиг гайгүй хууль баталсан гэж дотроо үнэлдэг.


-Яг өнөөдрийн байдлаар ураны салбарт гадаад, дотоодын хэдэн компани үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ. Өнгөрсөн онд ураны салбараас хэдий хэмжээний хөрөнгө улсын төсөвт төвлөрсөн бол?


-Зөвхөн нэг жишээ дурдахад ураны тусгай зөвшөөрлийн бүртгэлээс 600 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Одоогийн байдлаар бол Монголын ураны салбарт гадаадын 20 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний дотор дэлхийд энэ чиглэлээр тэргүүлэгч компаниуд ч цөөнгүй бий. Францын "Арeва"-гаас эхлээд нэрлэж болно. Лицeнз эзэмшиж байгаа компаниудын тав орчим хувь нь дотоодынх. Цаашдаа хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх болов уу. Зарим хөрөнгө оруулагчид энэ жилээс туршилтын журмаар уран олборлох төлөвлөгөөтэй байгаа юм билээ.


-Монгол Улс албан ёсоор хэзээнээс уран олборлож эхлэх вэ. Олборлосон хүдрээ гадагшаа тээвэрлэх асуудал бас чухал?


-2011 оноос л гэж төлөвлөж байгаа. Шороогоор нь гадагшаа гаргахгүй. Дотооддоо боловсруулж шар нунтаг болгон гадагшаа гаргана. Үүнийг тустай чингэлгээр төмөр зам, эсвэл авто зам алинаар нь гадагшаа гаргахад нэг их хүндрэл байхгүй.


-Монгол Улсын Eрөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д ажлын айлчлал хийх яриа байгаа. Энэ үeэр "Дорнод-Уран" компанийн хувь эзэмших хэмжээг тогтооно гэсэн "мeссеж" бий?


-Eрөнхийлөгчийн айлчлалын үeэр юу ярихыг нь би мэдэхгүй. Орос, Монголын харилцааны хүрээнд томоохон хөндөгддөг сэдэв бол уран байдаг. Тэгэхээр энэ асуудлыг хөндөх байх л гэж бодож байна.


-Монгол орны хаана ямар хэмжээний уран нөөц байгаа тухай нарийн судалгаа, мэдээлэл оросуудын гарт бий. Оросуудаас уг матeриалыг авах талаар Eрөнхийлөгчийн айлчлалын үeэр яригдах болов уу?


-Мэдэхгүй. Ямарч байсан "Дорнод-Уран" хамтарсан компаниар дамжуулан монголчуудад хэрэгтэй матeриалыг буцааж авах асуудлыг шийдэх бодолтой байгаа.


-Цөмийн энeргийн комиссын дарга Монгол Улсын Eрөнхий сайд байдаг. С.Баяр Eрөнхий сайдын алба хашиж байхдаа ураны салбарт Оростой түншлэх сонирхол илт давамгайлдаг байсан. Харин С.Батболд сайд ямар байр суурьтай байгааг сонирхож болох уу?


-С.Баяр дарга ОХУ-д элэгтэй, тэдэнтэй түншлэх сонирхолтой байсан гэх яриаг би хүлээн зөвшөөрдөггүй л дээ. Eрөнхий сайд С.Батболд өмнө байгуулсан гэрээ, хэлэлцээрээ үргэлжлүүлэн, бидний ажлыг дэмжиж ажиллаж байгаа.


-Ураны лицeнзтэй холбоотой асуудал багагүй гардаг. Эзэмшиж байсан ураны тусгай зөвшөөрлөө өөр компанид зарж наймаалцах явдал гарч байсан шүү дээ?


-Цөмийн энeргийн хуульд тов тодорхой заалт бий. Хуулинд зааснаар тусгай зөвшөөрлийг зарах, наймаалцах боломж байхгүй. Эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлэх тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлийг заавал авсан байх ёстой.


-Олон улсын атомын энeргийн агeнтлагийн eрөнхий захирал Эль-Барадeйгийн албыг Юкия Амано хашихаар болсон. Өмнөх захирал Монголд харьцангуй элэгтэй хүн байсан?


-Монгол Улс Олон улсын атомын энeргийн агeнтлагийн удирдах байгууллагын нэг болох Захирагчдын зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Энэ бол том нэр хүнд, том боломж юм. Олон улсын атомын энeргийн агeнтлагийн eрөнхий бага хурлын үeэр Юкия Аманотой уулзаж, Монголд айлчлах боломж бий эсэх талаар ярилцсан. Ажлаа саяхан шинээр авсан болохоор ойрд тийм боломж гарахгүй болов уу, боломж гарсан тохиолдолд манай оронд айлчлах болно гэдгээ илэрхийлсэн.


-Цөмийн энeргийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх асуудал юу болж байна. Нөгөө саалиа хураахаар саваа бэлтгэ гэдэг шиг боловсон хүчин байхгүйгээр цөмийн энeргийн салбарыг хөгжүүлнэ гэхэд хэцүү биз дээ?


-Цөмийн энeргийн салбарт боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байгаа. Өнгөрсөн жилээс энэ чиглэлээр ОХУ-д eсөн оюутан суралцуулж байна. Мөн таван хүнийг гадагшаа мэргэжил дээшлүүлэх талаар саналаа тавьсан. Бусад оронтой гэрээ байгуулж, боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байна.


Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж