О.Чулуунбат: Олон-Овоотын лицензийг барьцаалаагүй бол луйвар

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

О.Чулуунбат: Олон-Овоотын лицензийг барьцаалаагүй бол луйвар

Олны анхаарал татаад байгаа Анод, Зоос банкны дампуурал, “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр хэд хэдэн банкны барьцаанд тавьсан гэх Олон-Овоотын уурхайн лиценз тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцлаа. Олон-Овоотын лицензийг АНУ-ын “Goldman Sachs”-д барьцаалсан нь хууль бус үйлдэл. Тэднээс авсан 30 сая ам.долларын зээлийн арван хувийг зуучлалд авч, томчуудын шахалтаар хийсэн гэсэн яриа үүдээд байгаа. УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг “хэргийн эзэн” гэсэн хардлага тодорхой хүрээнд байгаа юм. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.

-Тантай олны анхаарал татсан Олон-Овоотын асуудлын талаар ярих гэсэн юм. “Goldman Sachs”-д Олон овоотын лицензийг барьцаалсан нь хууль бус үйлдэл байсан гэж яригдаад байгаа. Тухайлбал, “Goldman Sachs” барьцаа хангах субьект биш байсан гэж?



-Үгүй. Тийм байж болохгүй. Монголын хуулиар зээл өгч болно ш дээ.



-Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт банк болон банк бус санхүүгийн байгууллагад л лицензийг барьцаалах ёстой атал бид жаахан алдаа гаргасан тал бий гэсэн утгатай зүйл хэвлэлд ярьсан байсан?



-Буруу ярьсан байна. Тэгэх юм бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гээд гадаадын банкууд Монголд ямар ч зээл өгч болохгүй гэсэн үг үү? Тэгвэл Монгол Улс ямар эх үүсвэрээс санхүүжилт авч, төслүүдээ хэрэгжүүлэх болж байна. Нью-Йорк, Лондон, Гонкгонг, Лондонд байршилтай энэ том банкууд дэлхий даяар зээл өгч байхад Монгол болохоор өгч болохгүй гэж үү? Ийм сонин юм хэн тэгж ярьдаг байна аа.



-Албаны хүний үг болохоор иш татаж байна л даа. Дээрээс дарамталж байгаад ийм хууль бус үйлдэл хийлгүүлсэн гэж Ашигт малтмалынхан бас өөрсдөө ярьдаг гэсэн яриа ч бас сонсогдсон?



-Манайд маш олон банк зээл өгсөн байгаа. Тэд бүгд тэгээд буруу болж таарч байна уу?



-Зөвхөн банк гэлтгүй, хөрөнгө оруулалтын сангуудаас ч зээл авч байгаа байх, тийм үү, монголчууд?



-Тийм зөндөө л зээл өгч байгаа үү дээ. “Goldman Sachs” харин маш сайн банк. Азийн хөгжлийн банк, Дойчи банк, “Жи Пи Морган” бүгд л зээл олгож байгаа шүү дээ манайд.



-"Goldman Sachs" Өмнө нь манай ямар төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байсан юм бол?



-Энэ Олон-Овоот л байгаа байх.



-”Goldman Sachs”-тай хамтарч ажилладаг уу. Та дэлхийн томчуудтай хамтарч ажилладаг, зээлийг татах том мэргэжилтэн гэсэн?



-Тийм ээ. Би хамтарч ажилладаг. Би Монголбанкинд ажиллахаа болиод хувиараа төсөл хөөцөлдөж байхдаа Ц.Мянганбаярыг өөрөө танилцуулаад, өөрөө төсөл дээр нь хамт ажиллаж байгаад энэ 30 сая ам.долларын зээлийг босгосон шүү дээ.



-Зуучлалын хөлс гэж шахалт үзүүлж байгаад хууль бус барьцаа хангуулах үйлдэл хийлгэсэн гэсэн яриа гарсан даа. Энэ нь таныг гэж хэлж байна уу?



-Тийм юм байхгүй. Энэ чинь олон улсын дүрэм, стандартын дагуу ил тод хийгддэг том ажил. Дунд нь зуучлал байх шаардлагагүй. Банк зуучиллаа гээд тэр хүнд мөнгө өгөх ч үгүй. Өөрийнхөө нөхцөлийг тавиад Ц.Мянганбаяр, Худалдаа хөгжлийн банк гэрээгээ байгуулаад л явсан байгаа. Төсөл “Goldman Sachs” хоёрын хоорондох санхүүгийн байгууллага нь Худалдаа хөгжлийн банк. Маш сайн төсөл явж байсан шүү дээ.



-Анодын зээлийг эргэн төлнө гэсэн нөхцөлтэйгээр, тийм үү?



-Анодын ч, Зоосын ч зээлийг төлөх. Олон-Овоотын барьцаа бол маш сайн барьцаа. “Goldman Sachs”-ийн 30 сая ам.доллараас гадна Анод, Зоост ч хангалттай барьцаа. “Goldman Sachs”-аас зээл авна гэдэг маань өмнөх банкуудын үүргээс салчихлаа гэсэн үг биш шүү дээ. “Goldman Sachs”-ээс шинэ зээл аваад үйл ажиллагаагаа сайжруулаад банкуудын өрөө төлнө гэсэн үүрэг хүлээж байгаа хэрэг. Энэ барьцаанаас бултуулаад цоо шинэ өөр “Олон овоот” ч гэдэг юм уу компанид лицензээ шилжүүлж болохгүй. Тэгэх юм бол дэлхийн зах зээл дээр Монголын нэр хүнд унана. Монголчууд хуулиа дураараа өөрчилдөг юм байна, хуулиа биелүүлдэггүй юм байна гэсэн муу нэртэй болно шүү дээ.



-Олон-Овоотын лицензийг шилжүүлчихсэн байгаа биз дээ?



-Үгүй. Шилжүүлээгүй.



-Лиценз манай мэдэлд байгаа гэж “Олон-Овоот гоулд”-ын гүйцэтгэх захирал манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн шүү дээ?



-Шилжүүлсэн байж болно. Гэхдээ Анод, Зоос хоёрын барьцаанд байж л байх ёстой шүү дээ.



-Анод Зоост барьцаа хангуулах хүсэлтээ илэрхийлсэн. Гэрээ байгуулах процесс дуусаагүй байгаа гэж бас хэлсэн?



-Үгүй. Барьцаагүйгээр 40, 50 тэрбумын зээл өгдөг банкны захирал байдаг юм уу, Монголд.



-Харин тийм. Би ч бас гайхаад л байна?



-Байсан. Бултуулчихсан л байхгүй юу, дараа нь. Ийм том, ийм сайн барьцаагүйгээр Анод, Зоос 40, 50 тэрбум, бараг 100 гаруй тэрбум төгрөгийн зээл өгсөн гэдэгт би лав итгэхгүй. Олон-Овоотын барьцаа байсан учраас ийм том зээл өгсөн байгаа. Барьцаа байхгүй бол хуйвалдаан. Лицензийг зувчуулах замаар иргэдийн хадгаламжийг хулхидах гэсэн маш том гэмт хэрэг явж байна шүү дээ.



-Таны харж байгаагаар бол энэ бүх зээлийг төлөх найдвар байна уу?



-Байлгүй яах вэ. Монгол Улсын хуулийн дагуу энэ бүгдийг дэс дараатай хийх ёстой. Тэр том зээлийн ар талд Олон-Овоот төсөл, лиценз байсан. Энэ төслийг ил тодоор, зах зээлд зараг л дээ. Монголчууд ч, гадаадынхан ч сонирхсон хүмүүс нь оролцоод хэн хамгийн өндөр үнэ хэлсэн нь аваг л дээ. Би бол энэ уурхайг 130-150 тэрбумаар хөнгөхөн зарагдана гэж бодож байна. Тэгээд Монголын иргэдийн хадгаламжийн мөнгийг бушуухан төлөх ёстой. Би ийм л бодолтой байна.



-Зарагдана гэдэгт та итгэлтэй байна уу, солонгосчууд санал тавьсан гэсэн, гэхдээ …?



-Миний мэдэхийн зөндөө олон улсууд байгаа. Ганц солонгос бус. Урьд нь уул уурхайн том том компаниуд ирж байсан.



-Ok. Их баярлалаа.



А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж