Б.Лхагвасүрэн: Монголбанк Анод банкинд гаргасан алдаагаа давтахгүй байхыг хүссэн

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Б.Лхагвасүрэн: Монголбанк Анод банкинд гаргасан алдаагаа давтахгүй байхыг хүссэн

 -Зоосыг заавал татан буулгаж, Төрийн банк байгуулах ямар
хэрэгтэй байсан юм. Төр бусдын зээлсэн 60 тэрбум төгрөгийг олж авахын
тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс 60-аас илүү тэрбум төгрөг гаргах
хэрэгтэй байсан гэж үү?

-Энгийн
хүмүүст, өөрөөр хэлбэл, банкны бус хүмүүст 60 тэрбум төгрөгийн зээлийг
нөхөхийн тулд 60-аас илүү тэрбум төгрөгийг төр гаргаж байгаа юм шиг
санагдаж магадгүй. Нөгөө талаас  нь харах юм бол  төр 60 тэрбумыг гаргаж
байгаа юм биш, харин  60 тэрбум төгрөг нөхөгдөж орж ирэхээр төсөөлөл
байна. Төсөөлөл гэдэг маань төлөвлөгөө гэсэн үг шүү дээ.  Энэ төлөвлөгөө
биeлж болно, биeлэхгүй ч байж болно. Монголбанкнаас боловсруулсан 
төлөвлөгөө хэрвээ хэрэгжих юм бол Төрийн банк багагүй мөнгө босгох юм.

-Тэгэхээр нэг ёсондоо 120 тэрбум төгрөгийг Төрийн банк 
“цуглуулна”  гэсэн үг үү?

-Төлөвлөгөө
хэрвээ хэрэг­жих юм бол 120 тэрбум  битгий хэл 200, 300 тэрбум төгрөг
түүнээс илүүг олно гэж ойлгож болно.

-Тэгж чадах уу. Олон хүн эргэлзээд л байна шүү. Анод
банкны  40 тэрбум төгрөгийн зээлийг олохын тулд  төс­вөөс 150 тэрбум
төгрөг гар­гасан. Гэтэл  одоо тус банк татан буугдахаар болчих­лоо?

-Анод банкны жишээнээс хараад  Төрийн банк байгуу­лахаар
болсон.  Анод шиг шууд татан унагаачихаж болохгүй юм байна гэж шийдсэн.
Дараа нь ямар ч байсан өөр банк байгуулах  нь зөв юм байна, ийм хэлбэр
байх хэрэгтэй юм гэдэг үүднээс Зоос дээр Анодод барьж байсан бодлогоо
хэрэгжүүлэхийг  Монголбанк хүсээгүй.  Учир нь хүмүүс ту­хайн  банктай
гэрээ байгуулж, харилцаа тогтоож, зээл авсан бол тухайн банкиндаа л
төлдөг. Банкийг нь татан буулгачихаар иргэдэд буруу ойлголт төрдөг юм
шиг байна лээ. За­рим нэг нь зээлээ тогтвортой төлж байсан бол
больчихдог. Зарим нь бүр зугатаах санаа өвөртөлдөг. Нөгөө хэсэг нь
эргэлзээнд орчихдог. Тийм болохоор банкийг  шууд татан буулгана гэдэг
хүний харил­цаанд буруу үр дагавар үзүүл­дэг юм байна  гэсэн үүднээс
Зоосын суурин дээр Төрийн банк байгуулж байна.  Өөрөөр хэлбэл, Анод
банкинд гаргасан алдаагаа Монголбанк давтахгүй байхыг хүссэн.  Анодад
итгэх итгэл үнэмшил нь суларснаас  харилцагч, хадгаламж эзэмшигч нар
мөнгөө татчихсан нь бүр ч хүнд байдалд оруулсан. Харин одоо бол төр
харилцагч, хадгаламж эзэмшигч нарт баталгаа гаргаж өгч байгаа болохоор
иргэд буцааж мөнгө татах явдал байхгүй болно гэж үзэж байгаа.

-Төрийн банк арилжааны банк маягаар л явна гэсэн үг биз
дээ?

-Тэгнэ, арилжааны банкинд
өрнөдөг бүхий л үйл ажил­лагааг Төрийн банк эрхлэх юм. Зоос банкийг
татан буулгаад муу активыг нь авч үлдээд Монголбанк өөрөө өр
бараг­дуулах албыг нь гүйцэтгээд явна. Харин сайн актив дээр нь Төрийн
банкийг байгуулж бай­гаа учраас тус банкны үйл ажиллагаанд эргэлзэж,
тээ­нэгэлзэх хэрэггүй.

-Төрийн
банкийг бай­гуу­лахад татвар төлөгчдийн мөнгөнөөс багагүй мөнгийг
гаргахаар болсон. Дахиад л хэн нэгэн татвар төлөгчийн мөнгөөр тоглохгүй
гэсэн ба­талгаа байгаа болов уу. Хад­галамж банкнаас 14 тэр­бум төгрөг
алдсан шиг явдал болох вий гэсэн эмзэглэл нийгэмд байна л даа?

-Төр бонд гаргаж байгаа. Бонд  бол мөнгө гэсэн үг биш юм.
Мөнгө  босгож болох л  “цаас”. Тэгэхээр иргэд Төрийн банкинд санаа
зовох ямар ч асуудалгүй. Төр Хадгаламж банкинд гаргасан тэр алдаагаа
дахин давтахгүй байх гэдэгт найдаж байна.

-Төр өөртөө хэл ам да­гуул­сан бас нэг ажил удаж бай­хаар
зүгээр л Зоосыг зар­чихгүй яасан юм. Тэр нь илүү амар байсан юм биш үү?

-Хадгаламж банк эхлээд Зоос банкийг нэгтгэe гэж  санал
тавьсан мөртлөө  удалгүй хүсэлтээ татаад авчихсан. Яагаад  хүсэлтээ
татаад ав­чихсан юм гэхээр, Зоос банкны 25+1 хувийг эзэмшдэг Eвропын
сэргээн босголт хөгжлийн банк­наас Хадгаламж банкинд хувьцаагаа зарахгүй
гэдгээ хэлсэн юм билээ. Банкны хуу­лиар бол хоёр банк нэгдэхэд  хувь
эзэмшигчид нь зуун хувь хүлээн зөвшөөрсөн байх ёстой байдаг юм. Тиймээс
Eвропын сэргээн босголт хөгжлийн банк­наас зөвшөөрөөгүй учраас
Хад­галамж банк хүсэлтээ татаж ава­хаас өөр аргагүй болсон биз.

-Зоос, Анодын байдлаас харахад Монголбанкны хя­налт сул
байна гэж ойлго­хоор байгаа. Ийм байдалд хүрэхээс нь өмнө урьд­чил­сан
арга хэмжээ авч болоо­гүй юм уу. Ганцхан хүний үйлдлээс болоод 
арил­жаа­ны хоёр банк татан бууг­дахад хүрлээ шүү дээ?

-Хяналт бол маш сайн тавьж байсан. Монголбанкны
eрөнхийлөгч  энэ талаар дэл­гэрэнгүй мэдээллийг хэвлэлийн бага хурал
дээр өгсөн шүү дээ. Төрөөс Зоосын санхүүгийн байдал хүндэрч магадгүй
гээд  Хөгжлийн сангийнхаа 18 тэр­бум төгрөгийн хадгаламжийг байршуулж
байсан гээд олон арга хэмжээ авч байсан.

-Монголын арилжааны банкуудаас хоёрхон банк л хөрөнгийн
зах зээлд хувь­цаагаа зарж байсан. Тэр хоёр банк хоёулаа татан
буугд­лаа. Одоо хувьцаа эзэм­шигчид яах вэ?

-Зоосын  хувьцаа эзэмшиг­чид нэг их айгаад байх юм
байхгүй. Аль гурван жилийн өмнөөс хувьцаагаа зарсан. Сая хаалтын ханшин
дээр гэхэд нэрлэсэн үнээсээ доо­шоо оролгүй хувьцаанууд нь зарагдсан
байна лээ. Тэгэ­хээр хувьцаа эзэмшигчид айлтгүй. Нөгөө талаас хувьцаа
эзэм­шигчид төрийн батал­гаатай, хад­га­ламж­тай зүйл дээр най­маа
хийгээгүй. Өөрс­дөө  сан­хүүгийн эрсдэлтэй  “тоглолт” хийж байгаа
боло­хоор  өөрс­дийнх нь сонголт  тэр байсан гэж ойлгох хэрэгтэй.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж