-Банкууд нэгдэж байгаа нь Монголбанкнаас банкуудын дүрмийн санг нэмэгдүүлэх бодлого барьж эхэлсэнтэй холбоотой юу, эсвэл жам ёсны үзэгдэл үү. Ер нь арилжааны банкууд нэгдсэний сайн, муу тал юу вэ?
-Арилжааны банкууд нэгдэж байгаа нь зах зээлийн шаардлага юм. Гэхдээ үр дүнг нь урьдчилж хэлэхэд хэцүү. Юуны өмнө нэгдэж нийлж байгаа зорилго нь юу байна гэдэг чухал.
Банкууд нийлээд үйл ажиллагааныхаа үр ашгийг дээшлүүлэх, зардлаа багасгах, үйлчилгээнийхээ хүртээмжийг сайжруулах гэхмэтчилэнгээр хамтын хүчин чармайлтыг бий болгож чадаж байвал зохистой нийлэлт болно. Өөрөөр хэлбэл үр дүн нь 1+1=3 болж байвал сайн нэгдэл гэж хэлэх ёстой. Зүгээр нэг томрох, эзэнт гүрэн байгуулсан мэт харагдах төдий буюу 1+1=2 хэвээр байх юм бол мундаг ач холбогдолтой нэгдэл байж чадахгүй.
-Банкууд нэгдэж нийлэх тохиолдол өмнө нь таныг Монголбанкинд байхад ч гарч байсан биз дээ?
-Тухайн үед банкуудын эзэд өөр хүмүүс байсны тэд өөр өөр сонирхолтой байсан. Энэ удаагийн нэгдэлтийн хувьд өмчлөл нь нэг гарт төвлөрсөн учраас механик нэгдэлт гэж харагдахаар байгаа юм. Өөр өөр өмчлөлтэй байгаад нэгдэж байгаа бол илүү сонирхолтой байх байсан. Ер нь бол санхүүгийн салбар хямралыг ил гаргадаг гол суваг байдаг. Салбарын хөгжил дандаа л хямралаас хямралын хооронд явж ирсэн гэж хэлж ч болно. Хямрал гэдэг нь тодорхой нэг болохгүй зүйлтэй тулгарсныг харуулж байгаа хэрэг. Тэрхүү хүндрэлийг даван туулах жорыг гаргаж өгдгөөрөө хямрал өөрөө ач холбогдолтой. Тэгэхээр хямралаас айж эмээгээд, хямраагүй мэт царайлаад байх шаардлагагүй. Гагцхүү хямралаасаа суралцаад гарах гарцаа түргэн олох л чухал. Тэгж чадсан бол Хадгаламж, Анодын асуудлууд гарахгүй байсан.
-Арилжааны банкууд Анодын араас орж мэдэх нь гэсэн болгоомжлол хүмүүсийн дунд байсаар байна?
-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Банкуудын үйл ажиллагааг гаднаас нь харахад хэвийн байгаа мэт өнгөц дүр төрх ажиглагдаж байна. Банкны санхүүгийн чадавх үнэн дүр төрх мэдэгдэхгүй байна. Хөндлөнгийн бидэнд бүү хэл, Монголбанкныханд ч мэдэгдэхээргүй байгаа. Үүнийг уг нь Монголбанк л мэдэх ёстой. “Анод”-ын алдаа ч гэсэн засаглалын алдаа байсан. Монголбанкны хяналт шалгалт ч сул байсантай холбоотой.
-Банзуудын чанаргүй зээлийн хэмжээ дөрөв дахин ихэссэн гэж байна. Чанаргүй зээл нэмэгдэж байгаагийн гол шалтгаан юу вэ?
-Чанаргүй зээлийн хэмжээ дөрөв дахин нэмэгдсэн гэдэг нь баттай тоо эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Чанаргүй зээл нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь манай арилжааны банкууд зээлдэгчдийнхээ судалгааг нарийвчлан хийж чаддаггүйтэй холбоотой. Зээлийг зөв мэдээлэлд үндэслэхээсээ илүү барьцаа хөрөнгөнд үндэслэн олгож байгаа нь олон жилийн түүх л дээ. Барьцаа хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орох, санхүү эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт зээл төлөх чадвар эрс багасч байгаа юм.
-Нэгэнт хямрал бодитойгоор нүүрлээд байгаа нөхцөлд банкууд зээлдэгчдэдээ хөнгөлөлт үзүүлж болдоггүй юм уу. Зээлийн хугацааг сунгах, зээл төлөлтийн хэмжээг түр хугацаагаар багасгах гэхчилэнгээр…
-Хугацаа сунгах, хэмжээг бууруулах гэдэг маань зээлийн ангилал бууруулах нэг хэлбэр л дээ. Хямралын үеийн зээлийн ангилал тодорхой хэмжээгээр буурсан шүү дээ. Гэхдээ энэ бол тийм сайн арга биш.
-Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөөр арилжааны банкууд дагаад зээлийн хүүгээ өсгөж байгаа нь зөв үү?
-Монголбанкны бодлогын хүү гэдэг нь эдийн засагт нийлүүлэх мөнгөний хэмжээнд шууд бус аргаар нөлөөлөх зориулалттай. Ингэснээр инфляцийг хянах боломж бүрдэнэ гэсэн үг. Хэрвээ инфляцийг хяналтдаа оруулаад тодорхой хугацаанд барьж чадах юм бол мөнгөнийхөө бодлогыг сулруулж, хүүгээ бууруулдаг онцлогтой. Монголбанкны бодлогын хүүг дагалдаж зээлийн хүү өсч байгаа гэж би бодохгүй байна. Монголбанкны хүү гэхээсээ илүү зээлийн эрсдэлтэй байдал л зээлийн хүү өсөхөд нөлөөлж байгаа.
-Ирэх 2010 онд инфляцийг нэг оронтой тоонд барихаар төлөвлөд байгаа. Ийм боломж байх болов уу?
-Төв банк мөнгөний бодлогоороо инфляцийг нэг оронтой тоонд барих ёстой. Тийм боломж ч байгаа. Хэдийгээр төв банкнаас шалтгаалахгүй хүчин зүйл байдаг хэдий ч Монголбанк инфляцаа нэг оронтой тоонд барих л учиртай. Манайхан томоохон төсөл дээр гарын үсэг зурчихлаа шүү дээ. Түүнийг дагасан хөрөнгө оруулалт, бизнес манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлөх нь дамжиггүй.
-Уул уурхайгаас олсон орлогыг ард түмэндээ хувь, хувьцаа болгон тараах талаар ярьж эхэллээ. Энэ нь хэр оновчтой шийдвэр вэ?
-Уул уурхайн салбарын орлогыг хуваах талаар ярихаасаа өмнө Засгийн газраас макро эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн төсвийн бүтцийн өөрчлөлтийг хийх ёстой. Төсвийн орлогыг олсон хэрээрээ үрж зарцуулах бус тогтворжилтын сан байгуулаад урт хугацааны тэнцвэржилтийг хангахад зориулах учиртай. Мөнгө ороод ирмэгц улстөрийн болон бусад лобби олноороо гарч ирдэг. Тиймээс уул уурхайгаас олсон хөрөнгөө дотооддоо бус гадаадад байршуулах ёстой.
-Тэгвэл Монгол Улсын Хөгжлийн банк байгуулах тал дээр таны бодлыг сонсмоор байна?
-Хөгжлийн банкыг байгуулах ч хэрэггүй. Ямар ч хэлбэрээр байгуулсан өнөөгийн манай засаглалын төвшин тэр банкыг ашигтай ажиллуулах нөхцлийг бүрдүүлж чадахгүй. Дотоодын улс төрийн лобби, хариуцлагагүй байдал гэхчилэн олон шалтгаан байна. Банкны байгууллагын онцлог нь ТУЗ, гүйцэтгэх захирал нь өөр хоорондоо хариуцлага хүлээхийн сацуу ТУЗ, захирлууд нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг. Энэ хариуцлагын тогтолцоо зөв байгаа эсэхэд Монголбанк, холбогдох бусад байгууллагууд хяналт тавих учиртай.
-Арилжааны банкуудын эзэн болоод хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл олон нийтэд ил тод байх ёстой гэсэн шаардлагыг сүүлийн үед тавих болсон. Гэтэл манайхан банкны эздийг бус хадгаламж болон зээлийн хүүг хараад л сонголтоо хийдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ бол маш чухал асуудал. Жирийн нэг харилцагч, хадгаламж эзэмшигч байсан ч ямар хүнд мөнгөө хадгалуулж байна вэ гэдгээ зайлшгүй мэдэх учиртай. Зөвхөн гүйцэтгэх захирал биш, гүйцэтгэх захирлыг томилсон ТУЗ нь хэн хэнээс бүрдэж байна вэ гэдгийг, голлох хувь эзэмшигчдийг мэдэх ёстой. Хадгаламж болоод зээлийн хүүгээс гадна эрсдэл гэж нэг юм байдгийг бодолцох учиртай. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын бүхий л мэдээлэл ил тод байдаг. ТУЗ-ийн гишүүд нь хэн бэ, ямар ямар мэргэжлийн туршлагатай хүмүүс болох талаар дэлгэрэнгүй мэдээлдэг онцлогтой. Манай цөөхөн монголчуудын хувьд энэ бүх мэдээлэл ил тод байвал сонголт хийхэд илүү амар хялбар болохын дээр итгэлцэл ч бат бөх байх болно.
-Ингэхэд та аль нэгэн банкинд хувьцаа эзэмшдэг үү?
-Үгүй.Гэхдээ аль нэгэн банкинд ТУЗ-ийн гишүүн болох сонирхол бол бий. Сүүлийн үед заавал өмчлөгч гэлгүйгээр ТУЗ-ийн гишүүн томилох орчин үеийн чиг хандлага ажиглагдаж байна. ТУЗ-ийн гишүүдэд гаднаас бие даасан хараат бус хүмүүсийг оруулж мэргэжлийн ур чадварыг ашиглах явдал түгээмэл болж байгаа.
-Монголын 16 арилжааны банкны хэд нь гадаад эзэнтэй вэ. Төрийн түшээдээс ч банкинд хувь эзэмшигчид цөөнгүй гэдэг?
-Би энэ асуудлыг сайн мэдэхгүй байна. Банкуудын хувь нийлүүлэгчид болоод гадаад эздийн талаар би мэдэхгүй байхад иргэд мэдэхгүй байх нь аргагүй байгаа биз. Энэ бол банкны нууц биш. Банкны нууц гэдэг бол харилцагчдын л нууц байдаг.
-Засгийн газрын тэргүүн ажлаасаа чөлөөлөгдөхөөр боллоо. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас банк санхүүгийн салбарт хийсэн ажилд та ямар дүн тавих вэ?
-Хэдийгээр хямрал нүүрлэсэн он жилүүдийг туулсан хэдий ч Засгийн газрын хийсэн олон ажлуудын дотор сөргөөсөө эерэг нь давуу байсан л гэж хэлье дээ. Ер нь бол аливаа улсын хувьд эдийн засгийн бодлого төр засгаас хараат бус байх учиртай. Харамсалтай нь манайд төрөөс ихээхэн хэмжээгээр хамааралтай байгаа.
Д.ЦЭЭПИЛМАА