НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн ба Герман хамтран Ираны цөмийн тогоонуудад зориулагдсан нэмэлт баяжуулалттай түлшний уран солилцох шинэ схемийг Иранд санал болгосон байв. Орос ба Барууны орнуудын анхлан санал болгосон ийм схемийн эхний хувилбарыг Иран 2009 оны арваннэгдүгээр сард хүлээн аваагүй билээ.
Ираны төлөөлөгчид цөмийн түлшний солилцооны талаар тохиролцохын оронд цөмийн зэвсгийн хураалтын даяарчлалыг ярин замхруулж байв. Тегеран өөрийн цөмийн хөтөлбөрийг цэвэр энхийн гэж зүтгэдэг ба харин барууны орнууд тэднийг цөмийн зэвсэг бүтээх бодит зорилготой хэмээн сэжиглэж байгаа юм.
“Зургаан гүрэн” Иранд яг ямар шинэ санааг хэлсэн нь тодорхойгүй. Олон улсын цөмийн агентлагаас боловсруулсан эхний төлөвлөгөөгөөр Иран ядмаг баяжуулалттай (3,5хувийн баяжуулалттай) ураныхаа 70 хувийг Орост өгч Орос түүнийг дахин баяжуулаад Францад түүнийг дамжуулан Иран Францаас цөмийн түлшний бэлэн болсон 20 хувийн баяжуулалттай ураны гулдмайг авна гэсэн байлаа.
Хэрэв энэ саналыг Иран хүлээн авсан бол тэдэнд уранаа цөмийн бөмбөгт зориулсан 90 хувийн баяжуулалтад оруулах шаардлага хэрэггүй байсан юм.
Гэвч Иран ураны түүхий эдээ солилцоонд өгөхөөс татгалзан бүх баяжуулалтын үйлдлийг өөрийн нутагт хийлгэх гэсэн юм. Тэд ураны түлш авахгүй гэж айсан хэмээн сэтгүүлчид бичиж байсан билээ.
Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард ураны 20 хувийн баяжуулалт хийж чаддаг болсноо Тегеран зарласан байв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл сүүлийн жилүүдэд Иранд цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан дөрвөн хориг арга хэмжээ авсан юм.
Хориг арга хэмжээ цөмийн багаж төхөөрөмж, түүхий эд авахад нь саад тавихад чиглэсэн байсан ба харин тэдний нефтийн экспортыг хөндөөгүй билээ.
Ш.САМБУУ