-Цөмийн энергийн тухай хуулийг олон улсын жишигт нийцсэн гэж хууль тогтоогчид үзэж байгаа. Та олон улсад зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд Монголын УИХ-аар баталсан хуулийг хэрхэн үзэж байгаа вэ?
-Уг хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж буй юм. Энэ зорилгын үүднээс авч үзэхэд энэхүү хууль зайлшгүй шаардлагатай. Дэлхийн олонх улс орон үүнтэй төстэй тусгайлсан хууль тогтоомжтой байдаг. Гэхдээ Монголд мөрдөгдөж буй хууль зарим чухал асуудлыг зохицуулахдаа бусад орнуудад хэрэглэсэн зарчмуудаас эрс ялгаатай байгаа юм.
-Тухайлбал, ямар асуудал дээр жишээ татаж болохоор байна вэ?
-Нэгдүгээрт, цацраг идэвхт ашигт малтмалыг ихэнхдээ тусдаа, бусад ашигт малтмалаас ангид бүрэлддэг мэтээр хуульд авч үзсэн байна. Гэтэл үүслийн хувьд олон янз бөгөөд ихэвчлэн уран ба бусад цацраг идэвхт ашигт малтмал бусад ашигт малтмалтай хамт нэг хүдэрт агуулагдах хэлбэрээр олддог. Тэгэхээр энэ төрлийн ашигт малтмалыг бусад ашигт малтмалын хамтаар олбор лохоос аргагүйд хүрдэг юм. Үүний улмаас түүнийг бусад ашигт малтмалтай хамтад нь олборлож, хүдрийг боловсруулсны дараагаар механик болон химийн аргаар баяжуулан ялгаж авдаг. Нийтээр мэддэг жишээ гэвэл Өмнөд Африкийн Йоханнесбургийн орчим оршдог дэлхийн хамгийн том ордод тооцогдох алтны Witwatersrand нэртэй орд байна. Уг ордод уран алтны хүдэрт агууллагддаг. Түүнчлэн Olympic Dam нэртэй Авсралийн дэлхийн томоохон уран олборлогчийг мөн нэрлэж болох ба тэрээр цацраг идэвхт эрдсийг эдийн засгийн хувьд ашигтай алт ба зэсийн хамт олборлодог.
Ийм ч учраас дэлхий дахинд газрын тос ба шатдаг хийнээс бусад ашигт малтмалд нэгдсэн нэг тусгай зөвшөөрөл олгодог зарчмыг баримталдаг.
Харин Монгол Улсын холбогдох шинэ хууль тогтоомжоор цацраг идэвхт ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, цуцлах эрх нь Цөмийн энергийн газарт, бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст харьяалагдах болоод байгаа юм. Уг нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, цуцлах эрх нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн институцийн ажиллагаа. Гэтэл Цөмийн энергийн агентлаг тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг бас явуулах болсноор энэ хооронд давхцал, ноцтой хүндрэл үүсэх гэж байна.
Дээр дурдаж байсны дагуу цацраг идэвхт ба энгийн ашигт малтмал ихэвчлэн хамт агууллагддаг ба нэг талбайд нэг хүдрийг олборлох хоёр өөр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй шүү дээ. Хоёр төрлийн тусгай зөвшөөрөл олголоо ч хууль зүйн талаас зөрчил үүсэх ба Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын эрх онцгой бөгөөд давхацсан тусгай зөвшөөрөл байж болохгүй.
-Ашигт малтмалын хуулиар бол тусгай зөвшөөрлийг олгохдоо цаг хугацааны дарааллыг буюу түрүүлж хүсэлт гаргасан хуулийн этгээдэд олгодог шүү дээ. Тэгэхээр хоёр агентлаг тусгай зөвшөөрөл олгох эрхтэй болсон ч аль түрүүлж хандсан этгээдэд зөвшөөрлийг олгох замаар шийдвэрлээд явбал болох юм биш үү?
-Анхлан өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрөл авах эрхтэй гэж үзвэл хоёр өөр институцэд бүртгэгдсэн өргөдлүүдийн аль нь түрүүнд ирсэн гэж тодорхойлох вэ. Энэчлэн техник, захиргаа, хууль зүйн болон институцийн талаасаа шинэ хууль маш олон эрсдэл болон зөрчилдөөнийг дагалдуулахаар байна. Тухайлбал, талбайн эрхийн хамгаалалтыг яаж бий болгох вэ. Одоо тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээд өөрийн талбайд цацраг идэвхт эрдэс илрүүлсэн нөхцөлд тусгай зөвшөөрлөө алдах эрсдэл үүсч байгаа нь эргэлзээгүй болж байна.
-Ер нь олон улсын жишгээр энэ асуудлыг хуульд хэрхэн тусгаж, яаж зохицуулсан байдаг юм бэ?
-Цацраг идэвхт эрдсийн талаар тусгайлсан хууль тогтоомж гаргах болон цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагыг буй болгох нь харилцан уялдаатай асуудал мөн. Гэвч энэ агентлагийн “эрх” ба “үйл ажиллагаа”-г нь өөр хооронд нь сайтар ялгаж, салгаж өгөх ёстой. Цацраг идэвхт эрдсийг ашиглах явцад мониторинг хийх үүрэгтэй байгууллага нь зөвшөөрөл олгох эрхтэй байгууллагынхаа онцгой ажиллагаатай зөрчилдөж болохгүй.
Энэ хандлагыг дэлхий дахинд баримталдаг. Ихэнх оронд Цөмийн агентлагуудынх нь ажиллагаа цацраг идэвхт материалыг ашиглах, баяжуулах, тээвэрлэх, борлуулах зэрэг үйл ажиллагаанд мониторинг хийх, хяналт тавих үйл ажиллагаагаар хязгаарлагдсан байдаг. Харин уул уурхайн кадастрын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаанд оролцож зөрчилдөөн үүсгэдэггүй. Олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн Монгол орны хувьд цацраг идэвхт эрдэстэй холбогдсон мониторингийн үйл ажиллагааг Цөмийн энергийн агентлагт шилжүүлж, тусгай зөвшөөрөл олгох үүргийг Ашигт малтмалын газарт үлдээх нь зүйтэй юм.
-Хэрэв таны хэлснээр олон улсын жишигт нийцүүлэн хуулиа өөрчилж чадахгүй бол чухам ямар хүндрэл, эрсдэл гарч болохыг товчхон тодорхойлбол?
-Хуулиар зохицуулалтыг нь бий болгохгүй бол үл ойлголцол, талбайн давхцал, маргаан үүсч эхэлнэ. Уул уурхайн эрхийн хамгаалалт суларч, Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг татах чадавхид сөргөөр нөлөөлнө.
З.ОРГИЛ
2009-10-15