Хятадын нөлөөнөөс гарах гарц хайж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Хятадын нөлөөнөөс гарах гарц хайж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хятадын хурдтай өсч байгаа эдийн засагт шаардлагатай асар их ашигт малтмал Монголын хэвлийд байгаа. Хятадын хурдан өсөлт нь л Улаанбаатарыг түгшээж байна.

    Зөвлөлтийн нөлөөнөөс 20 жилийн өмнө сал­сан Монгол одоо Бээжингийн өсч буй нэр нө­лөө­нөөс айж байна хэмээн ВВС дамжуулсан байна. Хятадын эдийн засгийн  хамаарлыг бууруулахын тулд Монгол төмөр замын олон салааг барин Орос ба түүний Номхон далайн боомтуудтай холбогдохоор шийджээ. Одоо Монголын экспортын 70 хувь нь Хятадаар дамжиж байна.

    Баригдах төмөр зам нь Хятадынхаас өргөн байх ба Оросын стандартаар хийгдэх юм. Монголын төмөр замын хувьцааны 50 хувийг оросууд барьдаг.

    Монголын төлөвлөгөө нь Дэлхийн банкны зүгээс шүүмжлэл сонссон бөгөөд Оросын боомтоор тээвэрлэлт хийх нь Хятадад шууд экспортлосноос гурав дахин илүү үнэтэй байх юм. Гэвч энэ төслийн талынхан 2002 онд Далай ламыг Улаанбаатарт ирэхэд Хятадын эрх баригчид төмөр замын хөдөлгөөнийг бүтэн хоног гаруй зогсоосон гэж хэлж буй. Монгол ийм хамаарлыг хүсэхгүй байна гэж Financial Times бичжээ.

    Энэ байдал нь Монголыг геополитикийн нэгэн чухал цэг гэж анзаарахад хүргэж байна. Энэ асар том нутаг дэвсгэртэй орон хүн амын нягтрал багатай, дөнгөж 2,7 сая хүнтэй. Нэг үгээр нэг монголд 520 хятад хүн ноогдож байна гэсэн үг. Ингээд ч нэгэн сайхан өдөр Хятадын луу залгина гэсэн айдас Монголд байгаа юм.

    Тэр нь ч үндэсгүй зүйл биш. Хятад өмнө нь Оросын газар нутагт хэрэглэж байсан аргаараа ажлын хүчээ экспортлох аргыг Монголд хэрэглэж байна. Үүний зэрэгцээ Монголын эдийн засаг жилээс жилд Хятадын эдийн засагтай улам хүчтэй холбогдож байгаа юм. Хэрэв саяхан том үйлдвэрүүд Оросын хяналтад, жижиг дунд үйлдвэр нь Хятадын хяналтад байна гэж тооцогдож байсан бол хятадууд том үйлдвэрт нь хүч түрж эхэлжээ.

     “Шударга бусаар алдсан” гэх энэ нутагт Хятадын өөрийн амбиц байгаа. Сануулахад, Монгол Бээжингээс 1911 онд тусгаар тогтнолоо авсан ба оросууд Хятадын үймээнийг далимдуулан Монголын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжсэн билээ.

    Үүний дараа Монгол хэсэг хугацаанд Оросын нөлөөнд байж байтал Оросын 1917 оны хувьсгалын самуун гарч, Хятад өмнөх байр сууриа сэргээхээр Монголд орж ирсэн байлаа.

    Хятадуудын засгийг 1921 онд  генерал барон Унгерн фон Штернбергийн удирдсан хэдэн зуун цагаантнууд унаган хаясан юм. Түүнийг нь коммунистууд ашиглан цагаантнуудыг хөөж Улаанбаатарт коммунист дэглэм тогтоожээ. Монгол албан ёсоор тусгаар гэгдэж байсан ч Зөвлөлтийн захирамжаар үг дуугүй явж ирсэн ба  1991 он хүртэл үнэнч холбоотон нь байжээ. Монголчууд өөрсдөө энэ үедээ янз бүрээр ханддаг. Нэг хэсэг нь “улаан хувьсгалчдыг” хараах боловч нөгөө талаас тэдэнд “Хятадын устгалаас хамгаалсан” гэж талархдаг. Үүндээ Өвөр Монголыг жишээ болгон ярих нь их.

    Монголын сэхээтнүүдийн төлөөлөгчид Өвөр Монголын ард түмэн хоморголон устгалтад орсон гэдэг. Зөвлөлт задарсны дараа ийшээ Хятадын хөрөнгө, олон зуун хүнийхээ хамт орж  ирсэн юм. Одоо монголчууд өмнөдийн ахан дүүсийнхээ адил болохгүйн тулд Оросоос зүүгдээд эхлэв.

    Тэд хоёр их аваргын хооронд тэнцвэрээ олохоор оролдон байгалийн баялгаа ашиглахад чухал гэрээ хэлцэл байгуулан ажиллаж буй. Зөвхөн Оростой ч биш. Монголын баялагийн төлөө олон орон өрсөлдөх болжээ.

    Урт удаан хугацаанд Монгол ядуу, хөдөө аж ахуйн орон гэж хэлэгдэн байгалийн үзэсгэлэнгээс өөр зүйлгүй мэт байлаа. Гэвч геологчид тэндээс вольфрама, цайр, молибден, тугалга, алт ба зэс, нефтийг олжээ. Бас нэг чухал зүйл нь Монголд 1,3 сая тонн бүхий ураны асар их нөөц байгаа. Энэ бүгд нь Оросын сонирхлыг ихээр хөдөлгөж байгаа ба Хятадын сонирхлыг улам ч ихээр татаж байна. Хятадын ган хайлуулалтын аж үйлдвэрийн асар түргэн өсөлтөд Монголын коксжсон нүүрс ч ихээхэн шаардлагатай гэж Financial Times сонин өгүүлсэн байна.


    Ш.САМБУУ

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж