“Катрина” шуургаар нэг удаа айдас амссан америкчуудад бас нэг айдсыг эрдэмтэд бэлтгэжээ. Тэдний тооцоолсноор ойрын жилүүдэд мужийн дэд бүтцийн ихэнхийг сүйтгэн дэлхийн байгалийн аймшигт гамшгуудын тоонд орох магадлалтай хүчтэй шуурга Калифорнид ирэх гэнэ.
“ARkStorm шуурганы зохиол” гэж нэрлэгдээд байгаа тэр ирээдүйн шуурганаас учирч болзошгүй үр дагаврын талаар Америкийн геологийн алба илтгэл бэлтгэсэн байна. Уг илтгэлийг Сакраменто хотод болсон эрдэм шинжилгээний бага хурал дээр танилцуулсан ба тэр нь сонирхож буй талуудад ирээдүйн шуурганы эсрэг арга хэмжээ авах боломжийг өгөх зорилготой гэнэ. Зохиолыг Калифорнид болж байсан их үерүүдийн судалгаа ба орчин үеийн салхи шуурганы үүслийн загварыг гаргах замаар бүтээжээ. Эрдэмтэд мужид хамгийн гол аюул нь гамшгийн дараагийн дагавар болох үер ба газрын нүүлтээс учирна гэж үзэв.
“Бид иймэрхүү гамшиг 100 жил эсвэл 200 жилд давтагддаг гэдгийг сануулж байна… Тэр нь манай Сан-Андреасийн хүчтэй газар хөдлөлттэй зэрэгцэн тавигдах болно. Мөн тооцоог 1969 ба 1986 оны их үерээс улбаалан хийлээ” хэмээн судалгааг гаргасан Люси Жонс хатагтай мэдэгдэв. Хоёр жилийн турш 100 гаруй эрдэмтэн газрын нүүлтийн аюултай цэгүүдийг тэмдэглэн гаргасан байна. Энэ зураг сүүлийн жилд хийгдэж байгаагүй нарийн бүтээмж болжээ. Калифорнийг дайрах тэр түүхэн шуурга гурван метрийн тунадас унагаж, мужийн бүх орон байрны дөрөвний нэгийг живүүлэх аюултай байна.
Хоёр дахь Катрина
“Калифорнийн их хөндий 300х20 милийн эсвэл түүнээс ч өргөн үерт автах ба Оринж, Лос-Анжелес, Сан-Диего, Сан-Францискогийн булан түүнд хамгийн ихээр нэрвэгдэх ажээ. Үерийн хохирол 300 тэрбум ам.доллар болно” гэж эрдэмтдийн илтгэлд өгүүлсэн байв.
Ийм үер одоо байгаа хамгаалтын системийн ихэнхийг нураан урсгах ба хохирол нь асар их болно. “Одоо л хөдлөх цаг болж байна. Энэ судалгаа нь гай ирээгүй байхад шинжлэх ухааны тооцоотойгоор гамшгийн үр дагаварыг бууруулах боломж өгнө” гэж Геологийн албаны дарга Марсиа Макнатт санууллаа.
Ш.САМБУУ