Өвөлжилт хүндэрч, гамшгийн байдалтай байгаа сумдын нэг бол Завхан аймгийн Отгон сум. Сүүлийн жилүүдэд газрын гарц муудаж, энэ жил цас их унаснаас мал олноор хорогджээ.
“Аймгийн хэмжээнд найман сум гамшгийн байдалтай байгаагийн нэг нь Отгон сум. Зам цасанд боогдсон, бензин тосны хүрэлцээ муугийн улмаас хүрч чадахгүй байсан суманд Монгол Улсын Ерөнхийлөгч ирж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, малчдыг санаа сэтгэлээр дэмжиж байгаад бид баяртай байна” гэж аймгийн засаг дарга Я.Санжмятав ярилаа.
Отгон сумын иргэд ч мөн Ерөнхийлөгчтэй уулзахдаа, өөрийн биеэр ирж сэтгэл санаагаар дэмжиж байгаад баярлаж талархсанаа хэлж байлаа. Тэд тулгамдаж байгаа асуудлынхаа талаар хэлэхдээ:
“Хэдийгээр малчдын 80 гаруй хувь нь нарны эрчим хүч ашигладаг боловч, сумын төвд байнгын эрчим хүчтэй байх асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Эрчим хүчгүй бол жижиг дунд үйлдвэрлэл зогсохоос авахуулаад, олон зүйл зогсолтонд орж байна. Дан бэлчээрийн мал аж ахуйгаар амьдарч чадахгүй байна. Бид Отгонтэнгэр хайрханаа түшээд аялал жуулчлал хөгжүүлэх бодолтой байдаг. Гадаад дотоодын жуулчид их ирдэг тул манай суманд энэ чиглэлийн бизнес хөгжих боломжтой. Тиймээс аялал жуулчлалыг Отгон суманд хөгжүүлэх талаар хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна.
Малын тоо толгой олширч байгаа ч, бэлчээрийн даац муу, өвс тэжээл байхгүй учраас бидэнд үр ашиг багатай, харин ч хүндрэл бэрхшээл олон дагуулж байна. Дахиад олон жилийн өвлийг ингэж түр зуурын тусламжийн тэжээл мэтээр аргалж өнгөрөөж чадахгүй гэдэг нь улам бүр ойлгомжтой болж байна” гэж байлаа.
Ерөнхийлөгч Отгон сумын эрчим хүчний асуудлыг хурдан хугацаанд шийдэх талаар Сангийн дэд сайд Т.Очирхүүтэй газар дээр нь ярилцлаа. Асуудлыг шийдэх боломж байгаа гэж албаны хүмүүс үзэж байна. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрийг дэмжихийн тулд зориулагдаж байгаа санхүүжилтэнд хамрагдаж, орон нутагтаа ажлын байр бий болгох, үйлдвэрлэл эрхлэхэд анхаарахыг сумын удирдлагад зөвлөлөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, дагалдан яваа хүмүүсийн хамт Завхан аймгийн Улиастай суманд ажиллахаар энэ өдрөө мордлоо гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.
Холбоотой мэдээ