УИХ-ын гишүүдийг Японы Ерөнхий сайд Ю.Хатояма хүлээн авч уулзлаа | News.MN

УИХ-ын гишүүдийг Японы Ерөнхий сайд Ю.Хатояма хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдийг Японы Ерөнхий сайд Ю.Хатояма хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүдийг Японы Ерөнхий сайд Ю.Хатояма хүлээн авч уулзлаа
Энхтайвны Сасагава сангийн урилгаар УИХ дахь Монгол-Японы парламенын бүлгийн  дарга Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Балдан-Очир, Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг нарын гишүүд Япон улсад  айлчлав. Тэднийг Япон Улсын Ерөнхий сайд Ю.Хатояма хүлээн авч уулзсан бөгөөд Ерөнхий сайд Ю. Хатоямад Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболдын захидлыг гардуулж өгсөн байна. Тус захидалд Японы Засгийн газрын Азийн бүс нутгийг хөгжүүлэхэд илүү анхаарсан бодлого болон Зүүн Азийн Хамтын Нийгэмлэг байгуулах санаачилга дэвшүүлж буйг дэмжиж байгаа төдийгүй энэ үйл ажиллагаанд Монгол Улс идэвхитэй оролцохоо илэрхийлсэн байна. Мөн хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр  байгуулахад Японы тал идэвхитэй ажиллаж байгаад талархал дэвшүүлээд  Ерөнхий сайд Ю.Хатоямаг Монголд айлчлахыг урьж байгаагаа уламжилжээ.

Энэ удаагийн айлчлал 2009 оны есдүгээр сард тус улсад  доод танхимын сонгууль болж, Японы Ардчилсан нам засгийн эрх барих болсноос хойшхи Монгол-Японы парламентын бүлгийн гишүүдийн анхны айлчлал болж байгаагаагаараа онцлогтой.

Түүнчлэн манай төлөөлөгчдийг Японы дээд танхимын дарга, Парламентын бүлгийн дарга, парламент дахь нөлөө бүхий суудалтай намууд, улстөрчид хүлээж авч уулзан, хоёр орны харилцааг эрчимжүүлэх талаар саналаа солилцсон байна. Айлчлалын үеэр  Японоос манай улсад Хөгжлийн албан ёсны тусламж  олгож ирсэн болон 2009 онд ОУВС-гаар дамжуулан 110 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлсэнд гишүүд талархал илэрхийлсэн байна.

Төлөөлөгчид хамтын ажиллагааны хүрээнд  байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэх, Хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээг бууруулахгүй байх талаар харилцан ярилцжээ. Японы тал 2008 оны байдлаар Монголд 1.7 тэрбум.ам.долларын Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлээд байгаа юм. Мөн Япончууд Монголын стратегийн ордуудыг  ашиглах, дэд бүтэц болон эрчим хүчний төслүүд дээр хамтарч ажиллах саналтай байгаа илэрхийлж, энэ чиглэлээр ойрын үед  холбогдох албаны хүмүүс Монголд ажиллахаар болсон байна.

Улмаар гишүүд Японы талтай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гэрээг байгуулж дуусгах хугацааны талаар урьдчилсан байдлаар ярилцаж тохирсон байна. Одоогийн байдлаар манай улстай дээрх хэлэлцээрийг байгуулсан орон хараахан байхгүй байгаа бөгөөд Монгол улсын гадаад худалдаа алдагдалтай төдийгүй экспортын 50 гаруй хувь, импортын 70 гаруй хувийг зөвхөн урд хөрштэйгээ хийдэг. Энэ нь ДНБ-ний 40 гаруй хувийг эзэлж байгаа нь  гадаад худалдаанд өрсөлдөөн чухал хэрэгтэй байгааг харуулж байна. Түүнчлэн  бүх төрлийн түүхий эд, экспортын бараагаа дэлхийн зах зээлийн үнээс хэт доогуур үнээр гаргаж, маш бага зах зээлтэй, экспорт хөгжөөгүй зэрэг үндэслэлүүд нь дэлхийн бусад орнуудтай гадаад худалдааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх  шаардлага байгааг нотлон харуулж байгааг гишүүд онцолсон байна.

Япон улс зөвхөн Азид Сингапур, Филиппин зэрэг долоон орон, Зүүн Өмнөд Азийн орнуудын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй Эдийн засгийн түншлэлийн болон Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Тухайлбал Япон, Чили улсын хооронд байгуулсан хэлэлцээрээр Япон зэс болон молибедений хагас боловсруулсан бүтээгдэхүүн, дарс зэргийг гаалийн татвараас чөлөөлөхөөр болж, харин Чили улс  зарим тоног төхөөрөмж, автомашины гаалийн татварт хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Энэ чиглэлд БНХАУ, АНУ болон Европын холбоо анхаарлаа хандуулан  үр дүнтэй ажиллаж байна. Японтой  дээрх хэлэлцээрийг  байгуулснаар Монгол улсын бараа бүтээгдэхүүн бүс нутгийн болон олон улсын урсгалд нэгдэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, худалдааны алдагдал багасах, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчин олон улсын түвшинд хүрэх, гадаад худалдааны эргэлт олон дахин нэмэгдэх, байгальд ээлтэй тэргүүний техник, технологи нэвтрэх зэрэг олон боломж бүрдэх юм.

Мөн УИХ-ын гишүүд Японы талтай  мэргэжилтэн  солилцох, шинэ технологи нутагшуулах хөгжлийн хөтөлбөр хамтран  хэрэгжүүлэх талаар ярилцсан байна гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл сурталчилгааны хэлтсээс дамжууллаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж