Энэ удаагийн айлчлал 2009 оны есдүгээр сард тус улсад доод танхимын сонгууль болж, Японы Ардчилсан нам засгийн эрх барих болсноос хойшхи Монгол-Японы парламентын бүлгийн гишүүдийн анхны айлчлал болж байгаагаагаараа онцлогтой.
Түүнчлэн манай төлөөлөгчдийг Японы дээд танхимын дарга, Парламентын бүлгийн дарга, парламент дахь нөлөө бүхий суудалтай намууд, улстөрчид хүлээж авч уулзан, хоёр орны харилцааг эрчимжүүлэх талаар саналаа солилцсон байна. Айлчлалын үеэр Японоос манай улсад Хөгжлийн албан ёсны тусламж олгож ирсэн болон 2009 онд ОУВС-гаар дамжуулан 110 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлсэнд гишүүд талархал илэрхийлсэн байна.
Төлөөлөгчид хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэх, Хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээг бууруулахгүй байх талаар харилцан ярилцжээ. Японы тал 2008 оны байдлаар Монголд 1.7 тэрбум.ам.долларын Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлээд байгаа юм. Мөн Япончууд Монголын стратегийн ордуудыг ашиглах, дэд бүтэц болон эрчим хүчний төслүүд дээр хамтарч ажиллах саналтай байгаа илэрхийлж, энэ чиглэлээр ойрын үед холбогдох албаны хүмүүс Монголд ажиллахаар болсон байна.
Улмаар гишүүд Японы талтай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гэрээг байгуулж дуусгах хугацааны талаар урьдчилсан байдлаар ярилцаж тохирсон байна. Одоогийн байдлаар манай улстай дээрх хэлэлцээрийг байгуулсан орон хараахан байхгүй байгаа бөгөөд Монгол улсын гадаад худалдаа алдагдалтай төдийгүй экспортын 50 гаруй хувь, импортын 70 гаруй хувийг зөвхөн урд хөрштэйгээ хийдэг. Энэ нь ДНБ-ний 40 гаруй хувийг эзэлж байгаа нь гадаад худалдаанд өрсөлдөөн чухал хэрэгтэй байгааг харуулж байна. Түүнчлэн бүх төрлийн түүхий эд, экспортын бараагаа дэлхийн зах зээлийн үнээс хэт доогуур үнээр гаргаж, маш бага зах зээлтэй, экспорт хөгжөөгүй зэрэг үндэслэлүүд нь дэлхийн бусад орнуудтай гадаад худалдааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлага байгааг нотлон харуулж байгааг гишүүд онцолсон байна.
Япон улс зөвхөн Азид Сингапур, Филиппин зэрэг долоон орон, Зүүн Өмнөд Азийн орнуудын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй Эдийн засгийн түншлэлийн болон Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Тухайлбал Япон, Чили улсын хооронд байгуулсан хэлэлцээрээр Япон зэс болон молибедений хагас боловсруулсан бүтээгдэхүүн, дарс зэргийг гаалийн татвараас чөлөөлөхөөр болж, харин Чили улс зарим тоног төхөөрөмж, автомашины гаалийн татварт хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Энэ чиглэлд БНХАУ, АНУ болон Европын холбоо анхаарлаа хандуулан үр дүнтэй ажиллаж байна. Японтой дээрх хэлэлцээрийг байгуулснаар Монгол улсын бараа бүтээгдэхүүн бүс нутгийн болон олон улсын урсгалд нэгдэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, худалдааны алдагдал багасах, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчин олон улсын түвшинд хүрэх, гадаад худалдааны эргэлт олон дахин нэмэгдэх, байгальд ээлтэй тэргүүний техник, технологи нэвтрэх зэрэг олон боломж бүрдэх юм.
Мөн УИХ-ын гишүүд Японы талтай мэргэжилтэн солилцох, шинэ технологи нутагшуулах хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар ярилцсан байна гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл сурталчилгааны хэлтсээс дамжууллаа.