Дахиад л үзмээр “Жизель” балет

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Дахиад л үзмээр “Жизель” балет

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Романтизмын үеийн шилдэг балетын нэг А.Аданы “Жизель” балетыг өнгөрсөн ням гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин тоглолоо. Энэ өдөр тариачин охин Жизельд театрын шилдэг прима донна Г.Цолмон бүжсэн бол түүний дурлалт залуу Альбертад О.Ганцоож, харин ойн захирагч Ганст Х.Мөнгөнхөлөг, их сүнс Миртад Б.Саруул, Батильдад Р.Байгальмаа, Герцог Х.Чойжилсүрэн, хоёр виллис Г.Батчимэг, Ц.Хонгорзул, Жизелийн ээжид Ш.Оюунтуяа нар бүжив. Харин симфони найрал хөгжмийн урлагийн гавьяат зүтгэлтэн, театрын ерөнхий удирдаач Ж.Бүрэнбэх удирдан тоглуулав. Энэ өдөр А.Аданы “Жизель” эмгэнэлт хайр дурлалын балетыг үзэхээр мисс Ч.Мичидмаа топ модель Э.Одгэрэлийн хамт ирсэн байв.

    Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье нэг удаа Г.Гейнегийн номыг уншиж суутал гайхалтай сайхан санаа толгойд нь орж иржээ. Тэрээр хожим нь Гейнед хандан “Эрхэм Гейне таны “Германы тухай” гэсэн гайхамшигтай сайхан номын хуудсыг эргүүлж суугаад Граце ба Рейн мөрний эрэг хавийн өтгөн манан, сарны гэрэл зэрэг үзэгдлүүд болон цагаан хувцастай эльфүүд, усны дагинас, бүжиглэх хүслэнд автсан виллисүүдийн талаар бичсэн сэтгэл догдлом хэсгүүдийг олж уншлаа. Тэгээд би үүгээр чинь хачин сайхан балет хийж болох юм байна гэж дуу алдсан билээ” гэжээ. Ийнхүү “Жизель” балетын сэдэв санааны сэжүүр үүсч үүнийгээ жүжгийн цомнол болгон бичихэд туршлагатай цомнол бичигч, зохиолч Ж.Сен-Жорж түүнд тусалсан байна. Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Jean Coralli  Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 онны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглож байжээ. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Marius Petipa –гийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт бүжгэн жүжиг юм. Сүүлийн Marius Petipa-гийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон байна. Харин манай улсад анх 1979 онд тайзнаа амилуулж байжээ. А.Аданы “Жизель” нь бүжгэн жүжгийг төгс хэлбэрийг олсон гэж үздэг бөгөөд тухайн үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тальони пуанты буюу /хуруун дээр/ гарч бүжиглэжээ. Мөн бүжгийн хөдөлгөөн ялангуяа үсрэлтүүд хөгжиж боловсронгуй болж, бүжигчид нисэх мэт сэтгэгдлийг төрүүлдэг болсон байна.

    16-хан настай тариачин охин Жизель Альберт хэмээх залууд дурласнаар түүний амьдрал аз жаргал баяр хөөрөөр дүүрэн байх боловч энэ аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Жизельд Альбертыг гүн гэдгийг үл мэдэх бөгөөд ойн захирагч Ганс Жизельд дурласан сэтгэлээ барьж дийлэлгүй Альбертыг гүн гэдгийг олны өмнө хэлснээр бүх зүйл эхэлдэг. Тариачин охин Жизельд театрын шилдэг прима донна Г.Цолмон гайхалтай бүжиглэсэн. Тэрбээр өмнө нь “Би Жизельдээ их хайртай. Хүмүүс надад “Чиний Жизель их гоё, чамд их зохисон” гээд байдаг юм” хэмээн хэлж байсан удаатай. Харин театрын шинэ хун хэмээгдэж байсан Б.Саруул энэ өдөр анх удаа их сүнс Миртагийн дүрд бүжиглэсэн. Тоглолтын өмнө Б.Саруул хэлэхдээ “Анх удаа Миртад бүжиглэх гэж байна. Бас л их хүнд дүр л дээ. Цолмон эгч Жизельд маш гоё бүжиглэдэг. Цолмон эгчийн биед хөдөлгөөн нь бүр орчихсон, байдаг учир үнэхээр гоё харагддаг” гэв.

    “Жизель” балетын нэгдүгээр нэгдүгээр үзэгдэлд баллоте, баллоне гэсэн жижиг хөнгөн үсрэлт Жизелийн бүжигт орсон нь гэнэн хонгор зан, төрх, хайраар гийгдсэн сэтгэлийнх нь баяр баясгалангийн илэрхийлэл болдог аж. Хожим нь нэгдүгээр бүлгийн төсгөлд уг хөдөлгөөний удаан, тасархай үйлдлээр үймэрч самуурсан ухаан санаанд нь тэр үеийн дурсамж орж буйг илэрхийлдэг. Альберттай хамт байсан жаргалтай мөчүүдээ бодон гуниглан бүжиглэх Жизель гэнэт хөхрөн инээж ийш ,тийшээ гүйн, яг л галзуурсан мэт юу ч нүдэнд л үл харагдан байгаа мэт эрх чөлөөтэй гүйж, Альбертаас заагласан нийгмийн ялгааны илрэл болох туялзуур жадын үзүүрээс нь чирэн өөрийнхөө амийг хорлох гэхэд ойн захирагч Ганс жадыг булаан авч Жизелийг тэврэхэд хүч нь барагдсан Жизель газар суун, гайхсан, гомдсон харцаар үзэгчид рүү харна. Энэ хэсэг үзэгчдийн сэтгэлийг хамгийн их өвтгөдөг, эмзэглүүлдэг гэж хэлж болох юм. Итгэл найдвараар дүүрэн байсан Жизель гэнэт л галзууран, ухаан санаа нь балартан, хууртагдсан гэдэгтээ үл итгэн байсаар эцэст нь нас барснаар нэгдүгээр бүлэг өндөрлөдөг. Бүжиг дэглээч Перро энэ үзэгдлийн бүжгийг илэрхийлэхдээ хүний дотоод сэтгэл хөдлөлийг биеийн хөдөлгөөнөөр маш нарийн үзүүлсэн нь одоо ч урлаг судлаачид болон үзэгчдийг гайхшруулсаар байдаг билээ. Тийм дээ ч “Жилель”-ийг Романтизмын үеийн шилдэг балет хэмээн нэрлэдэг байна. Балетын хоёрдугаар бүлэгт Жизель огт өөр дүрээр тайзнаа гарч ирнэ. Цасан цагаан намирсан даашинзтай үзэсгэлэнт охин Жизелийн сүнс булшнаас гарч ирэхэд түүний биеийг үхэлд хүргэсэн зовлон сэтгэлийг нь гэгээрүүлж, жинхэнэ нигүүлсэнгүй чанарыг нь илтгэдэг. Хэдийгээр тэр сүнс болсон ч хувь, тавилан ижил бусад өшөө хорслоор дүүрэн сүнснүүдээс огт өөр байлаа. Бүжиг дэглээч Перро сүнснүүдийн бүжгийг дэглэхдээ геометрийн жигд зураглал ашигласан бөгөөд сүнснүүдийг их хүчийг илэрхийлсэн нь гайхамшигтай шийдэл аж. “Жизель” балетын оргил хэсэг болох па-де-де буюу Жизель Альберт хоёрын хослол бүжиг яг зүүд зэрэглээ шиг. Балетын төгсгөлд Жизель бүхэл шөнийн турш сүнснүүдээс Альбертийг хамгаалж, амийг нь аврана. Үүр цайж хонх дуугарахад Жизелийн сүнс эргээд булшиндаа орж, харин Альберт өөрт нь дахин хэзээ ч заяахгүй хайраа алдсандаа харамссаар хөшиг хаагддаг.

    Хэдий хөшиг хаагдсан ч үзэгчид энэ ертөнцөөс гарахыг хүсэхгүй байгаа нь илт байлаа. Дахиад л үзээд баймаар гоё балет. “Жизель” балет ирэх зургадугаар сарын 5-нд тоглогдоно, үзэж амжаагүй бол таны заавал үзэх ёстой балет гэдгийг хэлье.

    М.Дөлгөөн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж