Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Ичиж амьдар л даа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    МАН-аар овоглон, ардын намын нохойд барьдаг мод шиг болчихсон хэсэг залуус “од” болж байна. “Шантаажны улстөр” гэдэг үгийг сүүлийн үед хэвлэл бүхэнд тоть шиг яншиж байгаа тэд өчигдөр гудамжинд жагсч, намын удирдлагууддаа хов зөөв. Уг нь тэдний зарим нь өндөр боловсролтой, зарим нь яруу найрагч, зарим нь уран илтгэгч. Яахав дээ, өөрсдийгөө зөв чиглүүлж чадвал тийм ч муу хүмүүс биш байж болох юм. Гэхдээ ид хийж бүтээх насандаа яваа энэ залуус нам гэхээрээ л нэрээ мартаж, зүсээ хувиргаад ирэхээрээ ямар муухай харагддаг гээч.

    Хуцсан нохой бүрийн өөдөөс чулуу болгон нисгэдэг МАН-ын журамт цэргүүд энэ удаа нам доторх хагаралд гал нэмж, намынхаа гишүүн, УИХ-ын зарим гишүүдийг боорлох ардын намын даалгаврыг гүйцэтгэж явна. Боорлох боорлохдоо бүр хэн гэдгээ мартчихсан хаа хамаагүй “хуцаж” байна. МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын холбоог удирдаж байгаа Л.Оюун-Эрдэнэ гэж залуу ард түмний төлөөлөл болж, их хуралд сонгогдсон төрийн түшээдийг “Хүсвэл манай намаас яв, зайл” хэмээн хүчийг үзүүлжээ. “Манай намаас гарсан хүмүүстэй нэгдэх сонирхолтой хэсэг бүлэг хүн байна. Тэдний хойноос ч гэсэн явахаар зэхэж байгаа хүмүүс байгаа бололтой. Хэрэв тийм бол яв л даа. Намаас гарах гэж байгаа бол, намын их хурлын шийдвэрийг дагахгүй гэж байгаа бол хойноос нь яв” хэмээн Ардын намын залуухан журамт цэрэг айлджээ. МАН-ынх байна уу, АН-ынх байна уу, хамаа алга. Их хурлын эрхэм гишүүдийг сонгогчидтой нь хамт доромжилж суудаг энэ залуу одоо хэн бэ…?

    Хуучнаар Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын холбооны дөрөв дэх ерөнхийлөгчөөр өнгөрсөн есдүгээр сард сонгогдсон Л.Оюун-Эрдэнийг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нь чухамдаа У.Хүрэлсүхийн санаачлага байсан гэдэг. Холбооныхоо тамгыг гардаж аваад удаагүй байгаа энэ залуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй нэг нутгийнх болохоороо өнөөдөр түүний бос гэсэн газар босч, суу гэсэн газарт сөхөрч яваа байх.

    Гэхдээ  Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат тэргүүтэй МАН-ын залуус үнэхээр муухай харагдаж байна. Тэр тусмаа үе тэнгийнхээ залуучуудад. Хэлж байгаа үг нь, хийж байгаа үйлдэл нь. Эх захгүй айлын эрх балай хүүхдүүд шиг.

    Л.Оюун-Эрдэнэ гэж хэн бэ? МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн, Австрийн Мельбурнийн их сургуульд олон улсын төсөл-хөтөлбөрийн менежментийн чиглэлээр суралцсан, хувь хүний хөгжил, философи, утга зохиол, угсаатны зүй, түүхийн чиглэлээр таван ном бичсэн. “Алсын хараа” ном нь 2009 оны шилдэг борлуулалттай номоор шалгарч байсан.

    Гоё л намтар, боломжийн л боловсрол байна ш дээ.
    “Яруу найрагч Ж.Мөнхбат”. Ингэж тодорхойлох нь МАН-ын гишүүн, “Шинэ эхлэл” хөдөлгөөний тэргүүн Ж.Мөнхбат гэдгээс зуу дахин таатай сонсогдож байгаа юм биш үү. Дээр нь “Болор цом”-ын эзэн гэчихээр бүр ч боломжийн.

    Тэгээд юу дутлаа гэж ийм сайхан залуус ийм муухай үйлдэл гаргадаг байна аа… Нийгэмд заавал бохир аргаар, улс төрчийн хуурамч дүрээр танигдах гэж өөрийн мэдрэлгүй зүтгээд байгаа тэднийг “МАН нь эвдэж, хэмхэлж дууссан” гэдэг л хамгийн зөвийн хариулт нь байх даа. Ойлгохгүй юм. Ядаж ичиж амьдар л даа.

    Б.Ариун.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж