Украин Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Украин Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2010 оны 2 сарын 24

УИХ-ын
дэд дарга Н.Энхболд өнөөдөр Украин Улсаас Монгол Улсад суух Элчин сайд
Ю.В. Костенког Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичиг
барьсантай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

УИХ-ын
дэд дарга ноён Ю.В.Костенког итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт
ажилдаа орж байгаад баяр хүргээд амжилт хүсэхийн зэрэгцээ саяхан Украйн
Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Виктор Януковичид баяр хүргэж байгааг
уламжилж өгөхийг хүслээ.

Түүнчлэн Украины шинэ
удирдлага Монгол Улстай тогтоосон эртний найрсаг харилцаандаа урьдын
адил ач холбогдол өгч, цаашид хоёр орны найрсаг хамтын ажиллагааг улам
гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Н.Энхболд дарга
илэрхийллээ.

Мөн манай улс Украин улстай дипломат
харилцаа тогтоосноос хойшхи 20 жилийн хугацаанд хоёр орны найрсаг
харилцаа хөгжиж,  худалдаа, эдийн засаг, боловсрол, батлан хамгаалах
салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолсон.

 Хоёр
орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон байр суурь
эзлээд байгаа экспортын гол бүтээгдхүүн болох хайлуур жоншны
үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортын хэмжээг  өргөжүүлэх боломж байгааг
дэд  дарга онцоллоо.

Түүнчлэн соёл, боловсрол,
хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх чиглэлд анхааран ажиллаж байгаагаа
нэмж дурдаад Украины Засгийн газрын тэтгэлгээр монгол оюутнууд суралцаж
байгаа бөгөөд цаашид тус улсад суралцагчдыг тоог нэмэгдүүлэх
сонирхолтой байгаагаа   дурдлаа

Тэрбээр хоёр орны
Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, улмаар УИХ дахь
Монгол-Украины Парламентын бүлэг байгуулах боломжийг судлах талаар
анхааран ажиллахаа илэрхийлсэн юм.   

Элчин сайд
УИХ-ын дэд даргыг хүлээн авч уулзсанд талархаад хоёр орны хамтын
ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

 Улмаар
хоёр орны  хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж  нь ялангуяа улс төр
болон эдийн засгийн хүрээнд харилцааг улам эрчимжүүлэн хөгжүүлэх
шаардлага байгааг ноён Ю.В.Костенко  цохон тэмдэглэв.

 Уулзалтын
явцад УИХ-ын дэд даргын дэвшүүлэн тавьсан УИХ дахь Монгол-Украины бүлэг
байгуулах  талаархи саналыг дэмжиж байгаагаа тэрээр  илэрхийллээ.

Мөн
Монголд  уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж байгаатай уялдуулан геологи,
машин үйлдвэрлэл болон ХАА-н  салбарт хамтран ажиллах боломж байгаа
талаар элчин сайд онцолсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж