Тамгаа аваад зугтсан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргыг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Тамгаа аваад зугтсан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргыг эрэн сурвалжилж байна


2010 оны 2 сарын 24




Шинэ оны өмнөхөн хууль бусаар Засаг даргаа огцруулсан Сонгинохайрхан дүүргийн /СХД/ ИТХ-ын даргыг эрэн сурвалжлуулахаар хурлын төлөөлөгчид нь цагдаагийнхад ханджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд болсон СХД-ийн Иргэдийн төлөөөлөгчдийн IV хуралдааны үеэр асуудлыг нягтлах шаардлагатай байсан учраас намын бүлгүүд завсарлага авсан аж. Гэтэл бүлгийн хуралдаанаа хийгээгүй ИТХ-ын дарга С.Баярт намын гэнэт 18 төлөөлөгчийг байлцуулан хуралдаж, Засаг дарга Ч.Сайханбаярыг огцруулах талаар санал хураасан байна. Санал хураалтад оролцсон төлөөлөгчийн 14 нь огцруулахыг дэмжсэн аж. Гэвч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд хуралдаанд оролцоогүй төлөөлөгчдийг эсрэг санал өгсөнд тооцно гэж заасан учраас Засаг даргыг огцруулж чадаагүй ажээ. Гэтэл тус дүүргийн ИТХ-ын дарга С.Баярт Засаг даргыг огцруулсан гэсэн тогтоол гаргажээ. Үүнийг хуралд оролцоогүй төлөөлөгчид хууль бус гэж үзэн, С.Баяртыг ИТХ-ыг албан ёсоор хуралдуулахыг шаардсан аж. Гэтэл С.Баярт ор сураггүй алга болжээ.


Дүүргийн төсвөөс эхлээд олон тулгамдсан асуудал цалгардаж байсан учраас хуульд заасны дагуу ямар нэгэн үндэслэлгүйгээр алга болсон С.Баяртыг хүлээсэн тус дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчөөс 20 нь хуульд заасны дагуу энэ сарын 11-нд өөрсдийн дундаас хурал даргалагчаа сонгон, хурлаа үргэлжлүүлжээ. Төсөв болон бусад асуудлаа хэлэлцсэн төлөөлөгчид хангалтгүй ажиллаж байна гэж үзэн С.Баяртыг огцруулах санал хураасан байна. Хуралдаанд оролцсон 20 төлөөлөгчөөс 18 нь түүнийг огцруулах саналыг дэмжжээ. Энэ нь нийт төлөөлөгчдийн олонх болсон учраас С.Баяртыг огцруулан, дахин санал хураахад төлөөлөгчдийн 18 нь Д.Бат-Очирыг СХД-ийн ИТХ-ын даргаар сонгосон аж.       


Тиймээс огцорсон даргадаа ажил, тамгаа хүлээлгэж өгөхийг шаардсан албан бичиг явуулсан ч өнөөг хүртэл ажлаа өгөөгүй байна. Багагүй хугацаанд ажлаа өгөхийг хуучин даргаасаа шаардсан төлөөлөгчид ор сураггүй алга болсон даргынхаа өрөөг цагдаагийнхан болон бусад албан тушаалтнуудыг байлцуулан онгойлгожээ. Гэтэл хурлын даргын тамга байхгүй байсан аж. Тиймээс хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид цагдаад мэдэгдэн огцорсон даргаа эрэн сурвалжлуулж байна.



Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж