Их хөдөлгөөний өмнөх МАХН

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Их хөдөлгөөний өмнөх МАХН


2010 оны 2 сарын 23




-Энэ намын ирэх цагийн тэргүүн, шинэ үеийн өнгө хэн байх вэ гэдэг их өргийн тавил одоо АНУ-д С.Баяр даргын дэргэд болж байна-


Дарга нь эмчилгээ хийлгэнэ гэж Америк явчихаад МАХН-ынхан эзэнгүй хэсэг зутарсан. Өдөр тутмын хар бор ажлыг нь нугалах учиртай ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хуучин байрны туурин дээр сүндэрлэх шинэ ордны даамал хийгээд улс төрөөс хөндийрчихсөн. Толгой мэдээд улс төр хийх гэхээр С.Баяр даргаасаа эмээгээд хол хөдөлж чаддаггүй. Хуучин системд ажиллаж дадсан кадрууд нь залуу даргынхаа хэлснийг хийх бүү хэл тушаа болно. Ингэж тэгэж байтал 2010 он гарав. УИХ-ын дараагийн сонгуулийн чимээ хүссэн хүсээгүй дуулдаад эхэллээ. Өнгөрсөн оны сүүлээр хийх байсан МАХН-ын бага хурлыг дахин хойшлуулах хугацаагүй болов.


Ингээд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй баг АНУ-ыг зорьжээ. Тэдний ардчиллын оронд хийж буй уулзалт бүхэлдээ МАХН-ын ирээдүйн төлөвийг тодорхойлох зорилго агуулжээ.


МАХН-ын бага хурлыг хэзээ товлох вэ?


Уг бага хурлыг ирэх гуравдугаар сарын 20-доос хэтрүүлэлгүй хийхээр ууган намын удирдлага ерөнхийдөө тохиролцож буй аж. Цаг агаар эрх биш дулаарч өдөр тавирч зуд турхантай аймгийн дарга нар бага хуралдаа ирэх бололцоотой болно. Үлдсэн нэг сарын хугацаанд намын удирдлага ч тактикаа боловсруулж амжина. Бага хурлаар ярилцах хамгийн эхний асуудал нь намын даргыг хэрхэх тухай. Намын дүрэм ёсоор МАХН-ын дарга нь Ерөнхий сайд байх ёстой. Тэгэх ч учиртай гэж С.Баяр дарга МАХН-ын XXY их хурал дээр хатуу мэдэгдсэн. Гэтэл өөрөө тэр зарчмаас ухарчихаад байна. С.Баяр дарга Засгийн газрын тэргүүнээр өөрийнхөө ажлыг тууштай үргэлжлүүлэх С.Батболдыг онож тавьсан шигээ намын ажлаа өгөхдөө тулбал мөн л өөрийн итгэлтэй кадрт шилжүүлэх зорилго тавьжээ. "Үхэшгүй Кашей" гэгчээр улс төрийн тавцангаас бууж өгөх дургүй байгаа Н.Энхбаярт намын удирдлагыг эргүүлж алдахгүй байх нь өнөөгийн МАХН-ын удирдлагын гол зарчим болоод буй. С.Баярын гар дахь хамгийн том хөзөр нь Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулиар Н.Энхбаярыг "дарж" чадсан УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт юм.


Ямар боловч 2012 оны УИХ-ын сонгуульд залуусыг татаж, бас нэр дэвших магадлалтай шинэ үеийг оруулж ирэх залуу хүнд суудлаа тавьж өгөх нь С.Баяр даргын нэгдүгээр зэргийн зорилт болжээ. У.Хүрэлсүхийн дотор намын даргын сэнтий багтаж буй ч түүнд том нам толгойлох хэмжээний буурь суурь хараахан бүрдээгүй нь С.Баяр даргад чамлагдаж байгаа бололтой. Аягүй бол Э.Мөнх-Очир нар түүнээс болж намын бага хурлыг бужигнуулж мэднэ. Тиймээс Д.Зоригт, эсвэл түүнтэй тэнцэх буурьтай залуу кандидатыг үлдсэн нэг сарын дотор олох хэрэгцээ МАХН-ын дээд удирдлагад тулгараад байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байж болох ч түүний хэтэрхий хатуу дүр төрх олон нийтийг намд татахаасаа түлхэхэд нь нэрмээс болно гэх дүгнэлтийг ч гаргаад амжсан сурагтай. Тийм ч учраас УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нартай ганзага нийлэн АНУ руу хөдөлжээ.


Ардчилсан намын араас анхан шатаа сонсч байна


Хуучин тогтолцооны 70 жилд хойд хөрш ЗХУ-ын зангаагаар явсаар өөрийн толгойгоор сэтгэж сураагүйн балгийг МАХН-ын кадрууд одоо ч тавьдаггүй. Залуу үе нь ч өмнөхөө хуулжээ. Ардчилсан нам хүүхдийн мөнгө санаачилбал залуу гэр бүлийн мөнгө сэднэ. Ардчилсан нам иргэддээ нэг сая төгрөг амлахад дагуулаад 1,5 сая гээд дуугарч орхино. Яг л үнэ дууддаг наймаачин шиг. Ардчилсан намынхан шинэ оны эхнээс анхан шатаа сонсох аянаа эхлүүлсэн. Түүний араас МАХН-ынхан замнаж иргэдээ сонсч эхэллээ. Угтаа өрсөлдөгч намынхан юу ярьж, сонгогчдын итгэлийг юугаар татах нь вэ гэдгийг тандаж буй хэрэг. Үнэ ханш хэлбэл ахиулаад дуугарахаа бас мартаагүй.


Энэ завсраа С.Баяр даргын рейтинг ямар байгааг судалж, басхүү хэнээр ор залгуулбал явууртай гэдгийг ч "түншиж" яваа.


Айсуй бужигнааны өмнөх МАХН


Ямар боловч МАХН-ын ажин түжин үдсэн хэдэн сарын амьдрал үндсэндээ төгсгөл болж байна. Намын бага хуралтай зэрэгцээд МАХН дотор их хөдөлгөөн үүсэх төлөвтэй болжээ. Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс жигүүрийнхэн идэвхжээд ирлээ. Уг нь С.Баяр дарга тэднийг "гарч ирсэн шигээ сайн дураараа чимээгүй бол" гээд живүүлж орхисон юм. Гэвч тэдний амаа үдэж суух цаг нь дуусчээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээр жигүүрийг толгойлуулж шийдвэр гаргах төвшинд нүд, чихээ ойртууллаа. Одоо жигүүрийнхэн С.Баяр дарга хийгээд удирдах зөвлөлийн гишүүдийн алхам бүрийг анаж байна. С.Баяр даргын намаа эзгүйрүүлж хаясныг нь тийм ч таашаахгүй байгаа жигүүрийнхэн алдаа гарах л юм бол үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд бэлэн болсон сурагтай. МАХН-ын бага хурлаар намын дарга солигдох нь бараг л 90 хувийн магадлалтай гэвэл шинэ даргын баг намын удирдлагыг гартаа авах, дараагийн сонгуульд нэр дэвшигчдээ шигших гээд нүсэр их ажлын гараа ирэх сарын сүүлээс эхэлнэ. МАХН удаан унтахгүй нь тодорхой болов. Харин энэ намын ирэх цагийн тэргүүн, шинэ үеийн өнгө хэн байх вэ гэдэг их өргийн тавил одоо АНУ-д С.Баяр даргын дэргэд болж байна.


Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж