М.Зоригт: Хариуцлагатай төр засгийг монголчуудынхаа хүчээр Монголдоо бий болгохын төлөөх тэмцлийн замд 10 жилийг үдсэн

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

М.Зоригт: Хариуцлагатай төр засгийг монголчуудынхаа хүчээр Монголдоо бий болгохын төлөөх тэмцлийн замд 10 жилийг үдсэн

Иргэний Зориг намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригттой ярилцлаа.

-Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жил болжээ. Нэг үгээр бол олон намтай байх, төрийн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө олон нам өрсөлдөх зарчмыг сонгосноос хойш хорин жил өнгөрчээ. Үүний 10 жилд нь Иргэний зориг нам улс төрийн тавцанд үйл ажиллагаа явуулсан байна. Иргэний зориг нам байгуулагдсан учир шалтгаан юу байсан бэ? Эндээс яриагаа эхлэх үү.

-Иргэний зориг нам үйл ажиллагаагаа эхэлсэн 2000 он Монголын ардчилсан хүчнүүдийн хувьд хүнд сорилтын жил байсныг бүгд санаж байгаа. Өмнө нь 1996 оны УИХ-ын сонгуульд ардчилсан хүчний намуудын эвсэл ялалт байгуулж, Монгол Улс бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ боллоо гэж Өрнөдийн хэвлэлүүд дүгнэн бичиж байв. Гэтэл 2000 оны сонгуульд МАХН сонгогчдын 51 хувийн санал авсан хэрнээ парламентын суудлын 95 хувийг авч үнэмлэхүй ялсан. Сонгуульд МАХН ардчиллын удирдагчдын нэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг гол хөзрөө болгон ашиглаж, үүнийг ардчиллынхан  өөрсдөө хийсэн мэтээр нийгэмд ойлгуулж, хэрэв төрийн эрхийг авбал илрүүлнэ хэмээн амлаж байлаа. Үүний дүнд МАХН парламентын суудлын үнэмлэхүй олонхийг авсан нь нэг талаар манай сонгуулийн тогтолцооны гажгийг нотолсон хэрэг байсан юм.

Харин энэ явдал монголчуудын зорьж яваа ардчилсан нийгэм алс хол байгааг, өнөө л хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Узбек, Туркменстан, Киргизстан, Азербайжантай нэг ижил төвшинд явааг харууллаа гэж барууны хэвлэлүүдэд бичигдэх шалтгаан болж байв. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд манайхан сүйд болж гүйгээд байсан өнөөх Монголыг одоо харцгаа, үнэн нүүр царай нь энэ гэж хүртэл Германы нэр хүнд бүхий хэвлэл бичиж байсан. Монголын ардчилал нь ардчиллын төлөөх нам, хүчнүүдийн гутамшигт ялагдалтай хамт арчигдахдаа хүрч байсан хүнд хэцүү нөхцөлд Иргэний Зориг нам үүсэн байгуулагдсан юм. Нийгмийн сэтгэхүй, хүмүүсийн санаа бодол, итгэл үнэмшилд ардчиллын үнэт зүйлс өнөөдрийнх шиг баттай суугаагүй, ардчиллын хувь заяа хаашаа ч эргэж мэдэх энэ үед Иргэний Зориг нам үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Тэр тусмаа Иргэний Зориг нам ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх, нийгэмд шударга ёс тогтоох, авлига, хээл хахуулийг устгах гээд Монголын нийгэмд тулгамдсан, ард иргэдийн хүсэл зоригт нийцсэн олон асуудлыг дэвшүүлж гарч ирсэн нь олон түмэнд итгэл найдвар төрүүлсэн гэж боддог. Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудаас ард түмний дийлэнх олонхийн язгуур бөгөөд зүй ёсны хүсэл зоригийг илэрхийлэх чадвартай нам нь байхыг ИЗН анхнаасаа өөрийн үүргээ гэж үзэж ирсэн. Энэ шинж чанараа өнөөдөр ч хадгалсаар байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Ирэх гуравдугаар сард бид үүсэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тэмдэглэхээр зэхэж байна.

-Ардчиллын төлөөх намууд, тэр тусмаа тухайн үеийн Үндэсний Ардчилсан нам хүнд хэцүү байдалд ороод байх үед нэр бүхий улстөрчид нь Иргэний Зориг намыг байгуулан өрх тусгаарласанд нэг талаас дургүйцэх хүмүүс ч байсан шүү дээ. Ардчилсан намыг хагалан бутаргаж байна гэж үзэх хүмүүс байсан байх. Өнөөдөр ч гэсэн Ардчилсан намын саналыг хуваадаг гэх таатай бус хандлага ажиглагддаг.

-Тухайн үеийн нэр бүхий улстөрчид Ардчилсан намаас гарч үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдэн улс төрийн шинэ нам байгуулсан нь цөөнх хэсэг бүлгийн дургүйцлийг төрүүлсэн ч нийгмийн тодорхой хүрээнд олонii дэмжлэгийг авч, хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Энэ нь өнөөдрийг хүртэлх арван жилд улам баттай болсон зүйл л дээ. Ер нь улстөрчид ч бай, хэн ч бай үзэл бодлоороо шинэ сонголтоо хийгээд цааш явах нь нийгэмд тустай үзэгдэл гэж би боддог. Ингэж хүмүүс үзэл бодлоороо сонголт хийх эрхийн төлөө л бид ардчилсан нийгмийг байгуулсан шүү дээ. Намууд нэгдэх, задрах, шинээр байгуулагдах замаар улс орны хувь заяа, хөгжлийг жолоодоод аваад явчих улс төрийн намын шинэ механизм, хуваарилалт, тогтоцыг бий болгох нь буруу ч зүйл биш. Ийм үйл явц өнөөдөр ч гэсэн үгүйлэгдэж байна.

Ардчилсан нам сонгуульд амжилт гаргаагүй тохиолдолд Иргэний Зориг намыг буруутгадаг гэж хэллээ. Аливаа улс төрийн намын гол үйл ажиллагаа нь сонгуульд ялалт байгуулахад чиглэдэг. Сонгуулиар олон нийтийн итгэл хүлээж, өөрийн бодлого хөтөлбөрөө төрийн эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх нь намуудын гол бөгөөд үндсэн зорилго. Түүнээс биш аль нэг намын саналыг хуваахын төлөө байгуулагддаг нам гэж байдаггүй. Ардчилсан намтай бид харин ч олон зүйл дээр санал нэгдэж хамтран ажиллаж ирсэн шүү дээ. Хамгийн сүүлд гэхэд бид Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намтай хамтран оролцсон. Ардчилсан намтай цөөнгүй зүйл дээр санал зөрөлддөг ч олон зүйл дээр үзэл бодол нэгддэг. Ер нь бид аливаа туйлшралаас ямагт зайлсхийж ирсэн. УИХ, Засгийн газрын төвшинд АН-тай төдийгүй МАХН-тай ч хамтарч байсан. Тухайн нөхцөл байдлыг ухаалгаар үнэлж, улс эх орны эрх ашгийн төлөө ийм шийдвэр гаргахад хүрч байсан.   

    -МАХН, АН ээлжлэн төрийн эрхийг барьж ирсэн бол тэдэнтэй өрсөлдсөн олон ч нам энэ хугацаанд тарж задарч алга болсон байна. Харин Иргэний Зориг нам арван жил тууштай ажиллалаа. Гэхдээ л парламентад байнга төлөөлөлтэй явж ирсэн хэрнээ энэ нь нэг хоёр суудлаас хэтэрдэггүй… Цаашид хэдий болтол ийм байдалтай оршин тогтнох вэ?

-Иргэний Зориг Нам өнөөг хүртэл оршин тогтнож ирсний учир нь гэвэл иргэд, сонгогчдын дунд энэ намыг дэмждэг, сонгуулиар саналаа өгдөг бодитой дэмжигч олон нийт байдагт оршдог. Өнөөг хүртэл гишүүд, дэмжигчдийн тоо өсч, саналаа өгдөг сонгогчдын хувь сонгуулиас сонгуулийн хооронд нэмэгдсэн нь нийгмийн захиалга байгааг харуулж буй хэрэг. Тэгвэл яагаад парламентын төвшинд нэг, хоёроос илүү суудал авч чаддаггүй юм бэ гэдэг нь иргэдийн дэмжлэг дутсаных биш харин манай сонгуулийн тогтолцооны гажуудлын шууд илрэл. Хүссэн ч, эс хүссэн ч хоёр намын тогтолцоо руу түлхдэг өнөөгийн хувилбараар биш пропорциональ юм уу холимог хувилбараар сонгууль явуулдаг байсан бол Иргэний Зориг нам парламентад бүлэг байгуулах хэмжээний болон түүнээс ч их суудал авах байсныг олон удаагийн судалгаа харуулдаг. Монголын улс төр, сонгуулийн тогтолцоо, хууль эрх зүйн орчин нь гуравдагч хүчний намууд оршин тогтнох, өсч дэвжих боломжийг байнга хааж боогдуулж ирсэн. Гуравдагч хүчний аль ч нам засгийн эрх барих хэмжээнд хүрэх нь бүү хэл оршин тогтнох эсэхээ шийдэхэд хүрч байгаа нь үүнтэй холбоотой. Уг нь сүүлчийн хорин жилд болсон сонгуулиудаас харахад гуравдагч хүчинд саналаа өгсөн сонгогчдын тоо нэмэгдсээр ирсэн. Гэтэл тэдний саналыг өнөөгийн тогтолцоо үнэгүйдүүлээд зогсохгүй голлох хоёр намыг улам бүр ялзрахад хүргэж байгаа шүү дээ. Сүүлийн хорин жилд эрх барьсан хоёр намд дүрэм, механизм, тогтоцоогоо шинэчлэх эрмэлзэл, эр зориг төрдөггүй нь өнөө л сонгуулийн тогтолцоотой холбоотой. Тэртэй, тэргүй хоёроос илүү намд боломж өгдөггүй тогтолцоондоо таарсан бохир аргаар, мөнгөний хүчин зүйлээр санал худалдаад авчихдаг, үр дүнд нь төрийн эрхэнд гардаг ийм нөхцөл байдлыг хадгалах сонирхол байгаа нь ч нууц биш. Сүүлдээ хоёулаа хамтраад засгийн эрхийг хэрэгжүүлдэг, огт сөрөг хүчингүй төрийг бий болголоо шүү дээ. Өнөөдрийн сонгуулийн тогтолцоог өөрчилж, нам хүчнүүд нь улс төрийн соёл, ёс зүйд суралцсан цагт мөн сонгуулийг зохион байгуулдаг субъектүүд нь улс төрийн хамааралгүй болсон цагт л гуравдагч хүчний авсан санал парламентад бодитой тусдаг болно. Энэ нь таны асуусанчлан Иргэний Зориг намын ирээдүйг тодорхойлоход чухал хүчин зүйл юм.

    -Тэгвэл ИЗН улс төрийн тавцанд болон нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж ирсэн бэ?

    -Сонгуулиас сонгуульд өсөн нэмэгдэж байгаа гуравдагч хүчний орон зайд ИЗН үйл ажиллагаагаа тууштай явуулж, саад бэрхшээл дүүрэн, амаргүй замаар замнаж байгаа нь өөрөө нийгмийнхээ өмнө хүлээж байгаа хамгийн том үүрэг хариуцлага гэж би ойлгодог. Учир нь бид энэ орон зайг ёс зүйгүй, хариуцлагагүй, эд мөнгө, эрх мэдлээс өөр үнэт зүйлгүй этгээдүүдэд тавьж өгөөд, тэд төрийн шийдвэр гаргахад хүчтэй оролцоод явбал ямар үр дагавар гарахыг төсөөлөхөд тийм ч хэцүү биш. Нэг компани Засгийн газарт хоёр гурван сайдтай болж байсан нь саяхны жишээ шүү. Улс төрийн нам төрийн эрхийг хэрэгжүүлэх механизм боловч нөгөө талаас иргэний нийгмийн байгууллага. Энэ утгаараа бид эрх баригч хүчнүүдээс илүүтэйгээр ард түмэнд ойр байж өөрсдийн баримталдаг үнэт зүйлсээ олон нийтэд таниулан сурталчилж, тэр хэрээрээ нийгмийн сэтгэхүйг эерэг тал руу хөтөлж ирсэн. Авлигын эсрэг хууль гаргах, авлигатай тэмцэх бие даасан байгууллага байгуулах, сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдэд хуулиар квот тогтоох зэрэг ИЗН-ын дэвшүүлж байсан болон өнөөдөр ч тууштай илэрхийлж байгаа байр суурь, санал санаачлагыг олон нийт маш сайн мэддэг, дэмждэг болсон байна.

Нэг үгээр бол бид хоосон амлалтаар иргэдээ хуурч мэхэлдэг биш харин тэднийг сонсдог хариуцлагатай төр засгийг монголчууддаа монголчуудынхаа хүчээр бий болгохын төлөөх тэмцлийн замд 10 жилийг үдсэн. Энэ арван жилийн хугацаа мэдээж алдаа эндэгдэлгүй өнгөрөөгүй. Аливаа улстөрийн намын төлөвших замдаа туулж гардаг зовлон, бэрхшээл бүгдийг амссан, хал үзэж, хат суусан он жилүүд өнгөрчээ. Нийгмээ ариусгаж, шударга ёсыг тогтоож, үр хүүхэд, улс үндэстнийхээ сайн сайхан ирээдүйн төлөө шийдвэртэй үйл ажиллагаа явуулах нь цаашид ч бидний үүрэг хэвээр байх болно. Өнгөрсөн 10 жилийн намтраа эргэн нэг харвал бидэнд улстөрийн хүсэл зориг дутаж байсангүй, олон түмний дэмжлэг тэр тусмаа дутагдаж байгаагүй. Гагцхүү эрх баригчдад ардчиллыг бэхжүүлэх, гуравдагч хүчнийг хүлээн зөвшөөрөх улс төрийн хүсэл зориг дутагдаж байлаа.  

    -Гуравдагч хүчний орон зайг ашиглан явцуу эрх ашгийн үүднээс тоглолт хийж, төрийн эрх мэдэлд шургалах гэсэн сонирхлуудыг хааж ирсэн нь ИЗН-ын түүхэн үүрэг гэж та хэллээ. Харин өнөөдөр сөрөг хүчний үүрэг нийгэмд үгүйлэгдэж байх шиг. Эрх барих намтайгаа сөрөг хүчний нам нь хамтраад засгийн эрхийг хэрэгжүүлж байгаа энэ үед шүү дээ?

    -ИЗН өнөөдөр парламентад ганц төлөөлөлтэй боловч яах аргагүй сөрөг хүчний хяналтын үүргийг гүйцэтгэх үүрэг, хариуцлага хүлээгээд байгаа нь үнэн юм. Иргэд, сонгогчдын итгэл үнэмшлээр төрийг удирдах бүлэглэл мөн тэдэнд хяналт тавих хүчтэй сөрөг хүчний бүлэглэл ямар ч тохиолдолд гарцаагүй хэрэгтэй.  Харин энэ УИХ-д хүчтэй сөрөг хүчин байх ёстой АН-ын орон зай онгорхой байна. Ийм нөхцөлд гуравдагч хүчний төлөөлөл төрийн эрхийг хэрэгжүүлж байгаа хоёр намын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Парламентад голлож буй хоёр намын бэлэн мөнгөний амлалт, төсвөөс үүнд чиглэсэн хуваарилалт хийх, УИХ-ын гишүүдэд тэрбум төгрөг хуваарилах  зэрэг асуудлаар бид эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдэж, үүнийгээ олон нийтэд тайлбарлах, ойлгуулах талаар ажиллаж ирсэн. Мөн ашигт малтмалын 68 хувийн татвар тогтоох асуудлаар ч бид эсрэг байр сууриа хадгалж байсан. Энэ маань ч зөв болохыг амьдрал харуулаад өгсөн учраас уг татварыг цуцлахаар болчихлоо. Ер нь олон зүйл дээр бид хяналт тавьж ирсэн. Гэхдээ үүнийгээ цагаан хоолой барьж, гадаа жагсаал цуглаан хийх байдлаар илэрхийлээд байхыг хүсдэггүй. Тайван замаар ярилцаж, хамтран ажиллах арга барилыг эрхэмлэж ирсэн.    

-Арван жилийн хугацаа алдаа эндэгдэлгүй өнгөрөөгүй гэж та хэллээ. Алдаа бүхэн сургамж дагуулдаг. Хамгийн том сургамж дагуулсан алдаа юу байсан бэ?

-Одоо үйлчилж байгаа сонгуулийн тогтолцоогоор эрх барьж буй намуудтай улстөрийн тавцанд эн тэнцүү өрсөлдөхийн тулд мөн тийм хэмжээний хүч хуримтлуулах шаардлагатай болж байгаа юм. Бусадтай нэгдэн нийлэх замаар энэ зорилгодоо хүрэх гэж зүтгэхдээ бид алдсан. Явцуу сонирхолдоо хөтлөгдсөн, улс төрийг амин хувийн эрх ашигаа хамгаалах хэрэгсэл болгосон зарим этгээдийн мөн чанарыг танилгүй, хамтрах гэж оролдсон түүх бидэнд бий. Харин үзэл баримтлал ойр улстөрийн хүчнүүд хамтрах, нэгдэн нийлэх үйл явц бол үүнээс огт өөр, жам ёсны зүйл юм. Миний мэдэхээр өнөөгийн ИЗН тав, АН харин арван намын нэгдэл шүү дээ.

-Сүүлийн үед намууд үзэл баримтлалын хувьд бараг ялгаагүй болсон гэдэгтэй та санал нийлэх үү. Бүр тодорхой хэлбэл бүгд д зүүний маягтай болчихсон. ИЗН үзэл баримтлалын хувьд аль зүг харж байна вэ?

– Би зарим талаар тантай санал нийлж байна. Зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд ч улстөрийн намуудын үзэл баримтлал ойртож, ижил төстэй болж байгаа чиг хандлага бол бий. Гэхдээ манайд болж буй үйл явц бол үүнээс огт өөр зүйл. Үзэл баримтлал, бодлого зорилтоороо өрсөлдөхийн оронд ил, далд хэлбэрээр сонгогчдын саналыг худалдан авч сонгуульд ялах арга барил хэтэрхий их хэвшчихлээ. Өнөөдрийн эрх баригч намууд үүнд буруутай. Үр дагаврыг нь тооцоогүй, бие биенээ давах гэсэн бэлэн мөнгөний хоосон амлалтууд намуудыг үзэл баримтлалын хувьд адил болгочихож байна. ИЗН-ын хувьд барууны чиг баримжаатай нам. Бид улс орноо эрчимтэй хөгжүүлж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэхийн тулд хувийн хэвшлийг дэмжих замаар эдийн засгийн өндөр өсөлтийг хангах, үүний тулд бизнес эрхлэгчдэд очих татварын дарамтыг бууруулж, төрийн оролцоог байж болох хамгийн бага төвшинд хүргэх ёстой гэж үздэг. Бид үзэл баримтлалаа хоосон тунхаглаад орхиогүй, ажил хэрэг болгохын төлөө ажилласаар ирсэн. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хийгдсэн татварын шинэчлэлд УИХ дахь өөрийн төлөөллөөр дамжуулан идэвхтэй оролцож ирсэн. Гэнэтийн ашгийн гэх 68 хувийн татвар тогтоох хуулийг анхнаас нь эсэргүүцэж улмаар уг хуулийн үйлчлэлийг хүчингүй болгоход өөрийн хувь нэмэрээ оруулсан. Хувийн хэвшлийг дэмжих замаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад чиглэсэн Атрын-3 аян, газар тариалан эрхлэгчдэд төрөөс татаас олгох гээд олон чухал шийдлүүд угтаа бол ИЗН-ын санал санаачлага, гардан хэрэгжүүлсэн алхмууд юм. Тиймдээ ч бидний үзэл баримтлалыг үнэлж Дэлхийн Либерал интернэшнл холбоо гишүүнээрээ элсүүлсэн. Тэгэхээр ямар үзэл баримтлалтай нам болох нь тодорхой харагдаж байгаа биз дээ.

-10 жилийнхээ ойн хүрээнд ямар ажил төлөвлөөд байгаа вэ?

-Бөх барилдуулж, найр наадам хийхээс арай өөрөөр тэмдэглэнэ. Ард иргэдтэйгээ аль болох ойр тэмдэглэж, санаа бодлыг нь сонсохоор төлөвлөж байгаа. Намынхаа боловсон хүчний чадавхийг сайжруулах чиглэлээр ойн баярынхаа өмнө томоохон сургалт, семинар зохион байгуулна. Намынхаа 10 жилийн түүхээр ном бичүүлж, нийтлэл, нэвтрүүлэг ч бэлтгэж байна. Мэдээж хэрэг гишүүд, идэвхтнүүдээ баярлуулахад бас анхаарч байгаа. Ойн баяраа ирэх 3 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Завшааныг ашиглан Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа намынхаа нийт гишүүд, дэмжигчдэд удахгүй болох Сар шинийн мэндийг, ИЗН үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баяртай хамтатган дэвшүүлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж