Монгол орны нутагт ховордсон амьтдын арьс, зарим эрхтнийг хууль бусаар хилээр гаргахыг завдсан хэд хэдэн тохиолдол гарч, газар дээр нь илрүүлжээ. Энэ сарын 20-ний өдрийн Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн олон улсын суудлын галт тэргэнд зорчиж явсан хятад, монгол иргэд 200 орчим тарвага болон шилүүсний арьс, бугын чив, цөс зэргийг гар тээшиндээ нуун хил давуулахыг завджээ. Эдгээр амьтдыг агнаж, эд эрхтнийг нь худалдаалахыг хуулиар хориглосон байдаг бөгөөд үүнээс шилүүс нэн ховордсон амьтны тоонд багтдаг аж. Дээрх хууль бус үйлдэлд Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
С.Отгон