-Эрүүл мэндийн салбарын байдал тааруу байна. Төсөв, мөнгийг нь байнга танадгаас болж хөрөнгө хүрэлцдэггүй гэж Эрүүл мэндийн яамныхан УИХ-ын чуулган дээр хэлж байсан. Салбарын хөрөнгө мөнгийг хэн, аль шатанд танаж багасгадаг юм бэ. Сайд байсны хувьд та үүнийг сайн мэдэж байгаа байх?
-Эрүүл мэнд бол хүний хамгийн чухал эрдэнэ. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаална гэдэг бол төр, засгийн нэн тэргүүнд хийх ажил. Энэ ажлаа манай төр, засаг хэзээ ч олигтой хийж байгаагүй. Дандаа халтартуулж ирсэн. Энэ салбарт том хэмжээний реформ, шинэчлэлт, хөрөнгө оруулалт хийлгүй байсаар Монголын ард түмэн эрүүл мэндээр хэлмэгдэх болсон. Яагаад эрүүл мэндийн салбарын хөрөнгө мөнгө хангалтгүй байдаг вэ гэвэл энэ салбар уналтад орлоо гэдгийг дээрээ ойлгодоггүйтэй холбоотой. Хэрэв ойлгож мэддэг төр, засаг байсан бол үүнд хөрөнгө оруулах л байсан. Түүнийг ойлгохгүй учраас л энэ салбар хаягдсаар өнөөдрийг хүрсэн. Тэрнээс биш эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгийг УИХ хасаад байсан юм байхгүй.
Зам засах ч юм уу, нэг газар цахилгаан тавих болохоор хэдэн тэрбумаар хөрөнгө өгдөг. Гэтэл тэр мөнгөний өчүүхэн бага хэсгээр л эрүүл мэндийн салбарыг хөл дээр нь босгох боломжтой. Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх, томоохон хөрөнгө оруулах, эмнэлгүүдээ шинэчлэх, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх, боловсон хүчин бэлтгэх тал дээр төр, засаг хэрэг дээрээ унтчихсан юм. Тэгчихээд хөрөнгө бага байна гэж ярьдаг. Эрүүл мэндийн салбарын удирдлага ч Ерөнхий сайдад байдлаа ойлгуулдаггүй. УИХ-д хангалттай хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж оруулж ирдэггүй. Тэгээд л хөрөнгө мөнгө бага тусгагдаж явдаг. Хэрэв үе үеийн Ерөнхий сайдууд байдлыг ойлгодог байсан бол хөрөнгө нь зохих ёсоор ороод бодлого нь хэрэгжээд явчих байсан.
-Мөнгө танагддагийн буруутан нь Засгийн газар өөрөө гэсэн үг үү?
-Энэ чинь Засгийн газрын л хийх ажил шүү дээ. Засгийн газар дээрээ яриад “Эрүүл мэнд болохоо байлаа. Ийм ийм ажилд хөрөнгө мөнгө хэрэгтэй байна, хөрөнгийг битгий хас” гэдгийг Ерөнхий сайд өөрөө ойлгуулаад, Сангийн яамандаа үүрэг өгөх ёстой шүү дээ. Дотроо, хоорондоо л гүйлгэх асуудал. Мөнгөгүй болчихоод эрүүл мэндийн салбар хоцрогдсон юм биш, төсвийн мөнгийг зөв хуваарилж чадахгүй, ард түмний эрүүл мэндэд санаа тавилгүй л өнөөдрийг хүрсэн. Түүнийгээ өнгөлөн далдалж яриад байх хэрэггүй.
-Таныг сайд байх үед ийм зовлон бэрхшээл их гарч байв уу?
-Би 2006 онд сайд болсон. Тэр жилдээ тухайн онд батлагдсан төсвийн хүрээнд л ажилласан. Харин 2007 оны нэгдсэн төсвийг хийхэд “Эрүүл монгол хүн” гэсэн хөтөлбөр гаргаж иргэдээ эрүүл болгох талаар саналуудаа оруулж байсан. Тэр хөтөлбөрт зургаан тэрбум төгрөг төсөвлүүлсэн. Урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэсэн бодлого дэвшүүлж тодорхой стандарттай болгох чиглэлээр явж байсан. Эрүүл мэндийн даатгалыг бие даалгахаар хуулийн төсөл санаачилж УИХ-д оруулсан. Харамсалтай нь эдгээр асуудлыг халтар хултар л дэмжсэн.
-Нэгдүгээр амаржих газарт сантехникийн эвдрэл гарч, бохирын цооног хальснаас дөрвөн нярай хүүхдийн аминд хүрсэн эмгэнэлтэй явдал гарлаа. Үүнийг засах хөрөнгөгүй байж Нарантуул захын өмнө гүүрэн гарц барих мөнгө маш түргэн олдсон. Цооног засахад гүүрэн гарц барихаас илүү мөнгө гарна гэж бодохгүй байна?
-Эрүүл мэндэд мөнгө олддоггүй, бизнес хийх болохоороо хөрөнгө олдоод байдаг харамсалтай жишээ олон гарч байгаа. Би Эрүүл мэндийн сайд байхдаа манай яамны байранд байрладаг “Эргэн дурсахуй”, “Ривер саунд” клубуудыг гаргаж нэг цэгийн урьдчилан сэргийлэх оношлогоо тогтоох төв байгуулахаар шийдээд байсан. Гаргах гэж байтал би ч огцорсон, яамны байранд цэнгээний газрууд хэвээрээ үлдсэн. Тэднийг гаргаад амаржих газар байгуулсан ч бэлэн байр л даа.
-Амаржих газарт байр олдохгүй гэсэн зовлон байхгүй гэж ойлгож болох уу?
-Байшин барилга бол хангалттай. Харамсалтай нь ашиглах санаачилга гаргахгүй л байгаа.
-Хэдэн жилийн өмнө гуравдугаар амаржих газрын байрыг зарчихсан бил үү?
-Зарчихсан шүү дээ.
-Дөрөвдүгээр амаржихыг барихад дэд бүтцийг шийдээгүй, хөрөнгө мөнгө дутуу л гэж байна. Нэгдүгээр төрөхийг засахад хэчнээн хэмжээний хөрөнгө хэрэгтэй билээ?
-Хоёр тэрбум төгрөг хэрэгтэй гэж байна лээ. Тэр мөнгөөр цоо шинэ барилга барих хэрэгтэй шүү дээ. Тэр хуучин барилгатай ноцолдоод яах юм. Засал авах ч үгүй.
-Шинэ зуунд эсэн мэнд төрсөн хүүхдүүдээ алдана гэдэг байж боломгүй юм. Хуучин бол захын эмгэний хийдэг ажил байсан биз дээ?
-Хүүхэд төрнө гэдэг өвчин биш, байгалийн жам. Германд бол гэрт нь ч хамаагүй төрүүлдэг. Эх баригч л дэргэд заавал байх ёстой. Эх баригч эмчийн заавраар ажилладаг. Эмч нярайлах эхийг хяналтдаа аваад амаржих болохоор нь эх баригчдаа даатгадаг. Хэрэгтэй гэвэл эмч дуудлагаар очиход бэлэн байдаг. Намайг Германд оюутан байхад төгсөх курст заавал амаржих газарт ажиллуулдаг байсан. Би тэнд арав гаруй хүүхэд эх барьсан шүү.
Жам ёсоороо төрж байхад хүн болгож чадахгүй бохир заваанаас болоод эндүүлнэ гэдэг үнэхээр байж боломгүй явдал. Зүгээр л Монголын эмгэнэл. Монгол хүнийг хорвоод мэндлэхэд нь эсэн мэнд тосоод авч чадахгүй байхыг эмгэнэл гэхгүй өөр юу гэх юм. Манай эрүүл мэндийн салбар хэр зэрэг дампуурч, доод цэгтээ хүрснийг л харуулж байна.
-Төрийн амаржих газар нь эх, нялхсаа хамгаалж чадалгүй аргаа бараад хувийн эмнэлгүүд рүү шилжүүлэхэд асар их мөнгө нэхэж байгаа юм байна. “Ачтан” эмнэлэг нэг эхэд хоногийн 30 мянган төгрөг ногдуулж төсвөөс нэхлээ гэж УИХ-ын чуулган дээр Эрүүл мэндийн дэд сайд хэлж байсан. Аминд тулаад байхад ийм байж болох уу?
-Зөв. Тэгэх ёстой. Мөнгө төгрөг төлж байж хариуцлага хүлээнэ. Мөнгө төлүүлж байж тэр эмнэлэг сайн үйлчилгээ үзүүлнэ шүү дээ. Харин ч бага мөнгө нэхсэн байна. Юун 30 мянга. Одоо баян хүний эхнэрүүд ихэнх нь гадаадад очиж амаржиж байна. Монголд амаржиж, эмчид үзүүлдэг баян гэж байхгүй болсон. Ерөнхий сайд асан нь, Эрүүл мэндийн сайд нь гадаадад эмчлүүлж байна. Монголынхоо эмнэлэгт итгэхгүй л байна.
-Энэ мөнгийг төсвөөс гаргах ёстой юу?
-Гаргах хэрэгтэй. Эхийг амар мэнд амаржуулж чадвал төсвөөс 100 мянган төгрөг төлнө гэвэл амаржих газрууд булаацалдаад л төрүүлнэ шүү дээ.
-Ямаанд өгчихдөг мөнгийг амаржих газарт өгөхөд яах вэ дээ, уг нь?
-Төсвөөс мөнгө гараад юу шалив гэж дээ. Жилдээ 50 мянган эх л амаржиж байна. Их үсрээд 70 мянган эхээр бодъё л доо. Ердөө 700-хан сая төгрөг л байгаа биз дээ. Монголынхоо шинэ иргэдэд иймхэн мөнгө зарахад ямар хамаа байна аа. Өгөх хэрэгтэй.
-Нэг гишүүний тойргийн мөнгөнд ч хүрэхгүй юм байна шүү дээ, юун ямааны мөнгө…?
-Тийм шүү дээ. Хот, хөдөө ялгаагүй, эсэн мэнд төрүүлсэн хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг эмнэлэгт нь өгдөг л байх хэрэгтэй.
-Тэгвэл эрүүл мэндийн салбар ч өөдөө гарна даа?
-Тэгэлгүй яах вэ. Монголд эх, хүүхэд эндэхээ болино. Эрүүл мэндийн салбар ч хөрөнгөөр дутахаа болино. Дэмий юманд болохоор зөндөө мөнгө зараад байдаг. Ард түмний хүүхэд мэндлэх болохоор мөнгө байдаггүй. Бүл нэмж ирж байгаа хүүхэд бүрт Монгол Улс баярлах ёстой. Мөнгө харамлах ёсгүй. Том баяр байхгүй юү. Би сайд байхдаа Монголын хаана хэзээ хүүхэд төрөх гэж байгааг хянадаг мэдээллийн сүлжээтэй болъё гэж боддог байсан. Үүнийг хийхэд ядах юмгүй. Нөөц бололцоо бий.
-Эрүүл мэндийн салбарыг дампуурлаас гаргая гэвэл юу хийж болох вэ?
-Бодлогоо зөв зүйтэй гаргах хэрэгтэй. Мөнгөө зөв хуваарилах ёстой. Хувийн хэвшлээ дэмжих ёстой. Гэтэл манай эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийг аль болохоор шахах бодлого барьдаг. Төрийн, хувийн эмнэлгээ зэрэгцүүлээд аваад явах ёстой. Дан төр хариуцна гээд унагаад байж таарахгүй.
-Сэдвээсээ жаахан халих хэрэгтэй боллоо. Таны хөрөнгө мөнгийг битүүмжилсэн гэх мэдээллүүд гарч байна. Дахиад л ээлжит дуулиан дэгдэх бололтой?
-Ямар нэг эд хөрөнгө, хогшил битүүмжилсэн гэх талаар надад мэдэгдсэн юм алга. Ээлжит гүтгэлэг гарч байна л даа. “Батсарай” компанийн кассын нярав эмэгтэйг гэрээсээ гарахад нь Авлигатай тэмцэх газрын Бархасбадь гэдэг хүн машинтай хүлээж байгаад машиндаа оруулаад ажил дээрээ аваачиж мэдүүлэг авсан байна лээ.
-Ямар утгатай мэдүүлэг авсан байна?
-Хэдэн төгрөгийн орлого, зарлага хийдэг вэ, хэчнээн мөнгө хааш нь шилжүүлэв гэсэн юм л асуусан байна лээ. Нөгөө эмэгтэй айж сандраад тэгдэг, ингэдэг гэдгээ хэлээд өнгөрсөн байсан. Энэ бол маш муухай хууль зөрчсөн асуудал. Нэг ч удаа зарлан дуудах өгөөгүй байж ажилдаа явах гээд өглөө 08.30 цагт гэрээсээ гарахад нь эмэгтэй хүнийг машиндаа чихэж суулгаад Авлигатай тэмцэх газрын хойд хаалгаар оруулж, гэнэдүүлж, сандаргаж, айлгаж хүчээр мэдүүлэг авсан байсан. Өмгөөлөгч ч байхгүй.
-Хууль зөрчиж байцаасан бол яах ёстой вэ?
-Тэр хүн өргөдлөө гаргаад, хуулийн зөвлөхтэй уулзаад, прокурорт хандаад байгаа.
-”Батсарай” ямар үйл ажиллагаа явуулдаг компани вэ?
-Худалдаа, үйлчилгээ гээд олон л үйл ажиллагаа явуулдаг даа. Хуучин би захирал нь байсан. Одоо миний ах захирал нь.
-Ямар сэжиг, үндэслэлээр нягтланг шалгасан байх вэ?
-Ямар ч сэжиг илэрсэн, хэрэг үүсгэсэн юм байхгүй. Өө хайж л байхгүй юү. Байцаалт авчихаад “Хэнд ч битгий хэлээрэй” гээд гаргасан байсан. Би л нэг баахан буруу юм хийсэн юм шиг. Авлигатай тэмцэх газарт дангаараа өмч хөрөнгө битүүмжлэх эрх ч байхгүй. Заавал прокурор хяналт тавьж, прокурорын шийдвэрээр хийнэ шүү дээ. Дангаараа хүний эрх, өмчид халдах эрхгүй.
-Оны өмнө танай гэргий Л.Аззаяаг компанийн ажилтнуудаа ямар хөрөнгөөр вакцинжуулсан бэ гээд бас байцаасан билүү?
-Хил, гаалийн татвараа төлсөн үү, ямар хөрөнгөөр вакцинжуулав гээд бас юм болсон. Юу ч олоогүй. Тэгээд л хаясан. Юм олдсон бол “Л.Гүндалай, аа яа яа, авгай нь хүртэл мөнгө хөрөнгө ингэдэг” гээд л шуугих байсан. Гол зорилго нь тэр л байхгүй юү. Авлигатай тэмцэх газар төрийн албан хаагчдаа л сайн “маллах” ёстой. Энэ газар улстөрчдийн гар хөл болчихлоо. Тиймдээ хувийн компанийн кассын нярвыг барьж авч байцааж байхгүй юү. Нярав барьж аваачиж байцаасан талаар нь би УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийсэн. Авлигатай тэмцэх газар улс төрийн үйл ажиллагаа явуулж хүнийг хэлмэгдүүлсэн байна гэж мэдээлсэн.
-Гишүүд яаж хүлээж авав?
-Манай бүлгээс ажлын хэсэг гарсан. З.Энхболд гишүүн ахалж байгаа. Бүлэг байр сууриа илэрхийлнэ.
-Ямар байр суурь илэрхийлэхээр болсон бэ?
-Яагаад хүний эрхэнд халдаж байна. Ямар нийгэмд бид амьдарч байна. Хувийн компанийн үйл ажиллагаанд яагаад үндэслэлгүй халдав гэдэг дээр бүлгийн байр суурийг илэрхийлнэ. Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагын хамтын ажиллагаа байх ёстой талаар УИХ-ын чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлэх болно.
Д.ОЮУНЦЭЦЭГ
2010-01-27