С.Батболд: Төрийн өмчийг хувьчлахдаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хөшүүрэг болгоно

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

С.Батболд: Төрийн өмчийг хувьчлахдаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хөшүүрэг болгоно

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Энэ үеэр өмч хувьчлалын агуулга нэлээд өөр болж буйг Ерөнхий сайд онцолсон юм. Ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах чиглэлээр шинэлэгээр ажиллах хэрэгтэй гэж тэр хэллээ. Эдгээрийг дагаж Хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээлийг хөгжих учиртай аж. Төрийн өмчийг хувьчлахдаа Хөрөнгийн биржээр дамжуулах, хувьчлалыг ил тод болгох нь өмч хувьчлалд оруулах хамгийн гол өөрчлөлт юм байна.

Тогтоолын төслийг хүлээн аваад УИХ-ын дарга Ерөнхий сайдаас зарим зүйлийг тодруулсан юм.

Д.Дэмбэрэл: -Өмч хувьчлалд Оюутолгой, Эрдэнэтийн асуудал байх уу?

С.Батболд:  -Төсөлд уул уурхайн томоохон актив, Тавантолгой, бусад стратегийн ордууд, төрийн өмчит уул уурхайн компаниуд, эрчим хүчний хувьчлалын асуудлыг тусгасан.

Д.Дэмбэрэл: -Тогтоолын төслийг УИХ-аар хэзээ хэлэлцүүлэх вэ?

С.Батболд: -Бэлтгэл хангах, үйл ажиллагааг сайжруулах зэрэгт нэлээд цаг хугацаа шаардана. Тавантолгой, төмөр зам гээд нухацтай хэлэлцэх асуудал бий. Ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.

Үүний дараа Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэ удаа төрийн өмчийг хувьчлахдаа хамгийн түрүүнд юу хийх вэ?

– Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлд нэлээд шинэлэг арга хэлбэр түлхүү оруулахаар тусгаж байна. Зах зээлийн эдийн засаг хөгжүүлэх чухал хөшүүрэг нь хөрөнгийн зах зээлийн идэвхтэй хөгжил байдаг. Энэ удаа төрийн өмчийг хувьчлахдаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хөшүүрэг болгоё гэж үзэж байгаа. Хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоо хязгаарлагдмал байдаг. Үүнийг өөрчлөхөөр үндсэн чиглэлд орууллаа. Монголын хөрөнгийн бирж, дэд бүтцийн эрх зүйн менежментийг боловсронгуй болгох, төрийн өмчийн компаниуд, уул уурхайн активууд, эрчим хүч, төмөр замын компаниудын хувьцааг дотоодын хөрөнгийн бирж төдийгүй олон улсын хөрөнгийн биржээр арилжих нөхцөл бүрдүүлэх чиглэлээр ажиллана.

-Иргэдийг өмч хувьчлалд ямар хэлбэрээр оруулах вэ?

-Иргэдэд сонголт өгч байна. Иргэн хүн зөвхөн арилжааны банкны хадгаламжийн хүүгээс хамаарч хөрөнгө оруулалт хийх үү. Эсвэл илүү боломжтой хөрөнгө оруулалт, тухайлбал Мобиком ч юм уу компанийн хувьцаа авах сонголттой болгоно гэдэг нь хоёр дахь зах зээлийг хөгжүүлэх боломж олгож байгаа юм. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн зэрэгцээ төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг сайжруулах, компаниудын менежмент, засаглалыг сайжруулах, хээл хахууль, авлига гарч болох системийг өөрчлөх зэрэг асуудлыг шийдэхэд чухал тус дөхөмтэй алхам болно. Иргэдийн санхүүгийн эх үүсвэр 100 хувь арилжааны банкнаас хамааралтай гэхэд хилсдэхгүй. Гэтэл хөгжингүй орнуудад хөрөнгө оруулалт дан ганц арилжааны банкуудаас хамаарах биш, 50-иас дээш хувь нь хөрөнгийн зах зээл дээр байдаг. Компаниудын өрсөлдөөнийг нээлттэй болгоно. Санхүүгийн эх үүсвэр зөвхөн банкнаас хамаарах биш хөрөнгийн зах зээлийг босгох боломжтой болно. Энэ нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтой зүйл юм. Тогтоол, үндсэн чиглэлийг баталснаар идэвхтэй үйл ажиллагаа эхэлнэ.

-Хувьчлах компаниудын жагсаалтыг хэзээ бэлэн болгох вэ?

-Төрийн өмчит томоохон компаниудыг жагсаалтад оруулж УИХ-д өргөн барина. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй үйл ажиллагаагаа хараахан эхлээгүй ашигт малтмалын стратегийн ордуудын хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргах бололцоо бүрдэнэ.

-Томоохон ямар компани байгаа вэ?

-Уул уурхайн том активууд дээр төрийн өмчлөлтэй нэлээд том компаниуд орж ирж байгаа. Эрдэнэт, төмөр зам зэрэг нь хоёр улсын хамтарсан хөрөнгө тул хоёр тал хэлэлцэнэ.

-Дэд бүтцийн хувьчлал гэдэгт юуг оруулах бол?

-Монгол дэд бүтэц гэдэгт төмөр зам, авто замууд байна. Уул уурхайг түшиглэсэн дэд бүтэц орно. Монголын ард түмэнд хувьцааг тэгш хүртээж олон улсын хөрөнгийн бирж дээр гаргана. Монголын зах зээлийг олон улсын зах зээлтэй уяж өгнө. Эрчим хүч гэдэгт уран, нүүрсний активууд байна.

Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж