Д.Зоригт: Нүдээ олсон бодлого л Монгол Улсыг хямралаас аварна

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: Нүдээ олсон бодлого л Монгол Улсыг хямралаас аварна

Засгийн газраас боловсруулсан хямралын эсрэг төлөвлөгөөний талаар УИХ-ын гишүүн Д.Зоригттой ярилцлаа.

-Хямралын эсрэг төлөвлөгөөг их ерөнхий болж гэх хүн цөөнгүй байна. Яг юу хийх нь мэдэгдэхгүй байна гэсэнтэй та санал нийлэх үү?

-Монголоос бусад улс аль хэзээний төлөвлөгөөтэй болчихсон. Бид оны өмнө болосруулж, батлах ёстой байсан юм. Мэдээж хэрэг дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулж УИХ батлахад цаг хугацаа алдах гээд байна. Хаана ямар үйлдвэр барих вэ гэдгийг Засгийн газар батлаад хэрэгжүүлэх ёстой. УИХ бол ямархуу хэмжээний хөрөнгө зарцуулах вэ, тэрийг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх вэ гэдгийг нь шийдэж өгөх ёстой. Нэг ч өдөр алдаж болохгүй л гэж бодож байна.

-Энэ төлөвлөгөөний чансааг та хэрхэн дүгнэж байна?

-Дэлхийн улс, орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2-10 хувьтай тэнцэх хэмжээгээр л хямралыг давах төлөвлөгөөгөө хийж байгаа юм билээ. Манайхны хувьд эдийн засгийн хүрээ хязгаарлагдмал жижиг эдийн засагтай, бүтэц жаахан сул байгаа учраас хямралд илүү их мөнгө зарцуулах шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Тиймээс 1.5 триллон төгрөгөөр эх үүсвэрүүдээ бий болгоод төлөвлөсөн ажлаа хийвэл хямралыг хохирол багатай давах боломж бүрдэнэ гэж бодож байна.

-Иймэрхүү төлөвлөгөө байх юм бол батлаад ч хэрэггүй гэж зарим эдийн засагчид анхааруулж байгаа шүү дээ?

-Тэр хүмүүс өөрсдийнхөө саналыг гаргаж тавьж байна. Түүнээс биш Засгийн газрын ярьж байгаа санал болгоныг шүүмжлэхийн тулд шүүмжлэгч байж болохгүй. Энэ төлөвлөгөөг чинь Засгийн газар, яамдын бүх мэргэжилтнүүд судалж, хэлэлцээд, дээр нь Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэл, эрдэмтдийн саналыг аваад сар гаруй боловсруулсан. Дахиад шинээр хийвэл хугацаа алдана. Гэтэл 3-р сараас газар тариалангаас эхлээд хаврын ажлууд эхлэх гэж байна. Цаастай бага зууралдаад, хурдан шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ хурдан хэрэгжүүлэх нь хамгаас чухал. Тиймээс энэ төлөвлөгөөнд нь саналаа тусгаж, яаралтай батлаад Засгийн газарт ажиллах боломжийг нь олгоё.

-Энэ төлөвлөгөөнд авах юм байна уу…?

-Хямралын үед хамгийн чухал зүйл нь хоол, хүнсний асуудал байдаг. Эрчим хүч, дэд бүтцийн найдвартай ажиллагаа, орон байрны асуудал, банк, санхүүгийн тогтвортой байдал чухал. Төлөвлөгөөнд ямар ч орлогогүй эмзэг хэсгийнхнийг яаж хамгаалах тухай тусгасан. Дөрөв, таван чухал чиглэлд энэ мөнгийг зарцуулах эрхийг УИХ-аас Засгийн газарт олгох гэж байна. Тиймээс хурдан батлах л хэрэгтэй байна.

-Дотоодод ажиллах хүч муутай учраас ажлын байрыг нэмсэн ч гадаадын ажиллах хүчинд хөрөнгө оруулалт хийх нь гэсэн болгоомжлол бий?

-Ерөнхий санаа нь зөв. Гэхдээ гадаадаас мэргэшсэн ажиллах хүч авахгүйгээр дотоодын компаниуд хүчирхэгжихгүй. Тиймээс мэргэжлийн ажилчдаа бэлтгэх, боловсруулах зайлшгүй шаардлага байгаа. Үе шаттайгаар, аажмаар гадаадын ажиллах хүчийг бууруулах хэрэгтэй. Шууд байхгүй болгоно гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Тэгвэл төлөвлөсөн ажил хийгдэхгүй. Яагаад гэвэл манайд одоо тийм олон нарийн мэргэшсэн ажиллах хүч байхгүй шүү дээ.

-Замын салбарт ийм их хөрөнгө тусгах нь зөв үү? Замын ажлыг гүйцэтгэгчдийг харахад голдуу урд хөршийн компаниуд байдаг…?

-Эхний ээлжинд экспортын бүтээгдэхүүн хийж байгаа аж ахуйн нэгжид хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт хийх ёстой. Хоёрдугаарт, импортын бүтээгдэхүүнийг орлодог, өөрөөр хэлбэл хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал үйлдвэрлэдэг компаниудыг дэмжих ёстой. Ингэж байж бид валютын ханшийг тогтоох, нөөцийг нэмэгдүүлэх ажлыг хийж чадна. Дараагийн шатанд ажлын байраар хангах хэрэгтэй. Зам, барилгын компаниуд л хүмүүсийг ажлаар хамгийн их хангаж байна. Жилдээ 8-10 мянга орчим айлын орон сууц барьж байна. Үүнийг дагаад ажлын байр бий болж байна. Зөвхөн барилгын ажилчид гэлтгүй барилгын материалын үйлдвэрээс эхлээд тээвэр, эрчим хүч, тавилга гэх мэтээр чиглэл чиглэлийн компанийг дэмждэг болчихно. Ялангуяа Улаанбаатарын замд 100 тэрбум төгрөгийг төлөвлөсөн. Гэтэл зарим гишүүд мянганы замд энэ хөрөнгийг зарцуулъя гэж хэлж байна билээ. Тийм биш. Ер нь Улаанбаатарт мөнгийг төвлөрүүлэх ёстой. Яагаад гэхээр энэ хотын замаар манай нийт машины гуравны хоёр нь явж байна. Тиймээс энэ газрын замыг засах хэрэгтэй. Өдөрт 20-30 машин явдаг замыг энэ үед биш дараа байдал тогтворжих үед засах боломжтой.

-Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бууруулъя гээд байгаа. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байхад цалингийн хэмжээ багасах нь зөв үү?

-Хямралаас болоод аж ахуйн нэгжүүд зардлаа хэмнэн орон тоогоо цөөлж байна. Үүний эсрэг авахаар төлөвлөж байгаа арга юм билээ. Миний хувьд, цалин багатай ч гэсэн аль болох олон хүнийг ажилтай болгоход чиглэсэн олон арга хэмжээний нэг нь байж болох юм гэж бодож байгаа.

-ОУВС-гийнхан халамжийн үйлчилгээ танана гээд байгаа. Ялангуяа залуу гэр бүлийн мөнгийг. Үүнийг зогсоох нь зөв үү?

-ОУВС-ынхантай санал нэг байгаа. Халамжийг танах нь зөв. Монгол Улс 2000 онд 230 гаруй мянган хүнд 13 тэрбум төгрөгийн халамжийг үйлчилгээ үзүүлсэн. 2009 оны төсвийг судлаад үзэхэд хоёр сая долоон зуун гаруй мянган хүнд 270 тэрбум төгрөгийн тэтгэмж олгох болж байна. Мөнгөний хэмжээ 20.6 дахин өсчихсөн, халамжинд хамрагддаг хүний тоо 10 дахин өсчихсөн. Дахардсан тоогоор Монголын нийт хүн амтай тэнцэх хүнд халамж олгож байна. Энэ бол оновчтой бодлого биш. Жинхэнэ өгөх ёстой хүн рүүгээ онилоогүй л байна. Валютын сангийнхны зөвлөмжтэй, зөвлөмжгүй үүнийг танаж, халамжинд хамрагдах зайлшгүй хэрэгтэй хүмүүсийг нь хамруулах нь зөв. Халамжийн биш, бүтээдэг, үйлдвэрлэдэг орон болохын төлөө ажиллая. Намууд сонгуулиар халамжийн хөтөлбөрүүдийг амладаг. Одоо энэ үед үүнийгээ эргэж харах хэрэгтэй болоод байна. Шат дараатайгаар арга хэмжээ авахгүй бол болохгүй байна шүү дээ.

-Оюутолгойн гэрээний төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон нь хугацаа алдахгүй юу?

-Гэрээг хийх хэрэгтэй. Гэхдээ эдийн засгийн хямралтай холбогдуулан яаран алдагдалтай гэрээ хийх бол хэрэггүй. Энэ төслүүд бол олон арван жил хэрэгжинэ. Ялангуяа Тавантолгой нөөц бол хэдэн зуун жилээр ч яригдахаар их. Тиймээс сайн судалж, хэлэлцээрээ сайн тохирч УИХ-д оруулж ирэх нь зөв.

-Хямралтын эсрэг төлөвлөгөөгөөр зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. Гэхдээ хаврын чуулганаар. Цаг хугацааны хувьд оройтохгүй юу?

-Эхлээд цаг хугацаа алдахгүйн тулд төлөвлөгөөгөө батлая. Холбогдох хуулиудыг өөрчилж боловсруулахад хугацаа орно. Тиймээс ээлжит бус чуулганаар амжихгүй. Хаврын чуулганаар оруулж ирэх нь зүйтэй болов уу.

2009 оны 2 сарын 12

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж