С.Баярцогт: Хууль санаачлагч нь таалагдахгүй байна гээд хориг тавьсан ч Ерөнхийлөгчийн эрх шүү дээ

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

С.Баярцогт: Хууль санаачлагч нь таалагдахгүй байна гээд хориг тавьсан ч Ерөнхийлөгчийн эрх шүү дээ


375x301-Хэрвээ УИХ дөрвөн гишүүний эрхийг хагасалж түдгэлзүүлсэн "мангар"шийдвэр гаргаагүй бол энэ шүүх хурал болохгүй байсан-

УИХ-ын гишүүн С.Баярцогттой ярилцлаа.

-Таны санаачлан батлуулсан Татварын өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавиад багагүй хугацаа өнгөрлөө. Хэрвээ Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ хүлээгээд авчихвал энэ хуулийг гаргасны хэрэг байх уу?

-Ерөнхийлөгчийн хоригийг зөв буруу гэж шүүх эрх надад байхгүй. Энэ бол тэр хүний хуулиар олгогдсон эрх. Гэхдээ хоригийг энэ хэлбэрээр нь хүлээгээд авчих юм бол энэ хууль Татварын өршөөл биш, эрүүгийн өршөөл болчихно. Хоригийн гол үзэл санаа нь "татвар төлөх үүргээс нь чөлөөлсөн байна" гэсэн байна лээ. Татвар төлөх үүргээс нь чөлөөлсөн юм юу ч байхгүй. Хүн болгон татвар төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй, ойлгомжтой. Хуулийн гол агуулга нь татварын өр, түүнтэй холбогдсон хүү, торгуулийг чөлөөлөх тэр харилцааг л зохицуулсан байгаа. Хэлэлцүүлгийн явцад гишүүд өрийн ядаж 50 хувийг нь чөлөөлье гэх мэт санал гаргаж байсан. Гэхдээ татварын өршөөлийн хуульд үүний цаана ямар аж ахуй нэгж, ямар хүн байна гэдгийг анхаардаггүй. Нэг зүйл ангиар шийдэж байгаа хүмүүсийг өр нь их байна уу, бага байна уу гэдгээр ялгаж болохгүй. Өршөөлийн хуулийг ч гэсэн тэгж л хийдэг биз дээ. Тийм тийм зүйл ангитай хүмүүсийг өршөөе гэдэг болохоос тэр тэрнийг өршөөнө гэдэггүй. "Их мөнгөтэй компанийг нь төлүүлье, бага мөнгөтэй компанийн өрийг хүчингүй болгоё" гэх юм бол хуулийн тэгш байх зарчим жинхэнэ алдагдана. Татварын өршөөлийн хуулиар бүхэлдээ хоёр харицааг л зохицуулж байгаа шүү дээ. Нэгдүгээрт өртэй холбогдсон харилцаа. Татвараа төлж байгаа, одоо өртэй болчихоод байгаа компаниудын өрийг хүчингүй болгох. Үүнийг тодорхой хугацаагаар хязгаарласан шүү дээ. 2007 он балансаа дуусгаад, тэр нь төлөгдөж байгаад 2008 оны нэгдүгээр сарын 01-ний байдлаар ямар өртэй байна, тэр өрийг нь хүчингүй болгоё гэсэн. Тайлангаар болон татварын хяналтаар үүссэн энэ өр нийлээд 21,4 тэрбум төгрөг байгаа шүү дээ. Үүний 67,2 хувь нь угаасаа хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, төсөвт орох боломжгүй өрүүд байгаа. Өөрөөр хэлбэл таван жил өнгөрсөн татварын өрийг эргэж сэргээдэггүй, тэгсэн хэрнээ хүчингүй болгодоггүй, баланс дээр бичигдээд л яваад байдаг байсан байхгүй юу. Үүнийг нэг мөр хүчингүй болгосон юм.

-Ерөнхийлөгч хориг тавихдаа "нийгмийн тэгш бус байдлыг бий болгосон, шударга татвар төлөгчдийг хохироосон" гэдэг бас нэг үндэслэл гаргасан байсан шүү дээ?

-Татварын өршөөлийн хууль бол шударга ёс тогтоох тухай хууль угаасаа биш. Эдийн засгийг эрүүлжүүлэх тухай л хууль. Татварын өртэй холбоотой давхар балансыг арилгах, эдийн засгийг эрүүлжүүлэхэд чиглэсэн гурван төрлийн харилцааг хоёр хуулиар зохицуулсан юм. Оны өмнө баталсан Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай гэдэг эхний хуулиар энэ өршөөл гэж үзэж байгаа харилцааны бараг 99 хувь нь хийгдчихсэн юм. Одоо хориг тавигдаад байгаа Татварын өршөөлийн хуулиар Эрүүгийн хуулийн 166-аар эрүү үүсчихээд явж байгаа арваад хэрэг, татварын өртэй 25 мянган аж ахуй нэгжид л өршөөл үзүүлэх ёстой. Яг эрүүгийн харицлага үүсээд явж байгаа өр нь бол 3,6 тэрбум төгрөг л байгаа шүү дээ, арваад аж ахуй нэгжтэй холбоотой. 29,5 тэрбум төгрөг нь оны эцсийн тайлангаар болон татварын хяналтаар үүссэн өр. Тайлангаар үүссэн гэдэг нь оны эцэст тайлангаа гаргаад, хоёр тал хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан мөртлөө мөнгө байхгүйн улмаас төлж чадахгүй яваад байсан өр байхгүй юу. Тайлангаа гаргаад дууссаны дараа татварын газраас хяналт шалгалт ороод зарим нэг зөрчил илрүүлээд хүү, торгууль тавьчихсан өрийг хяналтаар үүссэн өр гэж байгаа юм. Эрүүгийн хуулийн 166 бол татвараас зугтаасан, санаатайгаар нуун дарагдуулсан гэдэг шал өөр зүйл анги.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг татварын өршөөлийн хуулиар зохицуулж болохгүй гэснийг та юу гэж үзэж байна?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд тийм байж магадгүй. Гэхдээ энэ хоёр хууль чинь бие биенээсээ урган гарсан органик хуулиуд. Эхний хууль нь Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын хуулийг дагаж мөрдөх тухай гэж гарсан шүү дээ. Хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, онцгой албан татвар гээд эдийн засгийн харилцаанд хамгийн их дарамт үзүүлж байсан гол гол татварууд 10 хувь болж буурсан. Үүнтэй адилхан ажил олгогчийн зүгээс төлж байсан нийгмийн даатгалын шимтгэлийн 19 хувийг ч 10 болгосон. Одоо компаниудад "Татвараа ч шударга төлье, нийгмийн даатгалын шимтгэлээ ч төлье" гэдэг бодол төрнө өө дөө. Гэтэл төлье гээд балансаа зөвөөр гаргаад ирэхээр "Та урьд нь орлогоо нууж байсан байна" гээд эрүүгийн юм уу захиргааны хариуцлага хүлээчих гээд байдаг. Тийм учраас "Нэгэнт төр татвараа бууруулсан юм чинь одоо та нар орлогоо ил гарга. Үүний чинь төлөө хариуцлага хүлээлгэхгүй" гэдэг үндсэн зарчмаар л Татварын өршөөлийн хуулийг гаргаж байгаа хэрэг шүү дээ. Тэр байтугай Казакстанчууд татварын өршөөлийн хуулиа гаргачихаад одоо "Хөрөнгийг ил тод болгох тухай өршөөлийн хууль" гээд дахиад боловсруулж байна. /төслийг нь үзүүлэв. сурв/

-Өршөөлд хамрагдаж байгаа мөнгөн дүнг нь хараад "Томоохон компаниудад л зориулсан өршөөл байна" гэсэн хардлага бас массад байх шиг байна?

-Томоохон бизнесмэнүүд, улс төрд нөлөөтэй хүмүүс энэ өршөөлд хамрагдаж байгаа учраас "тэр нь захиалсан, энэний лоббигоор хийсэн" гэдэг хардлага байнга гарна, ойлгомжтой. Гэхдээ хэн энгний захиалгаар энэ хуулийг гаргаагүй гэдгийн нэг баталгаа нь энэ хуулийг гаргахаар бүр Н.Энхбаярын, Ц.Элбэгдоржийн, М.Энхболдын, С.Баярын Засгийн газар гээд нийтдээ дөрвөн Засгийн газар дамжиж яригдаж байгаа зүйл, нэгд. Найман жил ярьсан гэж ойлгох хэрэгтэй. Хоёрт, энэ хуулиудын төслөө бол би хөлөө хугалахаасаа өмнө гэдэг чинь …/бодолхийлнээ/ 2006 оны арванхоёрдугаар сараас өмнө боловсруулчихсан байсан. Нэг сая хүртэлх өрийг нь яах вэ, тэрбум төгрөгийн өрийг яах вэ гээд ангилж болно л доо. Тэгэхээр компани болгон дээр ажиллах шаардлагатай болно. Тийм боломж байхгүй. Хоёрт энэ хүмүүс чинь гэмт хэрэгтнүүд биш. Улсад татвараа төлөөд, ажлын байр бий болгоод явж байгаа хүмүүс. Ганцхан татвар өндөр байсан учраас төлж чадахгүй татвараас зугтах гэж яваад эрүүгийн хуулийн зүйл анги сонсод явж байгаа. Тийм учраас төрөөс нэг удаа энэ хүмүүст өршөөл үзүүлээд эдийн засгийн эрүл орчин бий болгох юм бол цаашдаа монгол улсад л тустай. Хэн ч хохирох юм байхгүй. Тэр үүднээсээ УИХ улс төрийн шийдвэр гаргасан. Улс төрийн шийдвэр гэдэг үгийг би байнга хэлж байгаа.

-Тухайлбал хууль өргөн барьсан гишүүдээс Ц.Нямдоржийн ард "Алтжин" групп, С.Баярцогтын ард "MCS" байгаа гэх мэтээр ярьж л байгаа л даа?

-Энэ хууль баталсны дараа "MCS" группэд ямар ч өр төлбөр, ашиг хонжоо гарахгүй гэдгийг би батлаад хэлчихье.

-Яагаад?

-Яагаад гэвэл дандаа манай найзууд учраас би сайн мэдэж байна. Угаасаа нэг л баланстай байхгүй юу. Өөрсдөө бирж дээр гарч, гадаадад үйл ажиллагаагаа тэлэхийн тулд бүх балансаа цэгцлээд нууж хаах юм, өр төлбөр байхгүй болчихсон. Би сайн мэднэ л дээ. Улс төр л юм чинь нхэн нэгэн хүнийг муулах сонирхол гарна. Жишээ нь намайг муулья гэхээр архи дарс уудаггүй, авгай хүүхэн солиогүй учраас шууд муулах юм олдохгүй. Тэгэхээр л хаа хамаагүй, ямар ч танихгүй охидуудтай холбоод бичдэг. Дандаа жижигхэн охидуудтай шүү. Яадаг юм, арай залуу малуу, царайлаг гишүүнийг ингээд биччихэд болно гэж боддог шиг байгаа юм. Нөгөө нэг юм нь олигархи гэдэг юм. "MCS"-ынхан миний найз нар, би одоо тэгээд яах юм. Тэд нартай холбох болсон ганц шалтгаан нь тэд нар "Орчлон" хотхоныг барьж, би түүнд нь амьдарч байгаад л байгаа юм. Тэгээд яах юм, би хамт сагс тоглож байсан найз нараа "Би улс төрд орлоо, та нар муухай харагдаад байна. болилоо" гээд хаях юм уу? Тийм юм байхгүй. Энэ хуулийг тэртэй тэргүй ард түмэн ойлгож, хүлээж авна. Үүнд би итгэлтэй байна.

-Гэхдээ хаврын чуулган эхлэнгүүт хоригийг хамгийн түрүүнд хэлэлцэнэ. Хуулиа баталсан гишүүд одоо тэр байр сууриа хадгалж чадаж байгаа юм уу?

-Батлагдсан хувиа л бид харах ёстой л доо. Цөөн гишүүн эсэргүүцсэн, тэр нь 3/1-д хүрэхгүй байх гэж бодож байна. 3/1 нь хоригийг хүлээгээд авчих юм бол бид яалт ч үгүй дахиад хууль санаачлахаас өөр аргагүй болно. Хууль санаачилсны хувьд би хэлэлцүүлгийн үеэр мэдээж хоригийг хүлээж авч болохгүй гэдэг сурталчилгааг хийнэ, гишүүд үүнийг дэмжих байх аа. Дэмжигдэхгүй бол дахиад зохицуулалт хийнэ дээ. 50 хувийг нь хөнгөлнө, эсвэл авч чадахаас нь аваад чадахгүйг нь хая гэдэг ч юм уу. Тэгэхээр л шударга биш юм үүсээд байгаа байхгүй юу. Мөнгөтэйгээс нь ав, мөнгөгүйгээс нь битгий ав гэдэг чинь хуулийн тэгш биш байдлыг үгүйсгэнэ.

-Татварөр одоо 29 тэрбум, үүнээс эрүү үүсгэгдсэн нь 3,6 тэрбум гэж байна. Гэтэл энэ хууль гарахаас өмнө "Эрэл"-ийн Эрдэнэбат л гэхэд 28 тэрбум, "Алтан дорнод монгол"-ынхон 18 тэрбум, "Нарантуул"-ын Сайхансамбуу л гэхэд 2-3 тэрбум төгрөгийн хэргээр шалгагдаж байсан шүү дээ. Энэ хэмжээ яагаад буурчихав аа?

-"Алтан дорнод монгол"-ынхон 2007 оны балансаар 16 тэрбум, 2008 оны балансаар 30 тэрбумын өртэй байсан. Тэгээд энэ хуулийн хэлэлцүүлэг явж байх үед "Алтан дорнод монгол" дээр эрүүгийн хэрэг үүссэн байхгүй юу. Тэгсэн чинь "Алтан дорнод"-ынхон өрөө төлчихсөн. Одоо 2008 оны балансаар 30 тэрбумын өртэй гарчихсан В.А.Паушок нь олдохгүй зугатаагаад алга болсон биз дээ. "Эрэл" дээр бас аймаар их өр байдаг юм байх гэсэн чинь тэдний өрийг Засгийн газар хоёр удаа хүчингүй болгоод хаячихсан юм билээ. Нэгийг нь манай М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа. Ш.Сайхан самбуугийн өр байдаг гэж яригдаж байсан. Гэтэл сая татварынхнаас судалгаа гаргуулж авахад эрүүгийн хэрэг үүссэн хэргүүд дотор ч, том өрөн дотор ч гарч ирээгүй. Өөр бичилт хийсэн юм уу, татварынантай зохицсон юм уу, тэрийг би мэдэхгүй. Бид бол татварынхны өгсөн тоон дээр л ярьж байгаа шүү дээ. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд манай татварын алба сүлийн хэдэн жилд ёстой хүний өмдийг тайлж байгаад ч хамаагүй, татвараа үнэхээр сайн авдаг болсон юм билээ. Яг байгаа баланс дээр нь бол яг 100 хувь авч байгаа, гэхдээ баланс чинь өөрөө худлаа шүү дээ.

-Д.Дондог гишүүн ч гэсэн сонинд "Татварын өршөөлийн хулийг харанхуйгаар баталсан" гээд л ярьсан байсан. Ерөнхийлөгчийн хориг ч гэсэн. Ер нь МАХН-ынхан ард түмэнд таалагдах гээд энэ хулиар ойрын зайны улс төр хийгээд байга юм биш үү?

-Би бол тэгж ойлгохгүй байна. Ерөнхийлөгч хуулиар олгогдсон эрхээ эдэлж байхад нь би түүнийг нь шүүмжилнэ гэдэг утгагүй. Харин хориг тавьсан үндэслэлийг нь задлаад, гэдэс дотрыг нь ухаад яривал болж бнйа аа. Ерөнхийлөгч бол зүгээр л "Надад таалагдахгүй байна" ч юм уу, "Санаачилсан хүн нь муухай байна" гээд хориг тавихад эрх нь байгаа байхгүй юу. Ямар нэгэн үндэслэлгүйгээр ч хориг тавьж болно. Яагаад үндэслэл гаргаад байна гэвэл "Ямар учраас хориг тавив" гээд маргаан гардаг учраас л үндэслэл тавьж байгаа юм. Шог шог юм зөндөө л болж байсан шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр хүртэл хориг тавьж л байсан шүү дээ. Өөрт нь олгогдоогүй эрхээр хүртэл хориг тавьдаг л байхгүй юу. Тэр байтугай "Энэ нар таалагдаж байна уу" гэхэд "таалагддахгүй байна" гэх хүн гарна шүү дээ. Гэхдээ эсрэг санал өгсөн тэр гишүүд Татварын өршөөлийг бүхэлд нь эсэргүүцсэн юм биш шүү дээ. Татварын өрийг нь 100 хувь өршөөх үү, 50 хувь өршөөх үү, эсвэл хүү торгуулийг нь өршөөгөөд, үндсэн өрийг нь төлүүлэх үү гэдэг дээр лл маргаан байсан.

-Одоо дараагийн асуудал руу орьё оо. Сонгуулийн сурталчилгаа, бэлтгэл ажил бол үнэндээ эхэлчихлээ. Нэр дэвшигчид, тойргууд ч бараг багцаа нь гарчихсан. Гэтэл яг тэр байгаа нэр дээр нь харахаар Ардчилсан намынхан яг л одоогийнх шигээ 30 орчим суудал авах нь гэсэн багцаа харагдаад байдаг. Энэ танай намын хүлээсэн үр дүн мөн үү?

-Хэлэхэд хэцүү шүү дээ. Сонгуулийн дүнг таадаг хүн гэж бараг байдаггүй байх. Яг хүнээрээ бол тэгж харагдаад байдаг юм. Гэхдээ манай сонгож авсан сонгуулийн энэ систем чинь их хэцүү. Яг ханардаг байхгүй юу. Сонгуулийн хамгийн бүдүүлэг, хамгийн муу систем авсан. Энэ жил хүнээ харж өгнө өө гэж л байна лээ, харж л байя. Шинэ хуулиар 25 хувиас дээш хамгийн их санал авсан нь л тойрогтоо гарна. Нэг намаас нэр дэвшсэн гурван хүн гурвуулаа 30-аас дээш хувийн санал аваад гараад байж магадгүй. Битгий тэгээсэй л гэж хүсч байна. Хүмүүсийн ярьж байгаа шиг хүнээ хараад, Ардчилсан намаас нэг, МАХН-аас нэгд нь санал өгөөд явбал Монголд хэрэгтэй. Бурхны авралаар тэгж гараасай л гэж болож байна. Гэхдээ савах магадлалтай систем шүү. Би бол өөдрөг харж байгаа. Ардчилал 18 нас хүрлээ. Лидерүүдийн дундаж нас 40, 50 гарлаа. Энэ хооронд хоёр удаа засаг бариад үзчихлээ, алдаж, онолоо. 2004 онд амласан амлалтаа 100 хувь биелүүллээ. Илүү бодитой амлаж чадаж байна. Тийм учраас манай талд илүү өгөх нь тодорхой.

-Гэхдээ засаг барьж байсан намд сонгуулиар илт давуу байдал гардаг шүү дээ. Дээр нь танайхан маш олон асуудал дээр МАХН-ыг чирч явсан?

-Эсрэгээрээ. 1990 оноос хойшхи бүх сонгуулийн үр дүн дандаа засаг барьсан намынхаа эсрэг гарсан. 1992 онд МАХН дангаараа эрх барьж байхад 1996 онд манайд 50 суудал өгсөн. 2000 онд МАХН-д 2004 онд манайд өгсөн.

-2004 онд танайх эвсэл болж ороод 50 хувь хүрэхгүй, МАХН дангаараа илүү суудал авсан шүү дээ?

-Үгүй 2004 онд бол ард түмэн манайд бараг 50 суудал өгсөн. Гэтэл бидний алдаа нь Эх орон нам гэж хэн ч танихгүй, тойрогтоо ч очдоггүй балай нөхдөд 15 суудал өгч алдсан. Бод л доо. Элбэгээ, Н.Алтанхуяг, Ё.Гэрэлчулуун гараад л ирэх байсан. Тэдэнд дэвших боломж олдоогүй. Дээрээс нь манай "халзан" Ганболд, Баабар гэх мэт ялагдсан лидерүүдэд өөр тойрогт дэвших боломж олдсон бол бас гарах л байсан. Ийм боломжуудыг өгөөгүй. Манай намын дотоод зөрчил, эвслийн дотоод зөрчил их байсан учраас үүнийг дарахын тулд буруу зохицуулалт хийсэн л дээ. Үүний үр дагавар нь ялалт авчраагүй. Ер нь ард түмэн бол ардчилсан хүчинд өгсөн.

-Одоо тэгээд сонгуульд дангаараа орохоор тогтчихсон биз дээ?

-Дангаараа орно. Ямар ч байсан эвссэний хор уршиг гэж юм гарахгүй. Сонгуулийн систем л жаахан гуйвуулж магадгүй. Хүмүүсийн сэтгэхүй бол манай талд байгаа.

-Өнөөдөр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн шүүх хурал болж байгаа. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй байхад ингэж болдог юм уу?

-Тэр аягүй буруу зүйл. УИХ гишүүдийн эрхийг хагасалж түдгэлзүүлсэн нэг балай шийдвэр гаргачихсан шүү дээ. Би баахан маргаад дийлээгүй. Үүнээс болж гишүүдийн бүрэн эрх хамаагүй хөндөгдөх нь байна шүү дээ. Заавал эрхийг түдгэлзүүлж байж дараа дараагийнхаа арга хэмжээг авах ёстой. Яг үүгээр одоо маргаан гарна. Дөрвөн гишүүний эрхийг хагасалж түдгэлзүүлсэн тэр УИХ-ын тогтоол чинь өөрөө өнөөдөр Цэцэд оччихоод байгаа биз дээ. Цэц энэ гишүүдийн эрхийгхагас түдгэлзүүлсэн асуудал буруу байна гээд ороод ирвэл "Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байхад шүүх хурал хийлээ" гээд дахиад асуудал босвол босно. Дандаа шинэ орчинд ажиллаж байгаа учраас зохицуулаагүй юм маш олон бий. Тэгээд Үндсэн хуулийн Цэцтэй маргахаар "Чамд докторын зэрэг хамгаалах сэдэв зөндөө л байгаа юм байна шүү дээ, чи доктороо л хийхгүй юу" гэж мангарладаг байхгүй юу. Хуулийн талаасаа бол маргааны маш том сэдэв мөн.

2008 оны 2 сарын 28

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж