Ч.Содномцэрэн: Цөөн хүний гарт эрх мэдэл шилжих вий гэсэн болгоомжлол байна

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Ч.Содномцэрэн: Цөөн хүний гарт эрх мэдэл шилжих вий гэсэн болгоомжлол байна

Ч.Содномцэрэн: Цөөн хүний гарт эрх мэдэл шилжих вий гэсэн болгоомжлол байна

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Сонгуулийн хуулийн ши­нэ­чилсэн төсөл хаврын чуулганаар орох ёстой. УИХ-аас ажлын хэсэг гарсан ч сонгуулийнхаа тогтолцоон дээр шийдэлд хүрч чадахгүй гацчихаад бай­гаа. Энэ хуулийн төсөл дээр Сонгуулийн ерөнхий хороо бас санал өгөх ёстой?

-Ер нь бол УИХ-ын болоод Олон нутгийн сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулна гэдэг нь тодорхой болчихсон. Ажлын хэсэг гарчихсан, хаврын чуул­ганаар хэлэлцэх асуудлын төлөв­лөгөөнд орчихсон. СЕХ ч гэсэн хуульд заасны дагуу сана­лаа бэлтгэж ажлын хэсэгт хүр­гүүлэхээр ажиллаж байгаа. Өм­нөх сонгуулиудыг явуулж ирсэн хууль, гадаад орнуудын сон­гуулийн хуулиудыг судалж байна.
-Танайх яг ямар төвшинд саналаа өгөх вэ?
-Одоо үйлчилж байгаа УИХ-ын сонгуулийн хуулийг эхнээс нь шүүгээд явж байна. Дутагдалтай тал, юуг нэмж оруулах шаард­лагатай вэ гэдгийг заалт бүрээр нь уншаад саналынхаа жагсаал­тыг гаргаж байна. Нэр томьёо­ноосоо эхлээд маргаантай зүй­лүүд бий. Сонгууль болгонд маргаан үүсгээд байдаг нэр дэвшигч ялгүй байх гэж юуг хэлэх юм гэдгээс эхлээд сон­гогч, түр оршин суугч, нам эвс­лийн ажилтан, ажиглагч, ухуулагч гэж хэнийг хэлэх вэ гэдэг тайл­барууд нь Дээд шүүхээс гарчихсан байдаг юм. Үүнээс хуулиндаа тусгах бололцоотой, бололцоогүй нь юу байна гэдгийг ялгаж салгаж байна.
Хуулийн хоёрдугаар бүл­гээр сонгууль зохион байгуулах асуудлыг зохи­цуулдаг. Нутаг дэвсгэрийн хуваарь ямар байх, тойрог, хэсгийн хороодыг яаж бай­гуулах вэ гэхчилэн. Бэрх­шээлтэй зүйл олон бий. Улаанбаатарт гэхэд нэг хэсгийн хороонд санал өгөх сонгогчийн тоог 6000-аар тогтоосон. Өглөө 07.00 ца­гаас оройн 20.00 цаг хүртэл санал өгүүлээд ч амждаггүй. Судалгаа хийсэн олон ул­сын байгууллагууд гэсэн “Танайд нэг хэсэг дэх сонгогчийн тоо хэт олон байна” гэдэг. Орой 19.00 цагаас хойш хэсгийн хороон дээр ачаа­лал ихэсдэг, 22.00 цагт хаалгаа барихад маш олон хүн саналаа өгч чадалгүй үлддэг. Аймгийн төвүүд дээр ч гэсэн мөн адил нэг хэсгийн орох сонгогчийн тоог цөөлөх ёстой. Хуулийн бүлэг болгон дээр энэ мэт саналаа боловсруулж байгаа. 
-Сонгуулийн тогтол­цоог өөрчлөх асуудал дээр танайх ямар саналтай байгаа вэ?
-УИХ 76 гишүүнтэй байна гээд Үндсэн хуульд заачих­сан. Энэ 76-гаа яаж гаргаж ирэх вэ гэдгийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг шийднэ.
-Сонгуулийн тогтол­цоог өөрчлөх гээд байгаа гол үндэслэл нь сонгогч­дын өгсөн санал бүр сууд­лын хуваарилалтад оролц­дог байя л гэсэн санаа шүү дээ. Өөрөөр хэл­бэл пропор­циональ систем рүү явья гэж. Гэвч үүнийг УИХ дахь намын бүлгүүд одоо хүртэл шийдэж чадах­гүй байгаа. СЕХ үүн дээр саналаа хэлж чадахгүй юу?
-Тогтолцоон дээр бол бид санал өгөхгүй, УИХ өөрөө шийдэх ёстой. Улс орнуудын туршлагыг харах юм бол пропорционалийг ч мажоритарийг ч, ал алиныг нь л хэрэглэдэг юм билээ. Аль аль нь давуу талтай, бас сул талтай гэдгийг бүгд л ойлгож байгаа. СЕХ-ны гол үүрэг бол хуулийн доторх зүйл заалтуудыг хэрэгжүүлэх явцад ямар бэрхшээл, зөрчил гарч байна вэ гэдэг талаас нь ажиллаж, саналаа өгнө. Манайх жижиг мажоритари буюу 76 тойрог, том мажо­ритари буюу 26 тойргоор сонгууль явуулсан. 1996 оны орон нутгийн сонгуулиар холимог системээр явуулаад турш­чихсан. Үндсэндээ хувь тэнцүүлэх буюу пропор­циональ системээр л сонгууль явуулаагүй байгаа. Ажлын хэсэг хуулийн төслөө энэ хаврын чуулганд оруулах байх гэж тооцоод л саналаа бэлтгэж байна.
-Улаанбаатарт манай хүн амын талаас илүү нь төвлөрчихөөд бай­гаа, гэтэл 20-хон ман­даттай. Үүн дээр маш их маргаан гардаг. УИХ-ын гишүүд засаг захиргаа, нутаг дэвс­гэрийн төлөөлөл юм уу, ард түмний төлөө­лөл юм уу гэж. Үүнд ямар өөрчлөлт хийх ёстой вэ?
-Бусад орны туршлагыг харахад хүн амынхаа тоонд нь харьцуулж мандатаа хуваарилдаг юм билээ. Манай тойргийн системийг хараад “Танайх засаг захир­гааны хуваарь газар зүйн байрлалдаа тааруулаад мандатаа хуваарилчихсан байна” гэдэг. Хэрвээ цаашид тойргийн тоог нэмэгдүүлнэ, нэг манда­тад ногдох сонгогчийн тоог бууруулна гэвэл “УИХ 76 гишүүнтэй байна” гэсэн Үндсэн хуулийнхаа заалтыг өөрчлөх хэрэгтэй. Үгүй бол хөдөөгийнхөө мандатын тоог бууруулах замаар хотын мандатын тоог нэмэх ёстой. Үүнийг УИХ-ын аж­лын хэсэг л шийднэ. Бусад орнуудын туршлагыг хара­хад бол хүн амынх нь тоонд л харьцуулдаг юм билээ. Манайхны хийж байсан судалгаанаас харахад ч гэсэн хөдөөгийн тойргуу­даас 5-6 мандат хасах, хотын тойрогт мөн тооны мандат нэмэхээр гардаг юм.
-Энэ бол сонгуулийн тогтолцоотой хол­боо­гүй зүйл. Тийм учраас СЕХ үүн дээр саналаа УИХ-ын ажлын хэсэгт оруулж болохгүй юу?
-Гишүүд бол мэдэж л байгаа. Нэлээд олон гишүүн энэ талаар судалгаа гар­гуулж авч байсан. Шаард­лагатай гэвэл одоо ч гэсэн гаргаж өгч болно. Гэхдээ хөдөөгийнхний мандатын тоог хасна гэхээр бас л “зөв, буруу” гэсэн маргаан гарна л даа.
-Сонгуулийг хувь тэн­цүүлсэн систем буюу пропорционалиар явууллаа гэхэд жишээ нь ямар хувилбарууд байна вэ? Пропор­циональ ч гэсэн сул талтай гэдэг шүү дээ?
-Саналын хуудсан дээр зөвхөн сонгуульд оролцож байгаа намуудаа бичдэг, эсвэл нам, нэр дэвшигч хоёроо зэрэг бичдэг хувил­бар байна. Зарим оронд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нөлөө бүхий гэж үзэгддэг намын лидерүүд гэсэн 3-4 хүний нэрийг намын нэрний ард бичээд санал хураадаг арга байна. Тухайлбал ОХУ-д. Янз янзын хувилбарууд байна, алиныг нь сонгох вэ гэдгийг УИХ шийднэ. Гэхдээ аль ч тохиолдолд намууд мандатын тоотой тэнцүү хэмжээний нэр дэвшигчийн жагсаалтыг сонгуулиас өмнө урьдчилж гаргаад СЕХ-нд ирүүлнэ л дээ. Сонгуулийн дүн гарсны дараа тухайн намын авсан саналын хувьд тэнцэх хэмжээний суудлыг л СЕХ нэр дэвшигчдийн нэрсийн загсаалтаар гаргаж өгнө. Тэгэхээр намаас гаргаж өгсөн жагсаалт ч гэсэн нэр дэвшигчийн рейтингийн төвшинг харуулна гэсэн үг. Бусад оронд бол тэгж л хийдэг юм билээ.
-Сул тал нь?
-Намууд руугаа хэт их ачаалал өгдөг. Цөөхөн хүний гарт эрх мэдэл шилжих вий гэсэн болгоомжлол байдаг. Намуудын дарга нарын нөлөө их өсдөг. Тийм учраас пропорционалийг сонговол улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх ёстой гэж яриад байгаа юм.. Ямар шалгуураар нэр дэвшүүлэх, рейтингийн жагсаалтыг яаж гаргах, намын аль шатны хурлаар  баталгаажуулах гэх мэтчилэн бүгдийг улс төрийн намуудын хуулинд тусгаж өгөх ёстой.
-76 жижиг тойрогтой байхад цөөн сонгог­чийг мөнгөөр худал­даж аваад байна гээд томсгосон 26 тойр­гоор сүүлийн сонгуу­лийг явуулсан. Гэтэл харин ч хамгийн их мөнгө цацсан  сон­гууль боллоо. Тэр байтугай УИХ-ын ги­шүүд тойрогтоо тэр­бум төгрөг төсөвлөдөг болсон. Тэгээд үүнийг халах ганц арга нь мажоритариас тат­галзах  гэж хараг­даад байгаа шүү дээ?
-Мөнгөний сонгууль бо­лоод байна гэж үү? Сон­гуулийн үеэр мөнгө амладаг, тараадаг байдлыг арилгах л ёстой. Үүнд чиглэсэн хуу­лийн заалтуудыг сонгуулийн шинэ хуулиндаа оруулж өгөх ёстой.
-2012 оны сонгуулийг электрон хэлбэрээр явуулах бололцоотой юу?
-Бид 2009 оны Ерөн­хий­лөг­чийн сонгуулиар электрон сонгуулийн зарим нэг хэсгийг туршаад үзчихсэн. Электрон сонгууль үнд­сэндээ 3-4 хэсгээс л бүрдэж байгаа шүү дээ. Эхнийх нь сонгогчийн бүртгэлийн асуу­дал. Нэрсийн жагсаалтыг компьютерт оруулаад л сонгогчийн үнэмлэхээ шууд хэвлэдэг. Сонгогчийн үнэм­лэхийг гараар бичдэг байхад регистрийн дугаарыг буруу бичих, овог нэрийг зөрүүлэх, үсэг алдах явдал гардаг байсан. Бүртгэлийн ажлыг бол бид 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, нөхөн сонгуулиар туршчихсан. Хоёр дахь нь сон­гог­чийн үнэмлэхийг бар.код­той болгосноор сонгуулийн хэсгийн хороод дээр сонгогч нэг бүрийн сонгогчийн үнэм­лэхийг хуурамч эсэхийг шалгах боломжтой болсон. Бар, кодыг нь уншуулаад л овог нэр, регистр нь дэл­гэцэн дээр шууд харагддаг. Санал өгсөн хүний тоо, са­нал хураалтын хувь зэргийг ажиглагчид цаг минут тутамд харж байх боломжтой. Үүнийг бид бас туршсан.
Хөрөнгө мөнгөнийх нь асуудлыг шийдчихвэл 2012 оны сонгуулийг электрон хэлбэрээр явуулах боломж­той. Солонгост гэхэд бүрт­гэлийн машин нь 1,8 сая, санал хураах машин нь 1,9 сая вонн л байх жишээтэй. Аль аль нь хоёр сая төг­рөгөөс хэтрэхгүй гэсэн үг. Ер нь цаашдаа дэлхий ний­тээр сонгуулийн ажил­ла­гаанд хүний оролцоог аль болох багасгаж, электрон систем рүү явж байгаа. Ганцхан сонгогч л өөрөө оролцоно. Манайд бол бүх зүйл, тоолох нь хүртэл хү­ний гараар учраас байнга хардлага сэрдлэгийн дор явдаг.
ОХУ, Өмнөд Солонгос зэрэг улсууд дараачийн сонгуулиа электрон систе­мээр явуулах гэж бай­на. Манайх үүнээс хоцорч бо­лох­гүй л гэж бодож байна. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх хэрэгтэй. Өмнөх хоёр сонгуулиар бол бид гуйлгаар л ажилласан. СЕХ, Иргэдийн хурлууд дээр байгаа зурагт, ком­пьюте­рүүдийг дай­чил­сан, заримыг нь түрээ­сэлсэн. Одоо бол бид өөрсдийн техник техно­логи, боловсон хүчний бааз бүрдүүлж байж хийхгүй бол болохгүй. Улсын хэмжээний том сонгууль шүү дээ.
Б.СЭМҮҮН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж