Уитни Хьюстоны аялан тоглолт бүтэлгүйтсээр л байна

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Уитни Хьюстоны аялан тоглолт бүтэлгүйтсээр л байна

Америкийн поп дуучин Уитни Хьюстон өөрийн шүтэн
бишрэгч нараа гонсойлгожээ. Түүний хоёрдугаар сарын 22, 24-ны өдөр
Австралид хийсэн тоглолтын талаар орон нутгийн сонинуудад энэ тухай
мэдээлжээ. Daily Telegraph сонинд бичсэнээр Брисбен хотод болсон эхний
тоглолтон дээрээ 46 настай дуучин хоёрхон дууны дараа ядарсан царайтай
байсан бөгөөд дуугаа арай ядан дуулсан ажээ. Тэгээд удсан ч үгүй
завсарлага авах шаардлагатай болсон байна. Буцаж ирээд Хьюстон дуугаа
ханиан, үгээ мартан дуулсан бөгөөд шоуны төгсгөлд дуучин төөрч
самуурсан хүн шиг харагдаж байлаа. Тэр хөгжимчдийнхөө нэрийг ч олигтой
санахгүй байв. Үүнээс гадна "I will Allways Love You" дуугаа дуулахдаа
өндөр өргөлт авч чадалгүй ус уухаар түр зогссон гэнэ. Харин Сиднейд
болсон тоглолт нь арай дээр эхэлсэн боловч 50 минутын дараа дуучны
хоолойд бэрхшээл үүссэн байна. Энэ үед шүтэн бишрэгч нар шүгэлдэж
эхэлсэн. Дараа нь тэд концертыг дуусгалгүй танхимыг хаян гарч
одоцгоосон байна. Гарахдаа хүмүүс сэтгэл хангалуун бус байгаагаа хэлж
Уитниг нэг ч дуугаа бүтэн дуулж чадаагүй хэмээн авсан билетнийхээ үнийг
буцааж авахыг шаарджээ. Дуучныг хар тамхинд нэвт орсон байна гэж хэлэх
ч хүн тэдний дунд байлаа. Харин тоглолтыг зохион байгуулагч нар мөнгийг
эргүүлэн өгөхөөс татгалзжээ. Түүнээс гадна тэд дуучныг эрүүл мэндийн
хувьд зүгээр гэж нотлохыг хүсч байв. "Түүний хоолой бага зэрэг сөөнгө
байсан, биеийн хувьд бол эрүүл. Тэр 22 настай биш. Хэрвээ та 20 жилийн
өмнөхийг хүсч байгаа бол цомгийг нь худалдаж ав" гэж шоу менежер Эндрю
Макманус хэлсэн тухай бичжээ.
Австралид Хьюстон дахин
дөрвөн тоглолт хийх ёстой. Дараа нь харин тэр Европт очино. Хьюстон нь
долоон жилийн турш хийсэн "I look To You" ганц цомгондоо зориулан
дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж байгаа билээ. Өнгөрсөн жилийн 12
сард Москва, Санкт-петербург хотуудад тоглолт хийсэн боловч тэр нь ч
бас олигтой амжилтад хүрээгүй юм.

Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж