Дуучин Б.Мишээлтэй ярилцлаа.
-Хүн
бүхэн бурханлаг гэгээн, чөтгөр шиг ааш араншинг өөртөө агуулж байдаг.
Чухам аль нь ноёлж болохыг тухайн хүн өөрөө л шийднэ шүү дээ-
Этгээд араншин, өвөрмөц хувцаслалт,
тэр ч бүү хэл амьдралын хэв маягийнх нь талаар олон хүн дүгнэж,
тодорхойлохыг хичээдгийг ч тэр хайхардаггүй. Хэн нэгэн түүний талаар
ярьж, муугаар хэлсэн ч түүний амьдрал өрнөдгөөрөө өрнөж,
үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ гэдэгт тэр итгэдэг.
Байгаа байдал нь л бусдын сонирхлыг
татчихаж дөнгөдөг түүний хүүхдэрхүү байдлыг анзаарсан бол магадгүй
түүнийг могойтой зүйрлэх ч юм билүү. Түүний “Би могой байсан юм” хэмээх
дууг сонсохдоо “Мишээл чинь могой юм байна ш дээ” гэсэн тэнэгдүүхээн
бодол тархинд харван орж ирсэн юм. Өнгөрсөн өвөл түүнтэй уулзахаар цаг
болзоод хүлээж зогсохдоо хажуугаар өнгөрсөн ягаан нэхий малгайтай
охиныг анзаараагүйгээ нуух юун. Тэр өдөр нүүрэндээ ганц ч будаг
хүргээгүй болов уу гэмээр арьс нь толийж, телевизээр гарахдаа өмсдөг
өнөө л хар өмсгөл, гялтгар гоёлоо зүүгээгүй байсан юм. Магадгүй энэ дүр
зураг таны төсөөлснөөс ч онцгой харагдаж байсан байх. Түүнийг зураач
С.Саранцацралтын том охин гэдгээр нь мэдэх хүн олон.
-Чамайг
гэр бүлтэй болохыг хүсэхгүй байгаа талаар ярихыг сонсоод бүсгүй хүн бүр
л хүүхэд төрүүлж аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэсэн бодол минь
замхарчих шиг л болсон. Яагаад гэр бүлтэй болохыг хүсдэггүй гэж?
-Гэр бүл гэдэг маш чухал зүйл. Би
ямар нэг хүлээсэнд баригдах дургүй учраас л гэр бүлтэй болохыг хүсэхгүй
байгаа юм аа. Өөрөө гэр бүл зохиочихвол гэр бүлдээ хамаг анхаарлаа
зориулж, тэдэндээ их анхаарал хандуулах хэрэгтэй болно.
-Амьтанд тэжээх дургүй гэж байсан?
-Амьтан аваад тэжээхээр хэтэрхий
дотно болчихдог. Тэд гэр бүлийн гишүүнд тооцогдож, гэрт төдийгүй сэтгэл
дотор ихээхэн байр суурь эзэлнэ. Амьтан гэдэг чинь богинохон настай
амьтан болохоор үхсэнийх нь дараа маш их шаналдаг. Урьд нь загас
тэжээдэг байсан. Бас л үхчихсэн.
-Хагацлаас айдаг гэсэн үг үү?
-Айх нь ч хаашаа юм. Дассан
зүйлээсээ холдохоор хэсэг хугацаанд сэтгэл санаа “онцгүй” болчихдог.
Сэтгэлээ өвтгөхийг хүсдэггүйтэй минь холбоотой. Би шаналах дургүй. Ямар
нэг санаа зовсон зүйл хажууд байна гэдэг их муухай.Тэгээ д ч сэтгэлийн
дарамтад орж, шаналаад байдаггүй.
–Сэтгэл хөдлөлөө хэрэхэн илэрхийлдэг вэ?
-Сэтгэл маш их хөөрч догдолсон
үедээ ч орилж, чарлаж, инээж баясдаггүй. Хүн харахад нүүрний хувирал
гардаггүй гэсэн үг. Дотроо бол маш их баяр хөөртэй явж байдаг. Гаднаас
минь хараад миний сэтгэлийг таах аргагүй.
-Би
уг нь чамайг дандаа инээмсэглэж байгаагаар чинь хардаг. Худлаа инээдэг
байж магадгүй гээд бодчихсон чинь дотор муухайраад явчихлаа.
-Хаанаас даа. Зарим тохиолдолд өнгөцхөн хувирлууд мэдрэгдэлгүй яахав дээ.
-Үхлийн тухай хөгжилтэй яриа ярих уу? Жишээ нь чиний хувьд үхэл ямар өнгөтэй вэ, үхлийг юу гэж боддог вэ ч гэх юм уу?
-Yхэл бол түр зуурын амралт. Хүн
амьдарч дуусаад, өөрт оногдсон насаа барчихаад дараагийн амьдралаа
хүлээх хүртлээ үхдэг. Бурхан хүмүүст маш том боломж санал болгодог гэж
би бодоод байдаг юм. Хүн хэмээх хамгийн дээд заяаг олгочихоод сайхан
амьдарч, заяагаа дээшлүүлэх эрхийг давхар олгож байна ш дээ.
-Тэгвэл
үхэл чамайг авахаар ирэх үед чи яах бол?
-Би их баяртай байх болно. Хүн
гэдэг чинь дээд төрлийн амьтан. Хүний төрлийг авчихсан хүн хэзээ ч
амьтны төрөл юм уу, доод төрөлд төрдөггүй. Тийм болохоор дараа төрөлдөө
одоо байгаагаасаа илүү, дээд төрөл олох учраас би өөрийн биеэр үхэлтэй
нүүр тулгарахдаа баярлах нь зүйтэй байх.
-Тэгэхээр Мишээл шүтлэгтэй
болж таарлаа. Шүтлэгийнхээ талаар яриач?
-Буддын гүн ухаан бол маш том
онол. Хүмүүсийн тархийг гашилгасан бүх л асуултад бүрэн дүүрэн хариулт
өгч чаддаг. Нэг ёсондоо хүнийг “тупик”-д оруулахуйц маш дэлгэрэнгүй
хариулт өгчихдөг байхгүй юу.
-Ямарваа зүйлд харьцуулалт байдаг.
Чинийхээр бол шашин, бурхан хоёрын ялгаа?
-Шашин бол бурханд хүрэх шат
гэж ойлгодог. Шашны тусдамжтайгаар хүн өөрөө өөртөө хүрч, өөрийгөө нээж
чадна. Хүний шүтлэг гэдэг чинь эргээд өөр лүү нь чиглэж байдаг болохоор
өөртөө, уураг тархиндаа өдөрт ядаж 30 минутыг зориулан бясалгадаг байх
хэрэгтэй. Хүн гэдэг эрч хүч энергээ дотоод сэтгэлээсээ авдаг болохоор
хүсээд байгаа сэрэл мэдэрхүйгээ дотоод мэдрэмжээсээ хайж олох нь
хамгийн чухал. Харин бурхан бол цаас, тэмдэглээд үлдээчихсэн баримт
зураг ч биш. Хүн өөрөө л бурхан.
-Саранцацралт эгчийн “Хүн өөрөө
бурхан” гээд нэг бүтээл санаанд орчихлоо.
-Аан тийм. Би ээжийгээ их
хүндэлж, сүсэглэж явдаг. Бид чинь бясалгалд хамт явдаг юм. Тэгэхээр
үзэл баримтлал зарим талаар давхарддаг.
-Хүн өөрөө бурхан юм бол яагаад сайн, муу гэж
ангилаад байгаа юм?
-Хүн бүхэн бурханлиг гэгээн, чөтгөр шиг ааш
араншинг өөртөө агуулж байдаг. Чухам аль нь ноёлж болохыг тухайн хүн
өөрөө л шийднэ шүү дээ. Гэхдээ хүнд бурханлиг чанар нь давамгайлдаг
учраас үргэлж сайн сайхан бүхнийг л хүсэн мөрөөдөж байдаг гэж би
итгэдэг.
-Эмэгтэй хүн ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Яг цэвэр эмэгтэй,
эрэгтэй хүн гэж байдаггүй. Эмэгтэй хүний дотор заавал нэг эрэгтэй чанар
байж л байна. Тийм ийм байгаасай, ийм байгаасай гэж хүсэхгүй байна. Хүн
бүр өөр өөрийн онцлог шинжүүдтэй байдаг.
-Тэгвэл өөрийнхөө тухай юу
гэж боддог вэ? Би тодорхойлолт маягийн юм л сонсмоор байна.
-Хүн
муулах, хов ярих, дэлгүүр хэсэхийг тэвчдэггүй. Үнэн голоосоо дургүй.
Биед эвтэйхэн хувцас өмсөөд, хэнээс ч хараат бус орших дуртай. Ээмэг,
бөгж зүүхээр нэг л тээртэй санагдаад байдаг юм.
-Хараад байхад эд
материалын сонирхол багатай юм уу даа?
-Тийм шүү. Материаллаг гэхээсээ
илүү оюун санаагаа анхаардаг.
-Дандаа л хар өнгийн хувцас өмссөн
харагддаг. Хар өнгө таалагддаг юм уу? Дургүй юм бол яагаад элдэв янзын
бөгж бугуйвч зүүдэг юм бэ?
-Миний ивээл өнгө бол хар. Хар өнгөтэй
хувцас өмсчихөөр нэг л тайван болчихдог. Тэгээд л би өөрийгөө хар
өнгөнд дуртай гэж боддог ш дээ. Тэр бөгж бугуйвчны тухайд бол миний
үнэнч найз, дотны хүн болох дүү Мөнгөлдэй маань миний стилист учир
санал болгосон гоёлуудыг нь хэрэглэдэг юм. Байнга биш ээ.
-Онгод гэж юу
юм бэ?
-Онгод гэж яг юу байдгыг мэдэхгүй
юм. Дотроос маажиж байгаад юу хүсээд байгааг нь хэлж өгдөг хүн ч юм уу,
сүнс ч байж болох юм. Эсвэл жижигхэн Мишээл миний дотор амьдардаг ч юм
бил үү.
-Цомгийнхоо талаар
яриач.
-Анхны бие даасан дебют цомгийн нэр нь Мишээл. Энэхүү цомогтоо
Modern, Jazz, Hard rock гээд нэлээд хэдэн чиглэл, жанрын дуу
багтаасан.
-Хүмүүсийн ярьдгаар бол чи Jazz, Soul чиглэлийн дуугаа
дуулаад цэнгээний газруудад дуулж байвал их зохино гэдэг…?
-Тэр ч
яахав хүмүүсийн бодол. Би зүгээр л хүссэн чиглэлээрээ дуулж чаддаг
байхыг илүүд үзсэн юм. -Баярлалаа.
Т.Нямжав /2007.09.26/