1997 оны Будапешт болсон ДАШТ-ий мөнгө, Кубын Кардова-Кардинийн алт, Роверт Валодогийн мөнгө, Флиппины алт, Бээжингийн ОУТ-ий алт, 1993 оны Таиландын ОУТ-ий мөнгө, 1995 оны Узъбекстаны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ, Т.Үйтүмэнтэй ярилцлаа.
-Сар шинэдээ сайхан шинэлсэн үү?
-Маш сайхан шинэллээ. Харамсалтай нь хөдөө орон нутаг руу ээж ах дүүдээ очиж золгож чадсангүй. Боксын холбооны ажил маш ихтэй учраас золгох ч зав олдсонгүй дээ.
-Хоёулаа ямар нэгэн гавьяа шагнал ярихгүй Т.Үйтүмэн хэмээх хувь хүний ертөнцөөр аялъя. Таныг тойрсон үй түмэн бодол, бас адал явдал бий байх. Тэртэй тэргүй таны гавьяа шагнал, амжилтыг ард түмэн мэдэж байгаа учраас давтах нь илүүц биз?
-Тэгье л дээ. Би Монгол Улсын иргэн Т.Үйтүмэн. Өнөөдрийн хувьд боксын холбооны ажил нэгдүгээрт тавигдаад толгой гашлаад байж байна. Улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн боксын тэмцээний ажилд дарагдаад байгаа нь энэ. Үүнээс болоод ганц би ч биш, манай боксын холбооны шүүгчийн зөвлөлийн дарга Ц.Нандигжав, холбооны ерөнхийлөгч Д.Цогбаатар, шигшээ багийн дасгалжуулагч Д.Банди, мөн боксын холбоотой хамаатай бүх хүмүүс маш их ажилтай байна.
-Энэ жилийн улсын аварга шалгуулах тэмцээнд олимп, дэлхийн аваргууд оролцох уу?
-Монголын бокс Монгол Улсдаа нэг номерын олимпийн спорт боллоо. Насанд хүрэгчдийн улсын аваргаар Хөдөлмөрийн баатрууд оролцох юм. Дасгалжуулагч нь ардын багш, тэмцээнийг зохион байгуулж байгаа ерөнхий шүүгч нь Алтан гадас, Сүхбаатарын одонтой хүмүүс. Түүгээр ч зогсохгүй үзэгчид нь гавьяат байх жишээний.
-Хэн хэн гэж?
-Чөлөөт бөхийн О.Пүрэвбаатар, Жүдо бөхийн Д.Нармандах, боксын Т.Үйтүмэн гээд л…/инээв/
-Бокс үнэхээр “илүү” болжээ?
-Өө илүү, илүү. Цаг ямагт илүү гэдгээ мэдрүүлж байна шүү дээ.
-Яагаад ингэж илүү болов оо?
-Баг хамт олноороо бие биенээ ойлгож ажилласны буян. Үүнд монголын боксын холбооны ерөнхийлөгчийн үүрэг маш их байгааг дурьдах нь зүйтэй.
-Та сая утсаар хэнтэй учиргүй англиар ярьчихав. Англи хэлийг хаана ингэж сайн сурсан юм бэ?
-Иракын боксын холбооноос олон улсын тэмцээнд оролцооч хэмээн урилга ирүүлж байгаа юм байна. Энэ тэмцээн дөрөвдүгээр сард болох юм. Би англиар хазгай муруй ярьчих шиг боллоо. Боксын спортын буянаар таван тивийг хисч үзсэн болохоор муухан ярина. Уг тэмцээнд оролцох үгүйгээ боксын холбооныхоо ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчтэйгээ ярьж байгаад шийднэ дээ.
-Тамирчин хүнд тэсвэр хатуужил хамгийн чухал. Тэр дундаа ухаан, сүйхээ ч бас нөлөөлдөг байх даа?
-Тийм. Энэ нь тамирчин хүнд төдийгүй тамирчин байж байгаад больсон хүнд ч ихээхэн хамаатай./инээв/
-Уучлаарай,та дуунд их маруухан юм билээ. Ярихдаа хүртэл “солгой”хоолойгоор ярих юм аа?
-Тийм ээ. Ахынх нь бүх юм солгой. Нүд, гар, хөл бүгд солгой./инээгээд/ Миний анхны багш, Монгол Улсын ардын багш Д.Банди ганцхан боксоос өөр юм битгий сур. Боксоо сайн сур л гэсэн. Тэгээд би ард түмнийхээ буянаар олон сайхан гавьяа шагнал хүртсэн дээ.
-Гэхдээ Кёкүшюзан Д.Батбаяр, дархан аварга Б.Бат-Эрдэнэ гээд олон тамирчид улстөрч болж, төр барьдаг боллоо. Танд ч гэсэн ийм бодол бий биз?
-Хэзээ ч тийм бодол төрөхгүй. Би амьдралаа спортоор эхэлсэн юм чинь спортоороо л дуусгана гэж боддог. Спортоор эхэлсэн юм улс төрөөр дуусахгүй л дээ.
-Монголын төдийгүй дэлхийн бахархлыг төрүүлж байсан Асашоёрюү Д.Дагвадорж зодог тайллаа. Тэгэхээр спорт мөнхийн биш байгаа биз дээ?
-Зодог тайлж байгаа нь хувь хүний асуудал байж болно. Гэхдээ энэ хүмүүсийг хавчин гадуурхаж байгааг нуугаад хэрэггүй. Тухайлбал, даян аварга А.Сүхбатыг бөхийн холбоо яаж их гадуурхсныг ард түмэн мэдэж байгаа. Би А.Сүхбат, Д.Дагвадорж аварга нараараа бахархдаг. Тамирчин хүн дэвжээн дээрээ энэ хүмүүс шиг эрэмгий, шийдэмгий байх эрхтэй. Энэ бол тамирчин хүнд байх ёстой эрхэм зан чанар. Би өөрөө тамирчин хүн учраас тэднийхээ зовлонг яс махандаа шингэтэл ойлгож байна.
-Мэргэжил нэгт хүний зовлон жаргал ижил байдаг. Олимпоос элэг нэгт монгол түмний минь дотроос 46 жилийн түүхэнд анх удаа алтан медаль хүртсэн тэр баярт өдөр Монгол хүн бүр догдолсон. Тэр дундаа та бүр их догдолсон байсан. Тэр үед ер нь ямар байсан бэ?
-Үнэхээр төсөөлж чадахгүй байна. Магнайн үснээс минь хэн нэгэн татах шиг болж өөрийн эрхгүй нулимс асгарсан шүү. /Хоолой зангирав/. Ер нь биднийг олимп, дэлхийн аваргад гавьяа байгуулахаас өмнө тусалж, дэмжиж байсан маш олон хүн бий. Тэр дундаа одоо УИХ-ын гишүүн болсон Х.Наранхүү ахдаа маш их баярлаж явдаг. Энэ хүний нүнжигтэй сэтгэл Монголын олимпын боксын холбооны хамт олон бидэнд ихээхэн нэмэр болсныг онцолмоор байна. Нэн ялангуяа сүүлийн үед олимп тив дэлхийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчдын амжилт түүнтэй салшгүй холбоотой.
-Та Боксын холбооны нарийн бичгийн даргаар чамгүй олон жил ажиллалаа. Одоо холбооныхоо ажлын хүнд хөнгөнийг ялгаж салгаж байгаа байх?
-Энэ ажлыг аваад тав дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд надтай болон манай боксын холбоотой маш олон хувь хүн, албан байгууллга, аж ахуй нэгжүүд хамтран ажилласан. “Эрдэнэт” үйлдвэр, “Эс энд Эй” ХХК, “Шинэ монгол хаад”, Биеийн тамир спортын газар, МҮОХ, “Монголын Алт” ХХК , “Говь” саун, Нийслэлийн газрын алба, УБТЗ, ИНЕГ, Монгол Улсын хилийн албаны хамт олон, Монголын олимпийн боксын холбооны дэд ерөнхийлөгч нар байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, “Монголын алт” компанийн ерөнхий захирал В.Нямтайшир болон удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярладаг.
-Гавьяат маань чамгүй олон шавьтай болсон байх даа. Залуу боксчдынхоо алдаа онооны талаар бодлоо хуваалцахгүй юу?
-Үндсэн шавь үнэндээ алга. Гэхдээ Монголын боксыг хамт олонтойгоо нийлж хөгжүүлэх гэж чадлаараа мэрийж байна. Залуу боксчид, ахмад гэж ялгамааргүй байна. Миний анхны багш Д.Банди бүх асуудлыг шийдэж байгаа болохоор санаа зовох асуудал байхгүй.
-Хамгийн харамсалтай тэмцээнийхээ тухайд?
-Би олон тэмцээнд луйвардуулж байсан. Тэрийг ард түмэн бүгд мэдэж байгаа. Японы 1994 оны Хирошима хотод болсон Азийн тоглолтонд нутгийн тамирчинд муухай луйвардуулсан даа. 1997 онд Атлантын олимпод Америкийн тамирчинтай хүрэл медиалийн төлөө тоглоод бас л луйвардуулсан. Гэх мэт яривал маш олон байна.
-Унасан бөхөд шалтаг мундахгүй ч гэж бас манайхан ярьдаг?
-Үүнд би биш ард түмэн хариулах байх. Телевизээр алдаа оноо минь бүгд харагдсан шүү дээ. Тэр үед өнөөдрийнх шиг Монголын боксын холбоо хоёр
том шүүгчтэй байсан бол манай улсаас нэг биш нэлээд хэдэн удаагиин олимп, дэлхийн аварга төрөх байсан даа.
-Та их шартай хүн байх нь ээ?
-Би рингэн дээрээ шартай. Түүнээсээ буугаад томоотой Үйтүмэн болж хувирна даа. Миний багш рингэн дээрээ чоно шиг, рингнээс буугаад хонь шиг байгаарай гэж сургадаг юм. Би үүнийг нь хэзээ ч мартдаггүй.
-Манай монгол эрчүүд жаахан омогтой шүү дээ. Гавьяаттай гар зөрүүлэх зоригтой монгол эртэй таарч байв уу?
-Манай монголчууд омогтой нь омогтой. Миний омог рингэн дээрээ л байна. Янз бүрийн хүнтэй муудаж сайдах үе байлгүй л яахав. Эвээр л зохицуулахыг боддог. Бүр болохгүй бол зугтчихна. Харин гүйцээд ирвэл цохиод унагаачих л байх даа. /инээв/
-Та их нээлттэй хүн юм шигээ?
-Тийм ээ. Надад нуугаад байх юм байхгүй.
-Хүүхдүүдээ боксоор хичээллүүлэх бодол бий юу?
-Том охин охин маань теннисээр хичээллэдэг. Хоёр бага маань спортын ямар төрөл сонгож хичээллэхээ өөрсөө мэдэх байх. Би заавал боксоор хичээллээрэй гэж хэлэхгүй. Сонголт тэдний гарт. Боксоор хичээллэвэл хорихгүй.
Б.Анхцэцэг /2010 оны 2 сарын 22/