-Монголын Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд дахиад л дуудагдлаа. Энэ удаад манай Засгийн газрыг “Хан ресурс” компани дуэльд дуудаад байна. Бүр 200 сая ам.долларыг манайхаас нэхэмжилсэн гэл үү?
-“Хан ресурс” компани өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаанаас болж тусгай зөвшөөрлөө алдчихаад одоо яагаад ийм зарга шүүлгэ болоод байгааг гайхаж л сууна. 2009 онд Цөмийн энергийн хуулийг баталсантай холбоотойгоор ураны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг нь бүгдийг нь хүчингүй болгоод дахин шинэчлэн бүртгэх ажлыг хийсэн. Энэ дагуу л “Хан ресурс” компанид мэдэгдэл хүргүүлээд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон юм. Эндээс эхлэлтэй зарга өдий хүртэл яваад байгаа бололтой дог. Энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Олон улсын арбитрын шүүхэд хандаж манай Засгийн газрын хууль бус үйл ажиллагаанаас болоод 200 сая ам.долларын алдагдал амссан гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан. Засгийн газраас уг нэхэмжлэлийн дагуу Олон улсын арбитрын шүүх хуралдаанд оролцохоор ажлын хэсэг байгуулаад байгаа. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан томилогдоод бэлтгэл ажилдаа ороод байна.
-Та ажлын хэсэгт байгаа биз дээ?
-Байгаа, байгаа.
-Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс Цөмийн энергийн газрын даргын тушаалыг хүчингүй гэсэн шийдвэр гаргасан юм биш үү. “Хан ресорсез” заргаа авлаа гээд л бөөн мэдэгдлээр булаад байсан шүү дээ?
-“Хан ресорсез” хүмүүсийн толгойг сайн угаасан. Манайх заргаа авлаа гээд л хэвлэлийн кампанит ажил явуулаад. Үнэндээ бол Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс тэдний талд шийдвэр гаргасан юм биш ээ. Тус шүүхээс Цөмийн энергийн газрын даргын тушаал үндэслэл нь тодорхойгүй, үүнийгээ тодруул гэсэн байсан. Мөн тус компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Цөмийн энергийн газар бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрлэнэ гэж Нийслэлийн захиргааны хэргийн шүүх үзсэн байсан юм.
-Нийслэлийн захиргааны хэргийн шүүх будилаан тарьчихсан юм биш үү. Ойлгомжгүй шийдвэр гаргаад?
-Үгүй л дээ. Ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалснаа тодорхой болгох шаардлагатай гэсэн байсан.
-“Хан ресурс” байн байн хэл ам хийгээд, зарга болоод байгаа нь Цөмийн энергийн газар тусгай зөвшөөрлийг нь булаагаад авчихвуу гэх хардлага төрүүлээд байгаа. “Мон-Атом” төрийн өмчит компани хүртэл “Хан ресурс”-ийн талд байгаагаас харахад?
-Би дээр хэлсэн шүү дээ. Цөмийн энергийн хууль шинээр батлагдсантай холбоотойгоор ураны бүх тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх, цэгцлэх ажил өрнөсөн. “Хан ресурс”-ийн лиценз Цөмийн энергийн газарт ирэхээсээ өмнө л асуудалтай байсан шүү дээ. Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүсэлтийн дагуу түдгэлзүүлчихсэн байсныг тэдэнд сануулмаар байна. Тэд Монгол Улсын хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан бол хаанаас ийм хэрэг мандах билээ. “Мон-Атом” компани ямар үндэслэлээр “Хан ресурс”-ийн заргыг хүлээн зөвшөөрөөд тэдний талд зогсоод байгааг мэдэхгүй. Тэгэх ашиг сонирхлын шалтгаан тэдэнд байгаа юм байлгүй дээ. “Хан ресурс” компани дээрх 200 сая ам.долларыг манай Засгийн газар болон Мон-Атом компанийн нэр дээр нэхэмжилсэн байна лээ.
-Дорнодын Мардайн ордыг оросуудад авч өгөхийн тулд канадуудыг манай Засгийн газар дээрэмдчихсэн юм биш үү. Та яг үнэнээр нь хариулаарай?
-Үгүй. Дорнодын Мардайн орд газрын тусгай зөвшөөрөл “Хан ресурс”-ийн нэр дээр биш “Төв Азийн уран” компанийн нэр дээр байдаг. Монголын Засгийн газар, Оросын засгийн газар ч тэндээс хувь эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Монгол, Орос, Канад гурван нөхөр “Төв Азийн уран” компанийг байгуулаад Мардайн орд газарт үйл ажиллагаа явуулж байсан юм.
-Харин тэгээд л орос, монгол хоёр нийлж байгаад канад нөхрөө “өшиглөөд” хөөчихсөн, нөгөөх нь бөөн гомдол яриад бүр сүүлдээ Олон улсын арбитрын шүүхэд хандаад байгаа ч юм бил үү. Ингэхэд Монгол, Оросын хамтарч байгуулж байгаа “Дорнод Уран” компани яг энэ орд газар дээр үйл ажиллагаа явуулна гээд байгаа биз дээ?
-Монголчууд зодуулсан хүнийг нь өрөвдөх дуртай. Харин яагаад зодуулах болов гэсэн шалтгааныг нь ерөөсөө олж хардаггүй. Зодсон хүнд бүх бурууг тохдог. Тэгээд ч овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг үг байдаг шүү дээ. Оросын ерөнхийлөгч Д.Медведев манайд анх айлчлах үеэрээ Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” компани байгуулахаар гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурцгаасан шүү дээ. “Дорнод Уран” компанийг байгуулах ажлыг Монголын талаас “Мон-Атом”, Оросын талаас “Атомредметзолото” компани хариуцаж ажиллахаар болсон. Хоёр тал хэн нь хэдэн хувь эзэмших талаар тохироонд хүрч чадахгүй байсаар компани байгуулах ажил удааширсан тал бий. Харин оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ- хийсэн айлчлалын үеэр хувь хэмжээгээ тохироод компаниа байгуулах шийдвэрт хүрсэн. Ямар ч байсан “Дорнод-Уран” компани Дорнодын орд газарт, тэр тусмаа Мардайн орд газарт ажиллах нь ойлгомжтой.
-“Дорнод Уран” хэзээ байгуулагдах вэ. Гэрээнд хэдий хугацаанд байгуулагдах ёстой гэж заасан байдаг юм бол?
-Энэ оны эхний улиралд байгуулагдчих болов уу. Эхлээд компаниа байгуулаг. Дараа нь тус компани тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ манайд гаргана. Өөрөөр хэлбэл, хаана, ямар талбайд, ямар үйл ажиллагаа явуулах вэ гэсэн хүсэлтээ албан ёсоор манайд тавина. Эдийн засгийн техник үндэслэлээ гаргана. Ингэсний дараа л асуудал цэгцэрнэ дээ.
-“Дорнод-Уран” компанийн олборлогчоор япончууд ажиллах гэл үү. Орос, Монголын гурав дахь түншээр Япон улсыг сонгосон гэсэн байх аа?
-Яг ч сонгосон юм биш ээ. Яригдаж байгаа асуудал. Ер нь бол бусад орны цөмийн энергийн салбар нууцлагдмал байдалд байдаг. Харин манайх бол хэтэрхий ил. Японы Стратеги бодлогын сайд манайд ирсэн. Хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар ярилцсан болохоос “Дорнод Уран” дээр хамтарья гэсэн асуудал хөндөгдөөгүй. Манайх 2009 онд цөмийн энергийн салбарт Японтой хамтрах санамж бичиг байгуулсан. Харамсалтай нь ажил удаашралтай байна.
-Хэнээс нь шалтгаалаад байгаа гэж. Энэтхэг улстай бас санамж бичиг байгуулсан биз дээ?
-Би бол цаад талаас шалтгаалж байгаа гэх гээд байна. Энэтхэгтэй хамтран ажиллах ажиллагаа муу л байна. Манай улстай санамж бичиг байгуулсан Энэтхэгийн цөмийн салбарынхан бүгд өөрчлөгдсөн нь ч нөлөөлсөн байх.
-Атомын цахилгаан станц байгуулах асуудал юу болж байна. Таны хэлснээр бас л нууц байх ёстой юу?
-Тодорхой хэсэг нь нууц байх ёстой. Улс орны стратегийн аюулгүй байдалтай холбоотой болохоор. Цөмийн энергийн салбараа өөрөө их эрсдэлтэй шүү дээ. Гэхдээ Атомын цахилгаан станц байгуулах судалгаа хийгдэж байгаа. Судалгааныхаа ихэнх хэсгийг олны хүртээл болгосон. Монгол орны зүүн бүсэд барихаар судалгаа хийгдсэн шүү дээ. Сайн судлах хэрэгтэй. Судалгаагүйгээр атомын цахилгаан станц барьж болохгүй. Хэдэн хятад нөхөр авчраад бариулчихдаг юм биш шүү дээ. Маш сайн техник технолог, бүтээгдэхүүнээр, өндөр хяналтын дор барьдаг зүйл. Цемент нь хүртэл өөр зориулалтынх гээд бод доо.
-Монгол Улс хэзээнээс уран олборлож эхлэх вэ?
-Уранаа бол 2012 он гэхэд олборлохоор тооцож байгаа. 2013 оноос боловсруулаад гадагш нь гаргахаар төлөвлөж байна. Үүнийхээ дараа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түлш болгох асуудлуудыг ярих юм.
-2013 онд шар нунтаг гаргана гэж үү?
-Тийм ээ, Орос руу шар нунтаг гаргана.
-“Мон-Атом” танай хоёрын харилцаа тааруухан байх шиг ээ. Нэг нь Засгийн газрын агентлаг, нөгөө нь төрийн өмчит компани гэдэг утгаараа харилцаа сайтай байх ёстой болов уу?
-“Мон-Атом” компани Цөмийн энергийн газрын харилцаа тааруухан гэдэг чиний үнэлэлт ортой байх. “Мон-Атом” одоо Төрийн өмчийн хороонд харьяалагддаг. Уг нь ураны салбар гэдэг утгаараа манай газрын харьяанд ч байх ёстой л доо. Ийм буруу тогтолцооноос болоод үл ойлголцол бий болоод байна. “Мон-Атом” асуудлаа манайд тавих ёстой. Үүрэг чиглэл авах ёстой. Харамсалтай нь манайхаас үүрэг чиглэл авч, асуудлаа тавих нь битгий хэл Цөмийн энергийн газарт тушаал өгөх нь холгүй л байна. Эрх үүргээ бодсон ч яалт ч үгүй л манай дор ажиллах ёстой компани.
-Тантай холбоотой шум өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс хүчээ авч эхэллээ. Өөрөөр хэлбэл, Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатын оронд А.Ундраа томилогдох нь ээ гэсэн мессеж тарсан шүү дээ. Танай салбараар, тодруулбал танай газраар чухам юу болоод байна вэ. Үнэхээр таныг солих гэж байгаа юм уу?
-Эзний алба ээлжтэй гэдэг. Мэдээж авч болсон албан тушаалыг өгч болох л байлгүй дээ. Чи муу байна авнаа гэвэл албан тушалтайгаа зууралдаад байхгүй. Гэхдээ ямар үндэслэлээр ийм яриа гараад байгааг мэдэхгүй байна. Хэний зүгээс ийм чулуу шидээд байгааг ч мэдэхгүй л сууна. Мэдээж хэн нэгэнд ийм яриа дэгдээх нь ашигтай байхыг үгүйсгэхгүй. Надад хэн нэгэн чи албан тушаалаа өгөх боллоо гэж хэлээгүй. Өгнө шүү гэсэн анхааруулга ч өгөөгүй. Дээд даргаас маань энэ талаар ямар нэгэн яриа гаргаагүй болохоор ажлаа хийж л байна.
-Дээд дарга гэж хэн. Засгийн газар уу?
-Би нэг л даргатай, тэр нь Ерөнхий сайд.
-Таныг С.Баярын хүн гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Монгол Улсыг хөгжүүлэх, цөмийн энергийн салбарыг сайжруулах талаар Монгол Улсын хууль дүрмийн дагуу би хэнтэй ч хамтарч ажиллаж чадна. Хэний ч хүн байж чадна.