Гавьяат тамирчин Б.Наранбаатар, чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат, Т.Энх-Амгалан, Э.Ням-Очир нарын шилдэг тамирчдыг Монголын чөлөөт бөхөд бэлтгэж өгсөн “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга урилгаар Тайвань улсын шигшээ багийн Зөвлөх дасгалжуулагчаар ажиллахаар шинэ оны эхний өдөр эх орноосоо мордлоо. Сүүлийн арав гаруй жил чөлөөт бөхийн төлөө хөдөлмөрлөсөн түүнийг мэдлэг боловсрол, дасгалжуулалтын ур чадвараараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөөн дасгалжуулагчийн нэг гэдгээр нь спортынхон зайлшгүй үнэлдэг. Монголын чөлөөт бөхийн холбооноос төрсөн анхны Олон улсын дасгалжуулагч атал Б.Баттулга багшийг дандаа шигшээ багийн гадна үлдээдэг байсныг нь хүмүүс мэдэх юм. Сэтгүүлчид ялангуяа түүнийг шигшээ багт авахыг дэмжин, олонтаа бичиж байсан санагдаж байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг Тайвань руу нисэхээс нь хоёр хоногийн өмнө уулзаж авсныг тодруулах хэрэгтэй болов уу.
-Таныг Тайваньд ажиллах болсныг тийм ч олон хүн мэдээгүй байх шиг байна. Тэндээс хэзээ ажлын санал ирсэн юм бэ?
-Ер нь бол хоёр жилийн өмнө санал тавьсан байсан юм. Тухайн үед би Бээжингийн олимпийн дараа эргэж бодъё гээд татгалзсан хариу өгсөн. Олимпийн дараагаар Чөлөөт бөхийн холбооны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт эхэлсэн учир эндээ, шигшээ багтаа ажиллах боломж байвал үлдье гэж шийдээд дахиад татгалзсан. Шигшээ багийн дасгалжуулагч нарын асуудлыг яаж шийдэх нь вэ гэдгийг харъя гэж бодож байсан юм. Тавдугаар сард шигшээ баг байгуулагдахад ямар хүмүүс дасгалжуулагчаар томилогдсоныг хүмүүс мэдэж байгаа. Үнэнийг хэлэхэд, би энэ удаа дахиад хаалганы цаана үлдэнэ гэж бодоогүй л дээ. Манай баг /Арслан клубын баг тамирчдыг хэлэв/ 2006, 2007, 2009 гээд гурван жил улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихсэн гэдэг утгаараа шигшээ багт ажиллах санал тавих болов уу гэж бодож байсан. Сонгон шалгаруулалтад нь ч тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Харамсалтай нь, манай чөлөөт бөхийн холбоо асуудлыг бидний бодсоноос өөрөөр шийдсэн учир Тайванийн талын хүмүүсийн саналыг хүлээж авахаар болж, тэнд ажиллаж амьдрах шийдвэр гаргачихаад байж байна. Үндсэндээ бол хоёр жил гаруй бодож байж гаргасан шийд.
-Тайванийн эрэгтэй багтай нь ажиллах уу?
-Эрэгтэй, эмэгтэй хоёулаа. Тайванийн шигшээ багийн /эрэгтэй, эмэгтэй/ зөвлөх дасгалжуулагч гэсэн үг л дээ.
-Гэрээний хугацааг дөрвөн жил гэж сонссон. Лондонгийн олимпод оролцох эрхийн төлөө өрсөлдөж байгаа шавь нараа орхиод явна гэхээр жаахан харамсалтай л санагдаж байна?
-Эхний ээлжинд би нэг жилээр гэрээ хийсэн. Жилээр гэрээ хийсэн учир нь 2010 оны Гуанжоугийн Азийн наадам хүртэл ямар үр дүн гарахыг харъя гэж бодсон. Хэрэв боломжтой гэж үзээд, миний зүгээс ч гэсэн тэнд байх таатай нөхцөл бүрдвэл 2012 оны Лондонгийн олимп хүртэл гэрээгээ сунгах байх. Шавь нараа бодохоор мэдээж хэцүү л дээ. Анзаарч байхад намайг хүмүүс шигшээ багийн дасгалжуулагч гэж ойлгодог юм шиг байна лээ. Гэтэл би сүүлийн хориод жил өөрийнөө амьдралыг хойш нь тавиад энэ спортын төлөө зүтгэсэн. Залуу байна гээд л өөрийгөө хуураад яваад байдаг. Хүнд урам хэрэгтэй байдаг юм байна. Хувийн амьдралаа бодох хэрэгтэй юм байна. Би анх Намбааг /Б.Наранбаатар/ гаргаж ирж байхад аав, ээжээс үлдээсэн байраа зараад л гадагшаа тэмцээнд явж байлаа. Ер нь тамирчнаа гаргаж ирэхийн тулд эхний бүх эрсдлийг багш нар гаргадаг. Юу л байна тэр бүхнээ зохицуулаад хүүхдүүдээ тэмцээнд аваад явдаг ш дээ. Би чөлөөт бөхийн төлөө чадлаараа хичээсэн. Ний нуугүй хэлэхэд, гэр бүлд тулгараад байгаа санхүүгийн чанартай шийдэх ёстой асуудал байна. Товчхондоо бол, Тайвань явах болсон хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт, чөлөөт бөхийн холбоо багш нараа дэмжихгүй, дэмжлэг үзүүлэхгүй байна. Хоёрдугаарт, хувийн асуудал байна. Тэрнээс нэг их том юм яриад, том зорилго тавиад ч юм уу, мундаг сайндаа тийшээ явж байгаа хэрэг биш л дээ.
-Та дасгалжуулагчаар хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?
-Би анх 1993 онд их сургуулийн оюутан байхдаа багш болж байсан. Бөхийн 73 дугаар сургуульд чөлөөт бөхийн багшаар ажиллах үедээ би 20 настай байлаа. Миний ажлын гараа тэндээс эхэлсэн. Ингээд 1996 онд БТДС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөнийхөө дараа 1997 онд “Арслан” клубээ байгуулсан юм байна. 73-р сургуулиасаа ч хүүхэд авсан, зарим нэг шинэ хүүхдүүд ч ирсэн.
-Б.Баттулга гэж хүнийг гавьяат тамирчин Б.Наранбаатарын багш, түүнийг гаргаж ирсэн дасгалжуулагч гэдгээр хүмүүс сайн мэднэ. Гэхдээ зарим хүмүүс Б.Наранбаатарыг дэлхийн аваргын медальтан болгосон таны хөдөлмөрийг үгүйсгэж ярьдаг. Та ч өөрөө тийм яриаг сонсдог л байх?
-2000 онд би БТДС-ийн чөлөөт бөхийн дасгалжуулагчийн багш болсон юм. Тэр үед Намбаа /Б.Наранбаатар/ хоёрдугаар курсын оюутан байсан. Дөнгөж 20 настай. Ангийнх нь багшийн хувьд, мэргэжлийн хичээл зааж байгаа дасгалжуулагчийнх нь хувьд Б.Наранбаатар анхнаасаа л нүдэнд тусч байсан. Өмнө нь дөрөв, таван жил өсвөр үетэй ажилласан болохоор надад Намбааг таних, тэр хүүхдийг бэлтгэх тодорхой хэмжээний туршлага байсан гэж би хэлж чадна. Би Намбаад хэлдэг байсан “Хэрэв чи чөлөөт бөхөөр амжилт гаргаж, тууштай хичээллэе гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа бол багш нь чамайг дэлхийн аваргаас медаль авахуулж чадна” гэж. Намбаа итгэдэггүй байсан ш дээ. “Багш аа, та надаар тоглоод байгаа юм уу” гэдэг ч юм уу, эргэлздэг байсан. 2000 оноос буюу тэр жилээсээ бид хоёр хамтарч ажилласан. 2005 оны ДАШТ-ий хүрэл, 2007 оны дэлхийн аваргын мөнгөн медаль гээд гол амжилтуудынхаа суурийг бид хоёр 2000-2003 оны хугацаанд тавьсан. 2001 онд анх гадагшаа тэмцээнд явуулсан. Дараа жил нь Данколовын аварга болсон. Шигшээ багийн тамирчин болсон. Ингээд Б.Наранбаатарыг гаргаж ирсний дараагаас таны хэлсэн “Баттулга бэлэн хүүхэдтэй ажилласан” гэдэг яриа гарч ирсэн. Атаархсан хүмүүсийн л бодол байх л даа. Би ч хэлнэ, Намбаа ч мэднэ. Бид хоёр түүний гол амжилтын суурийг тэр үед яахын аргагүй тавьсан. Гэхдээ хүмүүс тэгж ярьж эхлэх үеэс би нэг юм бодсон л доо. Дүгнэлт хийсэн гэх үү дээ. Ерөөсөө хүүхдийг анхан шатнаас нь өөрөө гардаж бэлтгэх хэрэгтэй юм байна. Ер нь тэгээд шинэ тамирчныг дээд шатанд хүртэл бэлтгэхийн тулд хэдэн жил зарцуулдгийг харъя гэж бодоод дандаа шинэ хүүхдүүдийг клуб дээрээ авч бэлтгэсэн. Ж.Чулуунбат, Т.Энх-Амгалан, Э.Ням-Очир гээд тухайн үед тав, зургадугаар ангид байсан шавь нар маань өнөөдөр жингийнхээ нэг номер болчихсон байна. Тооцож үзэхэд, шинэ хүүхэдтэй арваад жил ажилласны дараа улсын аварга, тивийн хүрэл авах хэмжээнд хүргэж болдог юм байна. Намайг хүлээн зөвшөөрдөггүй зарим хүмүүс ийм тодорхой хөдөлмөр, сэтгэлийг маань эрх биш одоо ойлгодог байлгүй дээ.
-Чөлөөт бөхийн хүрээнийхэн таны мэдлэг боловсрол, чадвар, амжилтыг хүлээн зөвшөөрдөг мөртлөө яагаад дандаа шигшээ багийн гадна үлдээдэг гэж та боддог вэ. 2009 байтугай Афины олимпийн үеэр ч өөрийг чинь шигшээ багийн дасгалжуулагч болох нь гэсэн яриа гарч л байсан?
-Яахав дээ, би өөрийгөө магтах гээд ч юм уу, магтуулах гээд явдаг хүн биш л дээ. Нэгэнт миний дотор гомдол тээж явдаг зүйл байдаг болохоор өнөөдөр хэлэх гэснээ хэлэх нь зөв байх гэж бодож байна. Чөлөөт бөх бол үнэхээр гоё спорт. Дайчин, оюун ухаан сорьсон, барьцгүй болохоор тамирчнаас хурд, ур ухаан шаардсан сонгодог төрөл. Монголын спортын анхны алдартнууд төрсөн гэдэг утгаараа ард түмэн ч чөлөөт бөхөд хайртай. Би ч гэсэн тэдний л нэг. Багаасаа л чөлөөт бөхийн спортыг сонирхдог байсан. Чөлөөт бөхийг хөгжүүлэхэд гар бие оролцъё гэсэн хүсэлтэй л энэ спортын хаалгаар орж ирсэн ш дээ. Гэтэл өнөөдөр манай чөлөөт бөхийн хүрээнд жалга довны үзэл, танил тал харах, атаархах гээд ялих шалихгүй асуудлаас болж үүсдэг маргаан, дутагдал зөндөө байдаг. Анх бүр 2000 оны Сиднейн олимпийн дараагаар “Энэ Б.Баттулга гэдэг хүүхэд гайгүй дасгалжуулагч болчих юм шиг байна. Өсвөр үеийнхэнтэй сайн ажиллаж байна. Дэмжье. Шигшээ багт авъя” гэдэг яриа байсан. Тухайн үед би үнэхээр хүмүүс тэгж итгээд шигшээ багт ажилла гэвэл чадна л гэж бодож байсан. Тэгсэн “Насанд хүрэгчдэд хүүхэд бэлдээгүй багшийг авах гэлээ” гэсэн маргаан гарч ирсэн. Тэр үед би нээрээ ч тийм юм байна гэж бодоод өнгөрсөн. Дараа нь 2004 оны Афины олимпийн дараагаар би шигшээ багийн дасгалжуулагчийн шалгаруулалтад орж үзсэн л дээ. Тэр үед Намбаа олон улсын тэмцээнээс хэд хэдэн медаль авчихсан, Данколов, Тахтын цомд шавь нь түрүүлчихсэн байсан болохоор шигшээ багт ажиллаад үзэхэд болохгүй нь юу байхав гэж бодож байтал бас л хойшилсон. 2008 он гэхэд миний шавь нар дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль авчихсан, багаараа насанд хүрэгчдэд хоёр ч удаа түрүүлчихсэн байсан болохоор шууд хэлэхэд надтай өрсөлдөх хүн байхгүй юм байна даа гэж өөрийгөө тоож байсан юм.
-Та Бээжингийн олимпийн дараа болсон дасгалжуулагчдын шалгаруулалтад оролцсон биз дээ?
-Оролцохоор барах уу. Шалгаруулалтын үзүүлэлтүүд байсан даа. Тэдэн жил тамирчинтай ажилласан, тив, дэлхийн тэмцээнээс шавь нар нь медаль хүртсэн байх, компьютер, англи хэлний мэдлэгтэй гэх зэргийн. Тэр шалгуурыг хараад харин ч бүр надад тааруулчихсан юм шиг санагдаж байсан. Гэтэл ний нуугүй хэлэхэд компьютераа асааж мэдэхгүй, англи хэлний А ч байхгүй хүмүүс надаас өндөр оноо авсан байна лээ. Би тэрийг ерөөсөө ойлгодоггүй байхгүй юу. Яг ийм байдлаар дасгалжуулагчийн шалгаруулалт явуулах юм бол хэрэггүй л юм байна лээ. Тэгснээс энэ манай хамаатан байгаа юм аа, найзыгаа ажиллуулахгүй бол болохгүй нь ээ гэж үнэнээ хэлээд л сонгочих хэрэгтэй. Би сайн дасгалжуулагч болохын тулд өнөөдрийг хүртэл бүх л нөөц бололцоогоо ашиглан суралцахыг зорьдог байсан. 2002 онд би Намбааг орхиод, Америк руу өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх дасгалжуулагчийн сургалтад нэг жилийн хугацаатай явж л байсан. 2004 онд FILA-гаас анх удаа олон улсын дасгалжуулагчдыг лицензжүүлэх шалгалтад ганцаараа оролцоод, дэлхийн хэмжээнд олгосон анхны Олон улсын дасгалжуулагч лицензийн нэгийг авч байсан. Манай холбоо үнэхээр багш, дасгалжуулагчдаа дэмжихгүй байна.
-Чөлөөт бөхийн холбоо шинэ бүрэлдэхүүнээр ажиллаад хэсэг хугацаа өнгөрлөө. Тэр шинэ баг таны бодлоор хэр ажиллаж байгаа бол?
-Шинэ зохион байгуулалт л гэнэ, үнэн хэрэгтээ ерөөсөө ажил мэдэхгүй хэдэн улсууд л энэ холбоог авсан ш дээ. Яахав, спортыг хөгжүүлье гэсэн сэтгэлтэй, мөнгө төгрөг өгч байгаа хүмүүсийн сэтгэлийг үгүйсгэхгүй. Баярлалаа. Гэхдээ мэдэхгүй зүйлээ асуух хүмүүсээс нь асууж байх хэрэгтэй л дээ. Шинэ баг бүрдсэний дараа холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарт “Чөлөөт бөхийн холбоог хөгжүүлье гэсэн сэтгэл гаргасанд баярлалаа. Гэхдээ хайран мөнгө үрэгдэх вий. Баг чинь нэг л буруу бүрдчих шиг боллоо шүү” гэдгийг би хэлж байсан. Тоогоогүй л дээ. Хариу нь сая есөн сард гарлаа ш дээ. Бид нар хэзээ ч түүхэндээ тэмцээнд тулгаж очиж үзээгүй. Хэзээ ч бид тэмцээнээс хоцорч байгаагүй. Миний мэдэх сүүлийн хориод жилийн хугацаанд хэзээ ч тамирчид жингээр хасагдаж үзээгүй. Монголд чөлөөт бөхийн спортыг хөгжүүлсэн дөчөөд жилийн туршлага байсаар байхад дахиад цав цагаан цаасан дээр шинээр эхлүүлэх гээд байхын хэрэггүй биз дээ. Эд нарын ярьдаг юм болохоор “Бид нар ажил аваад тав, зургаахан сар болж байгаа учир…” гэсэн тайлбар хэлдэг. Холбооны 20, 30 жилийн туршлага байсаар байтал, энэ спортыг мэддэг хүмүүс байсаар байтал асууж, зөвлөхгүй бүхнийг өөрсдийнхөөрөө хийх гээд байдаг. Тамирчид л дунд нь хохирч байна. Сая дэлхийн аваргад оролцох гэж юу болов оо. Зүгээр наад захын туршлага байна ш дээ. Таван цагийн зөрүүтэй газар дор хаяж тав хоногийн өмнө л очих ёстой байдаг. Тэгж цагийн зөрүүг арилгаж байж, тамирчнаас амжилт нэхэх эрхтэй. Би бол угтаа хөндлөнгийн хүн ш дээ. Хүн шүүмлэх гээд байгаа зүйл ч биш гэдгийг ойлгоорой. Холбооны удирдлагуудын ярьж байгаагаар бол “Шигшээ багийн багш нараасаа хэд хоногийн өмнө очих уу, тулгаж очих уу гэдгийг асуухад багш нар тулгаж очьё гэж шийдсэн” гэж байна лээ.
-Багш нар гэдэг нь хэн гэж?
-Би жишээ нь холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн гишүүн. Гэтэл бид нартай л лав ярилцаагүй. Ярилцаагүй болохоор шигшээ багийн таван дасгалжуулагчийг хэлж байна гэж би ойлгосон. Одоо тэгвэл шигшээ багийн дасгалжуулагч нартай хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ. Яахаараа тэд нар тав, зургаан цагийн зөрүүтэй газар тулгаж явъя гэж шийдсэн юм. Эсвэл удирдлагууд нь мөнгөө хэмнэх гэсэн юм уу. Ямар ч байсан энэ асуудлыг тодорхой болгож, хариуцлага хүлээлгэхгүй бол бүгд хариуцлагаас бултаж байна. Цаг агаарын байдлаас болоод гэж ярьдаг. Гэхдээ сумын төвийн, хөдөөний малчин хүртэл сарын өмнөөс зарласан цаг агаарын сэрэмжлүүлгийг мэдэж байхад жилд ганц болдог дэлхийн аваргын өмнө тийм шалтгаан хэлээд зогсч байна гэдэг бол надад үнэхээр харамсалтай л санагдсан.
-Одоо хамтарч ажиллах багийнхаа талаар та хэр судалсан бэ?
-Статистик судалгаа гаргаж үзсэн. Тайванийн баг сүүлийн 10 жилд ямар амжилттай байсан юм гэдгийг судалсан. Ний нуугүй хэлэхэд, би тэдний эмэгтэй багтай түлхүү ажиллаж, амжилт гаргуулах зорилготой байгаа. Азийн аваргаас ганц нэг хүрэл медаль авч байсан юм билээ. Өнөөдөр тавьж байгаа гол зорилго нь ирэх жил /энэ жил/болох Азийн наадмаас медаль авах явдал. Ажиллаад л үзнэ дээ. Цалин хөлсний тухайд өмнө нь гадаадад ажиллаж байсан багш, дасгалжуулагч нарынхтайгаа харьцуулахад боломжийн хэмжээнд гэрээгээ хийсэн гэж бодож байна. Хуулийн зөвлөх маань гэрээ хийхэд их тусаллаа. Түүнчлэн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, олон улсын шүүгч А.Басхүү нартаа талархал илэрхийлье. Энэ хоёр маань гэрээ хэрхэн хийхээс эхлээд тэнд ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн энэ ажилд их тусалсан.
-Таныг явахаар “Арслан” клубыг хэн удирдах вэ?
-Клубээ шавьдаа үлдээж байгаа. Одоо 120 кг-д барилддаг, шигшээ багийн тамирчин Ж.Чулуунбат цаашид “Арслан” клубын үйл ажиллагааг явуулна. Тамга тэмдэг, дасгалжуулалтын эрх гээд бүхнийг шилжүүлж, үлдээгээд явж байгаа. Миний хүүхэд сайхан нэр төртэй аваад явчих байх аа. Мэдээж хэрэг надад бодсон зүйл байгаа. Шавь нараа Тайваньд хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэх тал дээр одооноос төлөвлөж байгаа.
Б.Бадамгарав /2010 оны 1 сарын 4 /