Кака: Рональдуд надад төлснөөс илүүг өгсөнд би хувьдаа баяртай байгаа

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Кака: Рональдуд надад төлснөөс илүүг өгсөнд би хувьдаа баяртай байгаа

Рикардо Изексон дос Сантос Лейте 1982 оны дөрөвдүгээр сарын 22-нд Бразилиа хотноо төржээ. Какагийн аав Боско нь чадварлаг инженер байсан бөгөөд амьдралаа авч явахад хангалттай хэмжээний цалин авдаг аж. Санхүүгийн тал дээр хүндрэл бэрхшээлгүй гэр бүлд төрж өссөн Кака үүнийхээ ачаар эрдэм мэдлэг, боловсрол, хөлбөмбөг зэргийг хослуулан эзэмшиж чаджээ.

1991 онд Какаг долоон настай байхад түүний гэр бүл Сан-Паулу хот руу нүүж, хөлбөмбөгт хорхойтой бяцхан хүү хүүхэд залуучуудын уралдаан, тэмцээнд оролцож, гялалзах болсноор “Сан-Паулу” клубын тоглогч болжээ. 2003 он хүртэл “Сан-Паулу”-д тоглож байсан Кака тухайн жилд 8.5 сая еврогоор “АС Милан”-д зарагдаж, Италийн Сери А-д тоглох болсон бөгөөд "Милан”-ы хамт 193 тоглолтод оролцож, 70 гоол оруулсан байна. Тэрбээр мөн “Милан”-д тоглож байх хугацаандаа буюу 2007 онд Европын шилдэг хөлбөмбөгчид олгодог “Алтан бөмбөг”-ийн эзэн болж, мөн жилдээ FIFA-гийн Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон юм. Улмаар өнгөрсөн зуны арилжаа, наймааны үеэр Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын шинэхэн ерөнхийлөгч Флорентино Перез 68.5 сая евро төлж, Какаг багтаа элсүүлснээр дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн тоонд багтах болсон билээ. Түүний Британийн спортын сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

-Мадридад амьдрал ямар байна даа. Тохижиж амжсан уу?

-Тэгэлгүй яахав. Мадрид надад үнэхээр таалагдаж байгаа, маш тохитой байдаг юм. Клуб маань гайхалтай, дээр нь Мадрид хот үзэсгэлэнтэй.

-Мадрид хоттой танилцсан уу?

-Үнэндээ надад гадуур зугаалж, хоттой танилцах зав хараахан гарахгүй л байна. Гэхдээ би хотын дундуур машинтай давхиж, Мадридын уран барилга, архитектурын гайхамшгийг харах дуртай. Энэ гайхамшигт хотын түүх миний сонирхлыг маш ихээр татдаг, ер нь Мадридын талаар бүгдийг мэдэхийг хүсдэг.

-Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Манчестер Сити”-гийн тавьсан саналд татгалзсан хариу өгч, өөрийнхөө хувь заяаг Миланд даатгасан. Хөгжөөн дэмжигч, фанатуудад өөрийгөө Миланд үргэлжид байх юм шиг сэтгэгдэл төрүүлчихээд яагаад яваад өгөв?

-Би өөрийгөө Миланд үлдэх талаар хүмүүст итгүүлсэн гэж хэлбэл дэндүү шударга бус хэрэг болно. Тухайн үед, би "Милан"-д үлдэнэ гэж хэлж байх үед шүү дээ. Тэр үед “Манчестер Сити” надад үнэхээр өгөөмөр зан гаргаж, гайхалтай санал тавьсан. Татгалзахын аргагүй сайхан санал байсан учир “Милан”-ы зүгээс сонголтыг надад үлдээж, намайг өөрөө шийдвэрээ гарга гэснийг би мэднэ. Гэхдээ миний дотоод сэтгэлд үлдэх нь зөв юм шиг санагдаж, харин намайг багтаа үлдэхээр шийдсэний дараа “Милан”-ы хөгжөөн дэмжигчид хэрхэн баярлаж байгааг би өөрийн нүдээр харж, сонсч, мэдэрсэн. Надад үнэхээр сайхан санагдаж байсан учир би тэдний төлөө, бас клубын төлөө өөрийнхөө ур чадварыг зориулахын тулд үлдэж байгаа гэдгээ хэлсэн юм.

-Гэтэл зургаан сарын дараа?

“Тийм ээ. Яагаад гэж үү? Учир нь миний амьдрал, спортын карьерын хувьд зөв алхам гэж бодсон учраас тэр. Үнэнийг хэлэхэд үнэхээр хэцүү шийдвэр байсан. Гэхдээ би чинь хүн шүү дээ, би шинэ зүйлд өөрийгөө сорьж, шинэ амьдралд хөл тавихыг хүссэн юм. “Реал Мадрид”-д очсоноор хөлбөмбөгчийн хувиар намайг цоо шинэ зүйл хүлээж байгаа гэдгийг мэдэж байсан. Ер нь хүн мөнх биш учраас үргэлж хөгжиж, дэвшиж байх хэрэгтэй шүү дээ. Миний энэ шийдвэрийг “Милан”-ы удирдлага, хөгжөөн дэмжигчид ойлгож, хүлээн авсан гэж боддог. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд би өдөр бүр байдаг чадлаараа хичээж, “Милан”-ы хамтаар олон чухал тэмцээнд түрүүлж, аваргын цом хүртсэн. Гэхдээ би үргэлж “Реал Мадрид”-д тоглож, Испанийн лигт хүч сорихыг хүсч, мөрөөддөг байлаа. “Реал Мадрид” миний хувь тавилан гэдэгт итгэж байгаа.

-Флорентино Перезийн амласан “Оддын цуглуулга-2”-ыг бүрдүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг нь та. Ийм учраас та “Реал”-д ирэхийг зөвшөөрсөн хэрэг үү?

-Клубтэй холбоотой түүний төлөвлөгөө надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Харин миний хувьд энэ гайхалтай түүхэн багийн нэгээхэн хэсэг байх саналд татгалзахыг хүсээгүй. Багийн ерөнхийлөгчийн хүсэл тэмүүлэл миний өөрийн хүсэл мөрөөдөлтөй нийцэж байсан учир үнэхээр алдаж боломгүй сайхан завшаан мэт санагдсан хэрэг.

-“Реал Мадрид” танд 68 сая евро төлсөн. Ийм их хэмжээний мөнгө төлсөн болохоор нуруун дээрээ хүнд ачаа үүрч байгаа юм шиг санагддаг уу?

-Огтхон ч үгүй. Бид хувцас солих өрөөнд энэ талаар ярьдаггүй гэдгийг танд баттай хэлж чадна шүү. Хөлбөмбөгийн эргэн тойронд хөгжөөн дэмжигчид болон хэвлэл, мэдээллийнхэн л энэ сэдвийг чухалчилж үздэг байх. Би мөнгө бодож, толгойгоо гашилгадаггүй. Бас тэд надад ихийг төлсөн болохоор би илүү сайн тоглох ёстой ч гэж боддоггүй. Тэд Криштиан Рональдуд надад төлснөөс илүүг төлсөнд би хувьдаа баяртай байгаа. Учир нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй тоглогч байна гэдэг амаргүй. Бас үүнээс болоод анхаарал сарних нь элбэг. Тийм болохоор миний хувьд дарамт багассан гэж болно. Учир нь бүх л хүмүүс Рональдугийн тухай ярьж байна шүү дээ.

-Харин Рональду өөрөө үүнийг төвөгшөөхгүй байх шиг санагдсан?

-Тийм ээ. Хүн бүхэн түүнийг ид шид бүтээхийг хүсч байгааг тэр мэддэг ч, үүнийг тээршаадаггүй. Дэлхий дээрх хамгийн үнэтэй хөлбөмбөгч байгаа цагт олон хүн түүнээс илүү ихийг хүсч, хүн бүр түүнийг өөр өөрөөр харах болно. Гэхдээ Рональду үүнтэй маш сайн зохицож байгаа. “Реал Мадрид” түүнийг авахын тулд хий дэмий их хэмжээний мөнгө зарцуулаагүй гэдгийг Рональду хэдийнэ баталж чадсан гэж бодож байна. Тэр бас манай багт тоглож байгаад баяртай байгаа. Рональду “Манчестер Юнайтед”-ын бүрэлдэхүүнд ямар чухал үүрэгтэй байсныг энэ улирлын тоглолтоос тодхон харж болно. Тэр явснаар “МанЮ”-гийн хүч суларсан шүү дээ.

-Талбай дээр байхад Бурхан чамтай хамт байдаг гэж та ярьж байсан. Чухам юу гэсэн үг вэ?

-Би оюун бодлоороо үргэлж түүнтэй хамт байдаг. Бүхий л амьдралынхаа туршид би үнэхээр азтай байсан. Би өөрөө хийж, бүтээж чадахааргүй тийм олон зүйл миний амьдралд тохиолдсон. Амьдрал гэдэг тун хэврэг, тиймээс хором мөч бүрийг алдахгүй байхыг хичээх хэрэгтэй гэдгийг сайтар ухаарсан. Аливаа зүйл үргэлж сайн сайхан байхгүй болохоор хүнд хэцүү үед эерэг зүйлийн талаар бодож, өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй. Талбай дээр байхдаа Бурханы талаар бодож, түүнд залбирснаар илүү урам зоригтой болдог юм.

Бэлтгэсэн  С.Шүр /2010.02.15/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж