С.Мияарагчаа: Х.Цагаанбаатар бид хоёрын хэн нь дэлхийн аваргад явахыг хараахан шийдээгүй байгаа

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

С.Мияарагчаа: Х.Цагаанбаатар бид хоёрын хэн нь дэлхийн аваргад явахыг хараахан шийдээгүй байгаа

Дэлхийн оюутны “Универ­сиад” их наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн, жүдо бөхийн ОУХМ С.Мияарагчаа Монголын шигшээ багийн медаль хүртэх найдваруу­дын нэг байлаа. Харамсалтай нь, манай бөх энэ удаагийн наа­дамд эхний тойрогтоо БНСУ-ын бөх Чо Жун-Ход ялагдсанаар тэм­цээнийг орхисон юм. Ази тивийн аваргын хүрэл медальт, дэлхийн аваргын 9-р байрын шагналт, ОУХМ С.Мияарагчаатай “Универсиад” наадмын талаар ярилцлаа.

-Таныг медаль авах боломжтой бөх, харин алт уу, мөнгө байх уу гэж хүмүүс ярилцаж байлаа. Тэмцээний талаар, БНСУ-ын бөхтэй хийсэн барилдааныхаа талаар манай уншигчдад ярихгүй юу?

-Энэ тэмцээнээс медаль авна гэж хүмүүс итгэл хүлээлгэж байсныг би сайн ойлгож байсан. Тэр утгаараа сэтгэлзүйн хувьд тодорхой хэмжээний ачаалалтай байлаа. Сугалаагаар эхний тойрогтоо БНСУ-ын бөхтэй таарсан. Жин хассан үед эхний барилдаан хийхэд хэцүү байдаг л даа. Сая зургаан кг хассан. Дөнгөж барилдаан эхлээд тахимдаж, юко үнэлгээ авсан ч жингээ буруу хассанаас болсон байх, барилдааны төгсгөлд нэлээд ядарсан. Цаг дуусахаас өмнө хоёр торгуулж, Солонгосын бөх бид хоёр тэнцсэн. Үндсэн цагт тэнцсэн учир цаг сунгаж барилдахад, хэн хэн нь үнэлгээ авч чадаагүй. Ингээд шүүгчдийн саналаар буюу хантайгаар Өмнөд Солонгосын бөхөд ялагдсан.

-Биеийн байдал жаахан таагүй байх шиг байсан. Барилдаанд нөлөөлсөн байх?

-Ходоод, цөсөндөө эмчилгээ хийл­гэх шаардлагатай байсан ч сая тэм­цээний өмнө эмчлүүлж амжаагүй нь буруудлаа. Жин хассан үед эхний барилдаан эвгүй л дээ. Зуураад явдаггүй юм. Уг нь ч Солонгосыг эхний тойрогтоо ялчихсан бол эсвэл өөр хүнтэй таарсан бол медаль авах найдвар байлаа. Харамсалтай л санагдаж байна. Надад итгэж байсан багш нар болон холбооныхныхоо урмыг хугалсандаа харамсч байна.

-Манай эрэгтэйчүүд тэмцээний сүүлийн өдөр болсон багийн тэмцээнд маш сайн барилдлаа. Хүрэл медалийг атгаад алдлаа гэсэн үг. Багийн тэмцээнд та маш сайн барилдсан.

-Манайхан эхлээд Бразилын багтай барилдсан. Миний хувьд тэр өдөр өмнөх алдаагаа засч, багийн тэмцээнд сайн барилдлаа. Бразилын бөхийг юкогоор ялж аваад, гарт нь өчиж, цэвэр ялсан. Дараа нь ОХУ-ын багтай барилдахад, жингийнхээ бөхийг юко, базари үнэлгээгээр ялсан ч багийн нийт оноогоор манайх ялагдсан. Ингээд дагах барилдаанд манай баг Английн багийг хожиж, хүрэл медалийн төлөө Японы шигшээтэй таарсан.

-Японы багтай хийсэн барилдаан зохион байгуулагчдын анхаарлыг татсан маш сонирхолтой барилдаан болсон. Манайхан үнэхээр харамсалтай ялагдлаа?

-Миний хувьд эхний барилдааныг хийсэн. Өрсөлдөгчөө суйлах мэхээр цэвэр ялсан. Хоёр дахь барилдааныг манай С.Ням-Очир хийсэн. Харамсалтай нь, С.Ням-Очир маань Японы бөхийг базаригаар хожиж яваад, цаг дуусахаас 15 секундын өмнө базари алдаж, тэнцсэн. Хэрэв энэ барилдаанд үнэлгээ алдаагүй бол эсвэл дараагийн барилдаанд Г.Түвшинжаргал ялсан бол хожил манай талд байлаа. Харамсалтай нь, дараагийн барилдаанд Г.Түвшинжаргал, Б.Тэмүүлэн нар тэнцэж, Э.Тулга ялагдсанаар хоёр баг адилхан нэг хожил, гурван тэнцээтэйгээр тэнцэж, дахин барилдаан хийсэн. Нэмэлт барилдааныг тэнцсэн бөхчүүд хийдэг. Үндсэн тав, нэмэлт гурав гээд нийт найман барилдаан хийх тохиолдол багийн тэмцээний хувьд ховорт тооцогддог. Ингээд нэмэлт барилдаанд манайх ялагдал хүлээсэн. Хэрэв энэ барилдаанд манайх хүрэл медаль хүртсэн бол “Универсиад”-аас анх удаа багаараа медаль авчирах байлаа. Мөн Монголын жүдочид түүхэндээ анх удаа багаараа Японы багийг ялсан тохиолдол гарах байлаа. Гэхдээ манайхан сайн барилдсан.

-Таны хувьд “Универсиад”-д хоёр дахиа оролцов уу?

-Тэглээ. Өмнө нь 2007 онд оролцохдоо эхний тойрогтоо Казахын бөхийг цэвэр ялсан ч, хоёрдугаар тойрогтоо Францын бөхийг базари, юкогоор хожиж яваад цэвэр ялагдсан. Универсиад бол аргагүй том наадам л даа. Нэг талаас шинэ олимпод бэлтгэгдэж байгаа шилдэг залуучууд ирж байна, нөгөө талаас өмнөх олимпиос медаль авсан туршлагатай тамирчид оролцдог. Энэ тэмцээнээс ирэх олимпод өрсөлдөх тамирчдын талаар нэлээд судалгаа хийлээ.

-Медаль хүртсэн тамирчдынхаа талаар юу хэлэх вэ?

-Манай гурав /П.Лхамдэгд, М.Уранцэцэг, С.Ням-Очир/ нар сайн барилдсан. Ялангуяа, эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн М.Уранцэцэг маань маш сайн барилдлаа. Урнаа тавдугаар сард Азийн аваргаас хүрэл медаль авч байсан бол сая аваргын төлөө барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Энэ жил анх удаагаа улсын аварга болсон залуу тамирчин. Улсын аваргаас хойш явсан хоёр том тэмцээнээс хоёулангаас нь медаль хүртэж байгаа нь ирээдүйд сайн тамирчин болохыг нь харуулж байна. Эрэмгий, дайчин барилдаантай. Дүүдээ баяр хүргэе.

-Таны хувьд мөн энэ жил анх удаагаа улсын аваргад түрүүлсэн байх аа?

-Тэгсэн. Манай жинд Х.Цагаанбаатар сүүлийн жилүүдэд сайн барилдаж байгаа. Энэ жилийн хувьд анх удаа Х.Цагаанбаатарыг ялж, улсын аварга болсон.

-Х.Цагаанбаатарыг энэ жил үндсэндээ гурван тэмцээнд ялав уу?

-Арванхоёрдугаар сард болсон холбооны нэрэмжит заалны тэмцээнийг оролцуулбал, гурав яллаа. Улсын аварга шалгаруулах тэмцээн, мөн Төмөр замын нэрэмжит олон улсын тэмцээнд ялсан. Өмнө нь Цагаанааг хожиж үзээгүй байсан л даа.

-Удахгүй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Танай жингийн хувьд Х.Цагаанбаатар, та хоёрын хэнийг нь ДАШТ-нд оролцуулах вэ гэдэг асуудал хараахан шийдэгдээгүй байгаа. Таны бодлоор хэн нь оролцох боломжтой бол?

-Би энэ талаар сайн мэдэхгүй байна л даа. Хэнийг явуулах талаар багийн хурал хийж, шийдэх байх. Уг нь бол Монголын жүдо бөхийн холбооны гаргасан чансаагаар би нэгдүгээрт бичигдэж байгаа. Энэ чансааг харгалзах тухай яригдаж байсан. Тийм бол явах байх гэж бодож байгаа. Хэрэв дэлхийн аваргад оролцох боломж олгож, холбооны зүгээс болон багш нар маань итгэл хүлээлгэвэл, дэлхийн аваргад сайн барилдахын төлөө өөрийгөө дайчилна.

-Жүдо бөхийн холбооны чансааг жин тус бүрт нь гаргадаг уу?

-Жин тус бүрт нь. Өнгөрсөн жилээс эхлэн бөхчүүдийн чансааг гаргадаг болсон юм.

-С.Мияарагчаа, нутаг хаанах вэ?

-Дундговь аймгийн харьяат. Манай аав Дундговь аймгийн хүн л дээ. Олон улсын хэмжээний мастер цолтой, самбо, жүдо бөхийн дасгалжуулагч. Аавын маань нэг мөрөөдөл байдаг юм. Нутгаасаа сайн бөх төрүүлэх юмсан гэсэн. Энэ мөрөөдлийг нь биелүүлж, ирээдүйд аавынхаа халааг авч, сайн дасгалжуулагч болох хүсэлтэй явдаг. Тийм болохоор миний хувьд, жүдо бөхөөр хичээллэх сонирхолтой нутаг усныхаа хүүхдүүдийг дэмжих хүсэлтэй байгаа.

-Найзууд чинь таны оролцсон тэмцээнийг хэр үздэг вэ?

-Нутгийн найз Соёмбо, багын найз Баттулга гээд найзууд олон ирнэ ээ. Байнга. Соёмбо маань сэтгэл санаа болон бусад олон зүйлээр тусалж, дэмждэгт нь маш их баярлаж явдаг. Намайг дэмждэг найз нөхөддөө бүгдэд нь баярладаг шүү гэж хэлмээр байна.

-Ярилцлагын төгсгөлд та жүдо бөхийг болон таныг тусалж, дэмждэг хүмүүст талархал илэрхийлж болно?

-Баярлалаа. Юуны өмнө Х.Баттулга ерөнхийлөгчтэй, М.Бөхбат нарийн бичгийн даргатай Монголын жүдо бөхийн холбооны хамт олондоо талархал илэрхийлье. Манай холбооны ерөнхийлөгч жүдо бөх гэлтгүй Монголын спортыг хөгжүүлэхэд их зүйл хийж байгааг манай ард түмэн мэдэх байх аа. Х.Баттулга дарга жүдо бөхийн улсын шигшээ багийн дэргэд 30 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ баг байгуулан, цалинжуулж байна. Энэ бол тамирчдын хувьд бас л нэг том хөрөнгө оруулалт. Энэ мэтээр Монголын жүдо бөхийн төлөө олон асуудлыг цогцоор нь шийдэж өгч байгаа Х.Баттулга ерөнхийлөгч болон жүдо бөх сонирхогч, дэмжигчдэдээ баярлаж явдгаа илэрхийлье. Та бүхнийхээ хүлээлгэсэн итгэл найдварыг спортын өндөр амжилтаар хариулна гэж боддог.



Б.Бадмаа /2009.09.04/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж