П.Лхамдэгдтэй ярилцлаа.
-Юуны өмнө Универсиад наадамд амжилттай оролцож, Монголын тамирчдынхаа салхийг хагалан, мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Өрсөлдөгч нар ямар байв?
-Баярлалаа. Дэлхийн оюутны Универсиад наадамд анх удаагаа оролцлоо. Бага олимп гэж нэрлэгддэг ийм том наадмаас мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Жүдо бөхийн төрөлд, ер нь энэ удаагийн наадамд оролцож байгаа тамирчдын 80 орчим хувь нь дараагийн олимпод өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа тамирчид байдаг юм байна. Судалгаагаар ч тэр, бусад орны тамирчин, дасгалжуулагчдын хэлж байгаагаар ч тэр энэ удаагийн наадамд өнгөрсөн Бээжингийн олимпийн наадамд амжилттай оролцсон болон ирэх 2012 оны Лондонгийн олимпод оролцох шилдэг залуу тамирчид ирсэн байна. Наадам маш өргөн цар хүрээтэй, сайхан боллоо.
-Тойргийн барилдаануудад хаанахын бөхчүүдтэй таарав?
-Эхний тойрогтоо Словенийн Миржанич Бранкатай барилдаж, цэвэр ялсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Ливаны бөх Боу Рачид Лоуйсыг, дараагийн тойрогт Казахстаны бөх Аманбелдиеваг тус тус ялсан. Харин зооны аваргын төлөө Английн Гиббон Жемматай барилдаж, улмаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон.
-Аваргын төлөө өрсөлдсөн Японы бөхтэй өмнө нь барилдаж байсан уу?
-Японы Кунихара Ёрикотой өмнө нь “Canoe cup”-т барилдаж байсан.
-Кунихара ямар амжилттай бөх бол?
-Дэлхийн цомын алтан медальтай, “Универсиад”-ын хоёр удаагийн аварга бөх.
-Жингийн бөхчүүдийн талаар хэр судалгаа хийв?
-Жингийнхээ бөхчүүдийн барилдааны бичлэгийг бичиж авлаа. Гол өрсөлдөгчдийнхөө мэхэнд судалгаа хийх зорилгоор бичлэг болон зарим мэдээллийг олж авлаа. Дэлхийн аваргад өрсөлдөх бөхчүүдээ нэлээд судалж байгаа. Ер нь явсан тэмцээн бүрээсээ бичлэг хийж ирдэг.
-Лхамаагийн хувьд энэ жил олон улсын тэмцээнүүдэд ямар амжилт гаргаад байгаа вэ?
-Дэлхийн цомын тэмцээнд шагналт тавдугаар байрт орсон. Мөн өнгөрсөн тавдугаар сард болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан.
-Хэдэн оноос шигшээ багт харьяалагдаж байгаа вэ?
-Шигшээ багийн тамирчин болоод гурван жил орчим болж байна. Жүдо бөхөөр 1999 оноос эхлэн хичээллэж байгаа.
-Өнгөрсөн Бээжингийн олимпод өөрийг чинь сайн барилдсан гэж боддог?
-Бээжингийн олимпод долдугаар байрт шалгарсан. Олимпийн наадам, энэ удаагийн Универсиад гээд тэмцээн бүрээсээ туршлага хуримтлуулж байна. Тиймээс дараа дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцож, сайн жүдоч болохын төлөө хичээнэ. Энэ дашрамд би өөрийн клубын багш Ш.Цэвэлмаа болон Х.Баттулга захиралтай “Женко” клубын хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлэхийг хүсч байна. Монголын жүдо бөхийн тамирчдад үргэлж сэтгэл санаа болоод хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж байдаг холбооны ерөнхийлөгч Х.Баттулгадаа чин сэтгэлээсээ баярлаж явдгаа танай сониноор дамжуулан уламжилъя. Энэ удаагийн наадамд оролцож байгаа жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын зардлыг манай захирал 100 хувь даасан. Тэгэхээр бидний амжилт энэ хүний ач тустай салшгүй холбоотой юм.
Б.Бадмаа /2009.07.15/