-Жагсаал, цуглаан зохион байгуулах болсон зорилго юу вэ. Шаардлага гаргах болсон шалтгаан юунд байна вэ?
-Ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлж, өнөөдрийн Монголын улс төрд, нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг илчлэх нь залуусын үүрэг. Тиймдээ ч бид яг одоо салаа замын уулзвар дээр байна гэж харж байна. Сонин хэвлэлээр сайхан зүйл яриад нидэр дээрээ шал өөр зүйл ярьцгааж байна. Ийм байдлаар л улс төрийг бид харж байна. Нийгмийг цэвэр байлгахын тулд улс төрийг цэвэр байлгах ёстой. Таван сарын турш өөрийнхөө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр манай намыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл яагаад намынхаа эсрэг сурталчилгаа явуулсан, орон гэрийг нь нураах санаа өвөрлөсөн Н.Энхбаярыг намаас гарсанд тооцохгүй байгаа юм бэ. Хэрэв жирийн нэгэн гишүүн ингэсэн бол намаас гарсанд тооцчихно. Дүрэм журам ийнхүү ялгаатай үйлчлэх учиргүй. УИХ-ын гишүүн болчихоороо биднийг ална хядна гэж хэлж болдог хэрэг үү. Бид хариу хэлэхээр биднийг дайрлаа гэдэг ийм хуурамч төрхтэй улстөрчидтэй яагаад эвлэрч байх ёстой гэж.
-Намын Удирдах зөвлөлөөс гарах өргөдлөө гаргасан гэсэн. Ямар учиртай вэ?
Би өнөөдөр намынхаа Удирдах зөвлөлийн гишүүний ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө Удирдах зөвлөлдөө өгсөн. Нийгмийг шинэчлэх залуучуудын ажилдаа тууштай тэмцэхийн тулд ийм шийдвэр гаргасан.
-Шаардлагыг хүлээн авахгүй бол хэрхэх вэ?
-Удирдах зөвлөл, удирдлагууд, Хяналтын хороонд шаардлагаа хүргүүлсэн. Шаардлагын хариуг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээх болно. Хэрэв тэдэнтэй хариуцлага тооцохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Зөв зүйлийн төлөө явж буй бүх хүмүүсийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна.
-МАХН-ын үйл ажиллагааг хэрхэн харж байгаа вэ?
-Хууль бус үйл ажиллагаа л гэж харж байна. Тэр хүмүүс манай намаас гарчихсан юм чинь тэдэнтэй бол юу ярих вэ дээ. Харин одоо тэдэнтэй нэгдэх гээд байгаа хүмүүс бас буй бололтой. Хойноос нь ч гэсэн явах тэр хүмүүстэй холбоотой хүмүүс ч байгаа бололтой. Хэрэв тийм бол тэгээд тэдэн рүүгээ яв л даа. Намаас гарах гэж байгаа бол, намын их хурлын шийдвэрийг дагахгүй гэж байгаа бол хойноос нь явуулчих хэрэгтэй. Тэгээд тэр намаасаа нэр дэвшээд дахин сонгогдохыг нь бүгдээрээ харцгаая л даа