Т.Энх-Амгалан: Дэлхийд өрсөлдөхийн тулд сорилго барилдаанд ялах ёстой

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Т.Энх-Амгалан: Дэлхийд өрсөлдөхийн тулд сорилго барилдаанд ялах ёстой

Бөхийн чөлөөт барил­дааны Ази тивийн аварга шал­га­руулах 22 дахь удаа­гийн тэмцээнд амжилттай өрсөлдөж, мөнгөн медаль хүрт­сэн “Арслан” клуб, “Сүлд” спорт хорооны та­мир­чин Т.Энх-Амгалантай ярилцлаа.

-Анх удаа тивийн авар­га шалгаруулах тэм­цээнд өрсөлдөөд мөнгөн медаль хүртсэнд баяр хүр­гэе. Зоо­ны барил­даанд хаанахын бөх­чүүд­тэй таарав. Өрсөл­дөгчид хэр хүчтэй байсан бэ?

-Миний оролцсон анхны тивийн аваргын тэмцээн байсан болохоор маш сайн барилдах ёстой л гэж бодож эндээс явсан. Бэлтгэл сайн байсан болохоор гайгүй байх болов уу гэж найдаж байлаа. Эхний тойрогт гоц мөргөсөн л дөө. Дараагийн барилдаанд Хятадын бөхтэй таарсан. Энэ жил Бүх Хята­дын аваргад түрүүлсэн та­мир­чин юм билээ. Тэр бө­хийг эхний тойрогтоо 4:1-ээр, хоёрдугаар тойрогт 1:0 харьцаагаар ялсан. Харин дараагийн өрсөлдөгч болох Сирийн бөхийг 4:0, 3:0 харь­цаа­гаар ялж, алтан меда­лийн төлөө барилдах эрхтэй болсон.

-Хэдэн настайдаа азиас мөнгөн медаль хүр­тэв?

-Би 1985 онд төрсөн. Тэгэхээр 24 настай.

-Алтан медалийн тө­лөө барилдсан Ираны бөх Саед Абрахим дэл­хийн аваргын мөнгөн ме­даль­тай бөх байсан. Тэр тамирчинтай яаж барил­дав?

-Сайн бөх л дөө. Эхний тойргийн барилдаанд Ираны бөхийг давхар хамж яваад дэвжээний захад шидүүлж оноо алдсан. Яалт ч үгүй л дийлээгүй. Барилдаан 3:0, 1:0 харьцаагаар дууссан.

-Чөлөөт бөхөөр хэдэн оноос эхэлж барилдаж байгаа вэ?

-1994 оноос эхэлж ба­рилдсан. Тэр үед Завханаас хотод орж ирээд л Б.Бат­тулга багшийнхаа шавь болж, чөлөөт бөхөөр хичээл­лэж байна. Багшдаа их баяр­лаж явдаг. Сая манай клубын хоёр тамирчин Азийн аваргад орлоо. Ж.Чулуунбат бид хоёр. Хоёулаа хүнд жингийн бөхчүүд мөртлөө нэг багшийн шавь гэдгийг хэлэх гэсэн юм. Ер нь манай багш чөлөөт бөхийн бүх жинд жигд сайн тамирчин бэлтгэж байгаа нь бахарх­маар сайхан санагддаг.

-”Арслан” клубынхэн энэ жилийн насанд хү­рэгч­дийн улсын аварга шалга­руулах тэмцээнд багийн дүнгээр түрүүл­сэн. Өмнө нь бас нэг удаа түрүүлсэн санагдаж байна?

-Энэ жил манай багшийн шавь нар улсын аваргад сайн барилдсан. Хоёр жи­лийн өмнө бас багаараа насанд хүрэгчдэд түрүүлж байсан.

-Тэр жил та улсын авар­гад түрүүлсэн байх аа?

-Тэгсэн.

-Гэхдээ Азид Ж.Чу­луун­­­бат явсан билүү?

-Тийм. Чука улсын авар­гаас мөнгөн медаль авсан бай­сан юм. Бид хоёр хоёулаа 96 кг-д барилддаг байсан. Багш нар ярилцаж байгаад Ж.Чулуунбатыг Азийн аваргад, намайг дэл­хийн аваргад явуулж байсан.

-Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнд оролцох эрх өөрт чинь нээлттэй байгаа гэж ойлгож болох уу?

-Оролцох боломж бол байгаа л даа. Гэхдээ шууд оролцох хүн нь би гэсэн үг биш. Чөлөөт бөхийн холбоо одоо ирэх зургадугаар сард бүх жинд сорил явуулна. Эндээс жин тус бүрд най­ман тамирчин сонгох бол дараа­гийн сорилоор дөрөв, дараа­гийнхаар нь хоёр та­мир­чин үлдээх журмаар сон­гон шал­га­руулалт явуулж, хам­гийн сүүлд тэнц­сэн тамир­чинд дэлхийн авар­гад өрсөл­дөх эрх олгох юм билээ.

-Та үндэсний бөхөөр барилддаг. Аймгийн арс­лан цолтой хүн. Тэгэхээр наадмын өмнө, зурга­ду­гаар сард үндэсний бө­хийн бэлтгэлд цаг зав гаргах боломж бага байх нь ээ?

-Нэгэнт их спортоор амжилт гаргая гэж зорьж байгаа болохоор одоо­хон­доо үндэсний бөхийн бэлт­гэл, барилдаанд цаг гаргах боломж тааруу байна.

-Өнгөрсөн дөрөв­дү­гээр сард болсон улсын аварга шалгаруулах тэм­цээний үеэр Н.Алтантулга та хоёрыг алтан медалийн төлөө барилдаж дуусахад үзэгчдийн зүгээс эвгүй үйлдэл гаргасан. Та нэ­лээд бухимдсан байх?

-Бухимдах ч багадмаар байсан. Их эвгүй санагдсан. Зарим хүмүүс барьцаа аваа­­­­­гүй байхад барилдаан эхэл­лээ гэж харсан юм бай­на лээ. Н.Алтантулга барь­цаа авч, миний нурууны ард гараа холбосон, шүүгч шү­гэл үлээсэн. Тэгээд л барил­дааныг үргэлжлүүлж би оноо авсан. Гэтэл үзэгчдийн сууд­­­­лаас усны сав ороод ирсэн. Гэхдээ дараа нь тэрийг шидсэн хүн уучлалт гуйсан. Андуурч харсан байж болно шүү дээ. Би юм бодоогүй.

-Ж.Чулуунбатыг уг нь саяын Азийн аваргад сайн барилдах байх гэж ярих хүмүүс олон байсан?

-Манай хүн хатуу суга­лаа татсан. Эхний өрсөлдөгч нь Бээжингийн олимпиос хүрэл авсан хүн ш дээ. Ма­рик Мулталимов Ка­зах­ста­ны нэр дээр барилд­даг боло­хоос Дагестаны бөх.

-Хүнд жинд бэлтгэл хангагч дутагдал­тай байгаа харагддаг?

-Дутагдалтай гэж болно доо. Заримдаа Ж.Чулуунбат бид хоёр хоорондоо л бэлт­гэлээ хийх өдөр олон гардаг.

-”Сүлд” спорт хороонд хэдийнээс харьяалагддаг болсон бэ?

-2007 оноос. Манай хо­роо яг тэр үед байгуу­лагдаж байсан. Би Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх ерөнхий газ­рын 401 дүгээр ангид харь­яалагддаг юм.

-Ямар цолтой вэ, та?

-Дэд ахлагч.

-Азийн аваргаас ме­даль авч, олон улсын хэмжээний мастер бол­лоо. Ангидаа цол ахих болов уу?

-Мэдэхгүй. Тэрийг би мэдэхгүй шүү дээ.

-Нээрэн. Саяын азийн аваргын чөлөөтийн тэм­цээний дараа элсний бө­хийн тивийн аварга шал­га­руулах тэмцээн гэж бол­­­сон байна. Энэ талаар тодруулж өгөөч?

-Хоёр жингийн ангилалд болсон л доо. +85, -85 гэсэн. Манай Ж.Чулуунбат +85 кг-ын жинд, Д.Түгждорж -85 кг-ын жинд түрүүлж, хоёулаа алтан медаль хүртсэн. Ми­ний хувьд -85 кг-ын жинд хүрэл медаль зүүлээ.

-Элсний бөхийн төр­лөөр Азийн наадмын авар­га болж байсан хүний хувьд нөгөө хэддээ зөв­лөгөө өгөв үү?

-Миний зөвлөх гэж юу байхав. Ганц нэг юм л хэл­сэн /инээв/.

-Энэ жил анх удаа зо­хион байгууллаа. Элс­ний бө­хийн төрлийг хөг­жүү­лэх талаар нэлээд зүйл хийж байх шиг байна?

-Ер нь тийм тал ажиглаг­даж байсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил бас анх удаагаа зохион байгуулах юм билээ.

-Дүрэм нь ямар юм байна?

-Чөлөөт бөхтэй төстэй л дөө. Гурван минутаар нэг тойрог барилдана. Шууд гурван онооны мэхээр буул­гавал цэвэр ялна. Мөн хоёр оноо авбал хожих боломж­той гээд дүрэм нь их энгийн.

-Тайландаас ирээд нэг баяртай мэдээ сонссон байх. “Сэнгүр” брэнд өөрт чинь Лондонгийн олимп хүртэл тэтгэлэгт цалин олгохоор болсон. Энэ тухай хэзээ мэдсэн бэ?

-Ирээд Б.Наранбаатар ахаас мэдсэн. Баярлалгүй яахав. Тамирчин хүний амьд­­­рал, бэлтгэл сургуу­лилт гээд бүхий л зүйлд тэр хамт олны олгож байгаа мөнгөн урамшуулал, цалин­гийн тэтгэлэг бодит хувь нэмэр болно. Маш том дэмж­­лэг, туслалцаа байна гэж би их баярлаж байгаа. Азийн аваргаас медаль авч үзлээ. Ирээд энэ амжилтыг минь мялаасан сайхан мэ­дээ сонслоо. Маш их урам зориг авч байна гэх үү дээ. Бэлтгэлээ сайн хийгээд, дараа дараагийн тэмцээнд сайн барилдах юм шүү гэсэн бодол л яг одоо толгойд эргэлдэж байна даа.

Б.БАДМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж