Асашёорюү: Миний хүсэл өнөөгийн энэ байдлаа олон жил хадгалахад оршиж байгаа

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Асашёорюү: Миний хүсэл өнөөгийн энэ байдлаа олон жил хадгалахад оршиж байгаа

Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн Америкийн CNN телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан нийтэлж байна.

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн тухай Америкийн алдарт CNN телевиз тусгайлан нэвтрүүлэг бэлтгэж, дэлгэрэнгүй ярилцлага хийсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ удаа манай сайт дэлхийн супер од, Мэргэжлийн сумо бөхийн өнөө цагийн шилдэг бөх, Асашёорюү Долгорсүрэнгийн Дагвадоржийн 2008 оны аравдугаар сард CNN телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Ярилцлагыг сэтгүүлч Кyung lah хийжээ.

-Юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та бол Японы түүхэнд тодорсон дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи сумогийн ертөнцөд цахиур хагалж байгаа хамгийн шилдэг сумоч. Гэхдээ та Япон биш Монгол хүн. Монгол хүн сумогийн ертөнцөд амьдрах, тэр тусмаа ёкозуна байх танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?

-Энэ асуудлыг тийм сүртэй байдлаар хүлээж авдаггүй л дээ. Би Монгол хүн гэлээ ч Японы энэ сайхан уламжлалт спортын аварга, Японы ёкозуна шүү дээ. Хүн бүр намайг японы сумо бөхийн ёкозуна гэж мэдэх учир энэ үүргээ биелүүлэхийн тулд өөрийн чадах бүхнээ хийхийг хүсдэг. Би сумод дуртай учраас л энд ирсэн. Ёкозуна болсон. Ёкозуна болохоос гадна надад өөр олон хүсэл мөрөөдөл байдаг. Одоо энэ бүхнээ биелүүлэх боломжтой болсон гэж бодож байна. Намайг хүсэл мөрөөдлөө биелүүлж, их аварга болоход тусалсан хүмүүст би үргэлж талархаж явдаг. Миний хүсэл бол өнөөгийн энэ байдлаа олон жил хадгалахад оршиж байгаа.

-Та бөхийн удамтай. Аав, ах гээд таны гэр бүлд олон бөхчүүд байдаг. Ийм гэр бүлд өсч хүмүүжих ямар вэ?

-Миний аав Монголын үндэсний бөхөөр барилддаг байсан, улсын заан цолтой хЮн бий. Харин ах минь Монгол бөхийн аварга цолтой. Хэдийгээр нас залуу ч би тэднийхээ замнасан замналаар явахыг хүсдэг. Манай улс энэ жил анх удаа олимпийн аваргатай болсон. Жүдо бөх, боксоор. Өмнө нь олимпийн медальтай болж амжаагүй байхад би юу гэж боддог байсан гээч. Сумог арай өөр өнцгөөс хардаг байсан гэх үү дээ. Сумо бөх олимпийн төрөлд орвол эх орондоо олимпийн алтан медальтай очно гэж боддог байсан.

-Уучлаарай, Монгол Улс өндөр хөгжилтэй орон биш. Тийм ч болохоор тэр үү, монгол бөхчүүд дэвжээн дээр япончуудаас тэс өөр, тэмцэл ихтэй харагддаг. Та бүхний энэ чанарыг сумо бөхийн хүрээнд магтан ярьдаг. Магадгүй, Монгол дахь амьдрал тань япончуудынхаас өөр болохоор таныг амжилтад хүргэхэд нөлөөлсөн болов уу?

-Энэ их өргөн тархсан, тогтсон ойлголт л доо. Монголчууд бүгдээрээ тийм ядуу биш ээ. Тэгээд ч Монгол Улс маань ардчиллын замыг сонгож, чөлөөт нийгэмтэй болоод 18 жил болж байна шүү дээ. Яахав хүнд хэцүү цаг үе бидэнд байсан. Гэхдээ нутагтаа очихоор сэтгэл санаа эмзэглүүлдэг зүйл байдаг л юм. Би анх сумод хөл тавихдаа өөрийнхөө чадлаар ажиллаж, хөдөлмөрлөөд их мөнгө олж, аав, ээжийгээ өргөж явна даа гэж боддог байлаа. Тэгж өөртөө амласан. Энэ амлалт маань намайг өнөөдрийн энэ өндөрлөгт хүргэсэн байх. Миний тэмцэл, зорилго бүрийн ард гэр бүл, эцэг, эхь эх орноо гэсэн сэтгэл үргэлж хамт байсан.

-Сумогийн ертөнцийн энэ цаг үеийн хоёр их аварга хоёулаа Монгол хүмүүс. Та бас ёкозуна Хакухо. Өөрөөр хэлбэл, японы сумо бөх гадаадын хоёр аваргатай. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Хакухо, бид хоёр адилхан бөхийн удамтай хүмүүс. Японд ирснээсээ хойш тэр миний л адил хүнд, хэцүү зам туулж, амжилтад хүрсэн. Хакухог ийм сайн барилдаж байгаад би их баярладаг. Бид нэгэн цаг үед сумогийн их аваргууд байх учиртай байсан байж. Биднийг ид барилдаж байгаа энэ үед япон ёкозуна төрж, хамтдаа өрсөлдвөл сумо улам илүү сонирхолтой болох байх. Хакухо бид хоёр өөрсдийгөө гадаад хүмүүс гэж бодолгүй, бүх зүйлээ л сумо бөхөд зориулахыг хүсч явдгаараа адилхан байх. Мөн сумод шинэ хүмүүс орж ирж, улам сайн бөх төрөхийг хүлээж л суудаг даа.

-Хэдийгээр сумо Японы үндэсний спорт ч гэсэн тэд өөрсдөө сумогийн ертөнцөд ороход хүнд хэцүү бэрхшээлтэй тулгардаг. Сумоч болохыг хүссэн залуус бүгд мөрөөдлөө биелүүлж чаддаггүй. Энэ юунаас шалтгаалдаг гэж та боддог вэ?

-Сумо бол маш хэцүү ертөнц. Уламжлалынхаа хувьд олон жилийн түүхтэй, хатуу ёс дэгтэй. Магадгүй, өдөр бүрийн дасгал сургуулилт зэрэг нь залуу хүүхдүүдэд хүнд санагддаг байх. Одоогийн хүүхдүүдийн амьдралын хэмнэл амар хялбар болчихсон шүү дээ. Тийм болохоор сумогийн тэр хатуу ёсыг дагаж, усыг нь ууна гэдэг хэцүү.

-Гэхдээ таны бодлоор ийм өндөр түвшинд хөгжиж байгаа сумогийн талаарх залуусын бодол хэр өөрчлөгдөж байгаа бол. Хэрвээ тэдний сумогийн ертөнцөд хөл тавих хүсэл улам бүр унтарсаар байвал цаашид энэ хэвээрээ оршин тогтноход бэрхшээл гарна шүү дээ?

-Сумо ямар ч байсан дахин 5000 жил оршин тогтнож чадна. Гэхдээ өнөө үетэй харьцуулбал илүү их шалгуур давах байх. Японы ёкозуна гарч ирвэл олон хүүхдүүд тэр аваргынхаа болон Асашёорү, Хакухо нарын замаар явахыг хүснэ.  Мэдээж ёкозуна болох хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж байгаа олон мянган хүүхэд японд байгаа. Сумо үргэлж оршин тогтож байх ёстой. Үүний төлөө л бид чадах бүхнээ хийж байгаа. Сумо бол Японыг дэлхийд таниулж байгаа маш том соёл. Тиймээс ч энэ үндэстэн энэ агуу спортоо үүрд хадгалах  хэрэгтэй. Би соёл заншил устахгүй байгаасай л гэж хүсдэг.

-Өнгөрсөн жилийн зун таны хувьд хэцүүхэн үе болж өнгөрсөн байх. Та гэмтлийн улмаас барилдаанд өнжиж, Монгол руу явсан. Харин тэндээ буяны ажиллагааны хүрээнд болсон арга хэмжээнд оролцож, хөлбөмбөг тоглосон  нь ихээхэн шуугиан тарьж, та хэсэг хугацаанд барилдах эрхээ хасууллаа. Гэрийн хорионд байсан тэр үе танд ямар байсан бэ?

-Энэ талаар одоо юу хэлэх вэ дээ. Тэр бүх хэцүү цаг үеийг даван туулаад өнөөдөр таньтай хамт ярилцаад сууж байгаадаа байртай байна. Үнэн гэвэл, сумодоо эргэж ирсэндээ би баяртай байдаг юм. Би буцаж ирэхдээ өмнөхөөсөө ч илүү хүчтэй байна шүү гэж өөртөө  тангараг тавьсан байгаа. Тэр үед сэтгэл санааны хувьд маш хүнд байсан. Гэхдээ эр хүнд ийм зүйл тохиолддог шүү дээ. Би их шоконд орж, дахиж л тийм алдаа хийхгүй гэдгээ ойлгож авсан.

-Тэгвэл буцаж ирэхэд ямар байсан бэ? Онгоцны буудалд маш олон сэтгүүлч, гэрэл зурагчид цуглачихсан, араас чинь дагаад л …Би  ч гэсэн тэр сэтгүүлчдийн нэг байсан л даа. Тийм болохоор энэ нэвтрүүлгээр уучлал хүсч байна. Уучлаарай?

-(инээв)  Аан тийм , би таныг одоо саналаа. Онгоцны буудал дээр байсан сэтгүүлчдээс та ганцаараа миний хажууд ирээд, асуулт тавьсан юм байна. Одоо юу гэж ч хэлэх вэ дээ. Бүх зүйл болоод өнгөрсөн шүү дээ. Тэгж төвөг удсандаа хүлцэл өчье.

-Энэ бол таны багшийн бичсэн ном. Энд байгаа захиаг та багшдаа бичсэн байна. Тодруулбал, та тухайн үед таны хувьд ямар хэцүү өдрүүд өнгөрч байсан талаар бичсэн. Мөн биз дээ ?

-Тийм ээ, мөн байна. Би багшдаа зориулж яг л зүрх сэтгэлийнхээ үгийг энэ захианд бичсэн байгаа.

-Гэхдээ их аварга та хэсэг хугацаанд дэвжээгээ орхисныхоо дараа эргэж ирээд гайхалтай барилдсан. Одоо танд ямар санагдаж байна?

-Би их хүчтэй байна гэсэн мэдрэмж төрсөн.

-Энэ нь өмнөх Асашёорюүгаас өөр болсон гэсэн үг үү?

-Би хүнд хэцүү үеийг даван туулсан. Цаашдаа ч давж чадна гэсэн үг  л дээ.

-Японы хэвлэл мэдээллийнхэн танд хэтэрхий ширүүлсэн юм шиг санагдсан уу? Таны талаар дуулиан, шуугиан дэгдээгээд?

-Намайг Монгол хүн болохоор л тэгсэн байх гэж бодож байна даа.

-Та шүтлэгтэй юу?

-Тийм ч их биш. Гэхдээ зарим нэг зүйл дээр ёс заншлаа баримтлахыг хүсдэг. Тэгээд ч би буддийн шашинтай хүн шүү дээ. Та ёкозуна гэдэг ямар утгатай үг болохыг мэдэх үү? “Ариун сүнсний элч” гэсэн утгатай үг юм.

-Та яагаад Асашёорюү гэсэн нэртэй болсон юм бэ?

-Миний багшийг Асашиёо гэдэг. Харин анх Японд ирэхдээ сурч байсан ахлах сургуулийн маань хажууд “Шёорюү” гэж сүм байдаг байсан. Би тэнд очиж, бэлтгэлээ хийдэг байсан юм. Энэ хоёр үгийг нийлүүлж, надад нэр өгсөн.

-Та бэртлээс шалтгаалж хэсэг хугацаанд завсарласан. Гэхдээ та энэ маягийн бэртлийг үл анзаарч, цаашид сумогоо барилдсаар байх уу? Хэзээ нэгэн өдөр зодог тайлах үе ирэх л байх. Тэр үеийн дараах амьдралаа та төлөвлөдөг үү?

-Би сумогоо барилдаж, аль болох олон түрүүлэхийг хичээж байгаа. Бэртэл, гэмтэл авсан ч улам бүр амжилт үзүүлсээр байх зорилго өөртөө тавьсан байгаа. Надад өөрийн гэсэн бодол байгаа. Тэр бүхэндээ хараахан хүрээгүй байгаа учир барилдах хэрэгтэй байна. Харин тэр зорилгоо биелүүлж, эцсийн цэгтээ хүрсэн гэж үзсэн тохиолдолд би шууд зодог тайлна.

-Та мэдэж байгаа шүү дээ. 17 настай сумоч хүү бэлтгэлийнхээ үеэр удаа дараа зодуулсны улмаас нас барж, энэ хэрэгт холбогдуулан дэвжээний багш болон хамт барилддаг гурван бөхийг нь баривчилсан явдал сумогийн ертөнцийг гутамшиг болгосон шүү дээ. Цаашид залуу хүүхдүүдийг ийм байдалд оруулахгүйн тулд сумо бөхийн энэ хатуу дэг жаягийг халах хэрэгтэй гэж Японы ерөнхий сайд хэлсэн. Таны бодлоор тэгэх хэрэгтэй юу?

-Үнэхээр харамсалтай зүйл болсон. Тэр тухай бодохоор миний сэтгэл өвддөг. Багш шавь хоёрын харилцаа хүний амь насаар хэмжигдэж байгаа бол дахин ийм явдал гаргахгүйн тулд сумо бөхөд ямар нэгэн байдлаар өөрчлөлт хийх хэрэгтэй л байх. Яахав,  зарим талаар багш нь сурагчдаа хатуужуулах үүднээс хатуу хандах үе бий. Гэхдээ энэ нь хэмжээ хязгаартай байх ёстой. Багш, шавь хоёрын хооронд эцэг, хүүгийн харьцаа байж, бие биендээ итгэж байгаа тохиолдолд амжилт гаргаж чадна шүү дээ.

Орчуулсан Г.Уянга /2009.03.30/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж