МАН-д дарлуулсан Монголын төр

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

МАН-д дарлуулсан Монголын төр

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш хоёр жил хагасын хугацаа өнгөрөв. Өнгөрсөн долоо хоногт энэ Засгийн газар анх удаа танхимынхаа нэг гишүүнийг огцруулах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүллээ. Хамтарсан Засгийн газар хэмээх дархлагдсан субъектэд УИХ шүүлтүүр тавихыг санаархав.  Даанч чадсангүй. Хэний асуудлыг хэлэлцсэн, хэлсэндээ хүрсэн эсэх нь ч асуудлын гол биш. Харин УИХ  Засгийн газартаа хяналт тавьж, өөрийн бүтцийн байгууллагуудаар дамжуулан бүрэн эрхээ хэрэгжүүлж, хариуцлага алдсан сайд нарыг, шаардлагатай гэвэл Засгийн газрыг ч бүрэн бүрэлдэхүүнээр огцруулах  эрхээ эдлэх боломж байна уу гэдэг л чухал. Болоод өнгөрсөн үйл явцаас харахад УИХ ийм эрх мэдлээ нэгэнт алджээ. Нам л бүхнийг шийдэж байна.

    Оны өмнө, арванхоёрдугаар сарын 28-нд УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсан шаардлагыг УИХ дөнгөж өнгөрсөн долоо хоногт хэлэлцэв. Хуулиараа бол Засгийн газрын гишүүнийг огцруулахаар санал оруулснаас хойш ажлын 14 хоногт багтааж УИХ асуудлыг шийдэх ёстой. Гэвч оны дараа МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд Арабын орнуудад айлчлахдаа УИХ-ын бүтцийн байгууллагууд болох намын бүлэг, байнгын хороодоор хэлэлцэж эхлээд байсан сайдын асуудлыг 10 хоногоор хойшлуулах үүргийг УИХ-ын даргад өгчихөөд явсан билээ. Нам төрийн толгой дээр гарч суусан эхний жишээ энэ болсон юм. Сануулахад 2007 онд М.Энхболдын засгийн газарт ажиллаж байсан Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн Л.Гүндалай УИХ-д оруулаад, удалгүй нэгдсэн чуулган дээр асуудал орж ирэхэд “Саналаа буцааж авлаа” гэж мэдэгдсэн ч тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдорж “Монгол төр чиний тоглоом биш” гэж хэлээд алх тогшиж байлаа. Одоо эргээд харахад сайдын асуудлыг хэлэлцэх эсэх нь хуулийн хугацаанд биш ч, сайдын гэм буруутай эсэхэд ч биш, харин аль намын сайд вэ, аль нам эрх барьж байна гэдгээс илүү хамааралтай болж байна.

    Энэ удаа ч Д.Зоригт сайдын асуудлыг байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд үг хэлсэн гишүүдийн 70 хувь нь огцруулах үндэслэл байна гэж хүлээн зөвшөөрч байв. Харин санал хураалтын дүн эсрэгээрээрээ гарсан. Чуулганы хуралдаанд оролцсон 56 гишүүнээс 42 нь эсрэг санал өгч, дөнгөж 14 гишүүн огцруулахыг дэмжсэн билээ. Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ц.Батбаяр, Э.Бат-Үүл, Б.Бат-эрдэнэ, Г.Баярсайхан,  Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Ц.Сэдванчиг, Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, З.Энхболд, С.Эрдэнэ нарын гишүүд 14 гишүүн  Д.Зоригт сайдад хариуцлага тооцох ёстой гэж үзлээ. Харин МАН-ын бүлгийн 32 гишүүн, Ардчилсан намын бүлгээс 10 гишүүн сайдыг авч үлдэхээр кноп дарсан байна. МАН-ын бүлгийн хувьд ч яах вэ, Ерөнхий сайдыг айлчлалаар явахаас өмнө Удирдах зөвлөл нь хуралдаад шийдвэрээ гаргачихсан байсан, энэ шийдвэрээ байнгын хороод болон нэгдсэн чуулганы хуралдаанаар авч гарахын тулд байж болох бүх аргыг хэрэглэсэн. Өргөх бичиг барьсан Ц.Батбаяр гишүүнийг саналаа буцааж татахыг удаа дараа намын шугамаар шаардсан, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан,  дэд дарга Д.Дондог, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, НББСШУБХ-ны дарга Д.Очирбат нар сууж, бүлгийнхээ гишүүдийг нэг нэгээр нь цагдаж байгаад гар өргүүлсэн гээд.

    Тэр ч байтугай намын дарга С.Батболд нэгдсэн чуулган дээр орж ирээд Ерөнхий сайдын хувиар гишүүдийн асуултад хариулахын оронд намын даргын хувиар “Юмаа мэдэж баримттай яриарай, уулздаг газар бий шүү” хэмээн бүлгийнхээ гишүүдийг дарамталсан. Энэ бүхэн тус намын хувьд огтоос шинэ зүйл биш, дассан сурсан арга барил учраас юу хэлэх билээ. Ганцхан жилийн өмнө УИХ-ын гишүүдийн өмнө “Манай Засгийн газарт итгэл үзүүлнэ үү” хэмээн халирч зогссон Ерөнхий сайд өнөөдөр олонхийн эрх мэдлээр далайлган УИХ-ыг бүхэлд нь хяналтдаа аваад байгааг ч гайхах зүйл алга.

    Харин “Манай нам гишүүддээ эрхийг нь олгож байгаа, гишүүд өөрсдийнхөөрөө  кноп дарах эрхтэй” гэж байсан Ардчилсан намын бүлэг яагаад үүнийг эсэргүүцсэнгүй вэ? Засгийн газар хууль зөрчихгүй, сайд нар эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх нь намын хамгаалалтад орсон нэг сайдыг авч үлдэхээс илүүтэй Монголын төрд, төрийн төлөвшилд үнэ цэнэтэй зүйл гэдгийг хэн ч харсан хэлнэ. Тийм байтал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд яагаад хариуцлага алдсан сайдын суудлыг хадгалж үлдэхийн төлөө саналаа өгч, гишүүдээ ч мөн тэгж зохион байгуулав гэдэг анхаарал татаж байна.

    Мэдээж хэрэг Засгийн газарт орсон таван сайд С.Баярцогт, Х.Баттулга, Л.Болд, Л.Гансүх, С.Ламбаа нартай юу ярих вэ, “танхимын нэгдмэл байдал” гэдэг утгаар өөрийнхөө суусан модыг хөрөөдөхийг хүсээгүй байж болно. Гэвч Ардчилсан намын бодлогыг тээж, өрсөлдөгч намаасаа улс төрийн хариуцлага нэхэх ёстой  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар яагаад Засгийн газарт хууль зөрчих эрхийг олгоод байна гэдэг эмзэглэл төрүүлж байна. Мөн С.Оюун, З.Алтай, Д.Энхбат, Л.Гүндалай, Д.Одхүү, Р.Гончигдорж нарын гишүүд  яагаад санал хураалтыг орхиж гарав гэдэг , мөн “Сайдаар дамжуулж тойрогтоо ажил хийлгэнэ ээ” гээд бултаж байгаа УИХ-ын гишүүд анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ нь Засгийн газартаа хяналт тавих бус, Засгийн газар нь батлуулсан төсөв, тойргийн мөнгөөр дамжуулан УИХ-даа хяналт тогтоогоод эхэлчихэж. Энэ чинь юу гэгч болж байна вэ.
    Унасан бөхөд шалтаг  мундахгүй гэж, өнөөдөр гишүүд “Хэрвээ саналыг нууцаар хураасан бол 100 хувийн саналаар огцруулах байсан” гээд ярьж л байна. Гэвч ил, далд санал хураахдаа гол нь биш, хамгийн гол нь зарчим байна. Санал хураалтыг илээр явуулсан тухайд 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр  заагаагүй бусад асуудлыг ил санал хураалтаар шийднэ” гээд хийчихсэн. Үүнээс хойш бүх асуудал энэ жишгээр явж байгаа.

    Харин энэ УИХ өмнө нэг удаа бас л алдаа гаргасан. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оны өмнө УИХ-аар хэлэлцэхэд Хууль зүйн байнгын хороон дээр нууцаар санал хурааж хууль зөрчсөн билээ. Байнгын хороонд харьяалагддаг Ардчилсан намын бүлгийн гишүүд “санал хураалтыг хуулийн дагуу илээр явуулах ёстой” гээд байнгын хороог дахин хуралдуулсан ч Б.Бат-Эрдэнэ “гишүүдээс гаргасан горимын санал” гэж хэлээд дахин нууц санал хураалт явуулсан билээ. Ил санал хураалтаар энэ албан тушаалд томилсон бол огцруулах асуудлыг илээр санал хураах нь хуулийн логик. Үүнээс болж уг асуудал нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэлгүй бүтэн гурван сар гацаж байна. Тухайн үед МАХН-ын бүлэгт АТГ-ын даргыг нууц санал хураалтаар авч үлдэх нь чухал байсан бол өнөөдөр ил санал хураалт явуулах нь гишүүдийн саналын эрхэд халдах аян шалтаг болж байна.

    Үнэн хэрэгтээ Д.Зоригт сайдын зөв буруу, огцрох үгүй нь сонин биш. Харин Засгийн газар, УИХ-ынхаа  дээр нэг нам нь гарч суучихаад хурууныхаа үзүүрээр “дохиж” байгаа нь Хамгийн их дургүй хүргэж байна.  Хуулийг ингэж өөр өөрөөр “уншиж”, олонхи болсон нам өөрийн үзэмжээр тайлбарлаж байгаа нь Монголын төрийг хүчгүйдүүлж байна. Бас ардчиллын чиг баримжаа гэж үнэлэгдэж байсан Ардчилсан намын бүлэг үүнтэй эвлэрч суугаа нь хамгийн их эгдүүцэл төрүүлж байна.

    Б.СЭМҮҮН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж