Ч.Насантогтох: Х.Цагаанбаатар амжилт гаргана аа, харж л байгаарай

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Ч.Насантогтох: Х.Цагаанбаатар амжилт гаргана аа, харж л байгаарай

Ч.Насантогтох: Х.Цагаанбаатар амжилт гаргана аа, харж л байгаарай

"Насаа багшаа баяр хүргэе”. Спортын төв хороогоор орж гарах тамирчид бүгд түүнд мэхийн хүндэтгэл үзүүлэх. Зарим нь гүйж ирэн үнсүүлж харагдана. Бүгдээрээ л түүнийг багшаа хэмээн хүндэтгэхийг хараад энэ эрхмээр бахархах сэтгэл төрснийг нуух юун. Монголын спортын одод түүний өмнө “бөнжигнөн” гүйх нь энэ хүн спортод хичнээн нэр хүндтэй, нөлөөтэй болох нь илт. Ингээд Ардын багш, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтохтой уулзаж ярилцсанаа толилуулья.

-Ардын багш болсонд танд баяр хүргэе. Хичнээн жил их спортын төлөө зүтгэж байж энэ алдрыг хүртэж байна, та?

-Би Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул. 1968 онд арав­дугаар ангиа төгсөөд Биеийн тами­рын дээд сургуулийн оюутан болж байлаа. Тухайн үед би чөлөөт бөхөөр хичээллэдэг байв. Тэгээд 1969 онд юм байна. ЗХУ-ын Биеийн тамирын дээд сургуульд сурал­цахаар Орос руу явж билээ. 1973 онд жүдо бөхийн мэргэжилтнээр төгсч, Монголын анхны жүдо бө­хийн дасгалжуулагчаар ирж бай­лаа. Тэр цагаас хойш өнөөг хүртэл жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байна. 35 жил би их спортын төлөө зүтгэжээ. Монголд тэр үед жүдогийн өмсгөл, бэлтгэл хийх танхим алга байсан. Бид чөлөөт бөхийн дэвжээн дээр бэлт­гэлээ хийдэг байлаа. Румынд бол­сон жүдо бөхийн тэмцээнд Мон­голоос анх хоёр тамирчин орол­цоод хоёулаа медальтай ирж бай­сан юм даг. 1980 онд болсон Москвагийн олимпод Ц.Дамдин, Р.Даваадалай хоёр маань орол­цоод бас л хоёр медаль эх орондоо авчирч байв. Саяхан би тоолж үзлээ. Миний дор хичээллэж бай­сан шавь нар гээд 700 гаруй хүн байна. Тэднээс маань 30 нь Монгол Улсын гавьяат цол хүртжээ. Ингээд бодохоор амьдралын маань баяр гуниг, зовлон жаргал, сэтгэл зүрх маань энэ спорттой салшгүй холбогд­­чихож. Төр засаг маань энэ бүгдийг өндрөөр үнэлж Ардын багш цол тэмдгээр шагналаа.

-Дасгалжуулагч хүний хувьд тамирчин нь амжилт гаргах л хамгийн том баяр байдаг болов уу. Хараад байх нь ээ тэмцээний үед хамгийн байж ядаж байгаа хүн нь дасгалжуулагч нар л байдаг юм шиг санагддаг?

-Тийм шүү. Тамирчны хувьд нэг л өдөр барилдаад дуусчихдаг бол дасгалжуулагч тэр тэмцээнийг дуу­сан дуустал ажлаа хийж байдаг юм. Ер нь бол их хүнд ажил шүү дээ. Сэтгэл санааны хувьд ч стресс ихтэй. Бусад хүнд бол нэг их зааж зурсан хүн л харагддаг байх. Яг үнэндээ дасгалжуулагч хүн тамирч­дын аав, ээжийг л орлодог юм. Олон хүүхэдтэй эхнэр шиг л байдаг даа. Өглөө сэрээнэ, орой унтуулна. Тэр хугацаанд тамирч­дын сэтгэл зүй ямар байна, хэн яаж байна, түүний юу нь болохгүй, юу нь болж байна гээд бүгдийг нь судална. Болохгүйгээс нь болохын төлөө зүтгэнэ дээ.

-Тамирчин болгон өөр өөрийн характертай. Өөр өөрийн амьд­рал­тай. Тэр болгонтой тохируулж ажиллана гэдэг тийм ч амар зүйл биш байх?

-Хүн болгон өөр өөрийн араншин­т­ай. Зарим нь үг даадаг бол, зарим нь урмаар тэжээгддэг байх жишээтэй. Хор шарыг нь малтах тусам амжилт үзүүлдэг тамирчин ч байдаг. Магтаал, сай­шаалд урамшин амжилтаа ахиул­даг нэгэн ч бий. Тэр болгоныг дасгалжуулагч мэддэг, түүнд нь тохируулж ажиллаж чаддаг байх ёстой. Энэ бол дасгалжуулагч хүний үүрэг, хийх ёстой ажил. Бид тэгж бодож, Монголын нэрийг дэл­хийд гаргахын төлөө зүтгэдэг юм.

-Бээжингийн опимпод оролц­сон эхний тамирчид маань ялаг­дал хүлээж эхлэхэд та медальгүй хоцрох вий гэхээс айж байсан уу. Ялангуяа монгол­чуудын найдлага тавьж байсан Х.Цагаанбаатар гавьяатыг ялаг­дахад танд хэцүү байсан байх?

-Манай шигшээ багийн хувьд Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр хоёрт найдлага тавьж байсан. Ямар ч байсан тэр хоёрыг медаль авна гэдэгт итгэлтэй байсан. Харам­салтай нь, олимп болохоос цөөхөн хоногийн өмнө Х.Цагаан­баатар маань хавиргаа хугалж, гэмтэл авсан. Тэгээд л бэртлээсээ болоод энэ олимпиос медаль авч чадсан­гүй. Нэг үгээр хэлбэл, хөөр­хий минь ясаа хугартал бэлтгэсэн дээ. Гэхдээ энэ бол нэг их асуудал биш. Х.Цагаанбаатар залуухан, дөнгөж 24-хөн настай. Амжилт үзүүлнэ ээ, харж л байгаарай. Би ингэж л хэлэх байна. Яг үнэнийг хэлэхэд найд­лага тавьж байсан Х.Цагаан­баа­тарыг ялагдсаны дараа тав хоног хүнд байсан. Н.Түвшинбаярыг л хүлээж байлаа.

-Олимп болох гээд байхад яахаараа гэмтэл авдаг юм гээд л Х.Цагаанбаатарыг буруутгах хүн олон байсан?

-Тэмцээнд барилдахаасаа илүү бэлтгэл хийх нь хүнд байдаг юм шүү дээ. Үүнийг хүмүүс ойлгохгүй байх л даа. Бэлтгэлийн үеэр гэмтэл авна, бэртэнэ. Янз бүрийн асуудал гарна. Бид Цагаанааг гэмтлээс нь болоод олимпийн хотхонд оруулах уу, байх уу гэж хүртэл ярилцсан. Тамирч­ныхаа ирээдүйг дасгалжуулагч хүн бодох ёстой. Нэг тэмцээнээр бүх юм дуусчихгүй шүү дээ. Тэгээд ч бид өнгөрснөө мартаж болохгүй. Афины олимпиор Монголыг аварсан ганц хүн Х.Цагаанбаатар шүү дээ. Цаашдаа бүр илүү их амжилт үзүүлнэ, монголчуудаа та нар хараарай гэж дахиж хэлмээр байна

-Н.Түвшинбаярыг алтын төлөө барилдах үед хэр сэтгэл хөөрч, сандарч байв?

-Н.Түвшинбаярт сугалаа маш хүнд таарсан. -100 килограммын жинд барилддаг мундгууд бүгд нэг хэсэгт орчихсон байсан юм. Ямар сайндаа л Оросын дасгалжуулагч Табаков “Үхлийн хэсэг” гэж нэрлэхэв дээ. Манай Түвшээгийн хувьд нэг авах юм байдаг. Өмнө нь барилдаж байгаагүй, өөрөөсөө хүчтэй бөхтэй айж сандралгүй барилдчихдаг л даа. Эхний тойрогт Японы алдарт бөх, олимпийн аварга Кейжи Сузукийг илт давуу ялсан. Дараа нь Азарбайжаны бөхийг ялсан. Ялалт байгуулаад ирэх бүрт нь би үл тоосон царай гаргасан. Учир нь дасгалжуулагч хүн баярлаж хөөрөөд тамирчныхаа сэтгэл зүйд нөлөөлж болохгүй. Тиймээс би болдог юм боллоо гэсэн байртай, цаашдынхаа барилдаанд сайн барилдана шүү гэж л хэлсэн. Мэдээж дотроо бол маш их баярлаж, сэтгэл их догдолж байлаа. Түүнийгээ тамирчиндаа мэдэгдэх­гүй байх, тайван байх чухал бай­лаа. Нөгөөдүүлд нь ч гэсэн “Та нар баяр хүргэж, хөөргөж болохгүй шүү” гэж захьсан.

-Н.Түвшинбаяр өөрөө хэр их сандарч байсан бэ?

-Алтын төлөөх барилдаан хүр­тэл гурван цагийн завсарлага өгсөн л дөө. Бээжингийн цагаар оройн 18.00 цагт алтан медалийн төлөөх барилдаан эхлэх ёстой. Энэ хуга­цаанд би Түвшээг аль болохоор амраах, сэтгэл зүйн хөөрөлд оруулах­гүй байх л чухал байсан. Тэгээд өрөөнд нь ган­цааранг нь оронд нь оруулаад хэвтүүлсэн. Тамирчиддаа та нар орж болохгүй шүү, энэ өрөөнд Х.Баттулга бид хоёроос өөр хүн орох ёсгүй гэсэн. Аан, тийм мас­сажист эмчээ оруулж, амраах иллэг хийлгэсэн. Нэг яваад орсон чинь мань хүн сайхан гэгчийн бөх нойрсож байна. Ер нь бол барил­дааны өмнө ингэж унтдаг тамирчин их ховор л доо. Их тайван хүний шинж гэх үү дээ. Би түүнийг хараад Казахстаны бөхөөс бэр­гэхгүй байгаа юм байна гэж тайв­ширсан. Тэмцээн эхлэхээс цагийн өмнө би Түвшээг сэрээгээд, аяга халуун цай уулгаад бэлтгэлд гар­гасан. Удалгүй алтын төлөөх тэм­цээн эхэллээ. Манай хүн илт давуу байгаа нь илэрхий байсан л даа. Мэдээж, ялах үед сэтгэл огшоод өөрийн эрхгүй нулимс урсаад эхэлчихсэн шүү. Хүмүүс ч баяр хүргээд. Нөгөө биеэ бариад байсан хүн чинь нулимсаа дийлээгүй ээ. Тэнд гурав, дөрвөн мянган монгол хүн тэм­цээнийг үзэж байлаа. Бүгд бие биедээ баяр хүргээд, тэвэрч үнсээд л, уйлаад л. Түүнийг харсан гадаа­дынхан монголчууд ямар эв нэгдэл­тэй, найрсаг ард түмэн юм бэ гэж гайхсан гэнэ лээ. Дараа нь би Н.Түвшинбаяраас Казахстаны бөх ямар байна гэхэд “тал нь ч алга байна лээ” гэж хариулсан даа.

-Түвшээгийн талаар янз бүрийн яриа дэгдээд байгаа. Азербайжанчуудаас шидсэн энэ мессэжийн талаар та албан ёсны тайлбар өгөөч?

-Тийм юм байхгүй ээ. Тэмцээн дуусаад таван минутын дараа тамирчнаас сэргээшийн шинжилгээ авдаг. Хариу нь 24 цагийн дотор, бүр удлаа гэхэд 72 цагийн дараа гарчихдаг юм. Тэгэхээр ялагдсан бөхийн явуургүй зангийн илрэл гэж үүнийг хэлэх байх. Япончууд их соёлтой юм билээ. Ялагдсаныхаа дараа надад ирж баяр хүргэсэн. Харин Азербайжан, Казахын хүмүүс тэр үеэр ийм яриа гаргаад байсан л даа. Үнэхээр сэргээш хэрэглэсэн бол Олон улсын олим­пийн хороо тухайн үед мэдэгдэнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол хоосон цуу үг. Ийм яриа гаргаад байгаа азербайжанчуудад ялагдаж сур гэж хэлмээр байна. Би Биеийн тамир спортын улсын хороонд албан ёсоор эсэргүүцлийн бичгийг хүргүүл гэсэн санал тавиад байгаа.

-Тамирчдын хувьд амжилт үзүүлэхэд ахуй хангамж их чухал гэдэг. Манай тамирчдад энэ асуудал их хүнд байдаг шүү дээ?

-Тамирчдаа амжилт гаргуулъя гэвэл хамгийн түрүүнд ахуй нөхцөлийг нь сайжруулах хэрэгтэй. Манай Ерөнхийлөгч “Олимпийн аварга хүн аварга хүн шиг амьдрах хэрэгтэй” гэж хэлсэн шүү дээ. Энэ бол үнэн үг шүү. Цагаанаа, Түвшээ гээд бүгд л гэр оронгүй, айл айл хэсээд л явдаг байсан. Харин Жүдогийн холбоог Х.Баттулга толгойлсноос хойш тамирчдын ахуй нөхцөлийг сайжруулах талаар багагүй анхаарах болсон. Одоо Н.Түвшээ маань ахуй хангамжийн хувьд айлтгүй болчихлоо. Үлдсэн хэдэн тамирчдаа гэр оронтой, унах унаатай болгочих юмсан гэж бодох л юм байна.

-Нээрэн ингэхэд хэрэгт дур­ласан нэг асуулт тавимаар бай­на. Олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдаа монголчууд зөндөө шагналаа. Харин дасгал­жуулагч нарт байр, машин амла­сан газар байна уу. Тамирчид маань бүгд л дөрвөөс доошгүй байртай, бас унах унаатай болчихлоо?

-Дасгалжуулагчдын хөдөл­мө­рийг нэг их үнэлдэггүй юм шүү дээ. Тамирчидтайгаа барьцаж байгаа юм биш л дээ, зөвөөр ойлгоорой миний хүүхдүүд. Дасгалжуулагч нарт ямар нэгэн юм амласан аж ахуйн нэгж алга аа. Надад л лав тийм юм амласан хүн алга, нуугаад яахав. Харин төр надад Ардын багш цол хүртээлээ.

-Үгүй ээ, би төр танд мөнгөн урамшуулал өгөв үү гэж асуух гээд байна л даа. Тамирчдаа шагналаа, тэгвэл тэр хүнийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн дас­гал­жуулагчдынхаа хөдөлмөрийн хэдэн саяар үнэлсэн бол гэж хэрэгт дурламаар санагдаад?

-Бусад оронд бол эхлээд багш дасгалжуулагч нарын хөдөлмөр, хөлсийг нь үнэлдэг юм билээ. Харин манайх бол өөр л дөө. Засгийн газрын тогтоолд тамирчдаа шагнана гэснээс дасгалжуулагч нарыг нь шагнаж урамшуулах талаар нэг ч үг алга байна лээ.

-Та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Төрийн албан хаагчдын адил байх аа. Дасгалжуулагч нарын цалин 300 мянган төгрөг байдаг юм. Уг нь төр энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй болсон юм шиг санагддаг. Цааш цаашдаа дасгалжуулагч нараа шагнаж урамшуулах, тэдэнд дэм өгөх хэрэгтэй юм шиг санагддаг шүү. Би ч одоо хөгширлөө дөө. Монгол Улсын далбааг олимпийн тэнгэрт мандуулахын төлөө олон жил зүтгэлээ, санасандаа хүрлээ. “Шагналын 70 хувийг нь тамирчин өөртөө, 30 хувийг нь дасгалжуулагч авна” гэсэн Жүдо бөхийн холбооны дүрмээр 30 гаруй сая төгрөгийг Түвшээ маань өгсөн. Эмч, мас­сажист, дасгалжуулагч нартаа зургаа, зургаан сая төгрөгөөр нь тарааж өгсөн байгаа.

-Жүдо бөхийн холбоо Н.Түвшинбаярыг 80 сая төгрөгөөр шагнасан. Таныг шагнасан уу?

-Х.Баттулга миний шавь байгаа юм. Багшийнхаа хөдөлмөр, зүтгэл хөлсийг шавь нь үнэлнэ гэж байна лээ. Үнэлэх байх аа. /инээв/

-Тэгвэл Х.Баттулга гишүүн хэлсэн дээ хүрэх байлгүй дээ?

-Тэгнэ байх аа, миний шавь сайн хүн байгаа юм. Тамирчинд маань ямар нэгэн асуудал гарвал би шууд л түүн дээр гүйж очдог л доо. Шавь маань надаас асууж, зөвлөдөг л юм.

-Тамирчин ганцаараа амжилт гаргана гэж байхгүй, түүний ард бүхэл бүтэн баг байж амжилт үзүүлдэг биз дээ?

-Хичнээн мундаг, хүчтэй байлаа ч тамирчин хүн дан ганцаараа амжилт гаргачихдаг юм биш. Дас­галжуулагч багш нар, хамтарсан бэлтгэл хийдэг тамирчдынх нь хөлс, хөдөлмөрийн хүчээр л тэр хүн амжилт үзүүлдэг юм. Дасгалжуулагч гэхэд л тэр олон тамирчдыг өглөө сэрээнэ, орой унтуулна, бүх л үед нь хамт байна шүү дээ.

-Одоо тэгээд таныг болон шавь нарыг чинь ямар тэмцээн хүлээж байна?

-Лондонгийн олимп. Тамирчид, дасгалжуулагчид олимпоос олим­пийн хооронд бэлтгэл хийдэг юм. Дунд нь дэлхийн аварга шалга­руулах тэмцээн наадамд оролцоно доо. Алтан медалийн буухиагаа хадгалахын тулд хоёр дахин илүү бэлтгэл хийх шаардлагатай бол­лоо. Манай баг их залуу. Цагаанааг, Түвшээг, Бундмааг, Дашдавааг гээд бүгдэнд нь би итгэж байгаа. Энэ хүүхдүүд маань амжилт гаргана байх гэдэгт ч итгэлтэй байна.

-Олимпийн аваргын зан чанар өөрчлөгдөх вий, алдар нэрэндээ сагсуурах вий гэж эмзэглэх хүн цөөнгүй?

-Үгүй байх гэж бодож байна. Манай Н.Түвшинбаяр чинь малчин ардын хүүхэд. Ар гэр, аав ээж нь ноён нуруутай хүн шиг санагдсан. Намайг нээрээ тэднийх гэртээ урьсан шүү. Ямар нэгэн юманд сагсуураад нэр төрөө алдах хүү биш гэж бодож байгаа. Ард түмнээ, багш нараа, найз нөхдөө, тамирч­даа, бас их спортоо хүндэтгэх сэтгэл зүрх шавьд маань бий гэдэгт итгэж байна.

-Олимпийн дараа спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуус олширлоо гэж сонссон?

-Бээжингийн олимп монголчуу­дад олон зүйлийг өглөө. Эв нэгдэл хүсэл сонирхол, мөрөөдөл зорилго өглөө. Жүдогоор хичээллэх сонир­холтой хүүхэд залуус олширсон байна лээ. “Танд дээр хүүгээ аваачаад өгье” гэсэн санал надад их ирж байгаа. Энэ хугацаанд амрах санаатай л байна.

-Та одоо амрах уу?

-Жүдогийн шигшээ баг арван­нэгдүгээр сар хүртэл завсарлага авсан. Тэгээд шигшээ багийн дасгалжуулагч шалгаруулж авах тендер зарлагдана.

-Та тендерт оролцох уу?

-Уг нь би одоо амаръя даа гэж бодож байсан юм. Хүмүүс оролцооч гэсэн санал тавьсан. Оролцох байх аа.

-Тамирчдадаа, бас хүүхэд залууст хандаж юу захимаар байна?

-Хүн бүхэн өөрийн мөрөөдөл, хүсэл зорилготой байгаарай гэж захимаар байна. Энэ дашрамд төрдөө, бас Олимпийн хороо, Биеийн тамир спортын хороо, Жүдо бөхийн холбооны удирд­лагуудад талархал илэрхийлмээр байна. Төр засаг маань Бээжингийн олимпад маш их ач холбогдол өгсний үр дүнд Монгол Улсын олимпоос хоёр алт, хоёр мөнгө авчирлаа. 44 жил хүлээсэн алтаа авлаа. Энэ бүхэн бол Олимпийн хороо, Биеийн тамир спорт хорооны дэмжлэг, Жүдо бөхийн холбооны анхаарал халамжийн үр дүнд ирсэн амжилт юм шүү гэдгийг л онцлож хэлье дээ.

Ж.НЯМСҮРЭН /2008 оны 9 сарын 8/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж