Хувьцаат компаниудад гардаг алдааг засна

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Хувьцаат компаниудад гардаг алдааг засна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа өчигдөр Компанийн тухай  хуулийн төслийн шинэчилсэн найруулга  болон холбогдох бусад хуулийн  төслүүдийг авч хэлэлцээд үндсэнд нь дэмжжээ. Компанийн тухай хуулийг өмнө нь 1999 онд УИХ-аар баталж байсан ч өнөөгийн чөлөөт эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд бэрх болж, хуучирчээ. Нөгөөтэйгүүр, уг хуульд Хариуцлагатай хувьцаат компани, Хувьцаат компанийн  үйл ажиллагааны онцлогийг нарийвчлан гаргаж өгөөгүй нь шинэчлэн найруулах үндсэн шалтгаан болсон байна. Тиймээс үйл ажиллагаа нь ил тод биш, ногдол ашиг хуваарилдаггүй, зориуд ашиггүй ажиллуулдаг, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироодог зэрэг Хувьцаат компаниудад гардаг ноцтой дутагдлуудыг энэхүү хуулийн төслөөр засах зорилго агуулж буй тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Бүлгээр хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд  төслийг улам боловсронгуй болгох  зарчмын саналууд гаргасан тул тэдгээрийг нэгтгэн бүлгийн санал дүгнэлт бэлтгэх ажлын хэсэг байгуулсан байна.  Тодруулбал, гишүүд компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, үнэт цаас гаргах, ногдол ашгаа компанийн хуулийн дагуу хэрхэн хуваарилах вэ гэдэг дээр тус бүр санал гаргажээ.

         Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга аж. Уг хуулийн төсөл дээр бүлгээс УИХ-ын гишүүн С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд санал дүгнэлтээ хуралдаанд танилцуулжээ. Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг  “Халамжийг хэт хавтгайруулсан, өмнөх хуулийн заалтуудаас дордсон” хэмээн дүгнэжээ. Тухайлбал, одоо мөрдөж байгаа хуулиар  ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд нөхцөлд амьдардаг хүүхэд гэх зэргээр халамж авах бүлгээ тодорхой зааж өгсөн байдаг бол одоогийн шинэчилсэн найруулгын төсөлд халамжийг айл өрхүүдэд хуваарилна гэж заасан нь тухайн айл өрхөд байгаа хөдөлмөрийн чадвартай жирийн иргэдийг ажил хийх сонирхолгүй, халамж харж суух сэтгэлгээ рүү хөтлөх зохицуулалт болно гэж гишүүд шүүмжлэлтэй хандсан тухай бүлгийн дарга онцоллоо.  Тиймээс бүлгийн гишүүд халамжийг шаардлагатай хүнд нь өгөх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалттай нийцэхгүй байна гэж үзээд хуулийн төсөл дээр ажлын хэсгийг үргэлжлүүлж ажиллах санал гаргасан аж.

         Мөн өдрийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг авч хэлэлцээд, мөнгөний амлалтыг зогсоох үүднээс энэ талын зохицуулалтыг төсөлд тусгах ёстой гэж үзэн, ажлын хэсгийнхнийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэнтэй санал солилцож, уг заалтыг тусгах ёстой гэсэн чиглэлийг өгсөн. Түүнчлэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа бүлгийн ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсож,  цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцож, тодорхой чиглэлүүдийг ч өгчээ.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж