Сайд Л.Гансүх хэлэхдээ “Өнгөрөгч онд яамнаас салбарын хэмжээндээ Ойн менежментийг боловсронгуй болгох жил болгон зарласан. Энэхүү жилийн хүрээнд менежментийн чиг хандлагаа тодорхойллоо. Бодлогын хувьд ашиглагч нь хамгаалагч байх, бохирдуулагч нь төлбөр төлөгч байх зарчмыг хуульчилсан. Түүнчлэн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр дэх газар ашиглалтыг цэгцэлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2010 онд нийт 71 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалсан. Энэ ажлыг 2011-2012 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жил бүрийг нэг чиглэлийнхээ үйл ажиллагааг сайжруулах зорилготойгоор онцлох жил болгон зарладаг билээ. Ийнхүү энэ 2011 оныг “Усны жил” болгон зарлаж, жилийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг таван багц зорилтын хүрээнд, 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр 19 зорилтын хүрээнд нийт 94 арга хэмжээ төлөвлөгдсөнөөс тус яамны толгойлон хэрэгжүүлэх 84 арга хэмжээний биелэлт 2010 оны жилийн эцсийн байдлаар 73,8 хувийн хэрэгжилттэй байна. Засгийн газрын бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд хэрэгжих төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл талаас илүү хувьтай байгаа нь манай салбарын үйл ажиллагааны гол ололтын нэг юм” гэв.
Өнгөрөгч онд яамны зүгээс хийж гүйцэтгэсэн голлох ажлууддаа Агаарын бохирдлыг бууруулах “шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр батлагдсан, ойрын 12 жилд усны чиглэлээр баримтлах бодлого, зорилтоо тодорхойлсон, цөлжилттэй тэмцэх бодлогоо шинэчилсэн, “агнуур, байгалийн ургамлын нөөцийн нөхөн сэргээлтэд хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхээр хуульчилсан, нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон газрын тооллого хийсэн, хатуу хучилттай авто зам ашиглаагүй бол ашигт малтмал тээвэрлэх үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэсэн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар говьд хуралдсан, томоохон голуудын голуудын сав газрын зөвлөлүүд байгуулсан, нийт газар нутгийн 25%-ийг улс, орон нутгийн хамгаалалтад авсан зэргийг дурдсан байна.
Дэлхий нийтэд нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын сөрөг нөлөөнд Монгол орон гурав дахин илүү өртөж, байгаль орчны төлөв байдал, түүний дотор усны нөөц, хангамжид ноцтой сөрөг нөлөөлөл бий болж, хуурайшил нэмэгдэн зарим газарт байгалийн тэнцвэр алдагдсанаас нийгэм, эдийн засаг, нүүдлийн мал аж ахуй, газар тариаланд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрээд байгаа нь Ус хөтөлбөрийг боловсруулан гаргах үндэслэл болсон бөгөөд уг ажлын хүрээнд усны тооллого хийхээс эхлэн хоёр үе шатыг дамжин хэрэгжих 130 бүлэг арга хэмжээ явуулахаар болсон байна.
Уг хэвлэлийн хурлын дараагаар БОАЖЯ-ны сайд Л.Гансүхээс яамны авч хэрэгжүүлсэн аргах хэмжээ, тулгамдаад буй асуудлын талаар тодруулсан юм.
-Жил бүр мод тарих зардалд хөрөнгө төсөвлөж, тодорхой ажлууд хийдэг. Харин модыг арчлах, хамгаалах зардалд уг хөрөнгө зориулагддаггүй. Өнгөрөгч онуудад шинээр тарьсан моддын амьдрамж хэр байгаа вэ?
-Үнэхээр тийм. Харин энэ жилээс мод тарьсны дараах арчилгаа хамгааллын зардлын асуудал шийдэгдэх болно. Тодорхой хэлбэл гурван жил хүртэлх хугацааны арчилгаа, хамгааллыг шийдвэрлэхээр болж байгаа. Ингэснээр моддын амьдрах чадвар дээшилнэ.Өнгөрсөн оны ойжуулалтын ажлын хүрээнд нийт Монголд нэг сая 700 мянган мод тарьсан.
-Модны хулгайтай тэмцэхэд бодлогын төвшинд ахиц гарсан уу?
-Юуны өмнө манай иргэдийн сэтгэлгээнд модны хулгайн талаар сэтгэлгээний эерэг өөрчлөлт гарч байна. Өмнө нь энэхүү хууль бус үйл ажиллагааны талаар иргэд мэдсэн ч мэдээлэл өгдөггүй байсан бол одоо энд ийм дугаартай, ийм машин явж байна гэж мэдээллэдэг болсон. Бодлогын хувьд авч үзвэл өмнө нь дөрвөн шоо метр мод хулгайлсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх босготой байсан бол одоо нэг шоо метр мод хулгайлсан тохиолдолд эрүү үүсэхээр болсон.
-“Усны жил” болгон өөрчилсөнтэй холбоотойгоор усны хэрэглээний зардал, татвар хураалтад өөрчлөлт гарах уу?
-Одоогоор усыг хэрэглэгч гол байгууллагууд ус хэрэглэсний татвараа төлдөггүй. Үүний томоохон жишээнүүд бол уул уурхайн компаниуд. Харин бид энэ жилийн хүрээнд татвар төлөх, авах тухай зохицуулалтын хэрэгжилтийг тогтооно. Түүнчлэн усны ашиглалтыг газар дээр нь ажиллаж тодорхойлох болно.
-Нөхөн сэргээлт хийдэггүй, хийгээгүй газруудыг хэрхэх вэ?
-Бид нөхөн сэргээлт хийх нөхцөл шаардлагыг боловсруулсан. Энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна. Яамнаас 15 аймагт судалгаа хийхэд 516 газар нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа нь тогтоогдсон. Энэ тухай баримтуудаа цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байгаа.