Хүн төрөлхтөн түүхийн бүхий л мөчлөгт, үеийн үед эмэгтэй хүний гоо сайхныг биширч, магтан дуулсаар ирсэн. Гэтэл гоё сайхан, гоо үзэсгэлэнтэй байна гэдэг эмэгтэйчүүдийн хувьд хүнд хөдөлмөр байдаг. Генийн лотто хожчихоогүй л бол шүү дээ.
Орон орны бүсгүйчүүдийн түгээмэл хэрэглэдэг хамгийн энгийн гоо сайхны нууцаас бүсгүй танд зориулж байна.
АВСТРАЛИ
Хуурайшиж, загатнуулдаг хуйх, хагнаас ангижрахын тулд австрали бүсгүйчүүд шампуньдаа хэдхэн дусал цайны модны тос нэмж, хэрэглэдэг. Ингэх нь түвэгтэй мэт санагдаж байвал дэлгүүрийн лангуунаас шампунь сонгохдоо цайны модны тостойг сонгож болох юм.
БРАЗИЛ
Наран шарлагын газарт усны хувцастай явахаасаа ичдэг үү? Хөвсгөр, марайлаг байх нь ч дүүрсэн хэрэг, жүржийн хальс шиг барзайсан целлюлит таны сэтгэлийг зовоодог бол нойтон элсээр тэр хэсэг газраа зөөлөн зөөлнөөр үрээрэй. Ингэснээр цусны эргэлтийг сайжруулж, целлюлитийг задлаад зогсохгүй арьс тольгор сайхан болдог гэнэ.
ЕГИПЕТ
Сүүнд булхаж хэвтэхийн ид шидийг Клеопатра анхлан нээсэн гэгддэг. Та усан онгоцоо усаар дүүргээд, дээрээс нь 1-2 литр бүлээн сүү, 100 грамм зөгийн бал хийгээд ороорой. Бэлтгэсэн усандаа 15-20 минут хэвтэхэд арьс онцгой зөөлөрч, уян хатан болдог аж.
КОЛУМБ
Латин Америкийн орнуудад авокадо бол гоо сайхны жоронд зайлшгүй багтдаг чухал орц юм. Үс, нүүр, биеийн масканд өргөн ашигладаг.
Үсээ торго мэт зөөлөн, намирсан болгохын тулд авокадог гадил жимстэй хольж нухашлаад, нэг амны халбага чидун жимсний том нэмээд үсэндээ түрхэнэ. 30 минут байлгаад шампуниар зайлж угаана.
ХЯТАД
Үрчлээнээс сэргийлэхийн тулд хятад бүсгүйчүүд нүүрээ будааны шүүсээр цэвэрлэдэг. Түүхийг будааг усанд 20 минут орчим дэвтээгээд усыг нь шүүж авна. Тэрхүү усаараа нүүрээ тогтмол арчиж, цэвэрлэснээр богино хугацаанд гайхалтай үр дүн мэдрэгдэх гэнэ.
ЯПОН
Шаазан мэт арьстай япон бүсгүйчүүдийн нууц нь иодоор баяжуулсан хүнс тогтмол хэрэглэдэгтэй холбоотой аж. Түүнчлэн арьсаа нарнаас сайтар хамгаалдаг. Зуны улиралд үргэлж шүхэр хэрэглэж, урт бээлий өмсдөгийн үр дүн ажээ.
ЭНЭТХЭГ
Нарны мөргөл гэх энэ дасгал энэтхэг бүсгүйчүүдийн дунд ихэд алдартай. Бодисын солилцоог идэвхжүүлж, энергийн түвшнийг ихэсгэдэг. Түүнчлэн зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд, хүүхдүүдэд ч ашиг тустай.
КОСТА РИКА
Тэндхийн бүсгүйчүүд арьсны нүхжилтийг багасгаж, өнгийг нь сэргээхийн тулд жүржийн шүүс хэрэглэдэг. Жүржийн шүүсийг 1:1 гэсэн харьцаагаар цэвэршүүлсэн устай холино. Түүнийгээ хөвөнд шингээгээд нүүрэндээ 10 минут байлгана. Дараа нь усаар зайлж угаана. Туршаад үзээрэй.
БОЛГАР
Сарнайн охь ба сарнай цэцгийн дэлбээ болгар бүсгүйчүүдийн гоо сайхнаа хадгалах чухал хэрэгсэл гэнэ. Тэд өдөр бүр арьсаа сарнайн усаар, эсвэл сарнай цэцгийн дэлбээн цайгаар арчиж, шавшдаг аж. Энэ арга нь арьсыг маш сайн чийгшүүлж, зөөлөн, тольгор болгодог гэнэ.
ФИЖИ
Олон зууны туршид фижи бүсгүйчүүдийн Цасан гуа мэт цагаан арьс хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог байсан гэнэ. Харин тэдний арьсаа цайруулах арга тун энгийн ажээ. Хоёр амны халбага зөгийн бал, гурван амны халбага жүржийн шүүс, нэг амны халбага элсэн чихрийг бүгдийг сайтар хольж, хутгана. Багахныг авч арьсандаа түрхээд, нимбэг таллан хуваагаад дээрээс нь зөөлөн үрж, гуужуулна. Бэлтгэсэн ханднаасаа шаардлагатай хэмжээгээр нэмж түрхээд, 25 минут орчим нимбэгээр үрнэ.
ГРЕК
Чидун жимсний том Грект ихэд алдартай. Зөвхөн хоол хүнс ч биш, гоо сайхны хувьд ихээхэн ач холбогдолтой гэнэ. Арьс цэвэрлэх, түлэгдэлтийг анагаахад тустай, бас гэрийн нөхцөлд өөрийн гараар үсний гайхалтай ангижруулагч хийж ч болдог гэнэ. Нэг аяга таргийг нэг амны халбага чидун жимсний тостой хольж, найруулаад угаасан үсэндээ түрхэнэ. Таван минут байлгаад усаар зайлж угаана. Үс тэр даруйдаа гайхалтай зөөлөн, торгомсог болдог гэнэ.
МЕКСИК
Мексик хүүхнүүд халбагаар сормуусаа дэрвийлгэдэг гэнэ. Халбага халуун усанд дүрж бүлээсгээд нүдэндээ ойртуулж, сормуусаа наагаад хуруугаараа наалдуулж 30 секунд орчим барина. Дараа нь сормуусны будгаар будна.
Бэлтгэсэн С.ЦЭЛМЭГ