Эзэгтэйн тэмдэглэлийн дэвтэр

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Эзэгтэйн тэмдэглэлийн дэвтэр

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Цагаан сар айсуй. Цаг цагт нэг цадаж, цагаан сараар нэг цаддаг гэсэн эртний үг  монголчуудын ядуу хоосныг илтгэхээсээ илүү сар шинийн өдрүүд ямархан элбэг дэлбэг байдгийг баталдаг гэдэгт би итгэдэг. Үнэхээр ч айл болгоны ширээ амттанаар бялхаж, гэрийн эзний магнай тэнэгэр, эзэгтэйн сэтгэл ч хангалуун байдаг өдрүүд бол цагаан сарын шинийн өдрүүд билээ. Хүүхэд багачууд хүртэл цамаан зан гаргаж, амттаныг шилж сонгон зооглох бөгөөд шинийн өдрүүдэд голж үлдээсэн нь хаврын урт өдрүүдэд аминд орно. Хүүхэд бүрт хувь түгээнэ. Жижиг ул боовон дээр хайлмаг, өрөм тэргүүтнийг бялхтал нь хийж хөлдөөн хамаатан садангийнхандаа түгээдэг байсан сан. Айл айлын хувь хишгийн амт өөр өөр. Тэдэн дундаас аавын минь хийсэн ул боов, ээжийн минь хайлсан тос  хамгаас амттай. Жилдээ ганц уулздаг садангийн хүүхдүүдийн том болсныг гайхаж, хөгшиддөө “Зуу насалж, зургаадай таяг тулаарай” хэмээн ерөөдөгсөн…

     Хүүхэд насны цагаан сарын дурсамж энэ мэт хөвөрнө. Харин орчин цагийн цагаан сарын өнгө аяс нэг л бүүдгэр бүрзгэр болжээ. Ахан дүүс, айл хотлоороо цуглан бууз баншаа чимхэх нь ховордож, ул боов, ууц өвчүүг бол худалдаад л авчихдаг болсноос үнэ ханшийн нэрмээст дарагдан сар шинийн баярыг төвөгшөөх нь ихэсчээ. Жил ирэх бүр цагаан сард зориулдаг зардал мөнгө нэмэгдсээр байна. Цагаан сарын бэлтгэлд сарын цалин бол өлхөөн явчихна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр хүүхэд багачуудын гар дээр тавих бэлэг бэлтгэж, ууц шүүсээ авах санаатай “хар данс”-аа хөтөлж суутал, өнгөрсөн оны тэмдэглэлийн дэвтэр маань гараад ирлээ. Сөхөж үзвэл тун сонин байлаа. Үнэ ханшийн хувьд бүүр цочирдмоор өөрчлөлт гарчээ, өнгөрсөн нэг жилд. Ноднин жилийн цагаан сараар хамгийн үнэтэй ууц 180 мянган төгрөгт хүрч байжээ. Манайх, ахынх, хадмынхтай хамтдаа Дэнжийн мянгын зах гарч, “бөөний” үнээр буюу 90 мянган төгрөгөөр ууцаа авч байсан нь тэмдэглэлийн дэвтэрт дурайн үлджээ. Харин энэ жилийн сар шинийн өдрүүдэд  хамгийн мундаг ууц тавья гэвэл 280 мянган төгрөг хэрэгтэй. Ганцхан жилийн дотор ууцны үнэ 100 мянган төгрөгөөр нэмэгдэхэд өнгөрсөн өвөл, хаврын цас зуд нөлөөлсөн нь дамжиггүй боловч өвлийн идэшний дайтай үнэлэгдэх ууц шүүснээс хүмүүс татгалзахад ч хүрч мэдэх нь. Үндсэн хуулинд төрийн хамгаалалтад гэж тунхагласан хэдий ч малчдын хотон дахь мал бол хувийн өмч, тэр дундаа хөдлөх хөрөнгийн нэг хэлбэр. Тиймээс ч малчид малаа барьцаалж банкны зээл хүртэл авч байна. Өсч үржсэн үед нь ашиг орлогыг нь малчин л хүртдэг хэр нь цаг зуурын гамшиг, цас зудын аюулын үеэр нийтийн өмч болон хувирч, өнчин ишиг ч өөрийн нэр дээр тоолуулж үзээгүй хотын бид хүртэл элгэвч, нэмнээг нь бэлддэг  мал гэдэг сонирхолтой өмч ажээ. Үүний нэгэн адил малчдын маань араншин хувирамтгай болсон нь гайхалтай.

    Ажил муутайхан айлын гадаа урин дулаан цагт исэж гашлаад асгахад хүрдэг аарц цагааны үнэ ч тэнгэрт хаджээ. Жилийн өмнө нь кг-г нь 1000-1500 төгрөгөөр зарж байсан аарцаа энэ жил 2500 төгрөг болгожээ. Хагас боловсруулсан идээ цагааны үнэ хоёр дахин өссөн болохоор ажиллагаа ихтэй бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан нь мэдээж билээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр кг нь 4500-6000 төгрөгт хэлбэлзэж байсан шар тос 10-12 мянга, 3000-3800 төгрөг байсан чихэртэй ааруул 6000-6800 төгрөг, 2500-3000 төгрөг байсан ээзгийтэй цагаан тос 5500-6000 төгрөг, 7000 төгрөг байсан түүхий сүүний бяслаг 10 мянган төгрөг, 5500-6000 төгрөг байсан хэлбэртэй ааруул 10-12 мянган төгрөг, 2000 төгрөгийн хайлмаг 4500 төгрөг, 4500 төгрөг байсан сарлагийн өрөм 8000 төгрөгт хүрчээ. “Цагаан сарын зад хямдрал” хэмээх сурталчилгаатай үзэсгэлэн худалдаанууд болоод хүнсний захуудын үнэ ханш шүү дээ. Хүнсний дэлгүүр болон томоохон супермаркетуудаас үүнээс ч үнэтэйгээр худалдан авах болно. Ганцхан жишээ татахад “элитүүдийн” гэх тодотголтой “Sky” худалдааны төвд  ааруулыг мэхээр болон зөөхийгөөр амтлан өнгө зүсийг нь засч, хэвэнд оруулаад кг тутмыг нь 16 мянган төгрөгөөр борлуулж байлаа. Айраг, ингэний хоормог литр нь 3000-3500 төгрөгт хүрсэн нь хүмүүсийг Далай багшийн сургаалыг эсрэгээр нь хэрэгжүүлэхэд хүргэнэ. Хэрэвзээ айраг цагаа нь боломжийн үнэтэй байдаг бол цагаан сарыг жинхэнэ утгаар нь тэмдэглэхэд ихээхэн дэм болох билээ. Жилдээ ганцхан тохиодог сар шинийн баяраар хэтэвчээ зузаалах гэсэн хөдөөгийнхний хүсэлд хазаарлуулсан зон олон аргагүйн эрхэнд үнэ өндөр ч “үйлчилгээ” сайтайгаар нь сархдаа л сонгож байна. Цагаан сарын үзэсгэлэн худалдааны тал хувийг архины үйлдвэрүүд эзэлжээ. Тэнд “дээл”-ээ сольж, зүсээ хувирган үнэ ханшаа өсгөсөн ч амт чанар нь ав адилхан олон төрлийн сархад өнгө булаалдан ижилсэж харагдсан.

    Ул боовноос хамгийн үнэтэй нь Гандангийнх. Ширхэг нь 2000 төгрөгт хүрсэн эл боовыг Далай ламын шившлэгтэй ариун Гангын усаар зуурч хийсэн гэнэ. Хүнсний манлай гэх тодотголтой “Талх чихэр”, “Өгөөж” зэрэг үйлдвэрийнхэн ул боовоо 1300-1400 төгрөгөөр үнэлсэн бол “Суман гүн”, “Бамбууш” тэргүүтнүүдийн хэвийн боов 1300 төгрөгийн үнэтэй байна. Эдгээр үйлдвэрийн хэвийн боов хэрдээ л үнэтэй төдийгүй ховор байгаагаас захиалгаар хийх болсон гэж менежерүүд нь сайрхаж байлаа. Харин энэ жилээс хувь хүмүүс гэртээ чанасан болов уу гэмээр хямдхан “гар хийцийн” ул боов хүнсний захуудад худалдаалж эхэлжээ.

    Сар шинийн өдрүүдийн бууз, банш, ууц шүүс тэргүүтнийг даруулах салат, жимсгэний үнэ ч өмнөх жилтэй харьцуулахад эрс нэмэгдсэнийг найз бүсгүй маань хачирхан хуучилсан нь санаанд буулаа. Намрын ногоон өдрүүдэд кг сармис худалдан авч байсан 4000 төгрөгөөр тэрбээр саяхан найман ширхэг сармис авч, буузаа амталжээ. Энэ мэт олон жишээг захын эзэгтэй өгүүлнэ. Өрх гэрийн амьдралаас улс орны эдийн засгийг тольддог жишгээр бол сар жилийн тоогоор өссөөр байгаа зарлагаа хэзээ хазаарлан зогсооно доо.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж