Увсын Засаг дарга Э.Цасчихэрийг шүүхэд өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Увсын Засаг дарга Э.Цасчихэрийг шүүхэд өгнө гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Увс аймгийн Ардчилсан намын дарга н.Цэндсүрэн, АН-ын ҮЗХ-ны гишүүн  Н.Тэгшбаяр, Н.Бум-Эрдэнэ нарын хүмүүс өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд  аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын парга Д.Батсайхан нарыг төсвийн мөнгө шамшигдуулсан гэж үзэж буйгаа энэ үеэр ярив. Тэдэнд аймгийн удирдлагуудын хууль зөрчиж, улсын мөнгө шамшигдуулсан тухай хангалттай нотлох баримт бий гэнэ. 

    Тухайлбал, Увс аймгийн төрийн байгууллагуудад хийсэн аудитын шалгалтаар 4.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Засаг дарга Э.Цасчихэр 2007 онд  Нарийний гүүр барих нэрийдлээр 514 сая төгрөг, Тээлийн гүүр барина гэж 196 сая төгрөг  урьдчилж авсан ч төлөвлөсөн ажлаа гүйцэтгээгүй, таван давхар байшингийн мөнгөөр дөрвөн давхар байшин барьсан, төсвийн ажилчдын цалинг барьцаалан зээл авсан гэх мэт тэднийг огцруулах хангалттай баримт цуглуулсан тухайгаа хэвлэлийн бага хуралд оролцогчид онцолж байлаа. Тиймээс Увс аймгийн Ардчилдсан намын зүгээс тус аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт хариуцлага тооцох, ИТХ-ын дарга Д.Батсайханыг огцруулахыг Ерөнхий сайд С.Батболд, Авлигатай тэмцэх газар, холбогдох хууль хяналтын байгууллагаас шаардаж буйгаа илэрхийлсэн юм. Энэ үеэр нөхцөл байдалтай холбоотой асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

    -Засаг дарга Э.Цасчихэр 2007 оноос хойш  хууль бус үйлдэл гаргасаар байсан юм бол яагаад өнөөдөр мэдээлж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа юм бэ?
    -Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үед ийм зүйл ярих боломж олддоггүй. Нутгийн иргэдийн үг хэлийг хүртэл заадаг гэхэд болно. Нам улс төрийн хэдхэн хүний нөлөөн дор ажиллаж байна.  Аймгийн ИТХ-д  МАН-ын 20 хүн, АН-ын 10 хүн бий. Тэд орон нутагтаа олонхи учраас булхайгаа далдлах бүх арга чаргыг хайж байна шүү дээ.

    -Үнэхээр ард  иргэдийнхээ төлөө, аймгийнхаа хөгжлийн төлөө явж байгаа гэдэгт эргэлзэх хүн байгаа болов уу?

    -Бид өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө ингэж яваагүй. Манай аймгийн 10 иргэний ес нь энэ талаар мэдээлэл өгч  чадна. Тэгэхээр бид ард түмний төлөөлөл болж яваа гэсэн үг . Тиймээс Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг албан тушаалаас нь буулгаж, шүүхээр хэрэг үүсгэн шалгуулах  болно.  Бас Монгол Улсын баруун хязгаар Увс аймгийг ийм ёс зүйгүй, увайгүй хүмүүс удирдаж, ард түмний  татварын мөнгийг хувьдаа завшиж байгааг хууль хяналтын байгууллагууд, иргэд сонгогчдынхоо сонорт хүргэж байгаа юм.

    Э.Цасчихэр мөнгө завшсан уу?

    Тэдний өгч буй мэдээллээр Засаг дарга Э.Цасчихэр тус аймагт үйл ажиллагаа явуулдаг  “Мөнхжим” компанийн 40 хувийг эзэмшдэг юм байна. Тус компани  2007 онд Нарийний  голын 325 метр урт гүүрний барилгын ажлыг гүйцэтгэхээр  514,2 сая төгрөг урьдчилан авсан ч нүглийн нүдийг гурилаар хуурч, хэдэн шон татсан болоод өнгөрчээ. Гэтэл энэ онд тус гүүрийг барина хэмээн дахин  5,6 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан аж.

    Д.Батсайхан ажилчдын  цалинг барьцаалсан уу?

    Тус аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан 60 хувийг нь эзэмшдэг “Груп” компани Атрын III аянд зориулсан санхүүжилтээс төсвийн байгууллагын ажилчдын цалинг  барьцаалан 200 сая төгрөгийн зээл авснаас Улаангом сумын Тамгын газрын ажиллагсад цалингаа зургаан сар авч чадахгүйд хүрчээ. Түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлснийг Авлигатай тэмцэх газар шалган илрүүлж, 2009 оны долдугаар сарын дотор ажлаас нь чөлөөл гэсэн албан бичиг хүргүүлсэн ч ИТХ-д дийлэнх болсон төлөөлөгчид хаацайлан албан тушаалд үлдээсэн гэв.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж