Х.Нямбаатар: Хүчингийн гэмт хэрэг бүх насаар хорих ялтай

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Хүчингийн гэмт хэрэг бүх насаар хорих ялтай

Инфляцийн төвшинг тогтоодог хэрэглээний үнийн улсын индексийн үзүүлэлтээр аравдугаар сарын байдлаар инфляци 0.6 хувиар өсчээ.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай уулзаж ярилцлаа.

-О.Баасанхүү гишүүн та хоёрын харилцаа сүүлийн үед тааламжгүй байх шиг. Байсхийгээд л чуулганы хуралдаан дээр бие бие рүүгээ үг шидэлж харагдах юм?

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хувийн харилцаанаас болоод таарч тохирохгүйд хүрсэн ч юм уу, эсвэл эд хөрөнгийн маргаан надад байхгүй. Нөхрийг би УИХ-ын чуулганы индрийг ашиглаад худал мэдээлэл тарааж, иргэд олон түмнийг төөрөгдүүлээд байгаад л шүүмжлэлтэй хандсан. 

-Та хүчин хийсэн хүн мөнгө төлөөд ял шийтгэлгүй үлдэх нь гэсэн үгэнд нь эмзэглээд байгаа юм аа даа?

-Эмзэглэхээс илүү шүүмжлэлтэй хандаж байна. УИХ-ын гишүүн Их хурлын индэр дээрээс хэлсэн үг нь үнэн байх ёстой. О.Баасанхүү гишүүн Эрүүгийн хуульд хүчингийн хэргийн ялыг эрс бууруулсан, мөнгө төгрөгтэй хүн торгууль төлөөд ял шийтгэлгүй гарахаар байна гэж худал мэдээлэл өгөөд байна л даа.

-Тэгэхээр О.Баасанхүү гишүүний хэлсэн нь худлаа болж таарав уу?

-Худлаа. Эхлээд хуулиа сайн уншиж, судлах хэрэгтэй л дээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйлийн нэгд, хүчиндэх гэж ямар гэмт хэргийг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон. Тухайн хохирогчийг хүчирхийлсэн, эсвэл хүчирхийлэхийг завдсан, мөн согтуурсан мансуурсан буюу сэтгэцийн эрүүл үйл ажиллагаа нь түр сарнисан үед бэлгийн эрх чөлөөнд нь халдаж, бэлгийн дур хүслээ хангахыг хүчирхийлэл гэж үзнэ гэж тодорхойлсон. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд шинэ хуулиар бүх насаар нь хорих эсвэл 12-20 жил ял шийтгэхээр хуульчилсан. Харин насанд хүрсэн хүнийг хүчиндсэн бол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорино. Бүлэглэж, тохуурхан даажигнаж, бэлгийн замын халдварт өвчин халдаах замаар гэр бүлийн гишүүнээ хүчирхийлсэн хүн гэмт хэргээ давтвал Эрүүгийн хуулийн дагуу найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байгаа. 

-Тэгвэл ямар тохиолдолд торгуулах заалттай юм бэ. О.Баасанхүү гишүүн бол мөнгөтэй хүн хүчин хийж болох хууль баталсан гээд шүүмжлээд байгаа шүү дээ?

-О.Баасанхүү гишүүний хэлээд байгаа зүйл бол Эрүүгийн хуулийн 12 дүгээр зүйлийн тавд зааснаар 14-16 насны хүүхэдтэй тохиролцож, бэлгийн харилцаанд орсон тохиолдолд нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх, эсвэл торгох өөр төрлийн гэмт хэрэгтэй хольж хутгаад иргэдийн толгойг эргүүлээд байна. Өөрөөр хэлбэл, нөхөр О.Баасанхүү хурьцал, хүчин хоёроо ялгахгүй байна. Монгол хэлний нэрт эрдэмтэн Я.Цэвэл гуайн “Монгол хэлний тайлбар толь” байдаг. Энэ тайлбар тольд монгол хэлний үгсийн нэр томьёог нэг, хоёр, гуравдугаар утгаар нь бүрэн тайлбарласан. Энэ ном олдвол нөхөрт бэлэглэе гэж бодож байна.

О.Баасанхүү улс төр хийж байгааг ойлгож байна. Гэхдээ улс төрийг ийм аргаар хийж болохгүй ээ. Эрүүгийн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалсан хууль. Тиймээс тусгаар тогтнолыг хамгаалсан хуулиараа улс төржиж болохгүй. 

-Эрүүгийн хууль бол Монголын тусгаар тогтнолыг хамгаалсан хууль гэлээ. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж маш муу хууль болсон. Эрүүгийн шинэ хуулийн үр дагаврыг Монголын нийгэм дийлэхгүй гэсэн тайлбарыг хууль батлагдах үед хийж байсан. Өөрөөр хэлбэл, зарим хүмүүс нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хууль болчхов уу гэж хардаж байна лээ?

-Хүн бүрт хардах эрх нээлттэй. Хуулийн төсөл дээр ажилласан хүний хувьд Эрүүгийн шинэ хуулийг орчин үеийн хөгжлийн хурдацтай нийлсэн гэж дүгнэж байгаа. Аливаа хууль тогтоомж төгс төгөлдөр байдаггүй. Нийгмийнхээ хөгжил, мөн чанарыг дагаад үргэлж өөрчлөгдөх ёстой юм. Тиймээс хөгжил дагаад Монголын нийгэмд үүссэн аливаа асуудалд цэг тавихыг хүссэн. Хохирогчийн эрхийг дээдэлж хангах зорилго, зорилтыг агуулсан, эрүүгийн болон эрх зүйн чиглэлээр онол, практикийн маргаантай олон асуудалд цэг тавьсан нь давуу тал гэж хувьдаа дүгнэдэг. Хүмүүс уншилгүй, судалгаа тооцоогүй шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа бол би түүнийг хүлээж авахгүй. Харин үнэхээр шинжлэх ухааны тооцоо судалгаатай, үнэн бодит баримт дээр тулгуурлаж яривал нэг хэрэг. Эрүүгийн эрх зүй гэдэг бол том шинжлэх ухаан. 

-Үнэндээ гэмт хэрэгтэн нь хожоод хохирогч хохирсон дээрээ хохирсон хууль болсон юм биш үү?

Ял шийтгэл хөнгөрсөн тал бий. Монгол Улс хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэдгээ Үндсэн хуулиараа тунхаглан зарласан. Тэгэхээр аливаа хууль тогтоомж хүмүүнлэг, энэрэнгүй байх талыг хангах учиртай. Үүнд гурван талын харилцаа яригдана. Нэгд төр, хоёр, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч, нөгөө талаас төрийн хууль цаазыг зөрчсөн субъект гээд гурван талын эрхийг Эрүүгийн хууль адил тэнцүү хангах ёстой. Дан ганц яллагдагч, шүүгдэгчийн эрхийг дөвийлгөж болохгүй. Цаана нь хохирогчийн эрх гэж байна. Үргэлж хохирогчийн эрхийг бас дөвийлгөөд байж болохгүй. Хэдийгээр гэм буруутай, гэмт хэрэгтэн боловч түүнд бас эрх гэж байгаа. Тиймээс шинэ Эрүүгийн хуульд хүний эрхийн тал дээр тодорхой ахиц дэвшлүүд гарсан. 

-Хүүхэд хүчиндэгчийг цаазаар авах ёстой гэж цахим ертөнцөд үзэл бодлоо тулгах хүн олон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх асуудлыг судлуулахаар ажлын хэсэг байгуулсан?

Бид хүний эрхийн фактуудад нэгдэж орсон. Үүнээсээ ухрах эрх бидэнд байхгүй. Цаазаар авах ялыг сэргээх нь Үндсэн хуулийн хүрээнд боломжгүй болсон. Цаазаар авах асуудал нь өөрөө том сэдэв, тооцоо, судалгааны үндсэн дээр хийгддэг ажил. Үүнийг хүн болгон дур, дураараа ярих нь хэр зохимжтой юм бүү мэд. Цаазаар авах ял нь “амийг амиар” гэсэн өс хонзонгийн сэдлээс үүдэлтэй гэж үздэг. Тиймээс хүмүүнлэг, ардчилсан нийгэм ийм ял байх ёсгүй гэж үздэг хүмүүс бий. Нөгөө хэсэг нь цаазаар авар ял байх ёстой. Энэ бол өөрөө цээрлэлтийн маш том хэлбэр гэдэг. 

-Харин таны хувьд ямар байр суурь барьж байна?

Хуульч, судлаач хүний хувьд цаазаар авах ялыг байх ёстой байсан гэж үздэг. Гэхдээ түрүүнд хэлсэн бид нэгэнт олон улсын протоколд нэгдэн орж, НҮБ-ын өмнө цаазаар авах ялыг Эрүүгийн хуулиасаа хална гэж үүрэг хүлээсний хувьд цаазаар авах ялыг сэргээх нь Үндсэн хуультай харшилна. Ер нь криминологи судлаач, эрдэмтэд цаазаар авах ялаас илүү гянданд насаар нь хорих маш хүнд шийтгэл гэдэг юм билээ. Тэгэхээр цахимчдын үгийг биш судлаачдынхаа үгийг сонссон зөв байх. Монгол одоо гурван сая судлаач, гурван сая эрдэмтэнтэй болчихоод байгаа нь бидний гол асуудал болсон. Түрүүний асуултууд дээр нэмээд хариулахад 1993, 1986, 2000 оны Эрүүгийн хуулиуд дээр хүчингийн хэргийн ял шийтгэлүүд ямар байсан яг тэр хэвээрээ орсон. Нэг л өөрчлөлт орсон бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүмүүсийг цаазаар авдаг байсныг бүх насаар нь хорих болгосон.

-Эрүүгийн хуулиас тагнуул хийх, эх орноосоо урвасан гэмт хэргийг ор мөргүй байхгүй болгосон гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хийх бол. Эрүүгийн хуулиас энэ гэмт хэргийг авснаар тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал гарна биз дээ?

-Бас л манай О.Баасанхүү гишүүний яриад байгаа тархи угаалт. Эрүүгийн хуулиас эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийг ор мөргүй байхгүй болгосон нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой зүйл боллоо гээд яриад л яваа. 

Эрүүгийн хуулийн Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг дээр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах асуудалд хор учруулах зорилгоор дайн бүхий байдал, зэвсэгт мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол эх орноосоо урвасан гэж үзээд бүх насаар нь хорих ялтай байгаа. Нөхөр юу гэж шүүмжлээд байгаа вэ гэхээр хуучин Эрүүгийн хуульд дайсагнагч улсад тагнуулын мэдээ сэлтийг шилжүүлэн өгсөн, урвасан асуудал алга болчихлоо гээд байгаа.

Орчин үеийн олон улсын эрх зүйн харилцаанд Монгол аль нэг улсыг дайсагнагч гэж харах, томьёолсон зүйл байхгүй. Бид өнөөдөр Хятад, Орос улсад Монгол Улсын төрийн нууцад хамаарах зүйлийг шилжүүлж өгсөн хүнийг эх орноосоо урвасан гэж шүүхээр болохгүй. Иймэрхүү тохиолдол ч гарч байсан. Дайсагнагч гэдгийг шинэ хуульд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэсэн томьёоллоор дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг зүйлчилж оруулж ирсэн. Дайсагнагч улс гэж үнэхээр хайгаад байгаа бол хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх гээд тусад нь оруулж ирсэн. Мөн Эрүүгийн хуульд тагнуул хийх гэж тусад нь зүйл оруулсан. Монголд тагнуул хийх зорилготой орж ирсэн гадаадын иргэдийг энэ зүйл заалтаар шийтгэнэ. Монгол Улсын гол дархлаа болсон хуулиа буруу зөрүү тайлбарлаж, улс төр хийгээд байгаа болохоор л О.Баасанхүүд би шүүмжлэлтэй хандсан.

-Та тэгээд энэ бүгдийгээ О.Баасанхүү гишүүнд тайлбарлаад өгч болдоггүй юм уу?

-Яг таны сууж байгаа сандал дуур суулгаад Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Б.Доньжчимбуу бид хэд суугаад, ийм учиртай юм байна гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Үндэсний эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг зүйл заалт бүрээр нь яриад, ойлголцолд хүрээд гарсан. Гэтэл нөхөр энэ хаалгаар гараад сэтгүүлчид харахаараа өөр зүйл яриад явчихдаг хүн.

-За, таны ярианаас О.Баасанхүү гишүүн ойлгох байлгүй дээ. Тэгэхээр та Мэргэжлийн засгийг огцруулах кноп дарсан эрх баригч намын бүлгийн 33 хүний нэг. Шинэ засаг сайн ажиллаж чадна гэсэн итгэл, үнэмшил хэр байна?

-Энэ засгийн газраас бид төдийгүй ард түмэн их зүйл хүлээж байна. Эдийн засгийн хямралыг давах ёстой. Цалин нэмэх асуудлыг шийдэх ёстой. Хөгжлийн шинэ алхам руу хөтөлж явах бодлого зурах хэрэгтэй. Өрийн менежментийн асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Эдийн засгаа өргөжүүлэх үүрэг хүлээсэн. Монголын эдийн засаг асар жижигхэн ш тээ. Нийтдээ 10 гаруй тэрбум ам.доллар. Гэтэл АНУ-ын ерөнхийлөгчийн онгоцны зардал дөрвөн тэрбум ам.доллар. Бид ийм жижигхэн эдийн засагтай. Өнөөдөр хүмүүс ашиг олсон мөнгөө оффшорт нуулаа гээд шүүмжлээд байна. Эдийн засагт шинэ өнгө гэрэл, төсөл хөтөлбөр, бодлого шийдвэр орж байж томорно. Гадагшаа гаргаж байгаа мөнгөө хүмүүс дотоодынхоо төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг болно. Ийм том төсөл хөтөлбөрүүдийг нэн яаралтай хөдөлгөөсэй гэж шинэ засагт захья.

Тавдугаар цахилгаан станц яриад 20 жил, усан цахилгаан станц яриад 20 жил, төмөр зам яриад 10 жил, зэс угаах үйлдвэр, чөлөөт бүстэй болно гээд мөн арван хэдэн жил ярилаа. Бид яриад баймааргүй байна. Зоригтой хөдөлгөмөөр байна. Том төслүүд хөдлөөд, эдийн засгийн дугуй өнхрөөд эхэлбэл, гадаад өр ноцтой асуудал болохгүй. Америк мөрөөдөл гэдэг шиг Монгол мөрөөдөлтэй болмоор байна. Бидэн шиг мунхаг сэтгэж байгаа ард түмэн алга. Гадаад улс төмөр замыг чинь бариад өгье, нүүрсийг чинь авъя гэхээр тэрийгээ хийдэггүй хоорондоо сууж байдаг, мал махыг чинь авъя, валют доллар өгье гэхээр гаргахгүй гэдэг ийм улс орон хаана байна. Хэн нэгэн албан тушаалтны зөөлөн суудлын төлөө гурван саяулаа 30 хуваагдаж хэрэлдлээ. Өнөөдөр Монголын төр засаг ажлаа хийхэд саад болж байгаа хамгийн том хүчин зүйл бол би шулуухан хэлэхэд цахим ертөнц. 

-Яагаад та ингэж дүгнэх болов. Харин ч төр засгаа тогтворгүй болгодог нь улстөрчид өөрсдөө биз дээ?

-Цахимд бүх салбарыг мэддэг мэргэн, түргэн улс олон болсон. Засаг төрийн бодлогыг нухчин дардаг. Магадгүй үүний цаана гадаадын аль нэг тагнуулын байгууллага байхыг үгүйсгэхгүй. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлье гэхээр сайдуудыг нь хятад, хужаагийн гар хөл болгодог. Энэ өөрөө кибер дарангуйлал болсон.

Кибер дарангуйллыг зогсоохгүй бол зөв бодлого шийдвэр засаг төрөөс гарахгүй. Зөв шийдвэрийг дандаа эсэргүүцдэг, зөв шийдвэр гаргасан, зөв үг хэлсэн улстөрчдийг хэн ч биш болгодог кибер дарангуйлал, дээрэмчид бий болчихлоо. Хил орчмын аялал жуулчлалаас маш олон сая доллар бид алдаж байгаа. Бид өнгөрсөн жил өвөрмонголчуудтай уулзсан. Тэд танай монголчууд мөнгөнд дургүй юм уу гээд толгой сэгсрээд байна лээ. Манай улсын жуулчид танай Монгол Улсын хил орчмын онгон дагшин байгальтай танилцлаа гэхэд багагүй мөнгө танай улсад орно. Нэг сая хятад жуулчин Монголд орж ирлээ гэхэд манай Монголын дэлгүүрээс ус ундаагаа авна, манай Монголын буудалд бууна, хорхог боодог хийлгэж иднэ. Мөнгөнд дуртай, тэгсэн мөртөө мөнгө олох бодлогыг дэмждэггүй, нэг л их чээжээ дэлдсэн хүмүүс. Жишээ нь, Тавантолгойн нүүрснээс Баян нуурын дундын ченжүүд л хожоод сууж байна. Манай улстөрчид магадгүй тэднээс хувь хүртдэг байж магадгүй л дээ. Тонн тутамд нь доллар авдаг гэсэн яриа байдаг, би ямар харсан биш. Ямар ч байсан Монголын нүүрсний ашгийг хэдэн Баяннуур орчмын дундын хятад ченжүүд л хүртэж байна. Тэгэхээр У.Хүрэлсүхийн засаг Тавантолгойн төслийг явуулаасай гэж бодож байна.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар Тавантолгойн төсөл, төмөр замын төслийг явуулж чадах болов уу даа. Ерөнхийлөгчийн хамгийн харш сэдэв шүү дээ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө улстөрч Баттулга байсан. Одоо бол Монгол Улсын төрийн тэргүүн. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг өндөр дээд сэнтийд заларч суусны хувьд өөрийн үзэл бодол гэхээсээ илүү нийт иргэдийн эрх ашиг, нийтлэг эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн хүн. Тиймээс монголчуудын нийтлэг эрх ашиг бол Монголын эдийн засаг сэргээсэй гэсэн чин хүсэл. Монгол Улсын эдийн засгийг сэргээхийн тулд том төсөл хөтөлбөрүүдийг явуулахыг дэмжих байх.

-Сүүлийн нэг жил танай намынхан хөнжилдөө орох завгүй хэрэлдлээ. Засгаа огцрууллаа, дахин нэг засаг байгууллаа. Та ингэхэд тойргоороо очив уу. Тойргийнхон чинь хүлээж байгаа юм биш биз?

-Би нэг зүйлийг ам бардам хэлье. Өнгөрсөн нэг сарын хугацаанд тойрогтоо хийсэн ажлаа жагсаагаад хэлбэл та бид хоёрын ярилцлагын цаг хүрэлцэхгүй. Би өөрийнхөө хөрөнгөөр нэг цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. Одоо гурван цэцэрлэг барихаар зураг төслийн ажлаа хийгээд явж байна. Гучин хэдэн жил засагдаагүй байсан замын санхүүжилтийг улсын төсвийн тодотголд оруулж, хойноос нь өөрөө жагсаал цуглаан болж байж ашиглалтад орууллаа. Гэр хороололд гурван том замын ажил хийх гээд санхүүжилтийг нь ирэх оны төсөвт суулгасан. Өөрийнхөө тойргийн найман мянган хүүхдийн шүдийг эмчлүүлэх эмчилгээний онош төв байгуулсан. Энэ сарын сүүлчээр хоёр дахь эмнэлгээ есдүгээр сургууль дээр нээхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна. Урьд өмнө нь нэг ч гишүүн тойрогтоо шүдний эмнэлэг барьж байгаагүй юм билээ. Хүүхдүүдийн шүдний өвчнөөс шалтгаалсан суурь өвчлөлийг эмчлэх эхлэл гэж харж байгаа. “Нямбаатар сан”-гийн мөнгөөр 65, 80 дугаар сургуулийн шугамын асуудлыг шийдсэн. Ингээд тоочоод байвал олон асуудал байна. Би тойргоороо долоо хоног болгон очиж байгаа. Сонгинохайрхан дүүрэгт юу хэрэгтэй, хаана юу барих вэ гэдгийг би сайн мэднэ. Мэргэжилтнээс нь авхуулаад бүх ажлыг хийсэн хүн. Австрийн засгийн газрын дэмжлэгээр ирэх онд 7.5 сая еврогийн гэрэлтүүлэг, камер байгуулна. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тойрогтоо дөрвөн сургууль барихаар болсон. Хууль бусаар хайрга дайрга олборлосон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон.

-Таны яриаг сонслоо тойрогтоо бол зөндөө ажил хийжээ. Гэвч, Гишүүн бүр тойрог, тойрог гэдэг. Жаахан төсвөө гишүүд нь тойрог руугаа чирээд дуусдаг. Үнэндээ Монголын нийт эдийн засаг, нийт хөгжил чухал биш үү?

-Би энэ ажлуудыг ихэвчлэн сангийн болон гадаадын тусламж, хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж