55 тэрбумаар юу хийж болох байсан бэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

55 тэрбумаар юу хийж болох байсан бэ?

Куба улс Сэнди хар салхины улмаас орон гэргүй болсон ард иргэддээ зориулж шинээр байшин барих болон эвдэрч сүйдсэн орон байраа засварлахад зориулсан хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.

Боловсролын салбарт дүрэлзэж байсан “түймэр” төрийн албан хаагчдад бэлнээр тараах 55 тэрбумын “авлига”-ын хүчээр дарагдав. Хэсэгтээ багш нар “ажил хаяна, өлсгөлөн зарлана” гэж тэмцэхээргүй боллоо. Гэвч Засгийн газраас төрийн албан хаагчдад бэлнээр тараах мөнгө 2017 оны төсвийн тодотголд суулгасан 55.4 тэрбум төгрөгөөр цэг тавихгүй. Ирэх онд ч үргэлжилнэ. 

У.Хүрэлсүхийн танхимын косметик засвараар 2018 оны төсөвт дахин 56.2 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад урамшуулал хэлбэрээр олгохоор “суулгаад” байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээллээр бол дээрх урамшууллыг ур чадварыг нь харгалзан олгоно. Палхийтэл бэлнээр мөнгө тараах шийдвэр гаргаж, хэл ам тарьсантай харьцуулахад нэг талдаа шалгуур тавьсан нь зөв боловч ямар ч ганган тайлбар дагууллаа гээд сөрөг үр дагаврыг нь хаах боломжгүй нь бас бодит үнэн. 

Одоо Засгийн газарт нэг л арга зам үлдсэн нь төрийн албан хаагчдын цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмжтэй нь уядаг зохицуулалтыг шуурхай боловсруулах нь чухал юм.

Ингэхгүй бол 190 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэхийн тулд төр нь зардлаа нэмдэг, тэр хэрээр төсвийн алдагдал нь өсдөг. Эцэст нь төсвийн алдагдлаа гадаад эх үүсвэрээс босгосон бонд, зээлээр нөхдөг тогтолцоотой боллоо. 

Нэг үгээр хэлбэл, улс орнууд том төслөө санхүүжүүлэхийн тулд гадаад ертөнцөөс бонд босгож, олон улсын донор байгууллагуудаас зээл авдаг бол Монгол эсрэгээрээ дэлхийн адагт үлдэх бодлого хэрэгжүүлж байна. Төрийн албан хаагчдыг урамшуулахын тулд, нөхөн олговор олгохын тулд зээл авдаг, бонд босгодог болж хувирав. 

Бодлоготой Засгийн газар энэ мөнгөөр юу хийж болох байсан бэ. Энэ оны сүүлээр тараах 55.4 тэрбум төгрөгөөр тооцоо хийж үзье. 

Хориодхон хоногийн өмнө Баянгол дүүрэгт 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг 1.5 тэрбум төгрөгт багтаан барьж ашиглалтад оруулжээ. Үүгээр бол 30 гаруй цэцэрлэг барих мөнгийг зөвхөн төрийн албан хаагчдад нэг удаагийн нөхөн олговор нэрийн дор “цацах” болсон гэсэн үг. Гэтэл УИХ цэцэрлэг барих мөнгөгүйгээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль баталж байсныг эргэн нэг сануулъя. 

Улаанбаатар хот агаарын бохирдлоосоо салах янз бүрийн л арга хэмжээ хэрэгжүүлж буй. Хамгийн үр дүнд хүрэх арга нь гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах. Эх үүсвэр дутмагаас сарын 20 гаруйхан тэрбум төгрөгийн зээлээр жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн санхүүжилт хийж байгаа. 

Хэрэв 55.4 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулсан бол 20 мянга орчим айл өрх орон сууцанд орж, тэр хэрээр яндангийн тоог бууруулах бололцоо байсан гэсэн үг. Хоёрхон жишээ авахад ийм л боломжуудыг алджээ. 

Уг нь зээлийг бэлнээр мөнгө болгон тараах нь ямар их хор хохиролтойг 2012 онд С.Батболдын Засгийн газрын хувь хишиг нэрээр тараасан мөнгөнөөс монголчууд биеэрээ туулсан. Харамсалтай нь, сургамж аваагүй дахиад л тараах болсон нь хөгжил ярих аргагүй болгож байна. 

Цаашдаа Засгийн газар бодлоготой ажиллаж, хөдлөхгүй бол гадаад зах зээлээс босгосон бонд, олон улсын байгууллагаас байгууллагаас авах зээл бүр хүүтэй, эргэж төлөгдөх өр гэдгийг эргээд нэг санаарай. 

Багш нар ч мөн байсхийгээд “цалин нэм” гэж гудамжны улс төр хийдгээ зогсоох цаг болсон. Цалин хөдөлмөрийн бүтээмжтэй уялдаж өсөх ёстой гэдэг бодит үнэнтэй эвлэрэх цаг хэдийн болжээ. 

Нөгөөтэйгүүр, гуравхан сая хүн амтай Монголд 190 мянган төрийн албан хаагч ахадсан тоо биш үү. Зарим төрийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэхгүй бол 55 тэрбум төгрөгөөр тогтохгүй зардал урссаар л байх нь. Төрийн албанаас үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр 4 тэрбум гаруй төгрөгийг зөвхөн 2017 оны төсвийн тодотголд баталж өгчээ. Нэг талдаа намын харьяаллаас болж ажлаас чөлөөлөгдсөн ч гэлээ энэ хэмжээний мөнгө төрөөс “урсах” болж буй нь эргээд үргүй зардлыг бий болгож байна. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж