Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор Москва хотноо барьж, олон нийтэд дэлгэлээ. Цогцолборын нээлт аравдугаар сарын 30-ны Даваа гаригт болсон бөгөөд нээлтэд Ерөнхийлөгч Владимир Путин оролцлоо.
Цогцолбор Москва хотын Садовое кольцо болон Академич Сахаровын өргөн чөлөө хоёрын уулзварт баригдсан юм. Ийм цогцолбор барих шийдвэрийг 2015 оны наймдугаар сарын 15-нд Засгийн газар гаргасан.
Жил бүрийн аравдугаар сарын 30-ыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг.
Цогцолборыг барихын тулд уран бүтээлчдийн нээлттэй уралдаан зарласан бөгөөд 336 бүтээл ирснээс барималч Георгий Франгуляны “Уй гашуун хана” гэсэн бүтээл шалгарчээ. Зургаан метрийн урттай ханын хоёр талд нүүр нь танигдахгүй олон хүний дүрсийг өөд уруугүй дүрсэлж, олон хэлээр “Сана” гэсэн үгийг бичжээ. Мөн хэлмэгдүүлэлтийн үед байгуулагдсан бөөнөөр хорих төв байсан газрын чулуунуудыг бас хананд шигтгэсэн байна. ЗХУ-д нийтдээ 170 ийм хорих лагерь буюу ГУЛАГ байсан юм. ГУЛАГ-ийн түүхийн музейн захирал Роман Романовын эхэлснээр Оросын 58 мужаас эдгээр чулууг цуглуулсан бөгөөд заримыг нь усны гүнээс гаргаж авчээ. Тухайлбал, хуучин ГУЛАГ байсан газар одоо Рыбинийн усан сан байгаа юм.
Цогцолборыг барихад зориулж иргэд ихээр хандив өргөсөн бөгөөд нийт хандивын хэмжээ 45 сая рублээс давжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ