Төрийн албаныхныг урамшуулахад 112 тэрбум төсөвлөнө

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Төрийн албаныхныг урамшуулахад 112 тэрбум төсөвлөнө

УИХ-аас баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 21-нд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль болно.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээгээр шийдсэн асуудлуудын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар өнөөдөр /2017.10.30/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд мэдээлэл хийлээ. 
 


 

Үйлдвэрчний эвлэл Засгийн газрын шийдвэрийг дэмжсэн гэв

 

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэвлэлийн бага хуралд ар гэрийн шалтгаанаар ирээгүй гэв. Хурлын үеэр тус байгууллагын байр суурийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм.

Тэрбээр “Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зүгээс тавьсан шаардлага бол өндөр. Гэхдээ тэр хэмжээнд хүрч чадсангүй. Өнгөрсөн тавдугаар сараас хойш Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээ хийхгүй байснаа бодвол тодорхой хэмжээгээр шийдвэр гаргаж, урамшуулалд зориулж 112 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг нэг алхам гэж үзэж байгаагаа МҮЭХ илэрхийлсэн. Гэхдээ төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагаа өөрчлөхгүй. Тийм учраас энэ удаа Засгийн газрынхаа шийдвэрийг дэмжье. Төрийн албан хаагчдын нэмэлт урамшууллыг ажлын үр дүнгээс нь хамаарч олгоё. Ирэх онд Олон улсын валютын сантай төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцээрээ үргэлжлүүлж, 2019 оны төсөв батлахаас өмнө дахин нэмэлт хэлэлцээ хийх шаардлагыг тавьсан” гэдгийг хэллээ. 

Сайд С.Чинзориг үргэлжлүүлээд энэ удаагийн
нэмэлт хэлэлцээрээр хэлэлцсэн асуудлуудаас
заримыг нь онцлон танилцуулсан юм. 

 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 50 хувь бууруулна

 

  • Нийгмийн эмзэг, орлого багатай хэсэгт хураамж хэлбэрээр очиж буй санхүүгийн дарамтыг багасгах арга хэмжээ авахаар тусгажээ. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сайн дураараа төлдөг иргэд, малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэн зэрэг иргэдийн хураамж хоёр жилийн өмнөхөөс долоо дахин нэмэгджээ. Тийм учраас эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сайн дураараа төлж буй иргэдийн хураамжийн хэмжээг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар бууруулахаар санал нэгдэж, холбогдох хууль, тогтоомжийг ирэх оны төсөв торуулахаар болсон байна. 

 

Хүн амын орлогын албан татварын хэмжээ
жилд 120 мянган төгрөг болно

 

  • Хүн амын орлогын албан татварын хуульд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэлт өөрчлөлтийн дагуу хэрэгжиж эхэлнэ. Хүн амын орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт орж, хөнгөлөлт чөлөөлөлт нь жилдээ 84 мянган төгрөг байсан нь 120 мянган төгрөг болгох юм байна. Ингэснээр ажил хөдөлмөр эрхэлж, цалин авч буй иргэдийн хүн амын орлогын албан татварын хэмжээ жилдээ 120 мянган төгрөг болж, сард иргэдийн орлого дээр 12 мянган төгрөг гар дээр үлдэнэ гэв.

 

Төрийн албан хаагчдыг урамшуулахад 112 тэрбум төгрөг төсөвлөнө

 

  • “Энэ оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөг, 2018 оны төсөвт 56.2 тэрбум төгрөгийг тусгаж байгаа. Ингэснээр нийт дүнгээрээ 112 тэрбум төгрөгт багтаан төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Энэ бол нэг удаагийн урамшууллын арга хэмжээ биш. Энэ 112 тэрбум төгрөгт багтаан төрийн албан хаагчдын ажлын үр дүнгээр урамшуулал олгоно. Ингэснээр тэдний бодит орлого нэмэгдэх юм. Энэ урамшуулал олгох журмыг Засгийн газар баталж өгнө. Гэхдээ эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын гэрээ хэлэлцээрээрээ энэ журмаа өөрсдөө боловсруулж, тогтоох чиглэлд санал нэгдсэн. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар Олон улсын валютын сантай хэлэлцээ үргэлжилж байгаа. Цаашдаа энэ хэлэлцээрээ үргэлжлүүлэх амлалтыг Засгийн газар авч байгаа” тухай салбарын сайд дуулгав.
     
  • “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Ялангуяа төрийн албан хаагчдын цалинг 2014 оноос нэмэгдүүлээгүй ирсэн. Энэ хугацаанд инфляцийн түвшин 20 хувиар нэмэгдсэн. Гэхдээ улс орны төсвийн боломжит байдлыг харгалзан үзэж, эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван туулахад Олон улсын валютын сангийн дэмжлэгийг авч, өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхгүй гэсэн гэрээг байгуулсан. Тийм учраас төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэхгүйгээр бодит орлогыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар болсон” хэмээн ярилаа. 

 

Х.Ганбаатар: Хэлэлцээрийн нөхцөл зөрчөөгүй үед ажил хаях ёс зүйн эрхгүй

 

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар ‘Хэлэлцээрийн нөхцөл зөрчөөгүй үед нэг нэгнээ хурцаар шүүмжлэх болон ажил хаях ёс зүйн эрхгүй’ гэдгийг сануулав. Тэрбээр ‘Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг маш хүнд нөхцөлд өнгөрөгч бямба гаригт зөвшилцөж, гарын үсэг зурлаа. Олон улсын байгууллагатай хийсэн гэрээний шахалттай байгаа нөхцөлд хөдөлмөрчдөөс тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, тодорхой түвшинд шийдсэнд талархаж байна. Нийтдээ 112 тэрбум төгрөгийг төсөвлөж байгаа нь төрийн албан хаагчдаа дэмжсэн чухал арга хэмжээ. Албан ёсны нийгмийн түвшний хэлэлцээр байгуулсан нь цаашдаа нийгмийн тайван байдлыг хадгалах явдал. Энэ хэлэлцээрийн нөхцөл зөрчөөгүй үед нийгмийн түншлэлийн талууд нэг нэгнээ хурцаар шүүмжлэх, ажил хаях, бусдыг турхирах ёс зүйн эрхгүй байдаг. Энэ хүрээндээ үйл ажиллагаагаа хэвийн явуулах байх гэж бодож байна’ гэлээ. 

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж