Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн зөвлөл байгуулахаар тохиролцсон. Үүн дагуу 2018 онд Төсвийн зөвлөл байгуулж, төсвийн хяналтыг эрчимжүүлнэ гэж Засгийн газраас өргөн барьсан 2018 оны төсөвт тусгажээ.
Төсвийн зөвлөл байгуулах асуудлыг эдийн засагчид болон судлаачид онцолдог. Энэ зөвлөл нь хараат бус байж, УИХ-ын гишүүдийн тойрогтоо төсөв хуваарилдаг байдлыг таслан зогсоох, төсвийн үр ашиггүй зардлыг танах зэрэг онцгой үүрэгтэй, хараат бус гишүүдээс бүрдсэн зөвлөл байх ёстой.
Төсвийн зөвлөл нь төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн жилийн төсвийн төсөл, түүний тодотгол, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл болон бусад хууль, тогтоомжийн төслийн төсөвт нөлөөлөх байдалд хараат бус, бие даасан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулах үүрэгтэй байх ажээ.
Ш.ОЧ