Холбогдох зөвшөөрлийг авалгүйгээр дуут дохио суурилуулсан машинуудаас дуут дохиог нь Замын цагдаагийн газар хурааж эхэллээ. Дуут дохионы замбараагүй хэрэглээг арваннэгдүгээр сарын 15-ны дотор цэгцлэх үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн ерөнхий газрын шинээр томилогдсон даргад өнгөрсөн долоо хоногт өгсөн.
Энэ хүрээнд Замын цагдаагийн албаны дарга нар цагдаагийн алба хаагчидтай хамтран өнөөдрөөс /2017.10.30/ гэнэтийн шалгалт хийж эхэллээ. Өнөөдөр өглөөний шалгалтаар гэхэд 60 машины дуут дохиог хураан авч, Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгожээ.
Тодруулбал,
- “Эрдэнэс Таван толгой” ХК
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамирын спортын газар
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 60-аад байгууллагын удирдлага дүрэм зөрчин, дохио хэрэглэдэг байсныг хурааж аваад байна.
Хураагдсан дуут дохионуудаас гадна зөвшөөрөлтэй атлаа журамд заасан зам талбай, цаг хугацаа, зөвшөөрөгдөөгүй бүсэд ашигласан зэрэг зөрчил нилээд гарчээ.
Нийслэлийн 120-ийн уулзвар буюу Тэмээтэй хөшөө, Гадаад харилцааны яам, Төв шуудангийн уулзвар, Түргэн тусламжийн 103 төвийн урд зам, Багшийн дээдийн уулзвар гээд төв замтай холбогдох бүх уулзварт шалгалт үргэлжилж байна.
ӨМНӨХ ХОЁР ШАЛГАЛТААР 84 МАШИНЫ ДОХИОГ ХУРААЖЭЭ
Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр, Замын цагдаагийнхан өнөөдөр анх удаа “маяк”-тай машинуудыг шалгаагүй аж. Өмнө нь энэ оны хоёрдугаар сард нэгдсэн шалгалт хийж, зөвшөөрөлгүй 50 дуут дохиог хураан авчээ. Мөн журам зөрчиж, зөвшөөрөгдсөн дуут дохионы өнгийг сольж, замын хөдөлгөөнд дээрэнгүй оролцсон нь тогтоогдсон 30 машины эзэмшигч байгууллагын удирдлагад шаардлага хүргүүлж, сануулга өгчээ.
Харин сар гаруйн өмнө хийсэн шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэсэн 34 иргэн, тусгай дуут гэрлэн дохионы өнгийг сольж хэрэглэсэн зургаан жолоочийг 100 мянган төгрөгөөр торгож, зөвшөөрөлгүй дохиог хураасан байна.
‘Хураагаад байхад л нэмэгдээд байгаа дуут дохиог жолооч нар хаанаас, яаж авдаг вэ?’ гэсэн асуултад албаны эх сурвалж ‘Мэдэхгүй’ гэсэн хариулт өглөө.
Тусгай дуут дохиог Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс салбарын сайдын тушаалаар баталсан журмын дагуу олгодог аж.
2016 онд нийт 816 байгууллагын нэр дээрх 1819 тээврийн хэрэгсэлд тусгай дууд дохио ашиглах зөвшөөрөл өгсөн бол 2017 оны эхний 10 сарын хугацаанд 420 байгууллага, албан тушаалтны 937 машинд дуут дохио ашиглахыг зөвшөөрчээ.
Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх журмаас…
(ДУУТ ДОХИОНЫ ӨНГӨӨР ЯЛГАВ)
- Төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд – ХӨХ
- Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, Авлигатай тэмцэх газар – ХӨХ
- Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд – ХӨХ УЛААН
- Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – ХӨХ-УЛААН
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, эрэн сурвалжлах болон шуурхай албаны ажлын хэрэгцээнд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдал, уул уурхайн аврах ангийн шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – УЛААН
- Хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд – НОГООН
- Цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, авто тээврийн хяналтын тээврийн хэрэгсэл ослын шуурхай дуудлагын зориулалттай тээврийн хэрэгсэлд– ШАР өнгийн гэрлэн дохио хэрэглэнэ.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ