АНУ-ын Мэрилэнд мужийн Ижвүүд хотод ажлын байрандаа буудуулж, амиа алдсан Т.Баярсайханыг бямба гаригт /2017.10.28/ эцсийн замд нь үджээ.
Аравдугаар сарын 18-нд Advanced Granite Solutions компанид ажилладаг, 37 настай Ради Л.Прайс гэгч нь ажлын байрандаа хамт ажилладаг гурван хүний амийг хөнөөн, хэргийн газраас зугтаж явахдаа дахин хоёр хүнийг буудаж, шархдуулсан юм. Амиа алдсан гурван хүний нэг нь “Америк мөрөөдлийн төлөө хилийн дээс алхсан Монголын иргэн” байсан тухай орон нутгийн хэвлэлүүд анхлан мэдээлсэн. Гэмт этгээдийг санаатай хүний амь хөнөөсөн хэргээр саатуулан шалгаж байгаа юм. Түүнийг одоо Делавэр дахь хорих ангид саатуулаад байгаа аж.
Оршуулгын ёслол Хойд Виржиния дахь Үндэсний оршуулгын газарт болсон байна. Шарилын хайрцгийг тойруулан цагаан цэцэгс тавьж, цагаан ноосон цамц өмсөөд дүүжин сандал сууж буй амгалан тайван дүр бүхий талийгаачийн зургийг ойролцоохон байрлуулсан байжээ. Оршуулгын ёслолыг монгол хэл дээр явуулсан бөгөөд христийн шашны номлогч байсан түүнд зориулж, ойр дотнынхон нь магтуу дуу дуулсан тухай The Baltimore Sun өдөр тутмын сонины сурвалжлагч мэдээлсэн байна.
Талийгаач ням гаригийн номлолыг хичээнгүйлэн сонсож, долоо хоног бүр сүмдээ хандив өргөдөг байсан тухай Вашингтон дахь монгол сүмийн номлогч Хуан Пил Нам хэлжээ. Бурхныг магтан дуулахын тулд гитар хэрхэн тоглохыг сурч, үнэн сэтгэлээр ханддаг байсныг тэрбээр онцолсон байна.
Талийгаач хоёр хүү, нэг охинтой байсан, ач нартаа ухаангүй хайртай байсан тухай түүний ууган хүү, 31 настай Б.Амарсанаа ярьжээ. Мөн тэрбээр аавыгаа орос хэлээр ус цас ярьдаг, цэргийн алба хааж хат суусан, рок-н-ролл хөгжимд дуртай, Rolling Stones, Bee Gees хамтлагийн дуунд дуртай, гимнастикаар хичээллэж явсан, АНУ руу явахаас өмнө Монголд тавилгын бизнес эрхэлдэг байсан тухай дурссан байна.
Түүний багад аав нь Америк орны тухай үргэлж ярьж, эрх чөлөө, санхүүгийн хараат бус байдалд хүрэх гүүр нь болно гэж ярьдаг байжээ.
Т.Баярсайхан 2005 онд гэр бүлийн хамт АНУ-д шилжин суурьшжээ. Талийгаач тавилгын боржин чулуу үйлдвэрлэдэг ажилдаа маш дуртай, үүрээр 05.00 цагт босоод ажилдаа явдаг байсан тухай гэр бүлийнхэн нь дурссан юм. Тэрээр Виржиния мужид эхнэр, охины хамт амьдардаг байжээ.
Түүний гэргий Д.Гэрэлмаа Associated Press агентлагт өгсөн мэдээлэлдээ талийгаач гэмт этгээдийн зан байдлын талаар санаа зовниж явдгаа хэлж, түүний төлөө залбирч байсан тухай хэлсэн байдаг.
С.ЦЭЛМЭГ