Монголын улс төрд залуус хүч түрэн орж ирэх болсон. Нэг хэсэг нь ах нарыг дагаж, нөгөө хэсэг нь өөрсдийн үзэл бодол, үнэт зүйл дээрээ тулгуурлаж, улс орноо өөрчлөхийг хүсч байна. Ямартай ч Монголын улс төрийг шинэчлэх нь залуусын үүрэг гэдгийг тэд хүлээн зөвшөөрч байна. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн С.Эрдэнэболдтой уулзаж ярилцлаа.
-Ардчилсан нам өнгөрсөн УИХ-ын сонгуульд ялагдаж, есөн суудалтай хоцорсон. Үүнийгээ намаа шинэчлэх том даалгавар авлаа гэж тайлбарлаж байсан. Намаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж байсан залуусын нэг та. Таныхаар танай нам шинэчлэгдэж чадсан уу. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Баярлалаа. Чухал асуулт. Шинэчлэл богино хугацаагаар хэмжигдэх боломжгүй. Тэр тусмаа, нийгэм, улс төр, намын шинэчлэл болон сэтгэлгээний өөрчлөлт. Шинэчлэл өөрөө амьд биеийн организм шиг нийгмийн сэтгэлзүйн тодорхой үе шатуудыг туулдаг нь түүхээс харагддаг. Эхлээд яагаад шинэчлэгдэх болов? Ямар учир шалтгаанаар шинэчлэл зайлшгүй нөхцөлдөх болов гээд олон асуулт бий. Асуудалд цор ганц хариулт байдаггүй шиг, асуудал үүсэх нөхцөл ч олон урвалж үзэгдлийн нийлбэр болдог. Тиймээс шинэчлэлийн зүй тогтнолыг логик дэс дараалалтай авч үзэх ёстой. Жишээ нь, 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд АН ялагдал хүлээсэн нь наанадаж дөрвөн шалтгаантай. Нэгт, дотоод зөрчил. Хоёрт, сонгуулийн хуулийн өөрчлөлт. Гуравт, эдийн засгийн бодлого, макро тэлэлт нь микро түвшиндээ хэр наалдаж чадав, түүнийг нь иргэд хангалттай ойлгож чадсан уу, хүмүүсийн амьдралд хүртээмжтэй байсан уу. Дөрөвт, сонгуулийн кампанит ажил, “Эрдэнэт”-ийн талаарх гэнэтийн байр суурь гэх мэт зүйлс дээр ялагдлын шалтгааныг тойрч ярьж болно.
АН угаасаа ард түмнээсээ юугаа ч нуудаггүй. Гаднаа эв найрамдалтай царайлж байгаад бусад намууд шиг бут үсэрдэг зүй тогтол харьцангуй бага. Зөрчил үүссэн ч ил шарх аваад түмний нүдэн дээр илааршдаг. Өнөөдөр намын шинэчлэлийг судлаачид таван тулгууртай гэж үзэж байна.
-Таван тулгуур нь тэгээд юу юм бэ?
-Нэгд, үзэл баримтлалын шинэчлэл. Бид үүнийгээ дахин тодорхойлж үнэт зүйл, эрхэм зорилгоо нягталж ямар ч үед тэр зарчмаасаа хазайдаггүй нам байхыг эрмэлзэж байна. Ажлын хэсгүүд байгуулагдаж удтал энэ сэдвийг тойрч судалгаа хийсээр байна. Удахгүй үр дүн нь гарах байх.
Хоёрт, Үндсэн дүрэм. Аливаа байгууллага дүрмээ олуулаа хэлэлцэж баталдаг, улмаар түүнийгээ яв цав хэрэгжүүлдэг байвал соёл, дэг журам тогтоно. Тоглоомын дүрэм ойлгомжтой болно. АН-ын хувьд Үндсэн дүрмийн ажлын хэсэг бас л ачаалал ихтэй ажиллаж байна. Хүмүүс хуучин дүрмийг муу гэж хэлдэггүй. Гагцхүү түүнийг биелүүлж чадсан уу гэдгийг асуудаг. Одоо тэгвэл үл зөрчигдөх легитим дүрэмтэй болох хэрэгтэй. Эхний удаад дүрмийн шинэчлэлийн хүрээнд намын дарга болон анхан дунд шатны бүх дарга нар, ҮБХ болон шат шатны намын хорооны гишүүд анхан шатнаас гарлаа. Шүүмж бий. Гэвч алхам хийгдэж байна.
Гуравт, хүний нөөцийн шинэчлэл. Өнөөдөр АН-ын ҮБХ-ны 41.4 хувь нь 39-өөс доош насны залуус. Эмэгтэйчүүдийн оролцоо нь эрс өссөн. Аймаг, дүүрэг орон нутагт залуусын оролцоо идэвхжиж байна. Хэдийгээр сорилт, тодорхой зөрчил бийг үгүйсгэж болохгүй ч намын дотоод хүний нөөцийн шинэчлэл зоримог хийгдэж байна. Бүх зүйлийг төгс гэж хэлэхгүй ч шинэ хүмүүс орж ирснээр намд шинэ уур амьсгал төрнө.
Дөрөвт, Санхүүжилтийн асуудал бол шинэчлэлийн нэг чухал сэдэв. Саяхны жишээ бол 10 сарын 15-ны дотор бүх шатны намын гишүүд 90 гаруй хувьтай татвараа төлсөн байсан. Энэ бол хариуцлагын том өөрчлөлт шүү дээ.
Тавт, намын шинэчлэлийн үндсэн тулгуур бол оролцоо шүү дээ. Оролцоог хэрхэн хангаж байгааг нь Та өөрөө харж байгаа. Юмыг хавтгайрууллаа, олон нийтээс асуух, санал хураах гэж үрэлгэн төсөв гаргаж байна, эсвэл анхан шатнаас асуух нь буруу гэсэн шүүмжүүд бий. Гэтэл энэ нийгмийн чинь үндсэн мөн чанар иргэдээ сонсох, тэднийхээ хамааралтайгаар оролцох эрхийг нь хангах зарчим шүү дээ. Энэ бүхнээс үзэхэд ардчилсан намын шинэчлэлд үүр цайж байна. Шинэчлэл бол байнгын үйл явц шүү дээ. Үр дүн нь хэн нэгэн хүний амаар хялбар дүгнэгдэх биш, нийгэмд шударга ёс тогтож байна уу, хууль ёс хэрэгжиж байна уу, иргэдийн бухимдал багасч, амьжиргаа орлого нь дээшилж байна уу гээд тодорхой үзүүлэлтээр дүн нь харагдах байх. Үндсэндээ иргэд сонгогчид шинэчлэлд 2020 онд дүн тавина.
-Ардчилсан намын шинэчлэлийн нэг хэсэг нь ардчилсан залуучуудын байгууллагын сонгууль байх. Та АЗХ-ны ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхөө зарласан. Яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Нэг сургамжтай түүх байдаг л даа. 1980 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын 35 дахь Ерөнхийлөгч байсан Жон Кеннедигийн дүү Эдвард (Тедди) Кеннеди өрсөлдөж л дээ. Мань хашир бол тухайн үедээ овоо ретингтэй, бас чиг ах нарынх нь үлдээсэн нэр төр гэгээлэг байсан үе. Зурагтын сэтгүүлч Теддигээс асуусан байгаа юм. “Та яагаад Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч болох гээд байгаа юм бэ?” гэж. Хамгийн энгийн асуулт боловч, ийм асуулт асууна гэж тооцоогүй байсан уу яасан бүү мэд Тедди зургаан секунд гацаж, сүүлдээ ээрч муурч эхэлдэг. Тэгсэн хүн чинь ямар ч бодлогогүй буудаж өгнө биз дээ. Энэ түүх улстөрчдөд сургамж болдог.
Ер нь яагаад чи энэ ажилд өөрийгөө тэнцэнэ гэж өрсөлдөж байгаа юм бэ? Дарга болохын тулд уу, эсвэл ажил хийхийн тулд уу? Өөрийгөө алдаршуулахын тулд уу, эсвэл өрөөлд тус болох бодлого боловсруулж, ачаа үүрэхийн тулд уу? Зорилгоос эхэлж хариулт ундрах нь мэдээж. Миний хариулт маш энгийн. Залуус бид биеэ оторлоод суух ёсгүй, хүчээ нөөгөөд нийгэмд дүүрэн асуудал байхад үл анзаарагч мэтээр амирлангуй дүр эсгэх эрх бидэнд байхгүй.
-Гэхдээ гэрээ засч амжаагүй шахам залуучууд улс төр хөөгөөд, дараа нь ах нарынхаа тоглоом болоод дуусч байна шүү дээ?
-Өнөөдөр Монгол Улс дэлхийн хамгийн их стресстэй, сэтгэл санаа дүнсгэр орнуудын тоонд толгой цохиж байна. Заримдаа энэ улсад болж байгаа зүйлээс болохгүй байгаа зүйл нь илүү гарчихаад хэцүү байна. Ийм үед залуус хэн нэгний үгээр харц ноомой, үлбэгэр сулбагар царайлж суух уу. Нийгмийн гэрэл гэгээг тээгч нь залуус байдаг. Ахмад үеийнхээ сайн сайхныг нь өвлөж, өрнөх маргаашдаа хөлс хүчээ дуслуулан энэ нийгмийг босголцож өгөх хүн нь залуус биз дээ?
Улс төрч залуус гэхээр л дарга болохыг зүүдэлдэг, дарга болоод хоолой нь бүдүүрч зан нь зүсэрдэг хүн байх ёсгүй. Эсвэл өв залгамжилсан хунтайж нар энэ улсыг удирдах ёстой юм уу. Гэмт үйлдэл хийгчид эрх мэдлийн цаагуур нуугддаг оков нь энэ улс төр юм уу. Үгүй! Өнөөдөртөө тэгж ойлгогдож байгаа ч маргааш өөр болно гэдгийг тэд мэдэх ёстой. Зарчим гэж нэг юм байгаа гэдгийг тэд удахгүй мэднэ.
-Зарчим… Улстөрчид бүгд зарчим ярьдаг. Гэвч, үнэндээ зарчмаа биелүүлдэг нь цөөхөн л дөө?
-Зарчмаа мэддэг, үнэт зүйлээ мэдэрдэг, түүнийхээ төлөө үг хэлдэг, үзэл бодлоо хамгаалдаг, зөвд зөөлөн бурууд хатуу нэг тийм жудагтай Монголыг монгол хүн өөрсдөө бүтээх цаг нь болчихоод байна. Ардчилсан нам бол, түүний лидерүүд бол Монголд чөлөөт нийгмийн үнэ цэнийг амиа үл хайрлан авчирсан хүмүүс шүү дээ. АН-ын лидерүүдэд он жилийн сургамж дүүрэн оноо, алдаа дүүрэн бий байх. Харин Ардчилсан залуучуудын холбоо бол таван нам нэгдэхэд л байгуулагдаж байсан, өдгөө эрийн цээнд хүрч байгаа удаан жилийн намтартай байгууллага. Энэ байгууллага цаашид чадавхжих хэрэгтэй байна. Энэ байгууллага АН төдийгүй Монголын нийгэмд эерэг манлайллын өнгө аясыг бүтээлцэх хэмжээний шөрмөстэй байх хэрэгтэй биз дээ. Тиймээс тийм шөрмөс шандсыг нь урлалцаж, ачаа даадаг тэнхээтэй, хариуцлага даадаг чадавхитай бодлого суурьтай, институтийн соёлтой АН-ын хүний нөөц, манлайллыг банк болсон байгууллага болгохыг бид зорьж байна. Ийм зорилгын өмнө бид биеэ оторлож, шүүмжлэлээс айж, хойш суух эрх байхгүй. Бид үүнийгээ ч хийх болно, зорьсондоо ч хүрнэ.
-Сонгуулийн зардал 120 сая төгрөг. Энэ мөнгийг та яаж төлөх гэж байна даа. Залуу хүмүүст ахадсан мөнгө биш үү?
-Мөнгө бол их олон юмны утга. Бас олон юмны шалгуур, хариуцлагын хэмжүүр. Бизнесмен хүн бол ашгаар хэмжүүр болгож хөрөнгө оруулалтаа тооцдог. Мэдээж сайн бизнесменүүд бол нийгэмдээ давхар гэрэл гэгээ авчрах хэмжээний ёс зүйг баримталдаг байх. Харин улс төр бол бизнес биш. Дахин хэлье, улс төр бол бизнес биш! Улс төр бол итгэл үнэмшлийн урлаг. Улс төр бол үнэт зүйл дээр босдог манлайллын босго байх ёстой. АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд чамд мөнгө хэрэггүй. Харин чи мөнгө босгож чадах ёстой. Хэрвээ чамд хангалттай итгэл үнэмшил байвал, хэрвээ чамд сайн мөрийн хөтөлбөр, түүнийгээ хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө байвал түүнийгээ бусдад танилцуул гэж өөртөө хэлсэн. Аравдугаар сарын 23-нд хандивын үдэшлэг хийсэн. 276 хүн ирж оролцсон. Тал нь нам бус шүү дээ. Үдэшлэгээс гадна 10 мянгаас эхлээд л хүмүүс хандив өгсөн. Хэчнээн хүнээс ямар хэмжээний хандив авсан эсэхээ протоколдож сонгуулийн хороонд хүргүүлнэ. Нэр ус, шилжүүлэг, мөнгөн дүн нь бүгд бий. Эргээд буух эзэнтэй, хэн ч хандив өгсөндөө ичихээргүй тийм хүмүүс миний сонгуулийн ажилд хандив өгсөн.
-Хандиваар Харвардад сурсан гэл үү?
-Харвардад сурах болоод хандивын арга хэмжээ зарлахад 487 хүн хандив өгч 62 мянга гаруй доллар босгосон. Хожим сургуулиа төгсөж ирээд “Монгол зарчим” номоо хэвлүүлж тэдгээр хандивлагчдаа урьж номын баяраа тэмдэглэж, талархлын үдэшлэг зохиож байлаа. Хүнээс юм авч чадсан бол эргүүлээд баярлалаа гэж хэлдэг, сурсан мэдсэнээ хуваалцдаг энгийн ёс зүйтэй байх хэрэгтэй биз дээ. Одоо ч хүмүүс бага гэлтгүй, сэтгэлээрээ дэмжиж хандив өгсөөр байна. Энэ миний хувь хүнд биш, миний хийж чадах, манай багийн бүтээж чадах зүйлд “итгэлээр хөрөнгө оруулалт хийж буй” сайн соёл гэж харж байна. Хандивлагч бүр надтай хамт дэвшиж байна гэсэн үг. Учир нь бид үнэт зүйл хуваалцсан уулзвар дээр байна гэж би боддог. Энэ өнцгөөс харахад би хүчээ үзээд, мөнгө босгоод үзье гэж шийдсэн.
-Нууц биш бол хэчнээн хүн хандив өгсөн бэ?
-Нийтдээ 400 гаруй хүн хандив өргөж, өөрийн зүгээс тушаах сонгуулийн зардлыг бүрдүүллээ. Энэ мөнгө нэг хүний халаас юм уу намын дансанд орохгүй ш дээ. Нөгөө 330 сумнаас аймаг орон нутагтаа, 152 хорооноос дүүрэгтээ хийх хурал чуулган, сонгуульдаа оролцох хүмүүсийн зохион байгуулалтын зардалд зориулагдана. 90 гаруй мянган хүнээс төлөөллийн ардчиллаар ирэх 7000 гаруй хүний зардлыг асар багаар тооцоод ийм зардал гарч байна гэж ойлгож байгаа. Хардах амархан, хийх хэцүү. Бид шинэчлэгдэхийн тулд эрсдэлээ хуваагаад урагш хамт явах шаардлагатай. Энэ сонгуульд бол бүгдэд боломж нээлттэй байсан. Ер нь тэгээд ажил хийх хүн аргаа хайж, хийхгүй нь шалтаг тоочдог хорвоо шүү дээ.
-Таны ард хэн нэгэн улс төрч ах байгаа юу. Залуус улс төрд хөл тавихдаа хэн нэгэн дарга, ахын тусламжгүйгээр ороход хэцүү гэдэг болохоор асууж байна?
-Миний ард миний сүүдэр байна. Миний ард, урд, хажууд байгаа зүйлээс илүү миний дотор байгаа зүйлийг асуугаач. Залуусын дотор байгаа зүйлийг асуугаач гэж бид хүсдэг. Ямар итгэл үнэмшил, ямар зорилго мөрөөдөл, ямар бодлого тэмүүлэл байгааг нь асуугаач гэж бид хэлдэг. Мэдээж бидний ард бидний гэр бүл, хань, ижил, үр хүүхэд, эцэг эх маань бий. Харин улс төрийн тухайд бол Монгол жижигхэн, хүн бүрд л янз бүрийн хамтын ажиллагааны түүхүүд бий. Хэн нэгэн хүнтэй хамтран ажиллаж байсных нь төлөө адалдаг, чичилдэг, гадуурхдаг байж болохгүй. Бас хэн нэгэнтэй ажиллаж байсных нь төлөө бусдаас илүү ханддаг ч байж болохгүй. АН, МАН-гүй л энэ асуудал гаарсан л даа. Тэрний хүн, энэний хүн гэж. Уучлаарай, нэг зүйл хэлчихье. Залуус бид ийм муу зарчмыг өвлөхгүй. Цөөхөн монголыг минь нутаг жалгаар нь хуваадаг, уул усаар нь хэмждэг, ураг төрлөөр нь явцууруулж, улам бүр хатингаршуулдаг ийм булай зүй тогтлыг бид өвлөхгүй.
Өмнөх үеийн хорсол, тэмцэл, хувийн тооцоог залуус бид өвлөхийг хүсэхгүй. Харин шинэ хуудас, итгэлцэл, хамтын ажиллагаа, шударга өрсөлдөөнийг бид хүсэж байна. Ингэснээрээ бид өмнөх үеэ үгүйсгэхгүй. Тэдний бүтээсэн зөвийг нь дэмжин үргэлжлүүлж, бурууг нь олон юм ярилгүй гээгээд сурчих ухаан залуу үед бий. Гагцхүү одоо л эхлэх хэрэгтэй. АН-ын шинэчлэл энэ зүгт гүнзгий чиглэх хэрэгтэй.
-Ер нь намын дотоод сонгууль нэрээр дэнчингийн мөнгө нэхсэн нь АН дотоод эрх мэдлээ мөнгөөр худалдлаа гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа шүү дээ?
-Улс төрийн хариуцлага, соёл гэгчийг хамгийн бодитой хэмждэг нэгж нь мөнгө биш байх л даа. Гэхдээ хариуцлагын босгыг тавьж өгөхгүй бол нэг суудалд 100 хүн өрсөлдье гэж бодъё. Тэгвэл зохион байгуулалтын зардал нь хэд дахин өсөх вэ? Шууд утгаар нь ярихаасаа илүү бодитой зүйл ярих хэрэгтэй. Шүүмжлэлийг мянган янзаар хэлж болно. Гагцхүү болохгүй байгаа зүйлийг илүү сайнаар хийх гаргалгааг нь хэлээд өгчихвөл сайжрал явагдана шүү дээ. Шүүмж хоёр янз. Шүүмжлэхийн төлөө шалтаглан шүүмжлэх туйлшрангуй байдал. Нөгөө нь засаж залруулахын төлөө гарц хэлж өгдөг шүүмж. Хоёр дахь нь эрүүл үзэгдэл.
-Ардчилсан намын залуучуудын байгууллагыг үйлчилгээний байгууллага болгоно гэлээ. Хэнд үйлчлэх гэж. Мэдээж дарга нартаа биш байх л даа?
-Ардчилсан үзэлтэй залуусын итгэл үнэмшлийн уулзвар, ямар ч хориг болзолгүй хөгжлийн төлөөх бүтээлч залуусын өрсөлдөх чадварыг дэмждэг тийм орон зай болгох нь бидний зорилго. Үүний төлөө залуустайгаа хамтран ажилладаг, бас тэдэнд үйлчилдэг байгууллага байна.
-Та их гоё зорилгуудтай юм. Гэхдээ Баабар “Миний үеийнхэн үхэж дуусч байж” л Монголын улс төр цэвэршинэ гэсэн. Гэтэл тэдний үеийнхэн Монголын улс төрийг атгасан хэвээр л байна?
-Б.Баабар гуай заавал зөв хэлсэн байх албагүй шүү дээ. Би нэг удаа Баабар гуайг “хожсон” юм. 2008 онд Баабар гуай Обамаг ялахгүй, Америкчууд африк гаралтай хүнээр ерөнхийлөгч тавьтлаа соёлжоогүй маягийн юм хэлж билээ. 10 сард шүү дээ. Харин би түүнийг няцаасан нийтлэл хэвлүүлж байсан. Баабар ах алдаж, маний зөв болсон. Баабар гуай бол их ёгт хүн, бас хөдөлмөрч хүн. Түүнээс залуу үе их зүйлийг сурч авсан. Гэлээ гээд тэр хүний бүтээл туурвилыг үгүйсгэж ч болохгүй бас илүүдүүлэн шүтэж ч болохгүй. Бид асуудлыг бодитоор л харах хэрэгтэй. Товчдоо бол хандлагын асуудал. Гучтай мөртлөө жартай юм шиг хөшингө сэтгэлгээтэй хүмүүс байна. Жартай мөртлөө 30 тай юм шиг шинийг эрэлхийлэгч улсууд байх л юм. Насаар нь хүнийг заазалж болохгүй. Нөгөө л итгэл үнэмшил, хандлага, үнэт зүйлээр нь харах хэрэгтэй гэж боддог. Мөнгө төвтэй хүн, нэр төрд дуртай хүн, эсвэл гэр бүл төвтэй, олноо гэх сэтгэлтэй хүмүүс өөр өөр шүү дээ.
-Монголын улс төрийн хямралын шалтгаан нь намуудын хямрал. Ардчилсан нам шинэчлэлт эхлүүлсэн. МАН-ын залуус өнөөдөр шинэчлэлтийн тухай хөндөж байна. Намууд шинэчлэгдлээ гэдэг. Гэвч, дотроо зөвхөн шинэ хуваарилалт л хийдэг юм биш үү?
-Өнгөцхөн харвал тийм, явцуу хийвэл тэнд хүрээд л гацна. Ер нь яагаад нам шинэчлэгдэх ёстой вэ. АН-ын шинэчлэл бол зөвхөн АН-ын асуудал биш юм. Үүнтэй ижил МАН-ын шинэчлэл ч МАН-ын асуудал биш. Аль, аль нь Монголын асуудал байхгүй юу. Яагаад гэж үү, бид чинь парламентын засаглалтай орон шүү дээ. 27 жил парламентат ёсыг бэхжүүлэх гээд алдаж оносоор ирлээ. Парламентат ёсны гол утга нь намууд шүү дээ. Улс төрийн намууд бодлого суурьтай, жаахан ул үндэстэй болохын хэрээр нөгөөх парламентат засаглал маань чадавхижина. Үгүй бол хөмөрсөн тогоо л гэсэн үг. Хүмүүс аливааг их хялбархан шийдчих гээд байдаг. 76 хүн хооллосноос нэг л хүнийг тэжээе, хүчтэй Ерөнхийлөгчтэй болъё энэ тэр гэдэг. Ухаандаа хоёр хөрш, Америктай барьцах гээд байдаг. Гэтэл бид бодит байдлаа тооцоод үзье. Хүчирхэг хоёр гүрний завсар байгаа манай улсад нэг дектатур гараад ирвэл яах вэ? Уучлаарай, тэр Монголын жам биш шүү. Ганц хүнийг яаж ч панаалдаж, барьцаалж болно.
Харин ч 76-уулаа сайдаж муудаад явж байгаа энэ зүй тогтол чинь Монголын нэг төрлийн дархлаа болчихсон байдаг юм. Шинэчлэл бол шинэ хуваарилалт биш, хүнээс үл хамаарах эрүүл тогтолцоог бий болгосноор амжилтад хүрнэ гэж боддог.
-Монгол тэргүүнгүй төртэй, лидергүй намуудтай болсон гэж улс төр судлаачид хэлдэг. Үнэхээр ч аль, аль намд тодорсон лидер алга. Та улс төр судлаачийн хувьд лидер яаж төрдөг гэж бодож байна?
-Лидерүүд түүх бүтээдэг үү, эсвэл түүх лидерийг бүтээдэг үү гэсэн асуулт байдаг. Яг тахиа өндөгний аль нь анхдагч вэ гэдэг шиг. Монголд үзэл санааны хямрал, манлайллын хомсдол нүүрлэсэн. Эдийн засаг, эрх зүйн хямралаас илүү тархин доторх хямрал, зүрхэн дэх хоосрол нь энэ улсыг эрх баригчдыг улам агуулгагүй харагдуулж байна. Гарц бол залуус шүү дээ. Залуус л үүнийг өөрчилж чадна. Нөгөө талаас төр дарга ангийн хоргодох байр биш, үйлчилгээний бүтэц байх ёстойгоо санах хэрэгтэй.
-Үзэл бодол лидерийг төрүүлдэг гэлээ. Манай залууст үзэл бодол байна уу?
-Мэдээж бий. Дэндүү их, дэндүү гэгээлэг үзэл бодлууд бий.
-Монголын улс төр бизнес хоёр нь холилдсон. Монголын улаан, цэнхэр хоёр нам нь холилдсон. Монголыг намууд биш бүлэглэлүүд л удирдаж байна шүү дээ, өнөөдөр. Гэтэл намууд нь шинэчлэл яриад байдаг?
-Улс төрийн шинэ соёл бий болгож л бурангуй зүйлсийг аажмаар, гэхдээ тогтмол шахан гаргана. Түүнээс биш ямар цаазлалтай биш дээ. “Бүлэглэл” гэдэг хадны мангаа ер нь ямар учиртай, яагаад үүссэн, одоо юугаар тэжээгддэг, гол эрх ашиг нь хаанаа байдгийг учир мэдэх хүмүүс сайн мэднэ. Залуус 5-10 жилийн дараа гэхэд ямар ч бурангуй бүлэглэлтэй тэмцэх хэмжээний хаттай болно. Цувж явсан бүлэглэлийг цуглаж нэгдсэн залуус зарчимд нь оруулах цаг ирнэ ээ.
-Та улс төрд идэвхтэй ханддаг Монголын залуусын нэг. АН-ын ҮБХ-ны гишүүн. Та төрөө, улс төрийг өөрчлөхийг хүсч байна. Улс төрд орж байгаа хүн эхлээд биеэ зас. Дараа нь гэрээ зас гэдэг. Та эхний хоёрыг нь зассан уу?
-Хичээсээр ирсэн дээ. Гэхдээ өндөр боловсролоос илүү хүн чанар энэ нийгэмд үгүйлэгдээд байна. Хүн чанар дээр өндөр боловсролыг нэмбэл машид сайн. Харин хүн чанарт бус хэтэвчинд сонирхолтой боловсрол олсон нэртэй хүмүүс бол тус биш ус болчих гээд байх үе байна шүү дээ. Ганц л юмыг хэлье. Хүн орчин цагийн боловсрол, мэдээллийн технологийн үнэ цэнийг сурч эзэмшиж болно оо, болно. Гэхдээ өнгөрсөн үеэ басаж болохгүй. Түүхээ уншиж, өөрийн жинхэнэ мөн чанараа эрэлхийлж байх ёстой гэж боддог. Түүхээ, удам судраа хэдий чинээ гүн мэдэх тусам, тэр хэрээр алсын харааг олж авна гэж итгэдэг.