Монгол улсын бүх иргэнд ялгаваргүйгээр гадаад паспорт олгоё гэж 1990-ээд оны эхээр Э.Бат-Үүл хэлсэн тал бий. Тэр үед гадаад паспорт авна гэдэг тийм ч амар хялбар байгаагүй. Хоёр хөршид болоод бусад оронд зорчих нь нээлттэй болж, улмаар ганзагын наймаа эхэлж байсан үе л дээ. Гадаадад зорчиход хамгийн чухал зүйл нь гадаад паспорт авах асуудал байсан.
Албан мэдээ
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор “БНМАУ-ын Үндэсний гадаад паспорт олгох журам”-ыг шинэчлэн баталж, 1991 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэхийг Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт даалгасны дагуу Цагдаагийн ерөнхий газар, аймаг, хотын цагдаагийн газар, хэлтэс энгийн гадаад паспорт, иргэний паспортын хавсралтыг олгох, хадгалах ажлыг эрхлэх бөгөөд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт бүх төрлийн гадаад паспорт, буцах үнэмлэх олгох эрхийг олгожээ.
1997 онд Хууль зүйн сайдын 114 дүгээр тушаалаар Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс олгох зааврыг шинэчлэн баталж, мөн сайдын 115 дугаар тушаалаар Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийг 1997 оны зургадугаар сарын 1-нээс аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллахыг зөвшөөрч, байгууллага, иргэдийн хүсэлтээр үндэсний энгийн гадаад паспорт болон бусад баримт бичгийг яаралтай бэлэн болгож олгох, гадаадын иргэдэд оршин суух зөвшөөрөл олгох, бүртгэх ажил, үйлчилгээг 1997 оны тавдугаар сарын 13-наас төлбөртэйгөөр хийдэг журамд шилжүүлсэн байна. Тэр үед манай иргэд гадаадын олон оронд зорчиж, гадаад паспорт авах эрэлт хэрэгцээ ихэсч, хүндрэл чирэгдэлтэй байв.
2002 оны арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн “Гадаад паспортын талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай Хууль зүй дотоод хэргийн сайд, Гадаад хэргийн сайдын хамтарсан тушаал гарснаар 1998 оны гадаад паспортыг цаашид олгохыг зогсоосны улмаас өмнөх загварын гадаад паспортыг хуурамчаар үйлдэхэд хялбар, олон улсын жишиг стандартад нийцээгүйгээс солих шаардлага гарсан.
Гадаад хэргийн болон Хууль зүй дотоод хэргийн 2001 оны 108/22, 264, 54 дүгээр хамтарсан тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор орчин үеийн өндөр нууцлал бүхий Монгол улсын үндэсний энгийн гадаад паспортыг 2002 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс иргэдэд олгож эхэлсэн ба мөн гадаад паспортад 2006 оны зургадугаар сараас нууцлалыг нэмэгдүүлж, сүүлийн үеийн технологийг нэвтрүүлсэн “чип”-тэй гадаад паспортаар монгол иргэд дуртай орондоо зорчих боломж нээгдсэн.
Сайн мэдээ, гадаадад суралцацгаая
Их зохиолч Д.Нацагдоржийн “Хээрийн галуу нисэн үл газраас Хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” гэсэн нь юутай үнэн билээ. Монголчууд маань гадаадад олноороо суралцаж байгаа нь зөв л дөө. Албаны эх сурвалжид гадаадын олон орны их сургуулиудад нийт 25989 оюутан залуус суралцаж байгаа гэжээ. Ардчилал, чөлөөт зах зээлийн давуу тал нь гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцах, сайн боловсрол эзэмших, улмаар цөөн заримд нь тэнд ажиллах өргөн боломж нээгдсэн явдал билээ.
Дээд боловсролын чиглэлээр тэргүүлэгч Times Higher Education сэтгүүлээс гаргадаг 2016-2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын эхний зургаад багтсан Их Британийн Оксфордын их сургууль, АНУ-ын Калифорнийн Технологийн их сургууль, Стэнфордын их сургууль, Английн Кэмбрижийн их сургууль, АНУ-ын Массачусетсийн технологийн институт, Харвардын их сургуулиуд болон дээрх жагсаалтад Азийн орнуудаас 29 дүгээр байрын Бээжингийн их сургуулиудад монгол оюутнууд суралцаж байгаа нь гайхамшиг юм.
Дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад суралцаж төгссөн олон монгол залуус ховор нарийн мэргэжил эзэмшиж, эх орондоо эргэн ирж, бүтээн байгуулалтын төрөл бүрийн салбарт эрчимтэй ажиллаж байна. Мөн гадаадад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн дунд дэлхийн нэр хүндтэй томоохон компаниудад ажилладаг өндөр мэргэжилтэй залуучууд цөөнгүй бий. АНУ-ын Microsoft, IBM зэрэг олон компанийн удирдлагын багт ажиллаж байгаа монгол залуучууд үеийн олондоо үлгэр дууриалал үзүүлж, тэдэн шиг ийм сургуульд суралцаж, тийм ажил эрхлэх юмсан гэсэн тэмүүллийг сурагчид хүсэн хүлээдэг болов.
АНУ, Канад, Япон, ХБНГУ, Их Британи, Франц, Швед, БНХАУ, БНСУ зэрэг олон оронд монгол хүмүүс байгалиас заяасан оюун ухааны онцгой чадамж, хүний газар нутагт дасан зохицох, аливаа зүйлийг түргэн тусгах мэдрэмж, шинэ технологи зохион бүтээх ур чадвар, улмаар өөрийн болгож чаддаг зэргээрээ тухайн орныхоо эрдэмтэд, өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдэд тоогдож, хамтран ажиллаж чадаж байгаа олон сайхан жишээ баримтуудыг бид сонсож, заримыг нь нүдээрээ харан бахархаж байдаг билээ. Энд олон сайн хүний нэрийг дурдаж болох ч тэдэн шиг байя гэсэн их тэмүүллийг мэдрүүлэх нь илүү чухал юм.
Монгол хүн дээд тэнгэрээс заяасан онцгой ард түмэн гэдгийг их эзэн Чингис хаан тэртээ 13 дугаар зуунд дэлхийд мэдрүүлж өгсөн тэр их бахархал хүндэтгэлийг өнөө цагийн бид нар өвлөн хэрэгжүүлэхдээ Монгол орныхоо хөгжил дэвшилд хүн бүр сайн үйлсээр хүчин зүтгэж, үнэнч шударга ажиллах цаг ирсэнийг илүү сайн ухамсарлах ёстой.
Монголчуудад гадаадад олон уу?
2016 оны эцсийн албан ёсны мэдээнд гадаадын 74 улсад 144.560 гаруй иргэд оршин сууж, тухайлбал, БНСУ-д 38.000, АНУ-д 25.000, БНХАУ-д 8653, Японд 6590, Шведэд 6000, Чехэд 6412, Казакстанд 15000, Канадад 5500, ОХУ-д 4870, ХБНГУ-д 4746, Францад 4600, ИБУИНВУ-д 4200, Туркэд 4000, Австрид 2500, Австралид 3000, Швейцарьт 2000, Испанид 1500, Унгарт 1320, Бельгид 1080, Польшид 939, Энэтхэгт 700, Нидерланд 530, Украйн 518, Малайзид 350, Сингапур 290, Норвег 250 болон бусад оронд, үүнээс албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй 26697, гадаадын харъяат болсон 3705, гадаадын иргэнтэй гэр бүл болсон 5999, суралцаж буй сургуулийн насны 2399, оюутан 25989, гадаад улсад төрсөн (зөвхөн харъяа ДТГ-т бүртгүүлсэн байдлаар) 4064, хууль бусаар оршин суугаа 40114 иргэд гэсэн статистик байна.
Монгол хүн түр хугацаагаар бүх тивд очиж, харин хүрээгүй улс орон ховор болж, Йордан, Колумб, Мальт, Оман, Эквадор, байнга шахуу буудалцаан болж буй Израил, Ливанд хүртэл амьдардаг байна.
Уучлаарай, “хар” мэдээ
Гадаадад хууль бусаар оршин суугаа оршин иргэд БНСУ-д 40110, АНУ-д 915, Японд 600, ОХУ-д 365, Хятадад 103, Европ тивийн Австрид 1000, Бельгид 948, Нидерландад 478, Шведэд 1100, Швейцарьт 1500, Францад 71 гээд олон оронд байна.
Гадаадад хууль бусаар оршин суугаа гэдэг нь “но”-той хүмүүсийн “ноцтой үйлдэл” зөвхөн хувийн эрх ашгаа бөөцийлсөн хэрэг байж болох юм. АНУ-ын ЭСЯ-наас танай хүмүүс түр оршин суух виз аваад тогтоосон хугацаандаа буцахгүй байгаа нь дараагийн виз хүлээж байгаа хүмүүстээ сөрөг нөлөө үзүүлдэг гэж мэдэгдсэн. Европын нэг оронд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлээд дараа өдөр нь цэцэрлэгийн эд зүйлийг хулгайлсан хэрэг гарсан. Олон оронд “хар”-аар ажиллаж байгаа манай иргэд ёс зүйгүй хэрэг байнга гаргадаг тухай мэдээлэл их бий.
Монголчууд яагаад ингэж олноороо гадны улс оронд ихэвчлэн хууль бусаар хөдөлмөр эрхлэх болсон шалтгааныг дотооддоо цалин хөлс бага, ажлын байр хомстой холбон тайлбарладаг. Өөр өнцгөөс нь харвал ядуу орны иргэд хөгжилтэй оронд очиж, тэдний “хар” ажил эрхлэхийг хэлж байгаа юм. Ямар төртэй байхаас шалтгаалан иргэдийнх нь амьдрал тэр хэмжээнд хэлбэлздэг хэмжүүр буй.
Манайхан явсан газар бүртээ балаг тарьж, элдэв хэл аманд өртөж, амьдарч буй улсынхаа хууль, журмыг зөрчин урт богино хугацаагаар цагдаад саатуулагдан баривчлагдах ердийн үзэгдэл болов.
2007 оны зун БНСУ-д олон улсын хуралд оролцож явахад, төв талбайд нь: “Боловсон байрын гадаад хүн ухаан алдаад уначихсан, дэргэд нь гар цүнх, утас бусад зүйлүүд харагдах, бидний дундаас хэн нэгэн, Ээ яадаг билээ, энэ хүн зүгээр үү, юмыг нь хүн авчих вий дээ гэхэд, орчуулагч залуу: “Согтуу монгол хүн л тааралдахгүй бол өөр хэн ч халдахгүй гэж” нүүр хийх газаргүй болгож билээ. Ийм тохиолдол газар сайгүй шүү дээ, манайхан ч хэцүүдээ хэмээн олон оронд зочилсон хэн хүнгүй л ярьдаг. 1990-ээд оны дундуур Чех улсад рестораны үүдэнд: “Монгол хүн, нохой хоёроос бусдад үйлчилнэ” гэсэн бичээс тавьсан.
Европт амьдарч буй манай зарим иргэд хулгай хийдэг, нэртэй брэндийн дэлгэрүүдэд үнэтэй хувцас хулгайлдаг “мэргэшсэн” гэмээр бүсгүйчүүд цөөнгүй гэх. Азийн орнуудад хар тамхины хэрэгт орооцолдох, нийтлэг архи ууж согтуурсан үедээ хүнээ алддаг талаар чих халууцуулж, нүүр түлсэн баримт бишгүй их байдаг нь улсынхаа болоод сайн яваа нэгнийхээ нэр төрийг баллаж байгаа увайгүй явдлыг таслан зогсооход хууль хүчний байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа чухал байна.
“Хар” ажил
Энэ нь хаа сайгүй л байдаг. Хүмүүсийн өөрийн хандлага, боловсрол, мэргэжил, эрхэлж буй ажил албанаас шалтгаалан янз бүрийн шатанд бий. Үүнтэй зэрэгцээд “цагаан захтан”-ууд гэсэн нэршил байх. Тэд бол хар бор ажил хийхгүй. Тийм ажлаа хүнээр хийлгэчихнэ.
1990 оны хавар тэр үеийн Улсын иргэний хамгаалалтын газрын харъяа жижигхэн зочид буудалд Зүүн өмнөд Азийн бор царайтай, өмссөн хувцас хунар нь ижилхэн бөгөөд туйлын ядмагхан, хэтэвчгүй, үүргийн цүнх ч үгүй, ахалж яваа хүнийхээ царайны өнгө дохио зангаагаар хөдөлдөг, өрөвдмөөр 60 гаруй хүмүүс нэг хоноглож билээ. Тэдний орчуулагчийн нь ярьснаар барууны өндөр хөгжилтэй оронд ажиллах (боолын хөдөлмөр гэсэн Г.С.), хар ажил хийж мөнгө олохоор яваа хүмүүс гэсэн товч тайлбар хэлсэн. Хөөрхий тэд өөрийн ямарч мэдэлгүй, суу гэвэл сууж, бос гэхэд босож зогсох нь “баян” орны тийм юм үзээгүй бидэнд инээдтэй л санагдаж билээ. Гэтэл тэр цагаас хэдхэн жилийн дараа л манайхан гадаадад ажиллахаар явав. Тэднийг маань ямархуу хувь тавилан хүлээсэн бол гэхээс хий л санаа зовдог байлаа.
Манай байрны нэг блокын барилгын ажил дуусаагүй, бүтэн сайнд ч өглөө зургаан цагт цонхоор харахад хэсэг хүмүүс материал зөөж, том бетонуудыг кранаар өргөж л байх, хоёр ээлжээр 24 цаг ажиллуулна. Тэд бол хойт Солонгосын иргэд гэнэ. Чухамдаа манайд бага хөлсөөр “хар” ажил эрхэлж буй нь тэр л дээ. Манайх “хойд”-оос цалин хөлс нь арай илүү юм уу даа. Гэвч тэднээс дутуу зүйл ихээ, тэд цөмийн зэвсэгтэй, цэргийн пуужинт зэвсэглэлээс эхлээд өөрөө үйлдвэрлэдэг зүйлийг нь тоочоод, дэлхийн том гүрнийг айлган сүрдүүлж буй улстай эн тэнцүү ярих гээд ч яах билээ.
Хөөрхийдөө, “хар” ажил хийж буй аль ч орны хүмүүст хөдөлмөрийн нөхцөл муу, хамгийн хүнд хүчир эрсдэлтэй ажлыг уртасгасан цагаар, хүний нөлөөнд, өөрийн эрх мэдэлгүй зүтгэж, өвдөж шаналахаа үл тоон, биегүй болдог жишээ бишгүй их бий.
Гадаадад ажиллахын тулд байраа зарна, өндөр хүүтэй зээл авна, визний барьцаанд их мөнгө төлнө гээд яваагүй байхдаа өрөнд орж, очоод хүний нутагт сэтгэлийн их шаналал доор “нүд улаан, мөнгө цагаан” гэгчээр өрөө төлөхийн төлөө өдөр шөнөгүй ажиллахаас өөр яах билээ.
Иймд гадаадад албаны ёсны гэрээгээр бус хараар ажиллуулахаар илгээх үйл ажиллагааг төр, засгаас зогсоовол ямар вэ. Ажлын байрны зар байнга л харагдах юм. Нутаг орондоо, халуун ам бүлээрээ байгаа ажлаа гололгүй хийх, сэтгэл өег амьдрах сэтгэлгээг хүмүүстээ төлөвшүүлэх нь хамгийн чухал юм.
Нөгөө талаар гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс өөрийн болчимгүй үйлдэл, ихэвчлэн хэнэггүй зангаасаа болж, хэрэгт төвөгт ордог. 2017 оны 10 дугаар сарын байдлаар гадаадын 19 улсад 350 иргэн гэмт хэрэгт холбогдож, 14 улсад 162 монгол иргэн ял эдэлж байна.
Албан ёсны мэдээнд гадаадад амьдарч буй нийт 144.0 мянга гаруй иргэдийн дунд сургуулийн насны бүртгэлтэй хүүхэд дөнгөж 2399 байгаа нь дэндүү үнэмшилгүй тоо харагдана. Эндээс ажиглахад зөвхөн гадаадад байгаа монгол хүүхдүүдтэй холбоотой даруй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал бишгүй их бий. Мөн гадаадад удаан хугацаагаар ажиллаж, суугаа орондоо тогтвортой ажлын байраа олсон монгол иргэдийн давхар иргэншлийн асуудлыг ч зөв хандлагаар шийдвэрлэх цаг болжээ.
Сэтгүүлч Г.Сумъяа